sonin.mn
“COVID-19”-ИЙН СУРАХ БИЧИГ
 
Цар тахлыг дэлхийн улс орнууд хөл хорио тогтоох замаар намжааж, хязгаарлахаас өөр арга замгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ төвөгтэй бөгөөд хүнд сорилтын дараа эдийн засгаа хэрхэн сэргээх вэ, нийгмийн бүхий л салбарт хүндээр туссан хямралыг арилгах санхүүжилтийг хаанаас олох вэ гэдэг хоёр асуулт мэдээж тулгарна. Өөдрөгөөр бодоход 2023 оноос хүн төрөлхтөн хэвийн амьдралдаа шилжинэ. Гэхдээ хэзээ ч цар тахлын өмнөх шигээ байхгүй. Тиймээс “COVID-19”-ийн дараах дэлхийг шинэ хэвийн нөхцөл гэж нэрлэж байгаа. Өмнөхөөс өөр, шинэ бөгөөд хэвийн нөхцөл байдалд бид зохицон амьдарч эхэлнэ гэсэн үг.
Улс орнуудын төр, засгийн өмнө зайлшгүй тулгарах эхний өгүүлбэртэй бодлого нь “Эдийн засгаа хэрхэн сэргээх вэ?” гэдэг хүндхэн гаргалгаа. “COVID-19”-ийн улмаас хүн төрөлхтөн дэлхийн II дайны дараахаас илүү эдийн засгийн хямралд ороод байгаа энэ нөхцөлд зөв, оновчтой, үр дүнтэй бодлогыг чухалчлах нь мэдээж. Европт л гэхэд коронавирусээс улбаатай эдийн засгийн хямралаас хэрхэн гарах тухай яриа цар тахлын эхний давалгааны дараа буюу өнгөрсөн оны сүүлээр яригдаж эхэлж, олон янзын хэлэлцүүлэг өрнөсөн байна. Францын ерөнхийлөгч улсынхаа толгой эдийг засагчид, нэр  хүндтэй эрдэмтээс бүрдсэн комисс байгуулан эдийн засгийг сэргээх урт хугацааны төсөөлөл боловсруулах үүрэг өгсөн аж. Испанийн засгийн эрх баригч гол хоёр нам нийлэн нийгэм, эдийн засгаа сэргээх дунд болон болон урт хугацааны арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах комисс байгуулсан байна. Манайхтай адил зүүний чиг баримжаатай нам эрх барьж буй улс орнуудын Засгийн газрууд эдийн засгаа сэргээх хөтөлбөр боловсруулахдаа нийгмийн хүчин зүйлүүд дээр анхаарлаа хандуулж байгаа аж. Аргентинд орон сууцны барилгажилт, эрүүл мэндийн систем ба хотжилтын дэд бүтцүүдийг өргөтгөх бодлого барьж байгаа бол Данид нийтийн эзэмшлийн барилга болон эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах чиглэлээр хийх хөрөнгө оруулалтыг дэмжиж эхэлжээ.
 
Италид эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэхийн тулд орон сууцны дулаалгыг сайжруулах, мөн орон сууцыг газар хөдлөлтөд тэсвэртэй болгох зардлыг төрөөс бүрэн даах шийдвэр гаргах жишээтэй. Хорват улс аялал жуулчлалын салбартаа дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ дахин аж үйлдвэржилтийн үндэсний стратегиа боловсруулж байгаа бол Словакт албан хаагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг компаниудыг хамгаалахын тулд хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлого хэрэгжүүлж байгаа гэнэ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого дээ­рээ төвлөрч, пүүс компаниудад аж­лын байраа хадгалсных нь төлөө төрөөс татаас олгож ажилтан, төрийн, төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагчдын ажлын цагийг багасгах, татварын хөнгөлөлт үзүүлэх, богиносгосон цагийн хуваарьт шилжүү­лэх зэргээр хямралыг даван туулах боломж, дэмжлэг туслалцаа болохуйц хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн нийгмийн хамгаалал, мөнгөн халамж, тэтгэмжийн хэмжээ болон төрлийг нэмэгдүүлэх замаар эрэлтийг тогтворжуулах, нэн ялангуяа орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж байгаа аж. Баян орнууд тэрбум тэрбумаар хэмжигдэх эдийн засгаа аврах, сэргээх хөтөлбөрүүдийг “авралын шүхэр” нэртэйгээр хэрэгжүүлж байгаа бол цар тахлаас өмнө гадаад өрийн дарамтад орсон, төсвийн алдагдал өндөртэй байсан, хөгжлөөр хоцрогдсон ядуу орнууд өрийг өрөөр санхүүжүүлэх замаар эдийн засгаа сэргээх арга замыг эрэлхийлж эхэлжээ.
 
Ихэнх улс орон эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдээ шинээр өр тавих, тусгай төсөв батлах замаар санхүүжүүлж буй юм байна. Туркийн засгийн газар төрийн болон хувийн компаниудынхаа өрийн ачааллыг бууруулах бодлого барьжээ. Ингэснээр хувийн секторт хөрөнгө оруулалт хийх сонирхлыг өдөөж, төв банкаараа дамжуулан зээлийн хүүг бууруулахад нөлөөлсөн байна.
 
Гана улсын банк компаниудаа өр төлбөрөө цаг тухайд нь барагдуулах чадвартай байлгахын тулд бодлогын хүүг бууруулахын зэрэгцээ банкнуудын нөөцийн хэмжээг зээлийн хүүд нийцүүлэн бууруулжээ. Улс орнууд татварын бодлогодоо өөрчлөлт оруулж, нэг удаагийн хөрөнгийн татвар, нэг удаагийн ашгийн татвар гэх мэт шинэ хэлбэрүүдийг санал болгох болж. ОХУ-д хөрөнгөлөг хүмүүст хамтын хариуцлагын тодорхой хувийг үүрүүлэхийн тулд цар тахал эхэлснээс хойш хуримтлуулсан хуримтлалын бонус тодорхой хэмжээнд хүрсэн нөхцөлд татвар ногдуулах тухай хэлэлцэж байгаа аж. Дээр эш татсан жишээнүүдийг Германы Фридрих Эйбертийн сангаас эрхлэн орчуулж гаргасан “Коронагийн тун” эмхэтгэлээс авсан болно. Уг эмхэтгэлд цар тахлын эсрэг, эдийн засгаа сэргээх бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар дэлхийн 40 гаруй орны туршлага, жишээ бий. “COVID-19”-ийн дараа эдийн засгаа хэрхэн сэргээх вэ гэдэг нь улс орон бүрт харилцан адилгүй. Энэ нь бүх өвчнийг анагаадаг цорын ганц эм байдаггүйтэй л адил юм. Тэгэхээр улс орон бүр өөрт тохирсон жор гаргаж таарна. Өөрөөр хэлбэл “COVID-19”-ийн сурах бичиг хаана ч байхгүй. Санаа авах арга зам, шийдлүүд харин бий.
 
ЗАСГИЙН ГАЗРЫН “ЗАМЫН ЗУРАГ”
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлмэгцээ дөрвөн зорилтоо тодорхойлсон. Үүний хоёр дахь зорилт нь “Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө” байв. Өнөөгийн Засгийн газрын бүрэн эрх “COVID-19”-ийн дараах шинэ нөхцөл байдал тогтворжих хугацаатай давхцаж байгаа. Нэг үгээр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлого үндсэндээ цар тахлын дараах эдийн засгаа хэрхэн сэргээх вэ гэдэгт төвлөрнө. Үүнийгээ ч Ерөнхий сайд онцолсон. Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөнийх нь амин сүнс нь товчхондоо бол уул уурхайн салбар хүчтэй, нөлөөтэй байгаа энэ зурвас үеийг ашиглан бусад салбараа хөгжүүлэх, тухайлбал, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгох аж. Эдийн засгаа хүчирхэгжүүлж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болохын тулд шинжлэх ухаан, технологийн салбартаа анхаарал хандуулж, дэмжинэ гэж үзжээ. Аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ эрин үед оюун ухаан, үүлэн технологийн чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж байгаа үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана гэсэн Ерөнхий сайдын үг технологийн салбарынханд таатай сонсогдсон.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо тулгуурлан уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч,  аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн  салбарыг  тэргүүлэх чиглэл болгож онцгойлон дэмжих Засгийн газрын энэ бодлого цар тахлын дараах эдийн засгаа сэргээх замын зураг гэж болно.    Мэдээж чинээлэг дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгож, тэдний нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэх, мөн боловсролын салбарт хөрөнгө оруулах, амьдралын чанарыг сайжруулахын тулд эрүүл мэндийн салбарт шинэчлэлт хийх зэрэг зорилтууд банк, санхүү, мөнгө, татварын бодлоготой уялдан хэрэгжих нь тодорхой. Тиймээс Засгийн газрын тэргүүлэх чиглэлээс цар тахлын дараах эдийн засгаа сэргээхэд илүү ач холбогдолтой, цаашилбал улс орны хөгжлийн чиг баримжаа, багана, суурь болох болов уу гэж үзсэн онцлох хоёр санааг дор тодруулъя.   
 
АЯЛАХАД АЮУЛГҮЙ ОРОН БОЛЪЁ
 
“COVID-19”-ийн дараа хамгийн хурдан сэргэх салбар бол аялал жуулчлал. Цар тахал анх дэгдсэн БНХАУ халдварын тархалтыг бүрэн саармагжуулж, эдийн засгаа сэргээж чадсан. Үүнд, дотоодын аялал жуулчлалаа дэмжих бодлого нь зохих хэмжээгээр нөлөөлжээ. Цар тахлын нөхцөл байдал өнөөдөр амаргүй байгаа боловч дэлхийн нийт жуулчдын 70 хувь нь цар тахлын дараа Европ руу аялна гэж төлөвлөж байгаа аж. Тухайлбал, Итали улсад 2.9 сая хүн коронавирусаар халдварлаж, 97 мянган хүн нас барсан ч америкчууд Итали, Испани руу аялна гэсэн төлөвлөгөөгөө өөрчлөөгүй байгаа гэнэ.
 
 
 
Монгол Улс цар тахлын дараах шинэ хэвийн нөхцөлд аялал жуулчлалын салбараа өмнөхөөс илүү эрч хүчтэй, цогц, зөв бодлогоор дэмжиж чадвал эдийн засгийн нэг шинэ тулгуур багана болно. 2050 он гэхэд экспортын орлогоороо уул уурхайн салбартай тэнцэх том зорилт тавьсан энэ салбарын хувьд “COVID-19”-ийн дараах шинэ нөхцөл таатай боломжуудыг нээх магадлалтай.
 
 
 
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын байгууллагуудад зориулсан эрүүл ахуйн протокол гаргаж, “Аялахад аюулгүй” гэсэн шошго тэмдгийг шаардлага хангасан байгууллагуудад үнэ төлбөргүй олгож, цар тахлын дараах шинэ хэвийн нөхцөлд аялал жуулчлалын үйл ажиллагаагаа сэргээхэд нь тусалж байгаа. Одоогоор дэлхийн хэмжээнд 300 гаруй байгууллага энэхүү аюулгүй аялын шошгыг авч, аялагчдад үйлчлэхэд бэлэн, аюулгүй гэдгээ нотолж баталгаажуулжээ. Манай улс энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-аас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад “Аюулгүй аяллын шошго” олгохоор болоод байгаа. Мөн цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын бэлэн байдлыг хангах, аялагчдын итгэлийг сэргээхийн тулд “Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал” төслийг Аялал жуулчлалын хөгжлийн төв, Иргэний нисэхийн үндэсний төв хамтран эхлүүлсэн. Энэ бүхэн бол “саалиа бэлдэхээр саваа бэлдэж буй” хэрэг юм. 
 
 
“Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг  либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний зорилт хэрэгжих юм бол сав, сааль аль аль нь олдоно.Нэмж хэлэхэд, цар тахал дэгдэхээс өмнө буюу 2018 онд Давосын эдийн засгийн форум дээр дэлхий нийтийн амьдралын хэв шинж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг хүчтэй өөрчлөх мега трэндийн нэгээр дижитал шилжилт, мэдээллийн технологийг нэрлэсэн юм. Эрдэмтэд, судлаачдын энэ таамаглал биелж, 2019 онд аялал жуулчлалын салбарт мэдээллийн технологийн хамгийн дэвшилтэт ололтуудад суурилсан eTravel үйлчилгээ хурдтай нэвтэрсэн байна. Stfalcon.com цахим хуудас 2019 оны аялал жуулчлалын салбарын шилдэг 10 чиг хандлагыг нэрлэснээс харахад л технологийн дэвшил, дижиталчлалын “түрэмгийлэл” аяндаа мэдрэгдэнэ. Тухайн онд аялал жуулчлалын салбарын зах зээлийн судалгаагаар аливаа бизнесийн 41 хувь, харин чөлөөт цагийн аяллын захиалга болон бүхий л зохион байгуулалтын 60 хувь нь онлайнаар хийгдэж байжээ. Тиймээс аялал жуулчлалыг хурдтай хөгжиж буй шинэ технологийн чиг хандлагад нийцүүлэхээс өөр аргагүй болж байгаа юм. “COVID-19”-ийн халдвар дэгдээгүй бол 2020, 2021 онд аялал жуучлалын салбарын цахим шилжилт асар хурдтай, өргөн далайцтай өрнөх байсан нь мэдээж. Юутай ч цар тахлын дараах дэлхий ертөнцөд цахим шилжилтийн хурд үргэлжилнэ.    
 
“E-MONGOLIA”-ГИЙН ҮЗЭЛ САНАА 
 
АНУ-ын “Гранд серкл” корпорацийн бизнесийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч О.Мөнхзаяа “Шинэ хэвийн нөхцөлд яагаад Монгол руу аялах ёстой вэ?” нийтлэлдээ “Шинэ хэвийн нөхцөлд хүмүүс аялж эхлэхэд Монгол Улс хүн ам цөөтэй, social distancing талаасаа нэг дор олон хүн чихэлддэггүй гэдэг утгаараа ашигтай байр сууринд байгаа. Гэвч дэлхийн нийтийн чиг хандлага хүн амын тархан суурьшсан байдлыг харахаасаа илүү тухайн орны эрүүл мэндийн системийн найдвартай байдал, технологи ашиглан аливаа үйлчилгээг touchless буюу гар хүрэхгүйгээр авах боломж байгаа эсэхийг түлхүү харж байна” хэмээн онцолжээ. Цар тахлын улмаас аялагч, жуулчид тухайн орны эрүүл мэндийн системийн найдвартай байдал, технологи ашиглан аливаа үйлчилгээг touchless буюу гар хүрэхгүйгээр авах боломж байгаа эсэхийг түлхүү харж, аялах эсэхээ сонгох болжээ. Тиймээс хил гааль, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар технологийн дэвшлийг маш хурдан нэвтрүүлэх шаардлага тулгарч буй. Хилээр орж ирж буй зорчигчдын паспортыг гаалийн байцаагч авч шалгахгүйгээр тухайн хүний мэдээллийг нүүр таних системээр уншуулах, зочид буудлууд мөн адил хилээр орж ирсэн мэдээллээс нь цахимаар шууд татан паспортгүйгээр бүртгэх, зоогийн газруудын хоолны цэс мөн цахим хэлбэрээр байх зэрэг touchless  үйлчилгээний олон боломж бий. Сингапур зэрэг Азийн хөгжилтэй орнууд, мөн Европын холбоо энэхүү touchless санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд олон улсын энэ сүлжээнд манай улс нэгдэх боломжтой гэдгийг хилийн чанадад аялал жуулчлалын салбарт амжилттай ажиллаж буй мэргэжилтэн О.Мөнхзаяа онцолжээ. Цар тахлын үед аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах үйл явц хурдацтай явагдаж байгаа бөгөөд үйлчилгээ, маркетинг, төлбөр тооцоо зэрэг бүхий л үйл явцын онлайн платформууд хэрэглээнд нэвтэрч байгаагийн жишээ нь олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын стандартууд болон очих газрынх нь талаарх болон бусад холбогдох мэдээллийг өгөх “Аруба” хэмээх тусгай аппликэйшн гарсан явдал юм.
 
 
 
Цахим үндэстэн болохын тулд цаашид Цахим хөгжлийн яам байгуулах зорилт тавьж, “E-Мongolia” цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэхээр ажиллаж байгаа өнөөгийн Засгийн газрын хувьд дээрх шийдлүүд шүүрч аваад ажил хэрэг болгох зүйлс юм. Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөнд нь багтсан тэргүүлэх хоёр чиглэл, тэргүүлэх салбараа ийнхүү уялдуулан хөгжүүлбэл үр дүнд хүрнэ. Өөрөөр хэлбэл цахим үндэстний идеологи бидэнд хэрэгтэй. 
 
 
 
“Дижитал платформ болон бусад технологид суурилсан хэрэгслүүд Ази, Номхон далайн бүс нутгийн аль ч салбарын жижиг, том гэлтгүй бүх бизнес эрхлэгчдэд өсөлтийн шинэ боломжийг бий болгож байгаа бөгөөд энэхүү чиг хандлага нь бүс нутгийг коронавируст ковид өвчний цар тахлын дараа тогтвортой сэргэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно” хэмээн Азийн хөгжлийн банкны энэ оны шинэ тайланд дурджээ.
 
 
Уг тайланд дурдсанаар Ази, Номхон далайн орнууд цар тахлын үеэр эдийн засгаа сэргээх, дэлхийн эдийн засагт дахин холбогдохын тулд технологийн хурдацтай дэвшил, цахимжилтыг ашигласан нь эерэг үр дүн авчирчээ. Цар тахлын дараах Азийн бүс нутгийн сэргэлтэд дижитал технологийн хэрэглээ чухал түлхүүр болно гэдгийг ч дээрх тайланд онцолсон байна. Энэ чиг хандлагыг амжилттай хэрэгжүүлж буй нь БНХАУ. Тус улс эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдийнхээ стратегийн нэгэн чухал тулгуур нь технологи гэж үзэж үүнд шаардагдах “шинэ дэд бүтэц” дээр гол анхаарлаа төвлөрүүлж байгаа ажээ.
Монголчууд бид цахим үндэстэн болох том амбийцтай, тодорхой зорил­го­той. Үүнийгээ хоосон яриа, амлалт, хэрэгжихгүй төлөвлөгөө, биелэшгүй мөрөөдөл болгож замхруулахгүйн тулд төр, засгаасаа эхлээд аливаа байгууллага, хувь хүн хүртэл бүх шатандаа үйл ажиллагаандаа баримт­лах үнэт зүйл, зарчим, үзэл санаа болгох нь чухал. Цахим хөгжлийн яам байгуулснаар энэ идеологи биежиж, бодитоор хэрэгжиж эхлэх болно.
 
 
 
Г.СОНИНБАЯР
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин