sonin.mn
Хийморьтой буюу эхлэл
 
Энэ хүний тухай ер нь юу бичих юм бэ гэж бодлоо. Үгүй ерөөс хэлэх бичих юмаар маруухан амьтан болоод тэр үү гэвэл огтоос тийм биш. Хэлэх үгтэй хийсэн бүтээсэн нь жаахан давуулаад хэлэхэд уул овоо шиг гэхээр нэгэн л дээ. Өөрийгөө магтаж дөвийлгөх, бусдад ихэрхэх, юм л бол хашгичих зангүй дөлгөөхөн бас даруухан эр. Тиймдээ ч туулсан амьдралаа гоёж гоодохын төлөө, нэр төр хөөцөлдөж явсангүй нь нэг талдаа алдаа байсан юмсан уу.
 
Эгэл хүмүүн чигээрээ л зөвхөн хөдөлмөрлөсөөр он цагийг элээж 70 илүү хаврыг үзжээ. Хүний орчлонд сүлдтэй, сүнстэй явна гэдэг чандын ивээл гэдэг. Тэгэхээр чухам ямар хүний тухай хэл яриа болох гээд байна вэ гэвэл удамтай, ур ухааны хишигтэй, эцэг өвгөдийнхөө хийж амжаагүйг гүйцээж тэднийхээ шийрийг хатааж яваа цөлх эр Лхүндэвийн Чойдорж гэгч билээ.
 
Энэ хүнтэй хууч хөөрөхүйд жинхэнэ монгол хүмүүний сэтгэл зүрхний ертөнц рүү улам улмаар ойртох лугаа бодол төрж хуучин юмс шинэ болж мартагдсан дурсамж сэргэх шиг ажээ. Яриан дунд эргэцүүлэн бодоход хүмүүний амьдрал гэдэг жамаараа их мөрний урсгал адил цуцашгүй. Тэр дунд ажилсаг хүн ямагт хийж бүтээхийн төлөө хөдөлмөрлөж цаг цагийн урсгалнаа өөрөө элэгдэж басхүү цаг хугацааг эзэгнэдэг л. Сайн хөрснөө өвс ногоо сайн ургадагтай адил зөвхөн эрдэмтэн мэргэд төдий биш амьдралд хатаагдсан хүн уран гар, ухааныхаа бяр тэнхээгээр юуг ч бүтээж болдгийг Л.Чойдорж өөрийн биеэр үлгэрлэн харуулж чадсан гэж болно.
 
Чойдорж гэдэг нэрийн тайлал нь Чой гэдэг нь ном судар гэсэн үг бөгөөд Дорж нь Очир хэмээхүй хувилгаад, бурхдын алган дээр эрхий долоовор хуруугаар урвагдан эргэлдэх эрдэм буян дээдлэх шүншигтэй эд. Бас Доржийг бататгах гэж тайлбарладаг ч бий. Тэгэхээр үнэхээр билгэ даллагатай нэр юм билээ. Ийм нэрийг эцэг нь хайрлуулсан нь басхүү учиртай л юм.
 
Сүү нь ихэдсэн юм шиг сэтгэл нь цагаан сүүдрээ хүртэл алхам тутамдаа ажин түшихийг хичээдэг нь Чойдоржийн төрөлхийн араншин. Ийм хичээнгүй хүн болгохыг буянтай аав, ижий нь түүнд хайрлаа байлгүй. Тэр дэлхийг халхалсан уулгүй дэнж нь талтайгаа ижилсэн байх Их боржгины нутагт төрж малын хөлийн тоосонд өсч өндийсөн юм билээ. Эцэг С.Үржинханд нь нутаг нугадаа төдийгүй Монголдоо нэртэй ерөөлч магтаалч, үлгэрч нэгэн байв. Ахмад болон дунд үеийнхэн мэднэ дээ. Монголын зохиолчдын хорооны дэргэдэх Ардын үлгэрийн танхимд толгой ерөөлч байхыг нь. С.Үржинханд гуай шиг найр наадам болон гэр, хуримын ерөөлийг цэцэн цэлмэг, яруу тунгалгаар асгаруулан хэлдэг хүн ховор байлаа.
 
Нутгийнхан нь малчин байх үед нь түүнийг ирж хоновол нэг гэртээ цуглаад шөнөжин үлгэр домог яриулдаг байсан гэдэг. С.Үржинханд гуай удмаа дагасан малчин. Дэрэн сумын Найрамдал нэгдлийн анхны тэмээчин юмсан билээ.
 
Ижий Лхүндэв нь бас нутаг орондоо гайхагдсан ажилсаг ирж, буцагсдыг цай идээгээр ханатал нь дайлдаг өглөгч нэгэн байжээ. Тэдний ууган хүү нь энэхүү бяцхан хөргийн эзэн уран мужаан Л.Чойдорж юм л даа. Энэ эр багаасаа л мал малын захад хорвоотой танилцсанаа ярьдаг. Хорвоотой танилцсан гэдэг нь хүний амьдралд байдаг түмэн өнгө, мянган чимээг шимтэн хүртэж өөрөө өөрийгөө ухаарахтай хүн болохын эхлэл юм л даа. Л.Чойдорж эцгээ дуурайсан жинхэнэ ерөөлч болоогүй ч хүний дайтай явж өдий хүрчээ. Сур, шагай харвана. Бас барилдаад үзчихсэн сумын заан болчихсон дажгүй бөх явж. Харин үндсэн мэргэжил нь мужаан. Тавь гаруй жил модоор юуг хийж, ямрыг урлаж болдгийг харуулж чадсан хүн. Нэг үгээр хэлэх юм бол хийе гэснээ л хийчихдэг, нэг өдрийг хоёр маргааштай тэнцэнэ  гэж цаг завыг алдалгүй ажилласан ухаалаг эр, сайн хань, сайхан аавын нэгэн. Тиймээс түүнийг хийморьтой эр гэж цолломуй.
 
Уртай мужаан Л.Чойдорж
 
Салхи нь хүртэл сандайлаад сууж болом унасан газар нь Дүнзэнгийн хунхар хонд. Өсч өндийсөн нь Баруун, Зүүн түрүү. Дөхөмийн их ухаа. дэрстэй буттай бударганатай тэр нутгийн хүү Л.Чойдорж сумынхаа бага сургуульд орохдоо хэл яриа нь цэгцэрчихсэн, магтаал ерөөл, шүлэг найраг сонирхдог нэгэн байж.
 
Сурлага гэж тасархай хүүхэд байсаар бага сургуулиа төгсөөд Мандалговь хотын арван жилийн сургуульд очиж. Тооны төрлийн болон уран зохиолын хичээлд сайн төдийгүй мужааны багш Д.Тунсагийн бол итгэлтэй шавь нь байлаа.
 
Хөдөлмөрийн хичээлийн тэнхимд байх преставка хэмээх мужааны ширээ л түүнд тун өөриймсөг санагдах. Тиймдээ ч долдугаар ангиа дүүргээд наймдугаар ангийн хувиараа мэргэжлийн малчин бэлтгэдэг залуу малчны сургуулиар солиулжээ. Тэгснээ шуудхан сумандаа ирж. Тэр үед сумын 10-аад нөхөр нэгдэлд мужааны цех байгуулчихсан байв. Ороод очихуйд модны үнэр хамар цоргиод нэг л сайхан. Залуу хүү Л.Чойдорж эргэлзэх юмгүйгээр миний ажлын байр энэ байна гэж шийджээ. Уран Ж.Цээсүрэн, Чимэддаваа, Г.Дадьсүрэн нар болон бараг хүүхэд байхдаа Монголд ирж бүрэн монголжсон хятад эр, говь нутгийнханд “шийхэр” Мужаан гэдгээрээ танил болсон нэгэн бүгд нэг бүлийн дархчуул байлаа. Л.Чойдорж тэдний дунд модоор юу хийж болдог юм бэ гэдгийг, хичнээн төрлийн хөрөө, харуул байдгийг, тэр бүхнээр модыг хэрхэн эдлэл болгон боловсруулдгийг сурчээ.
 
Гэрийн тооно, унь, хаалганаас эхлээд юуг эс хийхэв. Ажилдаа гайгүй дадлагажаад сайн мужаан гэгдэн нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сонинд зураг хөрөгтэйгээ гараад амжиж байтал мань хүнийг эх орон дуудаж цэрэгт морддог юм.
 
Туулын “Хар усан тохой”-д цэргийн карантинд байхдаа л цэргийн нэг даргын байшингийн хаалга цонхыг янзалж өгснөөр гарын дүйтэй цэрэг гэдэг нэр авч тэгснээр хугацаант гурван жилд хэн байх зүг чигээ гаргаад авч. Хэдийгээр Улиастайд шинээр байгуулагдсан зенетын ангид хуваарилагдан  очсон ч нөгөө мужаандах ажлаасаа салсангүй. Уг нь зепүгийн салааны байлдагч тэр нэг жилийн программт хичээлд суугаад бага дарга болж өөр анги бүлэгт очих учиртай юм байж. Гэтэл Чойдоржийг карантинд байхад нь байшингаа янзлуулсан дарга тааралдаад
 
-Энэ нөхөр гарын дүйтэй цэрэг байгаа юм. Тэр талаар нь ашиглах нь зөв шүү гэснээр хичээл ном ч гэж нэг их шамдсангүй гурван жилээ модны ажил хийсээр барж л дээ.
 
Хугацаат албаа дуусгаад халагдав. Одоо яахав гэж ч эргэлзсэнгүй. Сумандаа очоод нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин болж өөрийн дуртай мужааны ажлаа хийхээр болов. Мужааны хажуугаар ачаа бараа зөөх, айл нүүлгэх, хадланд явах, хашаа барих, худаг гаргах гээд юу эсийг амжуулхав. Тэрхүү ажилд зүтгэж явахдаа “би мужаан хүн шүү” гэсэн бодлоо тээсээр л. Сав л хийвэл “модтой ноцолдох” нэг л сайхан. Нөгөө “шийхэр” Мужааны заавраар нарийн юм нэлээд сурч гэрийн тооно, хаалга дориухан хийдэг болов. Тэгснээр бас сэтгэл ханасангүй. Журмын нөхөр Гарамын Дадьсүрэн /уртын дууч, хожмоо урлагийн гавьяат зүтгэлтэн болсон/-тэйгээ зөвшилдөн морин хуур урлаж эхэлсэн байна. Хуур хийх нь мужаан хүнд дөхөмтэй ч илүүтэй ур ухаан шаардсан ажил байлаа. Багаж нь гэхэд жирийн эдлэлийнхээс огт өөр. Урлахуйн хувьд чимхлүүр, маш нарийн хийц шаарддаг ажил.
 
Зургийн багш Н.Тулга содон гоё зураг гаргаж өгнө. Тэд дуртай юмаа хийж байгаа болохоор огтхон ч шантарсангүй ээ. 1987-1992 он хүртэл бүтэн таван жил хуур урлажээ. Сард таван хуур хийх нормтой гэхлээр 300-гаад хуур хийсэн байгаа юм.
 
Л.Чойдорж нарын урласан мастер морин хуур онцгой бусад урчуудынхаас ялгагдахгүй учир Улаанбаатарт байдаг Үндэсний хөгжмийн үйлдвэрт нийлүүлэгддэг байлаа. Тусгай хайрцаг савтай хуур нь цаг үедээ 800 төгрөгөөр борлуулагдаж нэгдэлдээ тэдний оруулах орлого тун давгүй байсан гэдэг.
 
Дэрэнгийн урчууд морин хуур урлаж байна гэсэн мэдээ хааяагүй тархаж хэвлэл сонинд ч гарах болов. Энэ үеэр Л.Чойдорж, Г.Дадьсүрэн хоёрыг аймгийн захиргаанд дуудаж. Очвол нийслэлд болох аймгийн урлагийн өдрүүдийн өмнө 10 хуур хийх үүрэг өгдөг юм.
 
Нэгэнт л хийж дадчихсан болохоор уг үүргийг тэд хугацаанд нь хийж өгч бас үнэнхүү уртай чадвартай хэмээн сайшаагдсан удаатай. Гэвч хайлааснаас өөр модгүй говийнхонд хус модноос эхлээд дутах юм зөндөө байлаа. Тэгээд морин хуур урлаачдын улсын анхдугаар уралдаан 1990 онд зохион байгуулагдахад Л.Чойдорж, Г.Дадьсүрэн хоёр жинхэнэ ур, ухаанаа шингээсэн нэг хуур урлаж оролцсон байдаг юм. Тэр морин хуурыг монгол уламжлалаараа ширэн цартай, өнгө будаг сайтайгаас гадна чихийг нь хөндийлж шилэн хаалт хийгээд дотор нь шингэнтэй, тэнд нь жижигхэн цагаан хун хөвж яваагаар ёстой л ур дүй, сэтгэлээ гарган урласан юм билээ. Одоо тэр хуур Монголын Үндэсний түүхийн музейн хөгжмийн буланд байдаг аж.
 
-Харамсалтай нь уг хуурыг хэн гэдэг хүн хэзээ хийсэн тухай тайлбаргүй байх юм билээ гэж Л.Чойдорж гомдонгуй хэлнэ лээ.
 
Энэ тухай музейнхэнд учрыг мэдүүлэхэд, Өө энэ хуурыг бүтээсэн улсууд нь байгаа юм байжээ гэсэн тоомжиргүйхэн хариулт өгсөн байна. Монголд өв уламжлалын юмс ихээхэн гээгдэж соёлын бодлого сүрхий алдагдсаны илрэл энэ ажээ.
 
Улсын харьшгүй мэргэн, спортын дэд мастер Л.Чойдорж
 
Чухамхүү өнгөртэйхөн яриатай хүн гэж бий. Тэдний нэг нь Л.Чойдорж болохлоор хэлсэн ярьсан бүхнийг нь чихний хажуугаар өнгөрүүлэмгүй.
 
Монгол эр хүний хийдэг бүхнийг л хийсэн хүн юм байна гэж санагдсан. Шагай харвана гэдэг нэг их дэлгэрээгүй зөвхөн дуртай хүмүүсийн зугаагаа гаргадаг наадгай байсан цаг үед  Л.Чойдорж үеийн хэдэн залуутайгаа баг болон нэгдэж тоглосон байдаг.
 
Улмаар шагайн харваа өргөжин сум, аймагт тэмцээн болдог үед Дэрэнгийн хүүхдүүд дөмөг гэсэн  нэр авч байв. Тэд хашир харваач Д.Цэрэндорж, Д.Сэндом, Н.Чоймбол нараас их зүйл суралцаж Наран Хөгцтий, Хонхорын тойромын харваанд хэд хэд очсон юм билээ.
 
-Сайн харваачдад хожигдох нь урам сэргэж хурууны чадал нэмэгдэж ухаан суудаг юм билээ гэж Л.Чойдорж дурсан ярьсаан.
 
Өөрөө мужаан хүний хэрэг юу билээ. Шагайн аравч мод, тохой хасаа, хашлага сум агсуур, ханцуйн боолт дорхноо хийгээд авдаг юм.  Харвасаар л. 40 гаруй жил шагайн наадаанд оролцож явсаар Монгол улсын харьшгүй мэргэн цол хүртсэн нь Л.Чойдоржид нэг ёсны төрийн шагналын дайтай санагдсан гэдэг юм. За бас түүнийг Үндэсний сурын хүндэт мэргэн юм гэдгийг нь сонсоод олзуурхав. 30 гаруй жилийн өмнө сур харвааны талбайд очиж хүний нумаар сум тавьж үзээд л харваач болох эхлэлээ тавьж Дундговь аймгийн Үндэсний сурын эцэг гэгддэг Д.Жанлав гуайн шавь болсон байдаг.
 
-Тэр хүний төрүүлсэн спортын мастеруудын нэг би. Манай Жа багш бол дээр үеийн арга барил, техникээр харавдаг, улсын хүндэт мэргэн цолтой нэгэн байсан гэж Л.Чойдорж дурсав.
 
Тэгээд цааш нь нэгэнт сум тавиад эхэлчихсэн болохоор өөрийн хэрэглэлтэй болох шаардлага гараад ирсэн. Эхнийхээ нум, сумыг бол худалдаж авсан. Нум хийхэд хулс, малын шөрмөс, элгэнд нь янгирын эвэр орно. Наадаг цавуу нь хүртэл өөр. Тэр бүхний олдоц амаргүй. Гэхдээ эхлээд хүүхдийн нум, сум, дараа нь томруулаад насанд хүрэгчдийн нум хийсэн тухайгаа ярьсан юм. Л.Чойдорж 1980-аад оны сүүлчээр өөрийнхөө нумыг хийсэн гэнэ.
 
Улсын наадамд очиж эрхийн чадлаа үздэг ч болов. 1990 онд спортын дэд мастер болсон бол тэр цолоо очсон наадам бүртээ хамгаалжээ.
 
Бөх юм бол начнаа батласан гэсэн үг. Захиалгаар тун цөөн нум хийжээ. Гэвч түүний хийсэн нумаар олон хүн спортын мастер болсон төдийгүй Монгол улсын мэргэн ч төрсөн. Улсын мэргэн Д.Батбаатар гэж бий. Тэр нэг жилийн наадмаар эхнэр Энхтунгалагтай хоёул зэрэг түрүүлж байсан хүн. Л.Чойдорж сүүлийн үед нумаа биш зөвхөн сум л хийх болов. Үндэсний сурын хамгийн нандин хэрэглэл бол сум нь. Үүнийгээ сумны үүсгүүр гэж нэрлэдэг. Сумны үүсгүүр гэдэг нь булцуунаас бусад хэсэг нь. Гэхдээ маш нарийн хийц шаардсан ажил юм л даа.
 
Үүсгүүрт жин, хэмжээ гэж нарийн юм бий. Сурчийн таталт, бие хаа чацнаас шалтгаалж уртын хэмжээ, хүндийн жин өөр өөр байдаг аж. Дундаж жин нь 40 грамм,  83 см урт байдаг.
 
Сурчид сумаа захиалахдаа өөрт тохирсон жин хэмжээгээ өгдөг байна. Л.Чойдоржийн урлангийн ширээн дээр ясан хасаа өрөөтэй харагдсан. Тэрнийгээ  миний хийсэн,  багийн маань хасаа гэж тайлбарлана лээ.
 
Ерөөлч, магтаалч Л.Чойдорж
 
Тэр багаасаа уранзохиолын хичээлдээ сонирхолтой шүлэг найраглал, үлгэр унших дуртай байж.
 
Үүнийг анзаарсан эцэг С.Үржинханд нь хэлсэн ерөөл, магтаалаа бичиж өгч чээжлүүлдэг байж. Тэр бүхнийг дор нь чээжилчихээд л Л.Чойдорж бага шиг найр, наадмаар ерөөл айлддаг нэгэн болсон нь түүний намтрын нэгээхэн хэсэг нь. Сум, аймгийн хэмжээнд урлагийн үзлэгт орсон удаа ч бий. 1983 онд Дундговь аймагт болсон ардын урлагийн наадамд оролцож “Адуучны магтаал”-аа хайлж язгуур урлагийн алтан медаль хүртсэн нь Л.Чойдоржийн ерөөлч магтаалч, морин хуурчдыг шалгаруулахад Г.Дадьсүрэн, Г.Арилд нар уртын дуугаар алт, Ж.Цээсүрэн гар урлалаар мөн алтан медаль авсан нь цөм  Дэрэнгийнхэн байв.
 
Л.Чойдорж тун олон баримтат кинонд гардаг. Д.Навааны зохиол “Хүлгийн тоос” унага тамганы найрт ерөөл хэлж байгаагаас эхлээд, аймгийн урлагийн 10 хоногийн тухай кинонд бас морин хуур, сурын, шагайн холбоо байгуулагдсаны ойн гээд таван кинонд дүрээ мөнхөлжээ.
 
Мөн нийслэлд болсон Ардын урлагийн наадамд бүтээлээрээ оролцож бас алтан од авсан гэдэг. За тиймээ. Оролцсон наадам бүхэндээ л одтой байсан ажээ.
 
Сумын заан Л.Чойдорж
 
-Өөрөө чинь бас барилдаж явсан. Сумын заан цолтой юм гэв үү?
 
-За хө. Нэг ч их гавьтай барилдаагүй ээ. Гэхдээ сумандаа нэг түрүүлж хоёр удаа шөвгөрсөн юм даа. Ер нь барилддаггүй монгол эр хүн гэж байдаггүй  биз дээ. Миний хувьд хийж чадах юм бүхнийгээ оролдсон хүн. Тэхдээ олны дундаас онцгойрч ямар нэг алдар цол хүртэнэ гэж зорьж явсангүй.
 
Барилдсан тухайд хэлэхэд эр хүн давах давахгүй нь хамаагүй баяр наадмаар нэг нүцгэлнэ гэдэг бол хийморио сэргээж буй хэрэг юм. Ингэж л боддог. Сумандаа гурван удаа барилдав уу даа.
 
-Цэргийн начин Д.Тэгшээ гэж нэг онигооч нөхөр байсан даа. Наадам болоод заалны барилдаанд голдуу зодоглож л харагдах. Даана ч давах нь ховорхон. Тэр барилдах нь эрийн хийморь  сэргээсэн ажил гэж ярьдаг. Бас “би нэгийн даваанд бараг 20 удаа ойчсон бөх” гэж хэлсэн нь бий.
 
-Тийм л дээ. Эрийн хийморь сэргэдэг гэдэг үнэн.
 
-Сумандаа түрүүлсэн тухайгаа хөөрөөч?
 
-1982 он юм даа. Аймгийн арслан С.Шараа наадам дундуур хөлийн өвчин нь сэдэрч үзэгчийн суудалд шилжчихлээ. Шөвгийн дөрөвт цэргийн заан Ц.Тэрбиш, сумын заан Н.Хүүхэнбаатар Чойрын 32 дугаар баазын жолооч Дэлгэрсуурь бид дөрөв үлдчихдэг юм. Тэгсэн Ц.Тэрбиш маань Дэлгэрсуурийг амлаад уначихав.
 
Би Хүүхэнбаатарыг дайраад ирэхээр нь дагуулж хөнтрөөд хаячихлаа. Тэгээд үзүүр, түрүүнд үлдснийг хэлэх үү. Учраа маань өөр нутгийн бөх гэхээр бас юм бодогдож байна аа. Яаж ийгээд аргалчих юмсан гэж. Барилдлаа нөгөөх чинь баригдахгүй зовоолоо. Нэг барьж аваад л хүзүүгээр нь тэвэрч байгаад тонгорох маягтайгаар давчихсан.
 
Манайхан “чи тэр залуугийн хүзүүгий нь мушгисан шүү” гэж даапаалдаг юм. Ямартай ч сумынхаа наадмыг алдаагүй л юм даа. Бас нэг удаа шатарчилсан барилдаанд оролцохдоо олон барилдахаас залхуураад Дориод тахимаа өгч түүнийг өгөөш болгосон удаатай. Найман хүнтэй барилдаад тэр маргааш халуураад хэвтэж байж. Тэр үед би шатарчилсан тэр барилдаанд цааш барилдсан бол мөн л халуурах байсан болов уу гэж бодогдож билээ. Удаан ноцолдоно гэдэг тийм амар ажил биш шүү. Бөх хүнд тэвчээр гэж чухал юм бий. Уг нь би зодоглохдоо барилдаж л үзье гэснээс түрүүлээд сумын заан болчих юмсан гэсэн бодол ер байгаагүй л дээ.
 
-Танай хүүхдүүдээс зарим нь барилддаг гэсэн биз?
 
-Биеийн тамирын багш ажилтай Ч.Бүрэнзэвсэг гэж хүү маань аймгийн харцага болсон. Тэр л барилддаг.
 
-Бусад хүүд чинь ямар алба хашдаг вэ?
 
-Нэг хүү Ч.Гэрэлт-Од мужаан. Гэрийн хаалга, тооно хийдэг. Үндэсний сураар аймгийн мэргэн болсон харваач. Бас шагай харвана. Аймгийн гоц мэргэн цолтой. Бага хүү Ч.Энхдаваа уран дархан. Нэг хүү Ч.Галбадрах техникийн хүн. Чех улсад машины үйлдвэрт ажилладаг, мэргэжил нь гагнуурчин. Тэр бүхэн миний л “халдвар” юм даа. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг.
 
 
Биднийг очиход Л.Чойдорж хашаандаа байдаг урлангийн жижгэвтэр байрандаа байлаа... Модны давирхайн үнэр сэнгэнэж байна. Мужааны багаж харуул, хөрөөнөөс эхлээд алх, бахь цөм бүрэн аж. Хананд нь нум, сум болоод шагайн чавх гэх буунууд хэд хэд өлгөөтэй харагдана. Ширээн дээр багц сум тавиастай.
 
Ойрддоо нэг их харагдахаа байсан хуучны гэхээр харуул, байшинтай хөрөө хэд хэдээрээ байх юм. Тэр бүхнийг хэн нэгнээс уламжилж аваагүй. Л.Чойдорж өөрөө хийсэн гэнэ. Тэр хэлж байна аа “Би 50 гаруй жил модтой ноцолдохдоо мөн ч олон багаж элээсэн байна шүү. Энэ байшинтай хөрөө гэхэд эрдэмтэй эд дээ. Мод зүсэх, өнцөг булан, дугуй хэлбэр болон углуурга гаргах гээд бүгдийг энэ хөрөөгөөр хийж болно.
 
Мөн элэгдээд дууссан ирийг сольдог. Хамгийн сайн төмөр бол бигтрүүл /эгшигт хайрцаг/-ийн баадууны төмөр. Даанч одоо олдохоо байж гэлээ. Энэ хүний хамгийн онцлог нь гэвэл Л.Чойдорж зүгээр сууна гэж ердөө ч үгүй. Заавал нэгийг хийж оролдож л байвал сэтгэл санаа нь тайван, бие хаа нь эрүүл байх шиг санагддаг гэнэлээ. Чухамхүү эр хүн юу хийдэг вэ. Тэр бүхнийг хийсэн бүтээсэн, оролдож үзсэн байх юм. Харин архи, тамхи хоёрыг цээрлэдэг хүний нэг. Хуур, нум сум урлах гэдэг бол мужаан хүний нарийн эрдмийн тухайд зүйрлэн хэлэх юм бол шатрын цодгор хүүг томоохон бодоор солих их ухаан юм гэж болно.
 
-Одоо өөрт чинь ямар зорилго байна вэ гэхэд
 
-Би мужаан гэдэг мэргэжилдээ л үнэнч байсаар дуусах хүн. Зорилго гэвэл нэг бүтэн жаранд энэ ажлаа хийснээр “Мужаан Л.Чойдорж” гэсэн нэрийн жинхэнэ эзэн болох болов уу гэлээ. Хүн бүхэн өөрийнхөө ертөнцийг бүтээдэг гэдэг. Тэгвэл Л.Чойдорж гэдэг хүний ертөнцийн хамаг сайхан нь боть боть ном болохуйц юм гэдгийг цухасхан ч гэсэн хэлэх гэсэн минь энэ бяцхан хөрөг юм даа. Мод инээдэг гэдэг. Тэгвэл сайн мужааны гарт л инээдгийм болов уу. За тиймээ уран мужаан Л.Чойдоржийн хагас зуун илүүд хийсэн бүтээл бүхэн амьдралын өнгө төрхийг нэмж аялгуу эгшиг цуурайтуулж байдаг ажээ. Тэр бол модны инээд ээ.
 
 
 
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин