sonin.mn
Монгол Улсын хил хаанаас эхэлж хаана хүрч дуусахыг бид бүгд мэддэг. Мөн мал сүргээ хэдэн толгойд хүрч, хэд нь хорогдсныг бид бас л мэддэг. Гэтэл "Монгол хэл"-ээ улсын хил, халуун хошуут мал шиг ээ мэддэг болов уу. Эх хэл гэдэг бол ээж хэл. Ээжийгээ л гэж бодох хэрэгтэй. Ээждээ хайртай монгол хүн юм бол эх хэлээ хайрла.
 
Бичихдээ, ярихдаа хайрла. Анх монгол хэлний "А" үсгийг ээж минь надад заасан. Монгол хүн уулга алдахдаа ч монголоор ярьдаг байсан хэмээн нэрт зохиолч До.Цэнджав хэлсэн удаатай. Маргахгүй үнэн. Ийн учир хичнээн жил өнгөрсөн ч эх хэлээ уландаа гишгэж болохгүй баймаар.
 
Гэтэл өдгөө эл байдал хөгжил дэвшил ихсэхийн хэрээр үгүй болж, яруу сайхан Монгол хэл орхигдоход хүрсэн гэхэд хилсдэхгүй. Өнөөгийн нийгмийн хямрал доройтол ч бидний эх хэлний боловсролтой шууд холбоотой гээд хэлчихвэл, юун сүртэй юм гэж ихэнх нь бодох биз.
 
Учир нь өдөр тутмын хоол хүнс, хувцас хунар гэх өнөө маргаашаа аргаах ахуй хөөцөлдсөн, оюунлаг бус энэ амьдралдаа бид дэндүү дасчээ. Тэр ч бүү хэл, үр хүүхдийнхээ хүмүүжилд ч эл хэнэггүй хойрго зангаа тавьсангүй.
 
Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр болж бүтээд буй юм шиг санагдах шар нар бор хоногуудыг элээх боловч тартагтаа тулсан нийгмийн доройтол ялзрал бидний амьдралд жирийн хэм хэмжээ болчихсон нь халагламаар.
 
Учир нь эх хэлээ гутаан доромжлогч хэнэггүй хэдэн нөхдөөс болж, цав цагаахан цаас адил, цэцэг цэврүү шиг нялхасынхаа амьдралтай танилцах анхны алхмыг нь зөв чиглүүлж, хүчрэхгүйд хүрсэн нь асуудал хөндөхөд хүрэв.
 
Учир юу гэвэл, уншигч авхай та "хүүхдийн үлгэрийн ном аваарай" гэх бага насны жаалуудтай хаа нэгтэй нэг бус удаа тааралдаж байсан биз. Бичигч миний бие ч бас нэг бус удаа худалдаж авсан удаатай. Гэвч уг ном агуулгын хувьд хачин, цочирдмоор бичигдснийг үзээд зохиогчийнх нь өмнөөс ичих сэтгэл төрөв.
 
Эх болсон Монгол хэлний яруу баялагийг сүүлийн үеийн үлгэр, зүйр үгс, ном зохиолууд уландаа гишгэсээр уджээ. Эрт урьд цагт хэмээн эхэлж, амар сайхандаа жаргажээ гэж дуусдаг, сайхан сэтгэл, эр зориг, үнэнч хайр дурлал, анд нөхдийн нөхөрлөл гэхчилэн ухаан тэлж, сэтгэхүй хөгжүүлэхээр зохиогдсон байдал
 
Монгол ардын үлгэрүүд өдгөө хүн амьтан нь мэдэгдэхгүй, хэд хэдэн хөл гартай, элдэв өнгийн арьстай үлгэрийн баатраар хачирлах болж. Тэр ч бүү хэл, толгой холбож, урнаар өгүүлдэг үлгэрүүд өнөөдөр "тэд өвсөн дээр хөрвөөж байлаа, Тэгээд тэд хээлтэв", "Ярзайсан мөөм ямар ч сүүгүй", "Замаас зайл аа ч новш оо", "хүүхдээ чанаж иддэг эцэг эх", "садар бадарчны балаг" гэхчилэн санаанд багтамгүй, хүүхэддээ уншиж өгөх зориг төрөхөөргүй, хачин бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, эх хэлийг гутаан доромжилж буй нь анхаарал татаад болдоггүй. 
 
 
Түүхийг сөхвөл, 1969 онд Монголын хэвлэх үйлдвэр 10,000 ширхэг "Монгол ардын үлгэр" гэх хатуу зузаан саарал хавтастай номыг тухайн үед долоон төгрөг 50 мөнгөөр худалдаалж байсан гэдэг. Тэр үед хүүхдийн ном хэвлэл дийлэнх нь Орос болон гадаад үлгэрүүдээр дүүрэн байжээ. Айл болгон гэртээ худалдаж авдаг байв.
 
Харин өдгөө төв шуудан болон урт цагаан, багшийн дээдийн хуучин номын цэг дээр 75-120 мянган төгрөгний үнэтэй байна. 1996 оноос 2000 он хүртэл хүүхдийн ном зохиол үнэндээ зогсонги байдалд орсон гэдэг. Харин эл байдал нь хямд төсөр аргаар хөлжигсдөд хожоо болж, үлгэрийн номоор орчлонтой танилцдаг балчир үрсийн хувьд "хохь" болчихож.
 
Балчируудаар ашиг хийсэн уг бизнес нь өдгөө эзнээ хэнээс ч дутахааргүй орон байр, машин тэрэгтэй болтлоо цэцэглэчихэж, сайд аа. Тодруулбал, хүүхдийн номын бизнесээр хөлжигсөд 600 төгрөгөөр зардаг найман хуудас бүхий номыг үйлдвэрээс 120 төгрөгөөр гаргаж, хэвлэлийн бирж болон худалдаачдад 360 төгрөгөөр борлуулдаг аж.
 
Хоромхон хугацаанд зардлаа гурав дахин өсгөх "од"-той бизнес учраас тухайн номны агуулга, утга санаа эл хүмүүст хамаагүй бололтой. Үүгээр ч дуусаагүй. Учир мэдэх нэгний өгүүлж буйгаар үлгэрийн ном бүтээгчид болон орчуулагчид таван шарын анагаахын их сургуулийн байранд байх эрхэмээс 13ВМ код авч бүгд номынхоо хавтсан дээр хэсэгчлэн болон бүтнээр нь хуулж олшируулж, номоо бүтээдэг байх юм, яамнынхаан.
 
Өдгөө толгойтой болгон нэр, хавтасыг нь өөрчлөж зүсэн зүйлийн үйл явдалтай үлгэрийн ном гаргадаг болсон нь бүр ч яршигтай. Хүн бүр үлгэрийн номноос ашиг хүртэхийн тулд эцэстээ элдэв арга самбайлан, сүүлдээ нохой амьтны хээлтэхийг хүртэл бичдэг болсон нь харамсалтай. Арга ч үгүй биз.
 
Ашиг олохоор улангасан хүмүүст доторх агуулга огт хамаагүй чинь гээд хээв нэг хэлэх нэгэн ч бий. Ийм ядмагхан аргаар хөлжихийг мөрөөсөхийн оронд гадны орны туршлагаас хуваалцмаар санагдах юм.
 
Сийрүүлбэл, Наран улс гэх хүүхдийн боловсролыг нэгт тавьдаг Японтой харьцуулаад үзэхэд хүүхдийн номын чанар , түвшин, түүний үүрэг хариуцлага гэдэг зүйл маш тодорхой харагдана.
 
Хүүхдэд зориулсан, хүүхэд өөрөө уншиж танилцах ном гэдэг бол ойлгоход тун хялбар бөгөөд зурагт үлгэрийн ном гэдэг утгаараа гараар зурагдсан, гараар хийгдсэн мэт бодитой харагдаж, адал явдалтай, ухаан санааг хөгжүүлсэн, зарим талаараа бодлого таавар мэт байх ёстой ажээ.
 
Ялангуяа цэцэрлэг ба цэцэрлэгийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан ном бол бүгд зургаар бүх утга санаагаа илэрхийлсэн байх ёстой байдаг байна.
 
Зурагт номоор дамжуулан хүүхдүүдэд чи хаана төрсөн болох,чиний соёл юу болох, нийгэм харилцаа гэж юу болох, гэр бүл гэж юу болох, сайн сайхан ба муу муухайн ялгааг хэрхэн таних, чи юуг хийж болох юуг хийж болохгүй гэх зэрэг хүн болж амьдрахад хэрэгтэй хамгийн наад захын асар чухал боловсролыг эзэмшүүлж болдог байх нь.
 
Японд хүүхдэд зориулсан зурагт номын эхлэл аль 1900-ээд оны эхээр тавигдсан бөгөөд нийгмийн өөрчлөлтүүдээс болоод байнга хувирч ирсэн байх юм. Учир нь дайны үеийн хүүхдүүдэд зориулсан зурагт номыг сөхөөд үзвэл дайн гэсэн утга санаа мөн түүний ард эх оронч хатуу үзэл зэргийг харуулсан байх жишээтэй.
 
Харин өдгөө бага насны хүүхдүүдэд зориулсан зурагт номнууд яг л жинхэнэ зөвхөн ганц чамд зориулсан мэт томоос том хатуу өнгө алагласан хавтастайн дээр, зураглал, өнгө будаг зэрэг нь яг л гараар зурчихсан юм шиг хэвлэгдсэн гэж огт хэлэхээргүй тийм ном хүртэл байда.
 
Тэр ч бүү хэл бичиг үсэг хараахан заалгаагүй байгаа хүүхдүүдэд зориулсан ямар ч бичиг оруулалгүйгээр тухайн хүүхэд өөрөө эргүүлж тойруулаад унших боломжтой номнуудыг хийдэг нь өнөөгийн хөгжлийн эхлэл ч байсан байж магадгүй. Гэвч өдгөө манай улсын хувьд хүүхдий боловсрол гэж ер нь юу юм бэ.
 
Бид өнөөдөр боловсролыг худалдаж авах гэж, өөрсөддөө наах гэж далайг гаталж байна. Гэтэл боловсрол гэдэг чинь зүгээр л зурагт номноос л эхлэх юм биш үү. Бага насны хүүхдийн төлөвшил гэдэг тухайн орны ирээдүйн нүүр царай , эх орон гэхээс илүү тухайн хүүхэд том болоод хэн болох вэ гэдэг суурь нь болдог.
 
Боловсрол хаанаас эхлэх вэ гэвэл би зурагт номноос гэж хэлнэ. Хүүхэд багачууд зөв сэтгэлгээтэй, зөв мэдрэмжтэй, бие биенээ хүндэлсэн , соёлч ухаалаг зан чанартай болоход зурагт ном хамгийн сайн багш нь байж чадна гэдэгт маргах хүн үгүй биз.
 
Манай улсын хувьд хамгийн хариуцлагатай хандах ёстой эл салбар эзэнгүй хөндий буйгаас улс орны хөгжил удаашралтай байж болох юм. Ирээдүй болсон бяцхан үрсийнхээ боловсролд анхаарч энэ мэт аргаар ашиг ологчдыг цэгцлэхгүй бол цэцэг шиг үрс минь "замаас зайл новшоо" "нохой хээлтэж байна" гээд зогсож байх вий.
 
Энэ асуудлыг анхааралдаа авч зах замбаараагүй үг хэллэгтэй, агуулгын хувьд төгс бус хөл толгой нь мэдэгдэхгүй номнуудын учрыг олж, хужрыг тунгаахгүй бол нийгэм ороо бусгай, элдэв аймшигт үйл явдлаар дүүрэн буй өнөө үед балчир хүүхдүүд юу сурч, хэрхэн төлөвших нь төсөөлөхөд ч бэрх цаг иржчихэж, сайд аа.
 
Ж.Эрдэнэчимэг
 
Эх сурвалж: