sonin.mn
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж өндөрлөлөө. 
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзжээ.Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн  Ерөнхийлөгч  дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Ингэснээр Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэлт гаргасан гэсэн үг юм.Энэ тухайд Үндсэн хуулийн Цэцэд мэдээдэл гаргасан УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.
 
Тэрбээр: “Өнөөдөр Монгол Улсын түүхэнд онцгой өдөр боллоо.Монгол Улсад  хууль засаглах уу эсвэл хувь хүн үү гэдэгт хариулт өгсөн үйл явдал боллоо. Цэцийн дунд суудлын хурлыг өглөө  зарласан ч нэг гишүүн татгалзсанаар хойшлуулсан.Ингэж бүрэлдэхүүнийг өөрчилснөөр 15.00 цагт хуралдааныг эхлүүлээд сая шийдвэрээ гаргалаа. Хуралд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Энхболд болон мэдээлэл гаргасан  хуульч О.Мөнхсайхан, Д.Үүрцайх нар оролцож, гурван цаг гучин минутын турш  мэтгэлцлээ. 
 
 
Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Төрийн  тэргүүнээр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж Цэц шийдлээ. Энэ бол маш олон эргэлзээ дагуулсан асуудалд хариулт өгсөн шийдвэр байлаа.УИХ Үндсэн хуулийг зөрчсөн байна буюу Үндсэн хуулийн  30.2 дахь заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн  тухай хуульд давхар тусгах ёстой гэж үзэж байна. Цэцийн хуралдаан мэргэжлийн түвшинд боллоо. 
 
Хуульчид маань маш өндөр түвшинд мэтгэлцлээ. Мэдээлэл гаргасан иргэдийн зүгээс Үндсэн хуульд маш тодорхой бичсэн заалтаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа давхар оруулах ёстой гэж үзсэн. Үндсэн хуулийн 30.2-т “50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан.
Энэ заалтыг органик хуульдаа маш тодорхой тусгах байсан. Үүнийг Цэц сүүлийн гурван сарын турш хэлэлцээд эцэслэлээ. Монгол Улсад хууль хэрэгжих  юм байна гэдэг итгэл үнэмшилтэй боллоо.
Цэц иргэдийнхээ талд ажиллаж чадах юм байна гэж харж байна.
Өнөөдөр энэ улсад нэг хүн 10-12 жил  дарга хийгээд явах нь зөв юм уу эсвэл хууль үйлчлэх нь чухал юмуу гэдэгт Цэц мэргэжлийн үүднээс  тайлбар өгөх байдлаар шийдвэр гаргалаа. Энд нэг зүйлийг тодотгоход мэдээлэл гаргасан иргэн бидний хувьд зөвхөн Х.Баттулга гэдэг хүнтэй  хамааралтайгаар Цэцэд хандсан юм биш.Энэ бол тогтолцооны асуудал. Хууль засаглах  эсэх, Үндсэн хуульт ёс орших эсэх чухал асуудал юм. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авах ёстой.
Яагаад гэвэл тэнд алдаа гарсан.УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч  мэтгэлцээнд оролцсон, органик хуульдаа тусгах ёстой байсныг хүлээн зөвшөөрсөн.Тиймээс энэ асуудалд улстөржиж, аливаа нам эвсэл гэж ярилгүйгээр Үндсэн хуулиа дагах хэрэгтэй“ гэлээ. 
 
Ч.Явуу