Зохиолч С.Дашдооров яруу найрагч Н.Нямдоржийн хамтаар.
(Зохиолч С.Дашдооровын “Бууж мордох хорвоо” үгүүллэгийн задлан шинжлэл)
Нэг. ШАЛТГААНЫ ОРШИЛ
Эртний Грекийн Демократ хэлсэн гэдэг. Персийн хаан ширээг эзэлснээс шалтгаант тайлбар нэгийг олсон нь дээр. Тэгэхээр Демократын хувьд “ШАЛТГААНТ ТАЙЛБАР” хаан ширээнээс хавьгүй үнэтэй зүйл болж байна. Гэтэл номын хязгаарт хүрсэн мэргэд “ХАМАГ БҮГД ШАЛТГААНААС ХАМААРНА” хэмээн номложээ. Ертөнц бүхэлдээ ШАЛТГААН гэх үзэл ч түгээмэл. Бурханы шашинд ч учир шалтгааны ухаан чухалд тооцогдоно.
Шалтгааныг таниваас ертөнцийн жам, амьдралын утга учрыг нээж болно гэж эртнээс үзэж байсан, одоо ч хэвээрээ. Дорны мэргэд зарим талдаа илүү гайхамшигтай. Тэд хүн төрөлхтний оюун сэтгэлгээ нялх цагт шалтгааныг тоолж гаргасан гэнэ. Мэдээж тэр цагт өнөөдрийнх шиг компьютер тооцоо, математик аргачлал, метахэлний орчин, физик логик байсангүй. Гэхдээ л нэг тоо гаргасан байгаа юм. Хэдийгээр үнэн бодитой тоолж тооцоолж гаргасан ТОО гэхээсээ илүү БИЛИГДЭЛ чанартай байсныг үгүйсгэхгүй.
ТӨРӨХ хийгээд ҮХЭХ бол ердөө жам. Нөгөө талаараа хүний амьдралын тухайд төрөх хийгээд үхэх бол ердөө ухамсарлахыг хүссэн цаг хугацаа. Даанч ухамсарлаж амжсан нь цөөхөн. Нарийндаа ШАЛТГААН-ыг таньж мэдсэн нь цөөн гэсэн үг. Мэргэд номложээ. Төрөх хийгээд үхэхийн завсар НАЙМАН ТҮМ, ДӨРВӨН МЯНГАН” шалтгаан буй гэнэ. Одооныхоор 84000 –н мянган ШАЛТГААНЫ ДОТОР бид амьдарч амьсгалж байдаг ажээ. Амьсгалах гэснээс хүний арьсанд мөн 84000 сүв бий гэнэ. Түүгээрээ сайн муугаа бас гадагшлуулдаг сурагтай. Тэр олон шалтгаанаас дэндүү цөөхнийг таньж мэдээд л бидний ХОРВОО төгсдөг бололтой. Огт таньж мэдэж амжилгүй дуусдаг нь дэндүү олон, таньж мэдсэнээ өөртэйгээ аваад оддог нь ч багагүй.
ХОЁР. ШАЛТГААН ҮҮДЭХҮЙ
Ер нь уйлахын шалтгаан инээхээс, инээхийн шалтгаан уйлахаас, баярлахын шалтгаан гуниглахаас, гуниглахын шалтгаан баярлахаас, хайрлахын шалтгаан үзэн ядахаас, үзэн ядахын шалтгаан хайрлахаас, шунахын шалтгаан хоосрохоос, хоосрохын шалтгаан шунахаас, үхэхийн шалтгаан төрөхөөс, төрөхийн шалтгаан үхэхээс, гарч ирэхийн шалтгаан үгүй болохоос, үгүй болохын шалтгаан гарч ирэхээс үүдэх билээ. Эрт цагт Бурхан багшийн сургаснаар “ Бурхан гарч ирэх, алга болох нь шалтгаан нөхцөлийн хуулиар тайлбарлагдана.
Тухайлбал шалтгаан нөхцөл нь тохирсон үед Бурхан гарч ирж, мөн шалтгаан нөхцөл нь тохироогүй үед Бурхан үзэгдэхгүй болно. /”Бурхан багшийн сургаал” 2010, орч М.Шагдарсүрэн/ хэмээсэн байдаг. Бурханы мөн чанар ч шалтгаанаас шалтгаална. Үүлс хуралдах бороо орохын шалтгаан, хахир хатуу өвөл цагт цас орохын шалтгаан, салхи сэвэлзэх ч шалтгаан. БАЙГАЛЬ бүхэлдээ шалтгаан. Сар нарны тохиол, гараг эрхэс, сансарын хязгааргүй тэр чигтээ шалтгаанаас тогтмой. Хүний бүтээсэн бүхэн Шалтгаан. Бас хүний үгүй хийсэн бүхэн шалтгаан гэж үзнэ. “Үг бол бурхан” хэмээжээ. Тэгэхэрээр ҮГ бас ШАЛТГААН болно. Тэр үгээр амилан бүтээгдэх УРАН ЗОХИОЛ ч шалтгааны урлаг болно. Угтаа “ҮГС гэдэг нэг үгээр хэлэхэд нэг сав бөгөөд түүнийг үзэж өнгөрүүлсэн үзлүүдээрээ дүүргэдэг. Гэтэл энэ сав хэзээ нэг цагт дүүрч асгардаг.
Тиймээс үгс юу үзснийг заахаас бус түүнтэй яг тэнцүү идентитет биш./ Э.Фромм ”Бий эсвэл Байх” 2014 орч С.Молор-эрдэнэ/ гэсэн философи тайлбараас үзвэл хэдий уран зохиол үгсээр оюун санааны илэрхийллийн “ТЭМДЭГТ” хийж байгаа боловч аливаа юмсын учир шалтгааныг тайлахад ҮГС ч хүчин мөхөсдөнө гэсэн үг. Дуулах ч юм уу, хуурдах ч бас шалтгаан. Аялгуу эгшгийг дамжуулахад ч бас хөгжмийн хүчин мөхөсдөнө. Ийм арга барагдмал нөхцлөөс шалтгааныг эрэлхийлэх ҮЙЛ эхэлсэн гэж үздэг.
ГУРАВ. ШАЛТГААН БА УРАН ЗОХИОЛ
Тэгвэл уран зохиол ШАЛТГААН-ыг таних, эрэх, тайлах, нээх, түүнийгээ ҮГС-ээр дамжуулан илэрхийлэх ҮЙЛ юм. Харьцангуй явцуу дүгнэлт байсныг үгүйсгэхгүй. Харин хүний сэтгэл, сэтгэлийн олон үзэгдэл чухамдаа нягт сүлжилдсэн шалтгаанууд болой. Тэр л шалтгааны СҮЛЖЭЭС-ийг тайлах эсвэл улам сүлжилдүүлэхэд уран зохиолын туйлын зорилго оршино. Иммануил Кант хэлээ билээ. “Тэнгэрийг ширтэхдээ би ямар нэг ер бусын зүйл байдаг болохыг, сэтгэл рүүгээ өнгийхдөө ямар нэг нууцлаг зүйл оршиж буйг мэдэрдэг ч, баталж чаддаггүй./ “Кант”2014, 67/ гэжээ. Энэ бол энгийн л илэрхийлэл. Үнэндээ ийм л учир битүүлэг зүйлсийн шалтгаан уран зохиолын нарийн төвөгтэй ҮЙЛ-ийн эрхэнд олон хүмүүсийг унагажээ. Гэтэл өнөөх хүмүүс нь унасан үйлдээ учиргүй дурлан тэмүүлдэг нь хачирхалтай.
Тийм үйлэнд унаж, шалтгааныг таних, нээх, тайлахын тулд сэтгэлээ бүрэн зориулж амьдарсан монгол зохиолчдын нэг бол С.Дашдооров /1935-1999 / мөн. Түүний яруу найраг, жүжиг-кино, хүүрнэл зохиолын өвөөс “БУУЖ МОРДОХ ХОРВОО” үгүүллэгийг сонгосон нь олны амыг дагасан ч юм уу, нийтийн жишигт таацах гэсэн явдал бус. Монгол хэлт уран зохиолын зарим өвөө илүү нухацтай судлах, тайлбарлах, задлан шинжлэх гэсэн сэтгэлийн үүднээс төрсөн гарсан эрмэлзлэл юм.
ДӨРӨВ. ШАЛТГААНЫ ЭХЛЭЛ
Үгүүллэгийн эхний хэсэг Төгөө өвгөн овоон дээр”... гэж өгүүлснээ ийш тийш ямар нэгэн чимээ чагнаж бараа харж сэлвэлзэн харснаа, маанийн шад бувтнан уншив / С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэжээ. Одооны өвгөд маань уншихдаа ийш тийшээ сэрэмжлэн харах шаардлагагүй.
Харин ХХ зууны сүүл үеийн нийгэм- цагт амьдарч байсан Төгөө өвгөн “чимээ чагнаж, бараа харж байгаад мааний хэдэн шад бувтнан уншиж” байгаа юм. Тэр цагт “шашин шүтэх” нь чөлөөтэй байсангүй. “Ханцуй дотроо залбирлаа” гэдэг хэлц ч тэр л цагт гарсан нь тодорхой. Тиймээс л хөөрхий өвгөн тийм хянуур байдлаар маань уншина. Зохиолчийн шалтгааныг нээх чадвар гэдэг энэ. Өвгөн ганцаараа овоон дээр сууж байхдаа тийм хянамгай байгаа байдал нь ялимгүй гунигтай.
Монгол үгийн ертөнцөд “зүрхээ үхүүлсэн” гэдэг хэлц байна. Өөрөө бол амьд юм. Харин зүрх нь зүсүүлээд үхчихсэн. Зэрвэс харвал М.Достоевскийн ноён Мышкин /”Солиот” роман/ шиг тийм “сөнөмөл” хүний дүр харагдана. Гэвч манай Төгөө өвгөний дүр бол ялимгүй цагийн дарамтанд “зүрхээ үхүүлсэн” л болохоос СЭТГЭЛ нь үхээгүй. За Мышкин ч ялгаагүй дээ. “ Бид, тэнд сүүлийн удаа хөөргөө зөрүүлэх учиртай байж дээ...”гэж харууслаа илэрхийлэн үглэж, Хангай өвгөнийг хүндэтгэн явдаг сэтгэлээ нээн мориноос буув.”/ С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэдэг.
Магадгүй хоёр Орос, эсвэл Герман “сүүлчийн удаа гар барина”, хоёр Хятад, эсвэл Солонгос” сүүлчийн удаа будаа савхдана”, харин хоёр Монгол өвгөн “ сүүлчийн удаа хөөрөг зөрүүлнэ”. Түүгээр ч барахгүй “хүндэтгэдэг сэтгэлээ илэрхийлж мориноосоо бууна”. Ямар сайхан сэтгэл вэ? Тийм сайхан сэтгэлийг тээж яваа амьд дүр бол Төгөө өвгөн мөн. “БУУНА” гэдэг үг ердөө л зохиолын сэтгэлийг хураангуйлчихаж байгаа юм. Байж боломгүй санагдах ч үндэстэн бүхэнд өөрийн өвөрмөц шалтгаан байгаа юм. Түүнийг тайлж зохиол бичнэ гэдэг энэ.
ТАВ. ШАЛТГААНЫ ӨРНӨЛ
Зохиолын өрнөл хэсэг”Нэг их нэр заргүй хэрнээ, түмэнд нүүрийн буянтай хүн байж дээ” / С.Дашдооров “Бууж мордох хорвоо” 2012/ гэсэн сонирхолтой үгүүлбэрээр үргэлжилнэ. Амьдрал олон талаар СОЁЛ юм. Тэгэхээр “нүүрийн буянтай” амьдрах асар том соёл болж таарна. Судлаачийн ийм нэгэн тайлбар бий. “ Соёлд гурван зүйл үнэт чанар байдаг.
Үүнд: - нэгдүгээрт, эрхэмнэл, хоёрдугаарт, эрхэмнэлтэй харьцуулахад илрэх юмсын чанар, гуравдугаарт, тийм чанар бүхий юмс хэмээн бид үзэж байна. /Ү.Нямдорж” Соёлын философи, монголын соёл” 1994, 27/ гэжээ. Амьдрал- соёл гэдэг логикоор “түмэнд нүүрийн буянтай амьдрах” эрхэмнэл. Нэг талаас үнэт зүйл юм. Монгол хүн амьдралдаа ямар соёлыг эрхэмлэдэг вэ? Ямар үнэт зүйлийг эрхэмлэдэг вэ? гэсэн холбоо асуулт урган гараад түүнд нь зохиолч “НҮҮРИЙН БУЯНТАЙ АМЬДРАХ” гэсэн монгол философиор хариулт өгч байгаа юм. Өөр олон тайлбар хэрэггүй.
Зохиолчийн амьдралын зам мөр, зарчим ч энэ үгүүллэгт үзэл санааны түвшинд илэрсэн байна. Шалтгаан нь “олонд нүүртэй амьдрах” түүний утга учрыг олж нээхэд оршиж байгаа юм. Ангаа өвгөний насан туршийн гол зарчим төдийгүй монгол хүний амьдралын суурь үзэл баримтлал бол энэ мөн гэсэн зохиолчийн шууд баталгаа ч тодорхой болж байна.
Гэтэл цаана нь өөр бас том шалтгаан байна. “Төрийн нуруу төвшин хүн явж дээ гэснээ “энэ малд ч мөн нүдтэй сэн..” гэж бахархангуй дуу алдан түрэв. / С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэсэн байна. Төрийн нуруу төвшин явах гэдэг нь монгол хүний амьдрахын том учир шалтгаан төдийгүй ТӨР БА ТҮМЭН хэмээх нэгдмэл ойлголтыг ч зохиолч орхигдуулсангүй. Нөгөө талдаа төрийн нуруу төвшин явах малд нүдтэй байх хоёр нь бараг л ижил зиндааны ухаан болж ойлгогдоно.
Нүүдэлчдийн амьдралд, суурин иргэдийн зарчмуудын ДУГААРЛАЛТУУД огт тохирдоггүй нь жишээ юм. Төрөх, үхэхийн шалтгаануууд ч мөргөлдөнө. Хайрлал хүндлэл ч ялгаагүй. Огт өөр шалтгаанаас нөхцөлдөн гарсан харилцааны хэлбэрүүд тэднээс биднийг ялгаж байдаг. Судлаачийн анхлан томьёолсноор “ШҮТЭН ЗАХИРАГДАХ ЁС” буюу нүүдэлчдийн амьдралын тулгуур зарчмаар авч үзвэл Төгөө, Самбаа хэмээх хоёр өвгөний насаар ялимгүй ах Ангаа өвгөнд хандаж байгаа уламжлалт хандлага, ёс зүй, учир шалтгаан хачирхал төрүүлмээр санагдана.
“Шүтэн барилдах ёсыг тууштай баримтлан...хүмүүс дор дороо өөр өөрийн... харилцан бие биеэ нөхцөлдүүлсэн үүргийг...”/ Н.Хавх “Монголчуудын соёл иргэншлийн гүн ухаан” 1995,91/ хүлээдэг тэр л суурь ойлголтуудаар өвгөдийн хоорондын сонин ХАРИЛЦАА-ны шалтгааныг тайлбарлаж болно. Ангаа өвгөнийг Төгөө бага залуугаас шүтэн, түүнийг үлгэрлэн захирагдах ч олон талаар өөрийнхөө л амьдралаар амьдарч буйг зохиолч илэрхийлсэн. Зохиолын амьд хийгээд сүнслэг шалтгаан энд нуугдаж байна.
Баримтаар бол Ангаа өвгөний дүрийг их ойрхоноос босгожээ. Ердөө зохиолчийн аав байжээ. “Дал хүрсэн болов уу гэмээр өвгөн. Тэгсэн хэр нь сая хөдөөнөөс ирэхийнхээ өмнө дөрвөн эмнэг тэмээ сургалаа гэж юман чинээ санахгүй өгүүлж суусан сан. /Д.Батбаяр “ Монголын өгүүллэг туужийн дээжис-III” 2015, 33/ гэсэн зохиолчийн аав Сормууниршийн талаар мэдээлэл байна. Тэгвэл “Бууж мордох хорвоо” үгүүлэгт Ангаа өвгөнийг “Дал хүрч байхдаа л эмнэг тэмээ сургаад явж байсан юм шүү” /С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ хэмээх ганц үгүүлбэр буй.
Мэдээж тэр цагт дал хүрсэн өвгөд эмнэг тэмээ бүгдээрээ сургадаг байсан нь ховор ҮЗЭГДЭЛ болоод л энэ хоёр / С.Дашдооров, Д.Батбаяр / говийн хүмүүс их онцлон бичээд байгаа юм шүү дээ? Тэгэхээр ямар нэгэн учир холбогдол нь шалтгаандаа байна. Ангаа өвгөний эх дүр Сормуунирш байх шалтгаан, байхгүйгээсээ бараг бараг 100 дахин магадлалтай юм.
ЗУРГАА. ШАЛТГААНЫ ХУРДАСГУУР
Биднийхээр үгүүллэгийн “шигтгээ” хэсэг баян Садын зэлэн дээр өрнөнө. Онолын хүрээнд зохиолын зарим хавсарга шинжтэй хэсгүүдийг ХУРДАСГУУР” гэж томьёолох тохиолдол бий. Тэгвэл “Бууж мордох хорвоо” үгүүллэгийн гол хурдасгуур хэсэг нь Хангай, /Ангаа/ баян Садынд давхин ирнэ.
Төгөө хань татаж баярлана. Нэг шалтгаан. Гэтэл “ Төгөөгийн бадарч байсан баярын гал унтрах шиг, хор шарын утаа цээжинд уугин баагих шиг болжээ. /С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ Бас дахиад нэг шалтгаан. Хор шар нь хөдөлнө. Харин удалгүй “ Төгөөгийн нөгөө бухимдал пурхийн арилж, Хангайд тэрхэн зуур жигтэйхэн их баярлажээ. / С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ Өөр нэг шалтгаан. Тэрхэн зуур жигтэйхэн их баярлаж байна. Баярлахын шалтгаан. Тэгвэл дараагийн хэсэгт “Төгөө ч бүр баярлаж гүйцэв. / С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэжээ. Баярлаж гүйцэхийн шалтгаан.
“Баярлаж гүйцэх” ерөөсөө хүний сэтгэлийн хязгаарыг тултал нь илэрхийлсэн үгсийн хоршил мэт санагддаг. Хэрэв анзаарсан бол энэ хэдхэн үгүүлбэрт Төгөөгийн сэтгэлийн ямар олон шалтгаан, ямар хурдан өрнөж байгааг мэдэж болно. Үүнийг л хурдасгуур гэж тодорхойлдог. Тэгвэл ийм хурдасгуурууд “Бууж мордох хорвоо” үгүүллэгийн үйлийн хүрээг илэрхийлэх гол шалтгаан болж байна.
Энэ тухай судлаач “ ...өгүүллэгийн амин сүнс “Баян Садын зэлэн дээр” тогтож байгаа юм” /Д.Төрбат” Сормууниршийн Дашдооров” ХХ зууны Монгол зохиолчид-30,2004, 88/ гэж тодорхойлсон нь дэндүү гэнэн, ил цагаан ажиглалт юм.
Угтаа зохиолын гол хэсэг нь илүү бодлогошрохын шалтгаан зохиолын өөр хэсэгт бий. “Хүн өтөлнө гэдэг мөн муухай юм, аа... Унааныхаа нуруунд муу зовлогоо гаргаж чадахаа ч больдог байна шүү... Ингээд унаа унах буян хийсээд өгдөг юм байна. /С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэжээ. Бод доо, монгол хүн л ингэж гансарна. Унаа унах буян хийслээ гэж. Энд л “Бууж мордох хорвоо” үгүүллэгийн олон шалтгааны амин сүнс оршиж байна.
Орчин үеийн хандлагаар уран сайхны бичвэр гэдэг үйл явдлын сүлжилдээн бараг биш харин сэтгэлгээний урсгал хэлбэрээр бичигдэнэ гэж үздэг. Төгөө өвгөн овоон дээр бөртөлзсөөр холдон одох морьтой хүний араас хараад бодно. Хэдийнээ болж өнгөрсөн үйл явдлаас зохиол эхэлж байна. Нэг, хоёр, гурав гэх тоон дэс дарааллын эрэмбээр бол нэгдүгээрт байж болох ҮЙЛ, гуравдугаарт эрэмблэгдэж, бүр хоёрдугаарт байж болох ҮЙЛ-ийн дараагаас эхэлж байна. Сонирхолтой нь зохиолын өгүүлэмж хэсгүүд нэг, хоёр, гурав гэсэн өсөх дараалалаар биш учир шалтгаан бүхий тодорхой тэмдэгтүүдээр холбогдоно.
ДОЛОО. ШАЛТГААН БА ТЭМДЭГТ
Үгүүллэгийн билигдэл бүхий зохиомжит хэсэгт “...гарт өртсөн жижиг сажиг чулуу хэд гурваар нь түүн нойтон алган дотроо өнхрүүлэн эрих мэт нэг нэгээр нь имрэн сэлгэснээ ганц ганцаар нь эрхий хурууныхаа хумсан дээр гарган нясалж саатав.” /С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэсэн нь Төгөөгийн сэтгэлд өрнөж буй хямралыг ЧУЛУУГААР тэмдэгжүүлжээ. Нэг үгээр жижиг чулуунууд Төгөөгийн тархин доторх бодлууд юм. Бодлуудаа нэг нэгээр нь нясалж гүн санаашралд автаад байгааг харуулжээ. ЧУЛУУ ба БОДЛУУД хэмээх семиотикууд зохиолчийн уран бүтээлд нэг бус удаа илэрсэн байна.
1978 онд хэвлэгдсэн шилмэл шүлгийн “Тал бид хоёр/1978/ түүвэрт багтсан “Ерөөл” гэдэг шүлэгт
Талын хүний заншлаар өндөр газар бараадаж
Товцог жаахан толгой дээр жолоо татан буув...
Тохьтой хүний заншлаар чулуу хэдийг шүүрч
Тоорцгийн чинээ овоонд нь ёс гүйцэтгэн шидэв. /С.Дашдооров” Тал бид хоёр” 1978/ гэжээ. 1967 онд бичсэн энэ шүлгийн хөнгөн ч гэмээр санаа, 1986 онд бичсэн “Бууж мордох хорвоо” үгүүллэгт ЧУЛУУ ба БОДЛУУД тэмдэгтүүдээр яаж гүнзгийрсэнийг харж болно. 19 жилийн дараа чулуу ба бодол хэмээх тэмдэгтүүдийн илэрхийллийн ТЭЭШ хэрхэн хүндэрснийг ч ажиглаж болно. Дээрх харьцуулсан ажиглалт зохиолчийн оюун сэтгэлгээний өсөлт, амьдрал ба эх сурвалжийг илүү судлан сурвалжилж байсны тодорхой баримт баталгаа юм.
НАЙМ. ШАЛТГААН БА СЭТГЭЛ
Хүмүүний сэтгэл гэдэг уран зохиолд хамаг шалтгааны эх юм. Уран сайхны дүр ч олон талаараа зөвхөн СЭТГЭЛ гэдэг хэмжигдэхүүнд багтах тал байна. Сэтгэл үнэхээр хүний дотоод орон зайн гол хэмжүүр, хэмжигдэхүүн мөн. Гэвч тусдаа бие даасан бус бодол санаа, мэдэрхүй, үйл үйлдлийн цогц харьцангуй түгээмэл учир шалтгааныг хамруулан үзэж болох мэт.
Бурханы шашинд 184 муу сэтгэл буй хэмээжээ. Дорны мэргэд дахиад хүний муу сэтгэлийн шалтгааныг тоолж гаргасан ажээ. Тэр 184 муу сэтгэлээс хамаг өвчин үүднэ гэж үздэг. Хамаг муу өвчний үүдэл хамаг муу сэтгэлийн шалтгаан болно. Муу шалтгаанаас муу үйл шалтгаалан, эцэстээ муу үр боловсорно. Нарийндаа хамаг зүйл сэтгэл дотор л байгаа юм. Гаднах дүр бол яах вэ. Үзэгдэх төдий зүйл. Сав хайрцаг төдий эд.
Тэгвэл Төгөө өвгөний дүрийн гаднах төрх, 60 орчим настай, тамхи татаж суух, хөдөөх хэлхэгэр халхагар нас хэвийсэн өтөл эрийн байдал. Нийтийн төсөөлөл ч ийм. Шалтгаан нь түгээмэл үнэн, түгээмэл учир зүй гэж буй. Энэ тухай алдарт Э.Гомбрих ”түгээмэл үнэн, учир зүй гээч нь үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн анги давхарга ялгалгүй бүх хүнийг нэгтгэх учиртай.” /Э.Гомбрих “Дэлхийн бяцхан түүх” 2015,222/ гэсэн байдаг.
Нууцхан залбирчихдаг, малд хайртай, олон үе дамжсан малчин гээд монгол өвгөдийн нийтлэг дүр байдлыг дүрслэх нэг хэрэг. Тэр нь Э.Гомбрихийн үзснээр хүмүүсийг нэгтгэж буй түгээмэл чанар. Харин “Бууж мордох хорвоо” үгүүллэгт Төгөө өвгөний хэзээ ч давтагдашгүй дотоод өгөгдлүүдийн шалтгааныг зохиолч илүү сонирхолтойгоор дүрсэлсэн байна.
Дүрийн сэтгэлзүйн хэв шинжүүд бодол санаагаар дамжихаас гадна тодорхой шалтгаант үйлдлүүдээр давхар илэрдэг. Санаж сэдсэн сайн ҮЙЛ нь бүтэх эсэхэд эргэлзсэн Төгөө өвгөний дотоод сэтгэлийг “...гэнэт сэтгэл нь тавгүйрхэн хямарч, зүрх нь гунигтай цохилох шиг болов.” /С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэж “сэтгэл тавгүйрэх, зүрх гунигтай болох” шалтгаанд хүргээд талийгаачийг хөдөөлүүлэх замд хонио бэлчээж, цагаан сэтгэлээ дэвсэх ХҮСЭЛ биелэхгүй болов уу гэсэн ЭМЗЭГЛЭЛ-тэй холбосон байна. Төгөө өвгөний дүрийн нандин тал нь энэ юм. Өвгөний сэтгэл амьд, үйл ариун гэдгийг зохиолч “..хэн хэлж өгсөн бэ гэж бодоход уйдаж цөхөөгүй нутгийн настан буурал, түшиж тулж явсан мэт санаанд нь цалхийн буухуй зүрх сэтгэл нь уяран байв.” /С.Дашдооров.
“Бууж мордох хорвоо” 2012/ хэмээн илүү тодорхой үгүүлсэн байна. Тийм нандин СЭТГЭЛ өөрийн төлөө зовних бус өрөөл бусдын сэтгэлийн сайн сайханд санаа зовниж “...хамаг бодсон санасан нь бут нуран унаж байх вий гэж бодохоос зүрх нь пал пал түгшүүртэй цохилж эхэлжээ.” /С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэснээр илэрч байна. Ариусал нигүүслийн үзэл санаа нэвт шингэсэн, амьдын хорвоогийн олон шалтгааныг нээсэн ”Бууж мордох хорвоо” үгүүллэг чухамдаа” ..ном олсон эс олсон, бясалгал буй үгүй, судас сайн муу, түйтгэр их бага, тэр нигүүдийн ялгамжаар зарим нь өнө удаан орших буй.
Зарим нь нэгэн атга гурил идэхийн төдийд орших ч буй. /”Дагина Мажиг лавдонмаагийн намтар” 2015,176/ гэсэнтэй адил ХҮН бүрийн сэтгэлийн дотор тодорхой цагийг эзлэн байна. Зарим нь утга санааны цаад шалтгааныг үл ухах, тийм хүмүүст энэхүү зохиол “атга гурил идэхийн төдий” зугаа. Гэтэл зарим хүмүүст нэгэн насны магадгүй хэдэн төрлийн БЯСАЛГАЛ байхыг таашгүй.
ЕС. БОДОХ ШАЛТГААН
Ийм л үнэт чанар герменевтик арга зүй нь үүднээс ”уран сайхны зохиол хэдий чинээ олон тайлбар үүсгэнэ. Төдий чинээ сайн бүтээл” байх магадлал өндөр. Тэгвэл “Бууж мордох хорвоо” үгүүллэг зарим судлаачдын дүгнэсээр зүгээр нэг ирэх буцахын тухай бус харин ч ирэх буцах учир шалтгааны тухай зохиогчийн БОДОЛ САНААНЫ ЦОГЦ ХЭЛЭМЖ юм.
Ингэхэд Төгөө өвгөн юу боддог вэ? Өнгөрсөн хийгээд улирагч он жилүүдийг дурсан бодно. Шалтгаан нь өнгөрсөнд оршигч дурсамж хүний амьдралын чухаг нандин зүйл юм. Монголчууд амьдын хорвоо гэдэг. Эсрэгцлээр үхэгсдийн хорвоо гэж бас байна. Ангаа өөр ХОРВООД оччихсон ч амьдын хорвоотой холбоотой хэвээр байна. Тэр холбоог дурсамж гэнэ. Дон Кихот тээрмийн зүг довтолдог шиг, үгүй бол Фаустын айдас шиг тийм өнгөрсөн цагаас Төгөө өвгөн, Ангаагийн амьд сэрүүн үеийн агшнуудыг сэргээн босгож байна. Ангаа өвгөний дүр одоо зөвхөн өнгөрсөн хэмээгч цаг хугацаанд үлджээ.
Өнгөрөгч цаг хугацааг нэхэн санахад харуусал төрөх нь элбэг. Харуусал үгүй бол баяр бахдал бас үгүй. Өнгөрсөн үгүй одоогийн бодол эргэцүүлэл үгүй. “Төгөө ийнхүү өнгөрснийг дурсаж бодож “Би чинь тэгээд өнөө өөртөө амласандаа хүрч, Ангаагаа баярлуулж гялайлгасан билүү?” гэж бодов.” /С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэжээ. Өнгөрсөнийг эргэцүүлэн бодоод сайн сайхныг бүтээх САНААШРАЛД өвгөн автана. Шалтгаан нь “...хүний амьдрал, нас намтарт үндэст өвс ногоо мэт урган дэлгэрч гандан гундаж, мөнх бусын салхин хүрдэнд автан нисдэг орчлонгийн жам ёсыг уяран бодсоор явлаа. /С.Дашдооров.
“Бууж мордох хорвоо” 2012/ хэмээн эгээрэхэд оршиж байгаа юм. Өвс ногоо мэт ургаад хатаж хагдрах хүний амьдралын тухай санаашрал нь Төгөө өвгөний БЯСАЛГАГЧ шинжийг бидэнд нээж байна. Пабло Пикассогоос нэгэн уран зураг сонирхогч “Таны зурсан бухын толгой улаан байгаа нь Европт фашизм цуст толгойгоо өндийлгөлөө гэсэн санааг дүрсэлсэн дээ, тийм, ээ” гэхэд тэрээр “Үгүй, ээ би зүгээр бухын улаан толгой зурсан юм” гэж хариулсан гэдэг.
Түүн шиг “Бууж мордох хорвоо” үгүүллэг ямар нэгэн далд нууцлаг, хоёрдмол, давхар санаа агуулаагүй, амьдралын өдөр хоногуудад орших энгийн үнэн, жам ёс, учир шалтгаан, яруу сайхныг БЯСАЛГАГЧ хүний дүрийг, монгол ахуй амьдрал, гоо сайхны сэтгэлгээний өнгө дэвсгэр дээр зурагласан нь энэ үгүүллэгийн чухам монгол хэлт уран зохиолын чухал туурвил гэж үзэхэд аргагүй хүргэж байгаа юм. Энэ үгүүллэгийн талаарх олон дүгнэлтүүдээс онцолж зохиолч Г.Аюурзаны “ Үнэхээр сайхан өгүүллэг, жинхэнэ монгол философи шүү. Монголын утга зохиолд ийм бүтээл цөөхөн. Сайн өгүүллэг бичсэн гурав дөрөвхөн зохиолч монголд байдгийн нэг Дооров гуай гэж би боддог” /Г.Аюурзана” Утга зохиолын тухай яриа” 2005, 14/ гэснийг сонгож авав. Шалтгаан нь “жинхэнэ монгол философи” гэсэн гуравхан үгэнд л байна.
АРАВ. БАЯРЛАХ ШАЛТГААН
Ирэх болоод буцагсдыг сайн угтаж, сайнаар үдэхийн шалтгааныг таниваас хайр уучлал хоёр зүрхэнд цэцэг шиг дэлгэрнэ. Тэр цагт хүний дотор ариусал үүсч “...бодож олсон санаандаа сэтгэл ханан царай тавиран баясжээ.”/С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэдэг шиг БАЯР БАХДАЛ ертөнцийг дүүргэнэ. Зохиолын туйлын санаа энэ. Шалтгаан нь жамыг мэдвээс жаргал үргэлж сэтгэлд ирнэ. Энэ үнэхээр монгол философи мөн билээ. Алив бүгдэд эхлэл бий. Бас төгсгөл ч бий. Харин зохиолчийн тэмдэглэснээр” гол нь зөв эхлэл. Эхлэх л хэцүү гэнэ”.
“Би аль ч зохиолоо эхлэх гэж их зовдог. Нэн ялангуяа эхний нэг өгүүлбэр, цаашилвал эхний бүлэг, хэсгийг бичих гэж махаа иддэг. Миний бодоход үргэлжилсэн үгийн зохиолд эхний өгүүлбэр, бүлэг, яруу найрагт бол эхний мөр бадгаас л дараагийн зүйл, хэм хэмнэлээ буюу амь орон амьсгалж, амьдарч эхлэх шиг санагддаг юм.”/С.Дашдооров” Өндөр ээжийг хэрхэн бичив”, Бурхадын сархад” 2009, 93/ гэжээ.
Харин “Бууж мордох хорвоо” үгүүллэгийг ажиглахад төгсгөл нь илүү хүнд байжээ. “Төгөө хониныхоо барааг харж санаа амарсан мэт шүүрсэн алдаж дотор цайн баясжээ.” /С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэсэн “ЦАЙРАХ” мэдрэмжээс баясал төрнө. Хэн нэгэн танил дотно хүнээ “явуулчихаад” ихэвчлэн сэтгэл санаа гунигладаг. Олон зохиолд холдон одсон хэн нэгнийхээ араас гансран санадаг. Тэгвэл “Бууж мордох хорвоо”-д дотор сэтгэл нь “цайн баясаад” байгаа юм. Бүх зүйл эсрэгээрээ. Зохиолчийн маш том ухаарал, түүний шалтгаан. Уншигч БИ-гийн зүгээс ирэх интроверт сэтгэцийн хэв шинжүүд дахин нэг хананд тулна. Тэр нь “ Өвгөний замд хонь мал байлгая гэж бодсон минь онох нь онож.
Хэн намайг тийн хичээснийг мэдэв гэж. Мэдээд ч яах билээ. Бас мэдүүлээд ч яах билээ....”/С.Дашдооров. “Бууж мордох хорвоо” 2012/ гэх Төгөө өвгөний бодол. Одооны бид нар энэ мэт сайн ҮЙЛ хийвэл цээжээ дэлдээд үүгээр түүгээр ярьж, их дуугаар орилоод давхина. Хүний чанар мөс ямар болсныг зохиолч Төгөө өвгөний уужуу бодлуудаар дамжуулан хэлэх гэсний шалтгаан. Эхлэлээс татаж төгсгөе. Учир шалтгаангүй зүйл ертөнцөд хаа ч үгүй. Төрөхийн шалтгаанаас үхэхийн шалтгаан эхэлнэ. Буухын шалтгаанаас мордохын шалтгаан эхэлнэ.
Хэдий “Бууж мордох хорвоо” үгүүллэгт дорны мэргэдийн тоолсноор найман түм, дөрвөн мянган ШАЛТГААН байхгүй ч хүн байхын 10 учир шалтгаан байна. Төгсгөлд нь нэгэн шүлэг сэтгэлд байсныг дэлгэе. Шүлэг ч бас шалтгаан.
Засах үгүй зүг шулуун бүтээснээр
Залхуу үгүй үл хаагдах тангараг болно.
Завсардах үйлсийг тэвчих увдисаар
Заяат ухаан номын агаар болон алдарлаа. /”Мяларайвын саран мэт шавь Райчүн Дорждагвын намтар” 2015, 336/ хэмээснээр заяат ухаан бүхэн номын агаар болж огоот их сансар хийгээд хүний хорвоог бүрхэх болно.
П.Батхуяг
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
eneegiin niigemiin heregtei ter dyndaa zaluust heregtei niigemiin yhaaraliig eregzyylen sain bichjee,bashyy byrhanii zohioliin arban yhaanaas zarim orchyylgaar gargasan nomuudaas hicheengyilen ylam bayjyylbal ylam ch setgelgeend sain bolj tystai yild oirtoh yum syy!bid byrhanii yndesiin yhaaral haanaas garaad baigaag sydlah chag bolson!zebhen yran zohiold?...Manai agyy tebd helt agyy lam nariin bichsen olon symbengyyd bii,ylasiin nomiin sand Mongol bichegeer bas gariin door syrah ynsihad zoriulsan jinhene mongol bichegeer maani bichsen zohiolyyd toosond daragdaad baij l baigaa ene metees abch zaluus taa gegeeryylehed ni hereg boloh yhaaraliin syyltyyr baij boloh yum daa!!!!nomiin agaar bolson deerh hoyor zyragiin ezen yhaan bolson aldartnyyd aa menhiin bys horboog tolidoj baigaa gej itgenem!sain yils byteebel bidniig ibeeh biz ee!!!!Minii bags Naran-ochir mini!!!!!!!Bayarlalaa tand....ene met bichsygei!!!!
Gvn uhaantai holboh gez yadchih yum aa kkk svvldee yu bicheed bgaag ni oilgohoo blaa hehehe
Sai oilgosonguiee unendee dashdooroviig ch oilguulsangui shuu dee demii yum bichhiimaa
гоё бичиж, уг нь уран зохиол шүүмж гэдэг нэг иймэрхүү зүйл байдаг байх, зарим хүмүүсийн юмыг харахад нэг марзан зүйлүүд байдаг, математикч хүн би ч биччихээр
СОНГОДОГ БУТЭЭЛ ГЭДЭГТ ЭНЭ ЗОХИОЛ ЗОХИОЛЧ ОРОХ БАЙХАА ГЭХДЭЭ МАНИЙЙ УЕИЙН ДЭЭРЭЭСЭЭ 2,3-Т СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ШИГ ХУМУУС ДЭНДУУ ОЛОН БОЛЧООД ОЮУНИЙ ХООСРОЛЫН ЭРИНД АМЬ ЗУУЖ ЯВХЫГ БАС УЗДЭГ Л ЮМ БАЙНА
ТЭР НАСТАЙ ЭМЭЭГ ОРЦОНД ЧИРЧ ЯВААРАЙ ЗАДУУСЫН АДИЛ ТЭДНИЙ ЭХ ЭЦЭГ АХ ДУУС