sonin.mn
Ордост одсон аян замын тэмдэглэлийн хоёрдугаар...
 
 
 
Вангийн яамнаа цайлав
 
Биднийг хөтлөн яваа Гардийн өвөг эцэг Ордосын вангийн дэмч байсныг өгүүлсэн билээ. Ордос бол Өвөр Монголын өөртөө засах орны нэгэн аймаг бөлгөө. Өдгөө аймгийн энтэй хот гэнэ. Засаг захиргааны шинэчлэлтээр аймгуудыг хот болгон өөрчилсөн тул бид засаг захиргааны өөрчлөлтөд нь будлих магадтай юм билээ. Аймгийн энтэй хот гэгдэх болсон Ордос нь 2001 оноос өмнө хуучнаараа Их зуу аймаг гэгдэж байсан. Төв нь Дуншэн хот. Өдгөө Дуншэн хотыг дүүрэг гэдэг болжээ.  Хааны онгон байгаа газар бол Ордосын Эзэн хороо хошуу. Төв нь Алтанширээ.
 
Аман ярианд хэлэгддэг Шинэ Ордос хот дотроо хоёр дүүрэгтэй нэг нь Хиа багш дүүрэг, нөгөө нь Эзэн хороо хошууны төв Алтанширээ. Алтанширээ, Хиа багш хоёрыг хаагуур заагладгийг ойлгохгүй тул нутгийн залуу Гардиас асуухад "Хөөргөөр баримжаална. Улаан гол дээрх таван хөөргийн цаадахь нь Хиа багш шүү!" гэв. Бид Эзэн хороо талдаа явж байсан хэрэг.
 
Хөөргө гэдэг нь гүүрийг хэлж байгаа юм. Хуучин бичгээр "Хөгүргэ" гэж бичдэг. Бид халх аман аялгадаа тааруулж "Гүгүргэ" гэж уншаад байдаг! Үгийн язгуур утга нь "хөөрөх" юм. Гол дээгүүр хөөргөөд цаана нь буулгана гэсэн үг! Орчин цагийн монгол хэлнээ кириллээр адил бичдэг гурван "хөөрөг" бий, хэл шинжлэлд омоним гэдэг. Дарханы хөөрөг, шахуургын хөөрөг. Хуучин монгол бичигт "Хөгэргэ" гэж бичнэ. Гүүрийг "хөгүргэ" гэж бичнэ. Тамхины хөөргийг "хөхүүр" гэж бичнэ. Хөхүүртэй ижил хэлбэртэй болохоор л ингэж нэрлэсэн бололтой юм. Бас “хүүрэг” гэж бий. Нэг дэх утга нь халх аялгад “хэврэг” болсон, “хэүрэг” гэж бичнэ, голдуу будаа тарианы эвдэрсэнд хэрэглэж байж. Нөгөө нь цан хүүргийг “Хүүргэ” гэж тэмдэглэдэг. Ер нь монгол аймгуудаар аялж явах зуур манайд хуучирсан, мартагдсан үг их таардаг нь тэнд хуучраагүй гэсэн үг л дээ. Тэр бүрийг ялгахад “Монгол бичиг” л тусалдаг юм. Тийм л сайхан бичиг. 
 
Эрдэмтэн Ж.Цэвээн Ордос бичсэн тэмдэглэлдээ: “Ордос нь долоон хошуунаас бүрддэг. Даруй Далад, Зүүн гар, Хангин, Ван, Засаг, Үүшин, Нутаг зэрэг долоон хошуунаас бүрдэх бөгөөд энэ нь Их зуугийн чуулганыг үүсгэнэ. Ордост Чингис хааны шүтээнийг харж, хадгалж байхаар томилсон дархад нэрт 1000 өрх айл байсны 500 өрх нь нэлээд дээгүүр зэрэг дэвтэй, жонон гаралтай улсууд байв. Энд Үүшин, Далад, Хангин, Хэрэйд,Цахар, Тангуд, Уйгуржин хэмээх үндэстэн байдаг” гэжээ Одоо бол Далад, Зүүнгар, Отог, Отгийн өмнөд хошуу, Хангин хошуу, Үүшин хошуу, Эзэн хороо гэсэн долоон хошуу байна. 
 
Ж.Цэвээн абугай цааш нь: Ордост Чингис хаан түүний дөрвөн хатан Бөрт, Хулан, Есүй, Есүгэн нарын дүр бүхий шүтээн байдаг. Үүнд Чингис хаан их хатантайгаа хамт дүрслэгдэж байгаа бөгөөд тэднийг их эзэн хэмээнэ. Хулан хатныг бага эзэн гэж, их эзнээс нэг их холгүй газар тахина. Харин Есүй, Есүгэн хоёр зүүн гар эзэн хэмээгдэж "Зүүн гар" хошуунд тахигдаж байна. ...
 
Тулуйн (болон түүний эш хатны) шүтээнийг хамгаалагчид Хангин хошуунаас ирлээ, тэд их тайлгад гол үүрэг гүйцэтгэдэг юм байна. Дараа нь Отог хошуунаас "Алтан гадас" мөн Чингисийн “Хар сүлд”, “Байлдааны бүрээг” сахин хамгаалагчид ирлээ. 20-ноос 21-нд шилжих шөнө болдог “гарилын” гэдэг онцгой тайлга, даллагад хэрэглэх тусгай бэлтгэсэн модыг Зүүн гар хошуунаас авчирлаа... гэхчлэн бичсэнийг үзвэл нэгэн зууны өмнө Ордосчууд Чингис хааны найман цагаан гэрийг хошуу бүрт тусгайлан тахиж, арчилж байжээ. 
 
Ордосын вангийн өргөө түүнээс бас төдий холгүй Алтанширээгийн төвд байдаг юм. Алтанширээ бол Ордосын тахилгатай уулын нэр бөгөөд уулын ар дор Вангийн өргөө буюу Вангийн яам, сангийн хэрмийг барьжээ. Яам гэдэг нь Их зуу чуулганы тамгын газар буюу засгийн төв гэсэн үг ээ. Чуулган захирагч ван “Их эзэн”-ий шүтээнийг тахидаг байгаад 1870-аад оны Манжийн баруун этгээдэд боссон босогчдын дайралтад “Их эзний” орд өргөөд өртсөн бололтой байна. Харин 1913 онд боссон ардын дайралтад энэ яам, ордон өртжээ.
 
Вангийн яам, сангийн хэрэм нь 4 метр гаруй өндөр хөх тоосгоор барьжээ. Хэрмээр хүрээлсэн хааш хаашаа 100 орчим метр хоёр хашаа бүхий багавтар бэхлэлтийн байдалтай юм. Багцаалдвал манай Чойжин ламын сүм музейн хэр. Уг нь гурван хэсэг байсны нэг нь эвдэрч сүйджээ. Элсэрхэг цагаан талд барьсан байсан уг яам өдгөө хотын өндөр байшингуудын дунд оржээ. 
 
Ордосын өнөөгийн засаг захиргаа вангийн ордныг үр хүүхдүүдээс нь худалдан аваад аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоор засаж додомдож байна. Урдаа ямпай хаалгатай, хэрэмний баруун талд морины уяа, морь өвслөж, услах ховоотой талбай байх нь одоогоор бол машины зогсоол гэсэн үг. Хос арслангаар сахиулсан гол хаалгыг нь зузаан модоор хийж, төмөр бүрээсээр бэхэлж, хадаасаар баталжээ. Хэрэм урд ийм байсан уу, эсвэл засаад ийм болсон уу бурхдын дүр ба луу, үлгэрийн амьтдыг дүрсэлсэн гоёмсог хээ угалзаар чимсэн байдалтай ба анхнаасаа хятадуудаар бариулсан нь илт. Гол дааман хаалгаар ормогц баруун этгээдэд сургууль, бичээс нарын өрөө, багшийн өрөө, зүүн этгээдэд гал тогоо, угаалгын, үйлчлэгчдийн өрөө байна. Түүгээр дамжин дараагийн хаалгаар орвол зочны өрөө, зочин хүлээн авах өргөө, агь ноёны өргөө, хатны өргөө, вангийн ажлын өрөө буюу номын өргөө, тус тусын унтлагын өрөөд байх агаад хуучны чамин хийцтэй хулсан тавилгуудыг өржээ. Унтлагын өрөөнүүд бүгд халуун ханзтай, дээр нь хивс дэлгэн тавьж, басхүү намхан мэлхий хөлт ширээ ном, бийр янтайг тавьсан нь нойрсохын өмнө бичгийн ажил хийдэг боловсролтой хүмүүс байсныг илтгэнэ.
 
Зочны өрөөнд ширээн дээр дугуй ааруулаар зассан идээ, хорхой ааруул, боорцог, арвайн гурил тэргүүтнийг яг монгол ахуйгаар урлаж тавьжээ. Харин сальфетка тавьдаг л илүүдэж...
 
Ид засвартай байх тул өрөө бүрийг орж үзэж чадсангүй, гагцхүү цонхоор харвал доторх нь харагдах тул лааны тосон баримлуудыг хуучин цагт ямар байсан тэр байдлаар урлаж, хувцаслаж тавьсныг үзвэл үнэхээр бодитой. Өрөөдийн хаалга бүрийн хажууд хэн сууж байсан, ямар зориулалттай болохыг нэгбүрчлэн монгол бичгээр болон ханзаар, бас англиар бичсэн пайз хаджээ. Хамгийн сүүлийн ван Эрдэнэболд гэж хүн байсан ба түүний хөвгүүнийг Батзаяа гэдэг байсныг энэ хаягнуудыг уншаад мэдчихэж болно. Эрдэнэболд ванг хятадаар “Чи Зонг И” гэж бичсэнг бодвол мөнөөхөн Ордосын засаг Чагдарсүрэн вангийн хөвгүүн мэт... Ордосын ноёдын намтрыг мэдэхгүй, басхүү нуршихгүйн тулд тул лавлаж үзсэнгүй. 
 
Гол хаалга, вааран дээвэр чимэг сэлт, гол өргөөний байдал гоёмсог сүрлэг, үлгэрлэвээс сүм, хийдийн барилга мэт. Чулуун суурьтай модон баганас, хаалганы хавтас сэлтийг хурц өнгийн хээ хуараар урнаар хээлэн зурсан нь бас нүнжигтэй. Хэрмийн дотор битүү чулуун шалтай ба ус зайлуулах суваг, тахилын ширээ, барсын дүрст хөшөө зэргийг үзвэл аргагүй л язгууртны өргөө, басхүү хошууны засаг захиргааг илтэд мэдрүүлнэ. 
 
1913 онд Ван ноён чухам энд байхдаа босогчдын дайралтанд өртөж зугтаад шархадсан байж болох талтай тул хэрэг болгож, сонирхон үзсэн билээ. Хэрэм хэдий бэхэлсэн ч олон цэргийн дайралтанд удаан тэсэхээргүй юм билээ. Хүнс, сум хэрэгслийн нөөц багадах, эсвэл модон хийц галд автах аюултайн дээр дотроо олон цэрэг агуулж багтаахгүй шинжтэй.
 
Сонжин асуух хүсэл байвч албан ёсны тайлбарлагч байхгүй, эрхбиш дэмчийн удмын хүн тул Гарьдаас асуувч нарийн тодорхой зүйл мэдэхгүй залуу хүн тул барьцтай зүйл ярьсангүй. Гарьд өөрийн найз Ордосын засаг захиргааны соёлын асуудал хариуцсан ажилтныг утсаар ярьж урьсан авч “Эмнэлэгт дусал тариа хийлгэж байна” гэсэн хариу сонсов. Дэмч хүн ван ноёнтой шадар, эрхбиш энэ ордны нарийн ширийнийг мэдэх учиртай тул лавласны эцэст ордноос аргагүйдсэн үед гарах хонгил байдаг тухай, хонгил нь хоёр километр орчим урт, нэгэнтээ ордон дээрэмд автаж байсан, тэгэхэд бичиг дансаа шатаагаад зугтаж гарсан түүх сонссоноо Гарьд хэллээ. Тэр нууц гарц "Security room" гэсэн хаягны ард байгааг зааж өглөө! 
Ордноос гарвал Хэрмийн гадна бөөрөнд байдаг хоёр байшинг засаж додомдоод “Вангийн цай” хэмээх нэртэй авсаархан цайны газар нээжээ. Гарьд “Цай уугаад яв!” гэсэн тулд “Монгол хүн байна, болсон идээнээс буувал ажил бүтэхгүй, аяганы амсар зуугаад мордъё” гээд очлоо. 
 
Монгол залуус ажиллуулдаг аж. Кофе, цай, тэр дотроо Ордосын ам будаатай сүүтэй цай байна. Монгол цай захих зуур бидний аялгаас Монголоос явааг мэдээд тал өгч “Өрөөнд орж цайлаач...” гэж хүндэтгэв. Цайны газар хоёр өрөө байшингийн хэр урт, дундуур нь өрөө тусгаарлажээ. Нэг талд нь цайгаа бэлтгэнэ. Нөгөө талд зочдыг оруулна. Дотогш оролгүй байшингийн довжоон дээр суугаад цайлж болохоор жижиг ширээ, олбог тавьжээ. Зочны өрөөний дөрөвний нэгийг ханз эзэлнэ. Ордны доторх өрөөтэй адил засаж, ханзан дээр хивс дэвсээд ваартай цэцэг, мөлхөө ширээ тавьжээ. Биднийг ханзан дээр тухлахыг урив. 
 
Цай хүлээнгээ өрөөнд тавьсан номын тавиурыг үзвэл Монгол бичгээр хэвлэсэн номуудыг тавьжээ. Хүүхдийн, уран зохиолын, түүхийн номууд байна. “Монголын түүх” хэмээсэн зузаан шар номыг авч “Монголчуудын гарал, үүсэл” бүлгийг уншиж үзвэл нэг л танил санагдаад, зохиогчийг нь үзвэл манай алдарт эрдэмтэн Ч.Далай гуайн ном байв. Бас хүүхдийн ном ч байв.
 
Ордост шар будааг “ам будаа” гэнэ. Харин өвөрмонголын зүүн тийш аму гэх аж. Бид "шар будаа" гэж Түвдээр нэрлэдэг. Манай Ордосын ам будаа онцгой сайхан амттай гэж магтана. Будаагаа тусад нь шар тосонд хуурч бэлтгээд цайндаа хийж уудаг. Хивсэн дээр тухлаж, сайхан цайлаад талархлаа илэрхийлж, мөнгө төлөх гэтэл авсангүй. Та нар ноёны цайгаар дайлуулъя гэсэн биш үү, бид дайлж байна гээд халгаасангүй... Бидний авсан цайнд "Эрхэм ёсны бэлэг" гэж бичсэн гоёмсог цаасан жийргэвч дагалдсан нь ийм учиртай байж. Ер нь манай өвөрлөгчид уулзвал л "Будаа ид, цай уу!" гээд л шахах заншилтай тул удаан маргасангүй, талархлаа илэрхийлээд машин руугаа зүглэв.  Ер нь Өвөр Монгол явбал хүний гар дээр тавих үндэсний бэлэг шүлэг олноор авч явах хэрэгтэй юм билээ. Ядаж л цайлуулж дайлуулаад хариуд нь нэг ч болтугай бэлэг өгч хүний алга дээш харуулж явалтай. Нэг архи задлаад... за үүнийг дараа бичье дээ!
 
Үргэлжлэл бий...
 
А.Баатархуяг