sonin.mn
“Их хаан Гүюг өөрийн гол өрсөлдөгч Алтан ордны Бат хаантай тулалдахаар баруун зүгт цэрэглэж яваад замдаа нас барсан” гэж Монголын түүхийн олон номонд дурдсан байдаг. Үүнийг Монголын албан ёсны түүх ч гэж үзэж болохоор. Энэ талаар түүхч, судлаач, түүх сонирхогч хэн бүхэн уншсан байж таарна. Гэвч Гүюг зөвхөн Баттай байлдах зорилгоор л баруун зүгт цэрэглэсэн гэж үү гэсэн асуултыг нухацтай тавихад хүргэж байна.
 
 
Гүюг хэн байсан бэ? П.Карпини “Гүюг хаан дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, буурьтай бас ихэмсэг зантай, эцэг өвгөдийн гэрээслэлд үнэнч, хаан төрийн ёс журмыг хатуу баримтлагч хүн байв” гэж тэмдэглэжээ. Гүюгийг Их хаанд өргөмжилсөн ёслолд биеэр оролцсон Карпинигийн тодорхойлсныг шууд авч үзэх нь зүйтэй.
 
 
Гүюг бол ухаан мөхөс хүн байгаагүй нь түүний хаан болмогцоо авч хэрэгжүүлсэн бодлогоос мөн харагддаг. Тэрээр өөрийн эх Турхан хатны явуулж байсан буруу бодлогыг эрс өөрчилж, Фатимаг цаазлан, албанаас шударга бусаар хавчигдаж огцорсон үнэнч түшмэд, сайд нарыг хуучин албанд нь буцаан томилсон байдаг. Түүнчлэн эзэнт гүрний хэмжээнд хүн амын тооллого явуулсан нь Гүюгийг хэр ухаалаг хаан байсныг илтгэнэ. Гүюг хаан Ромын Пап ламын захидлаар ирүүлсэн шаардлагыг эрс няцааж, түүнийг Их Монголын эзэнт гүрэнд дагаар орохыг сөргүүлэн шаардаж байсан алсын бодлоготон байжээ.
 
 
Өгөдэй хааны үед Европт явуулсан Ахмад хөвгүүдийн дайны үеэр Гүюг, Бат нар муудалцаж байсан түүхтэй. Тулаанд ялсны баяр тэмдэглэсэн найрын үеэр Их хаан Өгөдэйн ахмад хөвгүүн, дараагийн хаан байж болох Гүюг найр тэргүүлэх үү, эсхүл Өгөдэй хааны ахлагчаар томилсон, мөн насаар ахмад Бат тэргүүлэх үү гэдгээс энэ маргаан үүдэлтэй аж. “Их хаан Гүюг өөрийн гол өрсөлдөгч Алтан ордны Бат хаантай тулалдахаар баруун зүгт цэрэглэж яваад өвчний улмаас замдаа нас барсан” гэсэн түүх бичлэг ч энэ урьдын явдалд үндэслэсэн байдаг.
 
 
Гэвч энэ хэрэг явдлаас хойш Их хаан өргөмжлөгдсөн хүртэлх 10 гаруй жилийн хугацаанд Гүюг Батад өс хадгалсаар явсан гэж үү. Дайн хийх асуудлыг Хаан дангаар биш харин Их Хуралдайгаар ул суурьтай хэлэлцдэг Их Засаг хуультай байсан. Мөн Гүюг Бат нарын хувийн асуудлыг дайнаар биш харин эвээр зохицуулах талаар зөвлөчих ухаан сэцэн сайд, мэргэд Их Хуралдайд олон байжээ. Иймд Гүюг хаан баруун зүгт цэрэглэх өөр хүндтэй шалтгаантай байжээ гэж дүгнэхээр.
 
 
Их Монголын эзэнт гүрний вассал Армений хаан Гетум ассасинчуудын талаар гомдол мэдүүлж Их хаан Гүюгт элч зарж байжээ. Ассасинчууд гэдэг бол Аламут тэргүүтэй уулын цайзуудад бүгсэн лалын шашны хэт үзэлтнүүд байсан. Тэд мэргэжлийн алуурчдыг тусгайлан бэлтгэж Европ, Ойрхи Дорнодын хаад, ноёдыг хор өгөх, мэсээр хороох зэргээр хэдэн зууны турш айлгаж байсан түүхтэй. Ассасин буюу мэргэжлийн алуурчин гэх үг олон хэлэнд орж ирсэн нь тэдэнтэй холбоотой.
 
 
Армени бол Их Монголд дагаар орсон холбоотон улс тул тэднийг ассасинчуудаас хамгаалах нь Их хааны үүрэг. Иймд Гүюг хаан Аламутыг дайлаар мордохоор цэрэглэж яваад замдаа тэдэнд хорлогдсон байж тун магадгүй. Гүюгийн дараа Их хаанд өргөмжлөгдсөн Мөнх тэр даруй Их Хуралдай зарлан өөрийн дүү Хүлэгт тушааж Аламутыг эзэлж, ассасинчуудыг дуусгасан байдаг. Энэ аянд Алтан Ордны Улсын хэд хэдэн хан хүү цэрэг авч хамжиж оролцсон түүхтэй. Иймд Гүюг хаан бол Алтан Ордны улсын Бат хаантай муудалцаж, түүнийг цэрэглэхээр яваад Батад хорлогдсон гэсэн түүхийг өөрөөр авч үзэж болох юм. Сэдвийг хөндөж асуудал дэвшүүлэв. 
 
 
 
Б.БАТБААТАР