sonin.mn

"Бөх" сониныхоо 20 жилийн ойг бид даруухан, цомхон тэмдэглээд өнгөрлөө. Даруухан гэхэд бас тийм биш ч юм шиг. Учир нь "Тэнхээт эрсийн тэнгэрлэг аялгуу" хэмээсэн бөхчүүд, дуучид, бас хошин урлагийнхан, уран нугараач, яруу найрагч оролцсон, 4 цаг гаруй үргэлжилсэн нүсэр тоглолт зохиов шүү, манай залуус. Тоглолт урьдын адил сайхан боллоо. Миний бие тоглолтонд хэн хэн оролцохыг дуулаад л баярлаад эхэлсэн хүн.

Учир нь манай том цолтой залуу, идэр хүчитнүүд болох залуу гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа, заан М.Өсөхбаяр нарын бөхчүүд бүр дуундаа понограм хийлгээд "Би оролцоё" гээд ирсэн гэж байгаа. Энэ бол манай том бөхчүүд холбооныхоо ажил, "Бөх" сониныхоо ойг хүндэтгэж байгааг харуулсан тун сайхан хэрэг.

Тэдэнд дуу дуулж алдаршин нэр хүндээ өсгөх, мөнгө олох хэрэгцээ шаардлага үнэхээр байхгүй. Бусад бөхчүүдийн тухайд ч мөн ялгаагүй. Бөхчүүд маань ийнхүү концертонд дуулснаараа хоёр их сайн үйлийг бүтээж байна гэж би бодном. Нэгдэх нь, манай хүмүүсийн дунд санаатай ба санаагүйн хооронд байгаад л байдаг "Бөхчүүд бол бүдүүн хадуухан улс" гэсэн сөрөгдүү буруу ойлголтонд өгч буй том няцаалт.

Дууны урлаг гэдэг бол нарийн урлаг. Энэ урлагийн наад захын шаардлага, шалгуурыг ойлгох ухаан, мэдрэх мэдрэмж, гүйцэтгэх авъяас хэн хүнд заяагаад байдаг ч юм биш. Дуу дуулах хоолой хүнд заяасан байж болох бол хөгжим ойлгох, хэмнэл-ритмийг нь мэдрэх, өнгө нугалааг нь урлах, дууныхаа гүнд орон амилуулах зэрэг нь зохих авъяастай хүний л хийх  гэвэл, "Эр хүн наадамд гурван даваатай, найранд гурван дуутай" гэдэг бөхөөр бахархсан эерэг зөв үнэлгээг бататган "Бөх хүн наадамд таваас дээш даваатай, концертонд дахиулах эрэмбэтэй" болохыг харууллаа.

Энд дуулсан сум, аймаг, улсын цолтой бөхчүүд маань өөр өөрийнхөө дэвжээнд ийм л давааг давж цолоо хүртсэн хүчитнүүд шүү дээ.

Бөхчүүд маань бөхийн өргөөндөө ирээд Б.Цогтбаатар, С.Гантөр хоёрынхоо үгэнд ороод, бэлтгэлээ хийж байхад л ямар хэмжээний тоглолт болохыг нь би төсөөлж эхэлсэн юм. Гэхдээ бас "Эд маань мэргэжлийн улс биш, байнга хоолойн бэлтгэл хийж дадсан биш тул хоолой нь сөөчих бий" хэмээн битүүхэндээ зовниж суусан билээ.

Гэвч тэдний маань хоолой сөөсөнгүй, яг л бэлтгэл дээрээ цангинуулж байснаараа дууллаа. Харин заан Өсөхбаярын тухайд бол урьд өдөр нь болсон барилдаанд их хөлөрснөөс болоод хоолой нь жаахан сөөсөн тал бий. Хэрэв тэгээгүй бол заан дүү маань шинэ тутам нэрд гарч буй цээл хоолойт дуучин Төрмандахад дөхөж дуулах байсан юм.

Гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа хоёрын тогтуун дөлгөөн, өөртөө итгэлтэй байгаа байдал, заан М.Өсөхбаярын мөнөөх л барилдаандаа илэрч байдаг эрч хүч, сэтгэлийн тэнхээ, дуугаа илэрхийлэх хөдөлгөөний хэмнэл донж, ахмад тийшээ болж яваа начин Б.Цэнгэлсүрэнгийн аргил хоолой үзэгчдэд таалагдсан нь тэдний алга ташилтаас шууд мэдрэгдэж байлаа.

Бараг мэргэжлийн хэмжээнд дуулах болоод байгаа өсөх идэр начин И.Ёндонсамбуу, начин С.Багахүү нарын бяртай цээлхэн хоолойн зөөлөн цагаан өнгө, хэзээний  О.Өлзиймөнх, Х.Айдос, аймгийн начин Н.Тулга нар авъяаслаг аавын хөвгүүд болохоо харуулан мөн ч эвлэгхэн бөгөөд бяралхаг, итгэлтэй бөгөөд донжлог дууллаа. Хойтон гэхэд эд маань бараг мэргэжлийн гэмээр дуулна даа. Бас сумын заан Б.Улаалзгана тэр болгон хүнд заяагаад байдаггүй хөөмийн гайхам авьяасаар үзэгч олондоо бэлэг барьсан шүү.

"Бөх" сонины маань 20 жилийн ойн тоглолтыг чимэж өгсөн МҮБХ-ноос зохион байгуулдаг бүхий л ажилд сэтгэл, идэвх зүтгэл гарган оролцдог МУСТА, улсын цоллогч засуул, ах дүүс Б.Батболд, Б.Батмэнд, мөн яруу найрагч Ай. Төмөр-Очир. МУГЖ Э.Бүрнээбаяр, дуучин МУСТА С.Цогтсайхан, О.Баянмөнх, А.Мөнхбат, М.Отгонгэрэл, Л.Нарантуяа, залуу дуучин Бадралмаа, Хандмаа, ардын жүжигчин Г.Хайдав, гавъяат    жүжигчин Д.Сосорбарам, С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, дархан аварга Ж.Мөнхбат нарыг "урин авчирч" дуулуулж, яриулсан элэглэх урлагийн гоц содон авъяастан дүү Булган-Эрдэнэ, Анхбаяр нартаа гүн талархснаа дуулгалтай.

Бөх хүний ухаанаас гарсан бас нэгэн гайхамшигийг олж хараад ихэд баярласан маань цэргийн арслан Г.Цэсэнхүү гуайн найруулан бэлдсэн уран нугаралт байлаа. Мэргэжлийн биш хүний нүд, сэтгэлээр харахад энд лав л нэг онцлог байна. Энэ бол уран нугаралтанд мушгирах хөдөлгөөн оруулсан явдал юм. Авьяаслаг монголчууд шоунд түрүүлсэн нугараач охин Н.Мөнхжаргал уламжлалт шулуун нугаралтаас гадна гар, хөлөө сүлжиж, бэлхүүс, цээжээрээ мушгирч байгаа нь энэ урлагт манай Цэсэнхүү бөх нэгэн шинэ өнгө аяс оруулж ирсний саихан нөхөд, дотно найз, тэдэнтэйгээ хамтран зүтгэгчид болсноо дахин нотолсон бол МҮБХ-ны түнш "Цэнгэлийн манлай" нэвтрүүлгийн хөтлөгч, "Арга билэг" FM радиогийн захирал жүжигчин М.Одонтуяа, радио, телевизийн нэвтрүүлэгч, бөх тайлбарлагч А.Ганболд нар маань сайхан хөтөллөө.

Тоглолтонд маань оролцохоор бараг хамгийн түрүүнд нэр нь тодорч, хамгийн ихээр идэвх гарган бэлдэж байсан улсын харцага Т.Нармандах маань тоглолтынхоо урьд өдөр зуурдаар бурхны орон руу одсонд бид бүхэн гүнээ харамсан мэхийж байна.

Бөхчүүд авъяастай, даруухан, ухаалаг эрс болохыг яруухнаар нотолсон "Тэнхээт эрсийн тэнгэрлэг аялгуу"-аас төрсөн сэтгэгдэл минь ийм болой. Бөхчүүд,    уран бүтээлчиддээ баярлалаа. Жил бүрийн хавар та нар минь ийн чуулж, жилээс жилд хэрхэн өсч, урын сангаа, ам бүлээ хэрхэн баяжуулж байгаагаа харуулцгаагаарай.

МУСГЗ Д.Данзан
Эх сурвалж: "Бөх"