sonin.mn
Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын хэвлэл-мэдээлэл-нийтлэлийн ертөнцөд зөв байраа эзлэх цаг мөч ойрхон байна. Иймд  өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч ээлжит нийтлэлээ босгов. Таалан соёрхоно уу!
 
Редактор, судлаач-проф. Д.Баярхүү                                                                
 
Нэгэн зүйл
 
Улаанбаатар хотоо ногоон хот болгож болно. Гэр хороололд амьдардаг 200 мянган хашаа, байшинтай айл өрхүүд хашаан дотроо мод тарьж, зүлэгжүүлэх, гудамжаа бутжуулахад л бид ногоон хотод амьдарна. Гудамж хоорондын замаа засмалжуулж эсвэл чулуун зам бий болгоё. Хашаанаасаа гараад гудамжиндаа угаадсаа асгадаг, хог үнсээ асгадаг хоцрогдлоо таягдан хаямаар байна.
 
Нэг айл 5-10 мод тарихад л энэ хот зүгээр битүү ой болно. Моджуулах гэж үрж буй энэ их хөрөнгөө иргэдийн хашаанд оруулж, эзэнтэй болгож урамшуулал, татаас өгвөл амархан биеллээ олно. Модон хашаагаа буулгаж бут тарьж хашаалбал, түүнийгээ засаж янзлан тайрч хашаа, хэрэм болговол гэр хороолол ногоон хороолол болж хувирна. 
 
Төрөөс цэвэр, бохир усны шугам татаж өгөн, гудамж хоорондын засмал зам, гэрэлтүүлэг, шуудангийн хайрцаг, хаягжилт, камержуулалт, харуул хяналтыг бий болгож өгвөл гэр хороолол жинхэнэ хаус хороолол болон өргөжиж, иргэд хашаандаа ая тухтай амьдрах ахуйн соёл,  иргэншил бий болно. Гэр хорооллын амьдрал чанаржиж, үл хөдлөх хөрөнгө бодит утгаар бий болно. Хашаандаа ногоон хөгжил бий болгосон иргэд, гудамж, хороог сурталчилж, урамшуулж, дэмжвэл гудамжаараа нийлээд бүтээгээд босгоод л ирнэ дээ. Уул нь энэ улсын эзэд нь бид өөрсдөө юм. Бохир, заваан, арчаагүй амьдарч буй нь монголчууд бидний өөрсдийн буруу. Гадаадын хэн ч буруутай биш. 
 
Хэрэв оросын буриадууд манай гэр хороололд байсан бол бүгд жимсний модтой, хүлэмжтэй, ногоон модтой байгаа. Бид нэн түрүүнд өөрсдийн арчаагүй байдлаа хамгийн түрүүнд засмаар байна. Засаг ч гэсэн хөрөнгө, мөнгөө зөв чиглэлд нь зарцуулж, иргэдээ хөгжүүлэх боломж бололцоог бий болгомоор байна.
 
“Эх орондоо бүгд эзэн болоё!” гэвэл өөрийгөө, гэрээ, гудамжаа өөд нь тат! Төрөөс зарцуулж буй нэг төгрөг бүрийг хянаж, үр дүнг нь тооцож, буруутнуудад хариуцлага тооцож, төсвийн хулгайг л арилгацгаая! Эх орондоо хөдөө, хотгүй бүгд эзэн нь болон амьдарцгаая! 
 
Нэгэн зүйл
 
Зуны дэлгэр цагт хөдөө, гадаа явахдаа хогоо л бүү хаяарай!  Эх байгальдаа хамгийн хүйтэн сэтгэлээр ханддаг ард түмэн бол монголчууд бид шүү! Энэ Монгол улсыг бид л сэтгэлээсээ хайрлаж, хөгжүүлж, эзэн нь болж амьдрах Эх орон маань юм. Үүнийг л хүн бүр эрхэмлэн тунгааж бодох ёстой. Монголчууд бид нэгдээд, нийлээд санаа нэг болоод явах ёстой. Бас хариу тайлбар, эсрэг санаа агуулсан хүмүүс байх юм. Хог хаягдлаа л хаа сайгүй хаяхаа болиод хямгадаад ирвэл хог хаягдал өөрөө байгальд бий болохгүй.
 
Нэгэн зүйл
 
Бидэнд 70 сая мал, 110 сая га бэлчээр нутаг байна. Зөвхөн нэг малаа 100 мянган төгрөгөөр үнэлэхэд хэдэн их наядын амьд өсдөг баялаг монголчуудад байна. Малчидтайгаа хамтарч таван хошуу мал, бэлчээр ус болох “өсдөг, ургадаг баялаг”-аа эдийн засгийн зөв эргэлтэнд оруулах био-эдийн засгийн хөгжлийн төлөө хөгжлийн бодлогоо чиглүүлэх цаг ирлээ. 
 
Монгол улс нүүдлийн мал аж ахуйн хямд түүхий эд дээрээ суурилсан “Хүнсний гүрэн” болохын тулд Корпорацийн засаглалыг Скандинавын орнуудын нэгэн адил хөгжүүлэх шаардлагатай юм байна. Тэгэхгүй бол Чинбат шиг олон га бэлчээр, ус эзэмшсэн олигархиуд олноор бий болж малчдыг дээрэлхэж эхэлнэ. 
 
Корпорацийн засаглал гэдэг нь Төрийн мэдлийн, эсвэл хувь хүний мэдлийн ХХК эсвэл ХК биш. Бүх малчид гишүүн нь байх өөр өөрсдийн өмч дээр тулгуурласан хөдөлмөр, үйлдвэрлэл хамтран эрхлэх орчин үеийн хоршоолол, нэгдлийн хэлбэр юм. Өнөөдөр түүхий эдээ гаалийн татваргүй гаргавал үйлдвэрлэл устдаг, түүхий эдийн гаалийн татвараа ихэсгэвэл үйлдвэрлэл сэргэдэг боловч түүхий эдийн үнэ унадаг зовлон бидэнд байна.
 
Монгол улс "Хүнсний гүрэн" болохын тулд бэлчээрийн мал аж ахуй дээрээ тулгуурласан эдийн засгийн нэгдсэн эргэлтийг нэг бодлого, удирдлагаар бий болгож, хүнсний ба хөнгөн үйлдвэрлэл эрхэлнэ гэсэн үг юм. Түүхий эд бэлтгэгч малчид болон эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хоёрын хамтын үйл ажиллагааны бүтэцгүйгээр бид хөгжиж чадахгүй. 
 
Малчид малаа л өсгөнө. Үйлдвэрлэгчид түүхий эдийн тасралтгүй нөхцлөөр хангагдан үйлдвэрлэлээ эрхэлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.Харин Корпораци нь тэдний хоорондын уялдаа, үйлдвэрлэл, гадаад дотоод зах зээлийн зохицуулалт, менежемент, маркетинг, өртөг хуваарилалтыг зохицуулна. Энэхүү үйл ажиллагааны нэгдлийг бий болгож чадвал Монголын МАА хурдан сэргэнэ.  Малчид ба үйлдвэрлэгчдийг холбосон Корпораци байгуулах нь өнөөгийн хөгжлийн туйлын чухал асуудал. Норвег, Дани, Швед бүгд ингэж чадсанаар xүнс, хөнгөн үйлдвэрлэлийн гүрнүүд болон хөгжиж байна. Манайд мал, бэлчээр гэх үнэт капиталаа эдийн засгийн бүрэн эргэлтэнд оруулж чадахгүй байгаа нь нэн харамсалтай. 
 
 
Yргэлжлэл бий
М.Найданхүү