sonin.mn
Монгол Улсын СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг ирэх сарын 1-нд "Best of Erdenetungalag" нэртэй бие даасан тайлан тоглолтоо "UB Palace"-ийн концертийн их танхимд хийх гэж байгаа билээ. Энэхүү тоглолтоос нь өмнө дуучин бүсгүйтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.
 
 
-Таны тоглотын зар сурталчилгаа бараг сарын өмнөөс цацагдаж эхлэв үү дээ?
 
-Тоглолтын зарыг эртхэн шиг хүмүүст хүргэж байх нь дээр байдаг юм. Нэгэнт л сонсогчдодоо зориулан тоглолт хийх гэж байгаа учраас тэр шүү дээ. Зохион байгуулагчаар маань Б.Анхтуяа захиралтай "Apple" продакшн ажиллаж байгаа.
 
 
-Өөрийн чинь тоглолтын өмнөх хоёр өдөр буюу 29, 30-нд "Хурд" хамтлагийн тоглолт байгаа байх аа?
 
-Тийм, "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр ах саяхан над уруу ярьж байна. "Уг нь бид 1-нд дахиж тоглох санаатай байсан юм. Гэтэл чи ах нараа том хаалаа даа" гээд инээж байна лээ. "Хурд"-ынхан үзэгчдийнхээ байдлаас шалтгаалж миний тоглолт болох өдөр дахиж тоглох санаатай байж л дээ. Тэгсэн чинь тэр өдөр нь би тоглолтоо хийхээр болчихсон.
 
 
-Энэ удаагийнхаа тоглолтын нэрийг яагаад "Best of Erdenetungalag" гэж нэрлэв?
 
-Энэ тоглолтдоо үзэгч, сонсогчдынхоо сэтгэлд хоногшсон шилдэг гэсэн дуунуудаа дуулах юм. Тухайлбал, "Хайрлаарай", "Дуулж л явахаас даа", "Зангаараа амраг", "Ижий минь бодогдоно", "Навчин дээрх шүүдэр", "Нарт тэнгэрийн дор" зэрэг миний нэрийн хуудас болсон олон дуу бий. Сүүлийн нэрлэсэн хоёр дууг өөр хүн өмнө нь дуулж байсан л даа. Гэвч ямар нэгэн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоход хүмүүс надаас энэ хоёр дууны аль нэгийг дуулахыг хүсдэг.
 
Тэгэхээр сонсогчид маань эдгээр дууг миний л бүтээл мэт төсөөлдөг болсон байгаа биз. 2003 оны үед би уран бүтээлч болох гэж ид зүтгэж байлаа. Улмаар өөрийн гэсэн дуутай ч болж сонсогчдынхоо алга ташилтын сайхныг мэдэрч, урмын үг сонсч, итгэл хүлээж байсан. Тэр цагаас хойш би 10 жилийн турш "дуучин" гэдэг нэр зүүжээ.
 
Хамгийн анх "Ханьсахын жаргал" дуугаа дуучин Т.Батсайхан ахтай хамтран дуулж байлаа. Энэ дуу аав, ээж хоёрын минь бүтээл гэдгийг хүмүүс мэдэх байх. Дуу өөрөө уран бүтээлч хүний дотоод сэтгэлээс төрдөг. Би уран бүтээлчдийн амьдралд хөл тавьснаар өнөөдрийг хүрэхдээ юу бүтээв гэдгээ энэ тоглолтоороо дамжуулж үзэгчдэдээ хэлэх гэсэн юм.
 
Тиймдээ ч би "Best of Erdenetungalag" гэж нэрлэсэн. Ер нь 10 жил гэдэг хүний амьдралд урт хугацаа болохоор тэмдэглэхээс ч аргагүй. Хүмүүс нэг нас нэмлээ гэж хэчнээн их баярлаж, тэмдэглэдэг билээ дээ.
 
 
-Тоглолтод тань урилгаар хэн хэн оролцох вэ?
 
-"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Л.Чулуунбаатар, Т.Батсайхан, "Voice" группийн дуучин А.Эрдэнэжаргал, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, сагсфончин Ч.Болдбаатар, Улсын Филармонийн симфони оркестр оролцоно. Би СУИС-аас Дуурийн дуулаач гэсэн мэргэжил эзэмшсэн болохоор энэ тоглолтдоо мэргэжлийн хэдэн дуу дуулахаар төлөвлөсөн.
 
Гэхдээ тоглолтынхоо төгсгөлд буюу хүч чадлаа шавхсан хойноо дуулна. Өөрийгөө ямархан чадалтай дуучин бэ гэдгээ үзэгчдэдээ харуулна. Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ ах миний тоглолтод урилгаар оролцож нэг сайхан дуу дуулна.
 
 
-Та бөх их сонирхдог гэсэн. Тийм болохоор Д.Мөнх-Эрдэнэ арсланг урьсан уу?
 
-Миний ээж, аав хоёулаа бөхийн удамтай. Тиймээс сонирхолтой байхаас ч яах вэ. Монгол бөхийн өргөөний хамт олноос зохион байгуулсан "Хийморьлог эрчүүд" тоглолтод арслан надтай хамтарч нэг дуу дуулах ёстой байсан юм. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ ах амжаагүй. Наргиан болгож хэлэхэд тэр өрөө одоо цайруулах гэж байгаа юм л даа /инээв/.
 
 
-Ер нь 2003 оны Эрдэнэтунгалагаас өнөөдрийн Эрдэнэтунгалаг яаж өөрчлөгдсөн бол?
 
-10 жилийн өмнөх Эрдэнэтунгалаг мэдээж өөрчлөгдсөн. 2003 онд би амьдралыг хараахан таньж чадаагүй, 20 насыг дөнгөж алхаж байсан болохоор бараг хүүхдээрээ байлаа шүү дээ. Тухайн үед их л дэврүүн, бүх зүйл амархан юм шиг санагдаж явсан байна.
 
Өнөөдөр би амьдралыг бүрэн таньж амжаагүй ч тэр дэврүүн үетэйгээ харьцуулбал арай өөр болсон. Хүн л юм хойно амьдралдаа бүдэрч, боссоор өнөөдрийг хүртэл явлаа. Гэхдээ би бусад залуу уран бүтээлчийн адил үргэлж өөрчлөгдөх гэж зүтгэсээр ирсэн.
 
 
-"Камертон" хамтлагийн ахлагч Д.Болд болон дуучин Quiza-тай хамтарч уран бүтээл хийх гэж байсан тухай сонссон юм байна. Яагаад нийтийн дуучин хүн тийм санал гаргав?
 
-Охиноо төрүүлсэн жил бил үү дээ. Д.Болдтой хамтран дуулах саналыг 2008 онд тавьсан шиг санагдана. Түүнд саналаа хэлэхэд маш сайхан хүлээж авахад нь би их урамшиж билээ. Учир нь би "Камертон" хамтлагийн дууг хүүхэд байхдаа их сонсдог, бас хүндэлдэг байсан юм. Д.Болд надтай асар их хүндлэлтэй харьцаж зөвшөөрсөн саналаа хэлэхэд нь би баярласан.
 
Яг үнэнийг хэлэхэд хамтран дуулах санал тавих гэж зорьж очсон хэрнээ их сандарч, айж байсан шүү. Намайг хүлээж авахгүй ч байх юм билүү гэж бодож байсан юм. Гэтэл "Хамтарч ажиллахад хэзээд бэлэн. Харин та өөрийнхөө стилээр уран бүтээл хийж тодорхой байр суурь эзлэх хэрэгтэй.Түүний дараа хоёулаа хамтаръя" гэж хэлсэн.
 
Мөн Quiza бас л нээлттэй хариу өгч "Одоохондоо боломжгүй байна" гэсэн. Бид хоёр хэн хэнийгээ сургаар л таньдаг байсан. Хааяа ямар нэгэн тоглолтын үеэр таардаг байсан ч ярилцаж байгаагүй. Харин 2010 онд Ардчилсан намын "Монгол хүн-2020" нэртэй тоглолтын баг орон нутгаар аялахад Quiza "Үргэлж шинийг эрэлхийлдэг чанар чинь надад маш их таалагдсан.
 
Хоёр жилийн өмнө хамтран уран бүтээл хийх санал тавихад чинь л мэдрэгдсэн. Нийтийн дуучдаас хамгийн түрүүнд надад тийм санал тавьсан хүн бол чи. Үүнд чинь би одоо болтол баярладаг" гэж надад хэлсэн. Тэр үг нь ч маш их урам хайрласан. Би тэднээс мөнгө гуйгаагүй, зөвхөн хамтарч ажиллах саналаа үнэн сэтгэлээсээ илэрхийлсэн. Тэгээд би сэтгэлээс гарсан үг хүний сэтгэлд хүрдэг юм байна гэдгийг ойлгосон.
 
 
-Та Т. Батсайханаас өөр хэн хэнтэй хамтарч уран бүтээл хийвээ?
 
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан багшийн хөгжим, яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн үг "Хайрын булаг" гэдэг дууг гавьяат жүжигчин С.Ганзориг ахтай хамтарч дуулахаар дууны бичлэгтээ орсон. Одоогоор хараахан цацаж эхлээгүй байгаа. Мөн "Ньюанс" хамтлагтай ээжийн тухай нэгэн сайхан дуу дуулсан.
 
Мөн "Voice" группийн дуучин А.Эрдэнэжаргалтай ч нэг дуу дуулсан. А.Эрдэнэжаргал бид хоёр оюутан байхдаа хүмүүсийн ярьдагчлан "халтуур" хийдэг байлаа. Тэр үед халтуур гэдэг бол бидний хувьд дасгал байсан. Ер нь миний анхны хамтран дуулсан хүн бол А.Эрдэнэжаргал.
 
Бидний нэрний эхний үг ч адилхан болохоор хүүхдүүд "Хоёр эрдэнэ" гэж их дуудна /инээв/. Азийн хатан хаан гэгддэг "Бөртэ" хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй бас саяхан хамтарч уран бүтээл хийсэн.
 
 
-Мэдээж энэ удаагийн тоглолтдоо Т.Батсайхантай хамтарч дуулах байх. Хүмүүс та хоёрын хамтарч дуулахыг удаан хараагүй болохоор сонирхолтой санагдаж байна?
 
-Тэгэлгүй яахав, миний энэ тоглолтыг үзсэн хүмүүс бидний дууг анх хэрхэн хүлээж авч байсан, тэр үеэ сэргээх байх. Тэгэхээр зүгээр дуулаад өнгөрөх биш дурсамж сэргээсэн үдэш байх болов уу гэж бодож байна. Ер нь Т.Батсайхан ах бид хоёр өдөр бүр таардаг Чухал арга хэмжээнд ч хамтарч дуулж байгаа.
 
Харин олон нийтийг хамарсан тоглолтод хамтдаа дуулахгүй байгаа л даа. Тийм болохоор хүмүүс биднийг бүр таарах ч үгүй байгаа юм байна гэж ойлгодог байх. Бид өдөр бүр хэн хэндээ уран бүтээлийн зөвлөгөө өгдөг.
 
Т.Батсайхан ах маань их нуруутай шүү дээ. Миний хамгийн их баярлаж явах хүний нэг. Оюутан байхдаа сургуульдаа хамгийн мундаг тенор байсан. Одоо ч хэвээрээ. Би түүнтэй хамтарч дуулснаар өнөөдрийн зэрэгт хүрсэн гэж боддог
 
 
-Хүмүүсийн дурсамж сэргээсэн тоглолт болно гэдэгтэй санал нэг байна. Таны хайр, ханийн тухай олон дууг охид, залуус нэг нэгэндээ хайр сэтгэлээ илчлэхдээ FM  радиогоор захиалан сонсч байсан болов уу?
 
-Тийм шүү, нэг зүйл санаанд орлоо. Т.Батсайхан ах бид хоёрын дуулсан "Ханьсахын жаргал" дууг хит болж амжаагүй байхад нэг залуу эхнэрээ гомдоочихоод байж. Тэгээд бидний энэ дууны гуравдугаар бадгийг хаанаас ч юм олж бичээд мессежээр эхнэртээ явуулсан гэсэн. Гэхдээ өөрөө зохиосон юм гээд хэлчихэж.
 
Тэгсэн эхнэрийнх нь сэтгэл хөдөлсөн юм байлгүй уучилж л дээ. Гэтэл удалгүй бидний дуу нийтэд түгээд эхэлсэн чинь эхнэр нь "Энэ шүлгийг чи зохиогоогүй л юм байна шүү дээ. Дууны шүлгээс хулгай хийчихэж" гээд инээлдсэн тухайгаа бид хоёрын "Ханьсахын жаргал" тоглолтын үеэр ирж ярьж байсан юм.
 
Нэгэнт нөхрийгөө уучилчихсан юм чинь яах ч аргагүй болсон байгаа биз дээ / инээв/. Хамгийн гол нь сэтгэлээс гарсан аливаа зүйл бусдад тэгтлээ шингэдэг юм байна.
 
 
-Энэ тоглолтынхоо дараа орон нутгаар явж тоглолтоо хийх үү?
 
-Одоогоор шийдээгүй ч тийм бодол бол байгаа. Саяхан Ховд аймгийн Мянгад сумын нэг эгч надтай холбогдсон. Миний дугаарыг яаж ч олсон юм бүү мэд. Тэр эгч "Өөрийн чинь тоглолт болох гэж байгааг дууллаа. Би дууг чинь сонсох дуртай. Тиймээс эгч нь очиж үзнэ ээ" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Зардлаас эхлээд тэр холоос ирэх танд хэцүү шүү дээ.
 
Таны энэ их сэтгэлийг дүү нь ойлгож байна, баярлалаа" гэсэн. Тэгсэн чинь "Үгүй ээ, эгч нь очихоор төлөвлөчихсөн байгаа" гэдэг байгаа. Хамгийн гоё нь тэр эгч "Эгч нь нэг хонины мах аваад очно. Охиндоо шөл хийгээд өгөөрэй" гэсэн. Ингэж хэлэх нь надад яг л миний ээж, эсвэл ах дүү ч юм шиг санагдсан шүү.
 
 
-Охиноо уран бүтээлч болгох замд оруулсан гэж дуулдсан. Охин чинь дуулдаг уу?
 
-Миний охин Хөгжим бүжгийн төгөлдөр хуурын хоёрдугаар ангид сурч байгаа. Өөрөө их сонирхолтой. Би охиндоо зориулж "Түвшинбаяртай яваарай" дуугаа дуулсан юм шүү дээ. 2008 онд энэ дууны шүлгийг Н.Батжаргал ах бичиж, дараа жил нь би дуулсан юм.
 
 
 -Хоёулаа бараг жилийн өмнө уулзаж байсан санагдана, Түүнээс хойш та нэлээд жин хасчээ дээ. Зарим эмэгтэйд жин хасах нь бараг толгойн өвчин болдог юм билээ. Магадгүй тэд таныг яаж жин хассан юм бол гэж бодож байж болох юм?
 
-Яг үнэндээ би эцэг эхээс заяасан эрүүл саруул сайхан биеийг өнгөрсөн хугацаанд гамгүй эдэлж байж дээ (инээв). Болох болохгүй хүнс хэрэглээд л... Үүнээс шалтгаалж жин нэмэх эх үүсвэр тавигддаг юм билээ.
 
Өнгөрсөн есдүгээр сараас эхэлж хоёр сарын хугацаанд "Сарангуа" фитнесст хичээллэсэн юм аа. Өмнө нь явдаг байсан ч алдаг оног л хичээллэдэг байлаа. Сая хичээллэхдээ 10 гаруй кг хасч 73 кг жинтэй болсон. Ер нь охид, бүсгүйчүүд фитнесст хичээллэх нь жин хасаад зогсохгүй эрүүл мэндэд нь ч хэрэгтэй.
 
 
-Сүүлийн үед залуу дуучдын хийж буй уран бүтээл таны сэтгэлд хэр нийцдэг вэ?
 
-Тэдний уран бүтээлийг үзэгч, сонсогчид л шүүнэ. Мөн цаг хугацаа. Ер нь уран бүтээлч болъё гэж сэтгэл нь шулуудсан хүн л тунаж үлддэг Энэ бол амьдралын хууль. Миний хувьд тэднийг дүгнээд байх чухал биш. Харин би бодит амьдралыг харуулсан дуу дуулах юмсан л гэж боддог. Худлаа зүйлийг дуу болгохыг би угаасаа хүсдэггүй. Энэ миний зарчим.
 
 
-Аав ээжтэйгээ үргэлж уран бүтээлийн тухай яриа өрнүүлдэг үү?
 
-Бид гурав "Яг ийм дуутай болъё" гэж ярилцдаггүй. Гэхдээ ерөнхий санааг нь би дандаа гаргадаг Тэгж байж тэднийгээ хөглөдөг гэх үү дээ. Харин надаар нэг дуу дуулуулахын тулд тэр хоёр намайг хөглөх хэрэгтэй. Тэгж байж сайн уран бүтээл төрнө. Сүүлийн үед ээжээс маань улам сайхан бүтээл төрж байгаа.
 
 
-Танд хамгийн их хөг шаардагдсан ямар уран бүтээл байдаг вэ?
 
-"Тэнгэрлэг эрчүүд" гэж дуу бий. Энэ дууны аяыг зохиосон Р.Билэгт надад дуул гээд өгөхөд би бэлэн байгаагүй. Дуулах гэж оролдоод ч үнэхээр хөглөгдөж чадахгүй байсан. Учир нь тэр үед би эр хүнд дэндүү их гомдож, эр хүнийг хайрлах орон зай надад өчүүхэн ч үлдээгүй байлаа.
 
Тэгж явсаар би сайхан хайртай учирч, тэр л агшинд хөглөгдөж өнөө жил гаруй хүлээгдээд байсан дуугаа дуулсан даа. Би ч өөрөө тэр хайрын мэдрэмжийг алдаагүй дээрээ дуулахыг хичээсэн.
 
 
-Шинэ хайртай учирсан гэж хэллээ. Тэр хүнийхээ тухай яривал?
 
-Тэр хайртайгаа би тухайн үед учраад л өнгөрсөн. Сэтгэлд үлдсэн сайхан хайр байсан даа. Хэдийгээр би аав ээжээсээ тусдаа амьдарч байгаа ч нэг гэртээ юм шиг л байдаг. Уран бүтээлээ хийгээд явж байхад бүх зүйл сайхан тэгшрэх байлгүй дээ.
 
 
-Ярилцсанд баярлалаа, танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
 
-Баярлалаа, танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье!
 
 
В.Нэргүй
 
Эх сурвалж: