sonin.mn
АН-ын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны удирдлагууд буюу УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар мэдээлэл хийж, уриалга гаргаснаа танилцуулав.
 
Тодруулбал тэд АН-ын лидерүүд болох УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын дарга асан З.Энхболд,  АН-ын дарга асан С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яг одоо буюу өнөө оройдоо багтан, С.Зоригийн хөшөөтэй АН-ын байрандаа яаралтай цуглан уулзаж, зөвшилцөлд хүрэхийг уриалж буй аж.
 
Тодруулбал С.Одонтуяа: "Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа, зөвлөх З.Нарантуяа бид хоёр нийт эмэгтэйчүүдээ төлөөлж, нэр бүхий хүмүүст уриалга, шаардлагыг хүргүүлж байна. Уг уриалга, шаардлагыг уншиж танилцуулья. АН-ын 200,000 орчим гишүүдийн дэмжлэгээр нам удирдаж, төрийн дээд албан тушаал хашсан болон хашиж буй эрхмүүд хувийн таагүй харилцаа, өш хонзонгоор толхилцсоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хаяанд тулж ирлээ. Сүүлийн 15 жил АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж та 5 эрхэм хэлэлцээрийн ширээний ард сууж, үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг ирсэн байна. УИХ, орон нутгийн сонгуульд олон мянган гишүүд итгэл үнэмшлээ алдалгүй оролцож ирсэн ч өдгөө АН-ын хувь заяа хэдхэн хүнээс шалтгаалж, хөсөр хаягдаж болохгүй юм аа. Гишүүд бид намын нэр, эв нэгдэл, ухаангүй эрхэмүүд учраа олох болов уу гэж хариуцлага, ёсзүй шаардалгүй эвлэрч явсны үр дагавар өнөөдрийн энэ ичгүүртэй байдал гэдэгтэй та бүхэн ч санал нийлэх байх гэж итгэж байна. Одоо хэн нэгэн нь ардчиллыг өмчлөх, хэний тал хүчтэй байна? Хэн ялах бол гэж хөндлөнгөөс харж суудаг цаг биш тул та бүхнээс үүрэг хариуцлага нэхэж байна. Үүнийг ойлгож чадахгүй бол дараа үе, залгамж үе гэж байхгүй болно. Хуулийн хугацаанд 5 эрхэм ойлголцож, ялалт байгуулж чадах хэн нэгнийг дэвшүүлж чадахгүй бол АН-ын гишүүд бид уучлахгүй ээ. Үүгээр ч тогтохгүй дараа дараагийн дүрмийн, ёсзүйн хариуцлага ч ирэх болно гэдгийг хэлмээр байна.
 
М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн 2 залуу хүндээ ч биш, хоёр талд саналаа өгсөн гишүүдийн олон, цөөндөө ч биш, тэдний сонголт ямар ч үнэ цэнэгүй болж буй нь итгэмээргүй юм аа. Ийм учраас та бүхнийг яг одоо АН-ын С.Зориг агсны хөшөөтэй байранд хүрэлцэн ирж, хэлэлцээрийн ширээний ард суухийг уриалж, мөн шаардаж байна. С.Эрдэнэ, З.Энхболд, Н.Алтанхуяг,  Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж та тавыг яаралтай ирэхийг шаардаж байна.
 
Цаг урсдаг ч түүх бичигдэн үлддэг. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо." гэв.
Харин З.Нарантуяа: "АН-ын 200,000 гаруй гишүүдийн 51 орчим хувь нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд үеийн үед ардчиллыг дэмжиж, АН-ыг сонгуульд дэмжиж, ачааны хүндийг үүрч явдаг. Бид хэзээ ч тэргүүн шугаманд, эрх мэдлийн дээд оргилд хүрэх гэж зорьж байгаагүй. Бид зөвхөн намаа ялуулахын тулд, Монгол Улсад ардчиллыг түгээн дэлгэрүүлэхийн тулд нойр хоолгүй зүтгэж явсан.
 
Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд сая нэр дурдсан хүмүүсийн манлайлалгүйгээр бид сонгуульд оролцох боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Тийм учраас та бүхнийг хүрч ирж, яаралтай хэлэлцээрийн ширээнд суухийг хүсэж байна.
 
Яагаад энэ сонгуульд ялалт байгуулах нь чухал вэ? Гэхээр өнөөдөр Монголд нэг нам олонхи болсон. Төрийн бүх байгууллагууд нэг намын эрх мэдэлд шилжиж байгаа энэ цаг үед сөрөг хүчин хяналттай байж, хариуцлагатай байж Монгол Улсад цаашдаа ардчилал, ардчилсан засаглал байхын төлөө, хүчтэй сөрөг хүчин байхын төлөө бид заавал энэ сонгуульд ялах ёстой.
Заавал оролцож ялья гэсэн олон зуун мянган гишүүдийн хүсэл санааг хөсөр хаяж, хариуцлагагүй хандаж болохгүй ээ. Тийм учраас та бүхэн нэгийг бодож, олон мянган гишүүдийнхээ өмнө гарч ирж, уучлалт хүсэж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ухаанаа гаргаач ээ гэж уриалж байна. Яагаад энэ 5 хүнийг нэр цохож хэлэлцээрийн ширээнд суугаачээ гэж байгаа учир нь сүүлийн 15 жил АН-ыг удирдаж, даргалж байсан  3 дарга байна. Хоёр нь одоо өрсөлдөөд зогсож байна. Сүүлийн 12 жил энэ намын гишүүдийн санал, дэмжлэгтэйгээр МУ-ын Ерөнхийлөгчийн өндөр сэнтийд сонгогдож ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 2 Ерөнхийлөгч байна. Та бүхний шийдвэрээс Монгол улсын хувь заяа, Монголын ардчиллын хувь заяа, АН-ын ирээдүй хамааралтай байгаа учраас нэр цохон эдгээр 5 хүнийг урьж байгаа юм." хэмээсэн юм.
 
 
М.Чойжал