sonin.mn

Хорвоо ертөнцийн хамгийн гайхамшиг нь хүн гээч амьтан ажээ. Хүн бие, хэл, сэтгэлийн нийлбэрээс бүтсэн гэгээрч хөгжих, иргэнших чадвартай оюунлаг нэгэн юм. Хүний хамгаас түрүүнд хэйрлан хамгаалж, муу муухай бүхнээс цээрлэж цэрвэх ариутгах зүйл бол сэтгэл мөн.

Сэтгэл гэдэг юу вэ? Бодлын урсгал-хоосон орон зай учир өнгө зүсгүй, амт үнэргүй боловч асар их мөрөедөл, зорилго мэдрэмж, гэрэл гэгээ, хүч хадгалдаг, хязгааргүй орон зай багтаамж хурдтай үл үзэгдэх биет-агуу их ертөнц гэж судлаачид тодорхойлжээ. Сэтгэл үхэж арилдаггүй, биеэс биед дамждаг.

Нэрт эрдэмтэн, зохиолч Л.Түдэв:
-Сэтгэл гэдэг сэмэрдэг, сээхэлздэг, сэргэдэг, сэхдэг, сэгэлздэг, сэвтдэг зүйл. Гол нь сэхээрэх нь чухал.

-Сэтгэл бас дэнсэлдэг, гансардаг, гутардаг, унадаг, татагддаг, үхдэг, гунддаг. Сэтгэлээр үхэхгүй байх нь чухал. Сэтгэл нь хувь хүний атлаа нийгмийн үзэгдэл болон хувирах увдистай. Бас бадрааж хеөргөж, бохирлох, хордуулах, сэнхрүүлж болдгоороо нийгмийн шинжийг агуулдаг. Хамгийн чухал нь хамгаалж ухааруулж сэнхрүүлж байх гэжээ. Бидний амьдралд нэн идэвхтэй хэлж яригддаг сэтгэл маань тун ергөн дэлгэр ойлголт шүү.

-Холбоо харьцаагаар нь: сэтгэлийн чин зориг, жигүүр, тэвчээр, эрч хүч, тэнхээ

-Сэтгэлд шингэх орох, нийлэх

-Сэтгэл зүрхэндээ тээж явах, хадгалах, догдлох чанараар нь: өгөөмөр, нинжин, хайрын чин, ариун өөдрөг, цагайн цайлган, хиргүй, тунгалаг

-Хар хортой, өстэй, мунхаг, сэтгэл. Бас хэмжээ багтаамжаар нь:Сэтгэлийн уг, үзүүр, дундуур, уужим, дүүрэн, явцуу. Хамгийн эрхэм бүхнээ үр хүүхэд, эцэг эх, найз нөхөд, нутаг нуга, эх орон, багшаа сэтгэл зүрхэндээ тээж явдаг нь түгээмэл билээ.

Их сэтгэгч Д.Равжаа
Бурхан ч сэтгэлээс
Буг ч сэтгэлээс
Сайхан янаг байвч
Сэтгэлийг нь мэдэж яваарай
Аяа бас тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг, ичиг

Монгол ардын сургаалд:
Биеийн бөхөөр нэгийг дийлэх
Сэтгэлийн бөхөөр мянгыг дийлэх
Адгуу догшин сэтгэлийн
Жолоог дагахад бэрх шүү
Арга билгийн ухаанаар
Аргыг нь тааруулж номхотгоорой...

Өөрийн буюу хамт олон, нийгмийн буруугаас болж нэг буюу хэсэг хүний сэтгэл санаа сэвтэн бохирдож, гутран гуньж, мунхарч байгааг үгүйсгэх аргагүй. Эмч эмнэлгийн зүгээс... найдваргүй гэсэн оноштой ч өөрийн оролдлого сэтгэлийнхээ бөхөөр аюулт өвчнөөс амиа аваад гарсан жишээ олон байна. Золгүй явдал, өвчин эмгэгээс болж сэтгэлээр унаж явахад нь найз нөхөд, хамт олны өгөөмөр нандин сэтгэлийн ачаар өөд татсан нь олон доо.

Ерөөс соёл-боловсрол, хүмүүжлийн ажлын эцсийн үр дүн нь хүнээр хүн хийж, сэтгэл санааг бадраан, сэхээрэх замыг нь ухааруулан нээхэд л чиглэх учиртай. Аливаа үйл ажиллагааны эцсийн амжилт бүтээл бол үнэн өөдрөг сэтгэлээс нь хамаарна.

Ахмад настан Ажимынхан овогт Содовын Очирпүрэв

Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин