sonin.mn
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 70 орчим хувийн саналаар ялалт байгууллаа. Судлаачийн хувьд мэдээж өөрийн таамаглалтай байсан байх?
 
Мэдээж “Хэдэн хувийн санал авна” гэж яг таг мэднэ гэж байхгүй. Гэхдээ олон хүчин зүйлсийг тооцоолж үзэхэд У.Хүрэлсүх ялна гэдэг тодорхой байсан. Гол нь сонгогчдын ирцэнд их өндөр найдвар тавьж байсан. Гэвч ирц 56 хувьтай гарлаа. Гэхдээ ийм ирцтэй байсан ч үнэмлэхүй ялалт байгуулах нь гарцаагүй байсан. Ер нь хоёр дүн хоёулаа өндөр байх болов уу? гэж бодож байсан боловч ирцийн дүн нь бага байлаа. Үр дүнгийн тухайд нэгдүгээрт, УИХ-д суудалтай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Ямар нам нэр дэвшүүлж байна, тэр намын рейтинг ямар байна гэдэг их чухал. Энэ бол маш том хүчин зүйл. Тэгэхээр МАН үнэмлэхүй ялалт байгуулсан, 62 суудалтай байна гэдэг  нь тухайн нэр дэвшигчид маш том хувь шууд нэмэгдэнэ гэсэн үг. Мөн хоёрдугаарт, Монгол Улсын сонгуулийн тогтолцооны дагуу УИХ-ын тойрог болгонд ялсан намын УИХ-ын гишүүд хүссэн ч эс хүссэн ч  ажиллана. Энэ бас л том оноо нэмнэ. Тухайн ялсан намын тойрогт, ялсан намын гишүүний хувь хэд байсан буюу тогтмол байгаа рейтинг хэд вэ? гэдэг дүн бий. Энэ бүх үзүүлэлтээр нь ерөнхий таамаг шууд дэвшүүлж болдог. Тэгэхээр нэг их гайхаад байх үр дүн бол биш гэсэн үг. 
 
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 1993 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан хүчнээс нэр дэвшиж байсан хүмүүсээс түүхэн дэхь хамгийн бага саналыг авлаа. Шалтгаан нь юу байв? 
 
Өмнө дурьдсанчилан нам болон, нийгэмд байгаа рейтингийн асуудал нөлөөлсөн. Мөн нь хувь улс төрчийнх нь рейтинг ч бага. Түүнчлэн Ардчилсан Намын хувьд  Ерөнхийлөгчийн сонгууль болон болтол дотроо үл ойлголцолтой, хагарал ихтэй, нам нь байгаа, үгүй нь мэдэгдэхгүй байсан. Ер нь улс төрийн тогоон дотор  Ардчилсан Нам өөрөө ямар орон зайтай байгаа юм бэ? гэдэг нь үл мэдэгдэх байдалд оччихсон гэсэн үг. Үүн дээр ямар дүгнэлт хийх вэ? гэхээр нэгдмэл байдал, тодорхой байдал гэдгийг иргэд их хүсэж байна гэж харах ёстой байх. Тэгэхээр энэ нь саармаг явсаар байгаад сонгуульд оролцсон. Мэдээж хэрэг бүх шатных нь намын гишүүд ажиллах ёстой. Гэтэл  яг аль АН дээр  ажиллах нь  тодорхой бус. Энэ мэтчилэн олон хүчин зүйлс Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд хүргэсэн. Мөн сонгуулийн кампанит ажлыг ч төдийлөн сайн хийж чадаагүй байх гэж бодож байна. 
 
Сүүлийн 12 жил буюу гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн турш дандаа ардчилсан хүчнээс нэр дэвшсэн хүмүүс Ерөнхийлөгч болж байсан. Энэ жилийн хувьд өөр дүн гарлаа?
 
 
 
 
Ардчилсан Нам гэх том сөрөг хүчин маань яг үнэндээ сөрөг хүчин байж чадсангүй. Ерөнхийдөө Монголын засаглалд АН-ын байр суурь өөрөө ямар вэ? гэдэг дүгнэлтийг шууд тавьж байна. Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө хэн байх ёстой юм бэ? Ерөнхийлөгч ямар байр суурьтай ажиллах ёстой юм бэ гэдгийг өмнөх Ерөнхийлөгч маань  үзүүлж чадсангүй.
 
АН, МАН-ын дунд хагарал үүсгээд байгаа ч юм шиг дүр зургийг сүүлийн нэг жилд  ерөнхийдөө  их томоор харууллаа. Энэ цар тахлын үед аливаа бэрхшээлийг нэгдмэл байдлаар давж туулах ёстой гэсэн хүний инстикт нөлөөлөх шиг боллоо. Ер нь нөгөө талаар иргэд үнэхээр залхаж байна гэсэн үг. Ирцийг харсан ч тэр, сонголтыг харсан ч тэр. Ямар итгэл үнэмшил иргэдэд бий болсон байна гэхээр МАН-ынханд бүгдэд нь итгэл хүлээлгээд үзье. Тэгээд харъя. Тэгэхгүй бол ээлжлээд солиод байдаг гэдэг маань төдийлөн амжилттай засаглалыг бий болгохгүй байна. Гарч ирээд бие биенээ үгүйсгээд байна, хаагаад байна гэдэг хандлага. Мөн сонгуулийн тогтолцоо бас шууд нөлөөлж байна. Энэ бол УИХ-ын сонгуулийн тогтолцоо гэсэн үг. Гэх мэтчилэн нэлээдгүй том том хүчин зүйлүүд МАН-ыг ялалтад хүргэлээ. Мөн мэдээж тухайн нэр дэвшигчийн өөрийнх нь имиж нөлөөлсөн. У.Хүрэлсүх гэж улс төрчид Монголчуудын  хүсэн хүлээдэг лидерийн имиж байна. Үүнийг үгүйсгэх аргагүй гэсэн үг. 800,000 хүн саналаа өгнө гэдэг бол тэд “Бид ийм л удирдагчтай баймаар байна. Ийм төрийн тэргүүнтэй баймаар байна, ийм манлайллыг хүсэж байна” гэдгээ илэрхийлж байна гэсэн үг юм. Ямар ч байсан гурван нэр дэвшигчээсээ энэ хүн л илүү байна. 
 
Хүмүүс ингэж ихээр санал өгөх болсон шалтгаанд МАН гэж институци илүү жин дарав уу? У.Хүрэлсүх гэж хувь хүний имиж илүү жин дарав уу?
 
Мэдээж хоёулаа жин даралгүй яах вэ? Яагаад гэвэл У.Хүрэлсүх гэдэг хүн МАН-ын дарга. Өмнө нь Ерөнхий сайдын албыг хашиж байлаа. 2020 оны УИХ-ын сонгуулиар эх орноо бүтэн тойрлоо. Намынхаа гишүүдийн дэмжлэгийг авахын тулд л тойрсон хэрэг шүү дээ. Тэгэхээр МАН-ын имиж маш том цул байгаа. Тодорхой том хувь хөдлөхгүй байгаа гэсэн үг. Мөн өөрөө энэ гурван нэр дэвшигч дундаа туршлагатай байна.
 
 
 
 
Лидер байж чадсан байна. Итгэж болохуйц юм байна. Энгийнээр харах юм бол ядаж ажлаа мэддэг гэдэг ч юм уу. Энэ имижийг маш сайн бүрдүүлж чадсан улс төрч гэсэн үг. Бид үе үеийн төрийн тэргүүнүүдийн имижийг харьцуулж харах хэрэгтэй.Тэгэхээр Монголчууд ер нь ямар төрлийн төрийн тэргүүнтэй байхыг хүсдэг юм бэ? гэдэг асуултын хариулт харагдах байх аа.
 
 
 
“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын хувьд чамлахааргүй санал авлаа. Энэ санал Д.Энхбат гэдэг хувь хүнд өгсөн санал байв уу? “Зөв хүн электорат” эвсэл, ХҮНамд өгсөн санал байв уу?
 
Санал өгсөн хүн болгоны санал  өөр байх гэж бодож байна. Сонгууль эхэлж байхад ч яагаад Д.Энхбат гэдэг хүнийг нэр дэвшүүлж байгаа юм бэ? гэдэг асуултууд зарим нэг мэдээллийн байгууллагуудаас ирж байсан л даа. Тухайн үед би юу гэж хариулж байсан бэ? гэхээр “Мэдээж ХҮНам ялахгүй ээ. ХҮНамын цаад, том зорилго нь намаа маш хурдан хугацаанд, үндэсний хэмжээнд таниулах зорилго тээж байна.” гэж байсан. Тэгэхээр ХҮНам зорилгодоо хүрлээ гэсэн үг. Нөгөө талаар сөрөг хүчин АН парламент дахь суудлаа бодох юм бол, ХҮН-аас илүү ажиллах ёстой байтал ийм  бага дүн авна гэдэг нь АН-ын өөрийнх нь  институчлэл ямар сул болсон байна гэдгийг л илэрхийлж байна. Тэгэхээр АН-д итгэл найдвар тавьж байсан сонгогчдын хувь, сонголтгүй байсан ч гэсэн саналаа өгөх ёстой гэсэн сонгогчдын хувь, шинэ гуравдагч хүчнийг дэмжиж байгаа гэдэг энэ итгэл найдвар, хувь хүнийх нь хувьд ч гэсэн сонгуулийн кампанит ажлын үеэр “Энэ хүн ийм юм ярьдаг юм байна, дэмжээд үзье” гэсэн сонгогчид бас байгаа. Энэ олон өнцөгтэй сонгогчдын санал нэгдсэн. Ер нь ХҮНамын  хувьд маш сайн, амжилттай ажиллалаа гэж хэлж болно.  
 
Энэ удаагийн сонгууль өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудын ирцтэй харьцуулбал хамгийн бага ирцтэй боллоо. Шалтгаан нь юу байв?
 
Ирц цагаар нь хүртэл гарчихсан байсан шүү дээ. Идэвхтэй өгч байгаа цаг нь хэдээс хэд хүртэл байна вэ? гээд.Тэгэхээр ер нь саналаа өгье, сонголтоо хийе гэсэн хүмүүс нь үдээс өмнө бүгд өгчихөж байгаа гэсэн үг. Тэгэхээр цаана нь хөвөгч сонгогч нар болон сонголтгүй хүмүүс л үлдчихлээ гэсэн үг шүү дээ. Цар тахал мэдээж нөлөөлсөн. Гэнэт хорионд орох гэдэг ч юм уу, янз бүрийн хүчин зүйл бас байлаа. Ерөнхийдөө бол нэр дэвшигчийг дэвшүүлэх улс төрийн намууд өөрсдөө маш сайн идэвхжих ёстой байна гэдгийг маш тодоор харуулж байгаа гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр УИХ-д суудалтай намаас л Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа. Тухайн нэр дэвшсэн улс төрч өөрөө олон түмэнд таалагдах, манлайлалтай байх, төрийн тэргүүнд тохирохуйц байх, мөрийн хөтөлбөр нь бодит болох гэдэг зүйлүүд дээр тэр улс төрийн нам өөрөө ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал харагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ирц бага байгаа нь нэг ёсондоо улс төрийн намуудад тавьж байгаа иргэдийн үнэлгээ гэж хэлж болно. 
 
Ярианыхаа төгсгөлд сонгогчдод хандаж юу гэж хэлэх вэ?
 
Аливаа сонгууль болсны дараа ч юм уу, сонгуулийн үеэр бие биеийнхээ гаргаж байгаа, илэрхийлж байгаа үзэл санааг үл хүндэтгэх байдал их өндөр байдаг. Үүнийг нэгдүгээрт засах хэрэгтэй байна. Энэ удаа хэдийгээр сонгууль тайван болсон ч гэсэн. Хоёрдугаарт ямар зүйлийг маш сайн тогтоож авах ёстой вэ? гэхээр сонгууль гэдэг маань өөрөө төлөөлөх  эрхээ шилжүүлж байгаа үйл явц юм.
 
 
Та өөрөө төрийг байгуулахад шууд гар бие оролцож байгаа юм. Түүний дараа бүрэн эрхийнх нь хугацаанд хамтдаа төр барилцаж байгаа юм. Энэ том үйл явдалд өөрөө оролцоогүй бол дараа нь миний амьдралын асуудлыг хэн шийдэж өгөх юм бэ? Бараа, бүтээгдхүүний үнэ нэмэгдээд байна гэдэг ч юм уу, амьдралд гарч байгаа бэрхшээлийг буруушаах ямар ч аргагүй болно.
 
 
Таны амьдралд  улс төрийн шийдвэрүүд, төрийн шийдвэрүүд шууд нөлөөлж байх учраас сонгуульд маш анхааралтай хандаж байх ёстой. Идэвхтэй оролцох ёстой. Гарсан үр дүнг улс төрийн соёл гаргаж, хүлээн зөвшөөрч сурах ёстой. Мөн улс төрийн намууд маш сайн төлөвших хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр улс төрийн намуудад маш том орон зай байна. Ер нь хөвөгч сонгогч, сонгуулиас залхсан сонгогчдын тоо маш их  өсөж байна гэдэг нь бодитоор харагдлаа.Үүнийг залруулах, улс төрийн боловсролыг олгох үйл ажиллагааг эрчимтэй хийх ёстой юм байна гэдэг бодит төрх энэ сонгуулийн  үр дүн болж харагдаж байна даа.
 
Танд баярлалаа.
 
 
 
 
Ярилцсан М.Чойжал