sonin.mn
"Цэргийн сонины 100 жилийн ойд"
 
Нийслэлийн хойд бие Хайлаастын шинэ суурьшилд аж төрөн суугаа Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач Тангадын Мандир абугайнд саатан мориллоо. “1951 оны 12 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд төрсөн. Өнөөдөр миний 72 насны төрсөн өдөр болж байна” гэсээр биднийг угтав.  1971 оны цэрэг. Улаанбаатар хотын тэр үеийн Сүхбаатарын районоос татагджээ. Хар усан тохойд нэг хоноод тэр үед “Төмөр замын батальон” гэж байсан, шинэхэн дугаар нь 122 гэх Иргэний хамгаалалтын тусгай батальонд цэргийн алба хаагчаар очсон. Анги Гурвалжингийн гүүрний дэргэд байлаа. Дараа нь манай анги Баянголын аманд Орбитын тийшээ нүүсэн. Түүнийг хоёр дахь жилийн цэрэг болоход ангийн цэргүүд казармаа өөрсдөө барьцгааж, Зөвлөлтийн армиас ирүүлсэн бэлэн казармуудыг угсарч зогссоноо тэрээр хуучиллаа. 
 
Т.Мандир сургууль буюу бага дарга нарыг бэлтгэх салаанд хуваарилагдав. Тэндээс штабын бичээчээр томилогдож 1972 оны 6 дугаар сарын 1-нээс ажиллаж эхэлжээ. Ангийн захирагч нь Чимэд гэж 1945 оны Чөлөөлөх дайнд оролцогч, сүр бараатай мундаг хурандаа байх. БХЯ-ны сайд армийн генерал Б.Дорж гуайтай нэг нутаг усных байсан уу, их л ойр дотно харилцаатай байсан гэдэг. 
 
“Манай ангийн улс төрийн орлогч хошууч Үл-Олдох, намын байгууллагын дарга ахлах дэслэгч Баасанхүү нар намайг амьдралд хөтөлсөн хүмүүс дээ. Улс төрийн ажилтнууд цэргийнхээ сэтгэл санааг сайн ойлгодог, яаж хөдөлгөхөө мэддэг хүмүүс байж. Тэр үеийн офицерууд практик дадлагыг голлодог байж дээ гэж боддог. Манай сургуулийн салааны захирагч нь Павлик гэж дэслэгч байсан. Нас тогтсон, буурь суурьтай хүн байв. Эдгээр офицеруудын тус дэмээр ажил, амьдралынхаа зам мөрийг олсон” гэж Т.Мандир өгүүлэв.
 
Сургууль салаа, хөгжмийн салаа хоёр клубийнхээ хойд хэсэгт нэг дээвэр дор байрлаж байх. Хөгжмийн салаанаас нэг цэрэгтэй дотно танилцсан нь хожим хөгжмийн нэртэй зохиолч болсон Лувсанцэрэнгийн Галмандах байлаа. Сургууль салаанд Мандиртай цуг ирсэн Говь-Алтайн шүлэг бичдэг цэрэг байсан нь Намсрайн Нагаанбуу байв. Мөн л хожим нэртэй түүхч, зохиолч болсон. 
 
“Би штабын бичээч болоогүй байхдаа л гортик, шугам хоёр бариад штабт суудаг биеэ оторлосон шинэ цэрэг байсан. Ажил тарсны дараа Офицеруудын танхим үндсэндээ миний мэдэлд үлдэнэ. Би тэр хоёр (Л.Галмандах, Н.Нагаанбуу)-ыг дуудаж 1 төгрөг 20 мөнгөний ундаа, 80 мөнгөний печень, 2 төгрөг 50 мөнгөний пүүшиг (“Беломорканал” гэдэг орос тамхийг монголчууд ингэж нэрлэж заншсан) тавьж суугаад уран бүтээл ярьдаг байв. Оросын их зохиолч Герцен Огаров уулын оргилд гарч уран бүтээлийн тангараг өргөж байжээ гэж яриад түүний үлгэрээр гурвуулаа печень, ундаа авч тавьчхаад тангараг өргөв. Галмандах маань “Миний багш Цогоо гэж хүн байдаг. Багшаа дагаж хүүхдийн дууны мастер болно” хэмээн андгайлав. Нагаанбуу болохоор “Яруу найргаар Гайтавыг орлосон зохиолч болно” гэлээ. Би болохоор “Инжаннашийг дагаж Бямбын Ренчинг дуурайж Монголын түүхэн роман бичнэ” гэж тангараглаж ундаагаа ууж, печениэ идэж билээ” гэсэн сонин түүх дэлгэлээ. Чимид хурандаа Мандиртай хэд хэдэн удаа уулзаж ангидаа үлдэж улс төрийн ажилтан болох санал тавьжээ.
 
Мандирын аав 1936 оны цэрэг. 1939 оны дайны өмнө дарга нарынхаа ятгалгаар улс төрийн ажилтны курсэд сурч улс төрийн орлогч болж байжээ. Аав нь армид офицер болох амаргүй, гэхдээ нэр төртэй үйлс шүү гэж хэлсэн аж. Ингээд Т.Мандир 1973 оны 9 дүгээр сарын 1-нд ЦЕДС-д Улс төрийн ажилтан бэлтгэх гурван сарын курсэд элсэв. Төгсөхөд ажил бэлэн, ангидаа буцаж ирлээ. Улс төрийн газрын дарга Ёндондүйчир генерал, намын комиссын дарга Гомбосүрэн гэж хүн байлаа.
 
Ангидаа хими хамгаалалтын ротын улс төрийн орлогчоор нэг жил гаруйхан хугацаагаар ажилласан. Сайн таньдаг офицерууд, цэргүүдтэй хамтарч ажиллав. 1974 он болоод оны цэргүүд халагдаад явчихлаа. Мандирын хүсэл сонирхол болохоор уран бүтээл талдаа байдаг. Улс төрийн ажилтан гэдэг цэргүүдтэй ойр ажилладаг хүн. Энэ талд өөрийгөө голсон. Цаашдаа барахгүй юм байна гээд халагдах саналаа дарга нартаа хэлэв. Ангийн захирагч нь чамайг Улс төрийн академид явуулахаар бүх бэлтгэлийг хангасан. Ганцхан жил тэсчих гэв. Бүүр салахгүй юманд орох нь, “нарны галтай, ногооны сөлтэйд” гэдэг шиг эртхэн хөөцөлдье гээд өргөдлөө өгсөн. 
 
“Бээжин хурандаагаас бэлтгэл офицерын үнэмлэхээ  гардаж аваад Иргэний амьдрал буюу миний ярьдгаар “хар амьдрал” руу орсон.  Армийн амьдрал, миний төрөлх араншинтай жаахан зөрчилдөж байсан болохоос цэргийн албанд дуртай байсан. Залуу эр хүн заавал хаах учиртай сайхан алба. Байлдагчаас бага дэслэгч хүртэл цол хүртсэн. Цэрэг байхдаа хугацааны ахлагч цолтой байлаа. Армийнхаа найзуудтай холбоотой явж ирсэн. Тэнгэрийн эрэмбээр нэлээд нөхөд маань бурхны оронд явчихлаа. 
 
Армид байхад бидний уншдаг сонин “Улаан од” байсан. Галаа, Нагаанбуу бид гурав сонинд мэдээ бичихийг чухалчлахгүй, томоохон шүлэг, уран бүтээл нийтлэх сэн гэж мөрөөддөг байв. 1979 оноос би “Хөдөлмөр” сонины зураачаар ажилласан. Төвийн хэвлэлийнхэнтэй танилцаж, дотно нөхөрлөж эхлэв. 1988 оноос олон жил бодож явсан Монголын түүхээр бүтээл хийх санаагаа хэрэгжүүлж эхэлсэн.  Боорчи, Зэлмэ, Сүбээдэй гээд хүмүүсийн тухай яагаад бичиж болдоггүй юм гэж боддог байв. Хөрш орнуудын үндэсний том баатруудын тухай хүүхэд байхын л уншиж бахархаж ирсэн. Сэтгүүлчийн хөдөлмөр дээрээ тулгуурлаж түүхэн таталбараа тэрлэж эхэллээ.  1989 оны 6 дугаар сард шиг санаж байна. Хилийн цэргийн Удирдах газраас төвийн сонины сэтгүүлчдийг оролцуулаад Улсын дархан хилтэй танилцах аялал зохион байгуулав. Манай редакцаас намайг оролц гэсэн үүрэг өгсөн.
 
Сэтгүүлчид бид нэг баг болж Эрдэнэцагааны хилийн отрядад анх галт тэрэгнээс буусан. Багийн бүрэлдэхүүн их товчхон. “Эх орны манаа” сониноос шог өгүүлэл бичдэг Нямдорж, “Улаан од” сониноос Өмнөговийн цэргийн ангиас ирсэн шинэ сурвалжлагч  ахлах дэслэгч Л.Төрбаяр бид хэд байв. Бид Эрдэнэцагаанаас УАЗ-469 машин хөлөглөж аваад Дорнод хилийн дагуу Буйр нуур хүртэл явсан.  Хилийн отряд, заставынхантай уулзахдаа уран бүтээлээ ярьж толилуулж явсан. Түүхийн таталбараасаа гуравыг авч явсан. Үүнийгээ Төрбаярт үзүүлсэн. Тэрээр ямар гайхалтай сонин юм бэ гээд хот руу очоод Б.Чантуу эрхлэгчид үзүүлнэ гэсэн. Танд хэд байна гэхэд нь уул нь 21-ийг бичих ёстой, одоогоор наймыг бичээд байна гэсэн. Очингуутаа бүгдийг нь авна гээд салсан. Нэг өдөр Төрөө маань ярьж байна. Таны түүхэн таталбаруудыг манай редакцад хүн өгчихсөн байна гэлээ. Миний түүхийн зөвлөх Лхагваа “Зохиогчтой нь ярьж зөвшөөрөл аваарай” гээд өгчихсөн байсан. 
 
Уул нь “Хөдөлмөр” сониндоо гаргах санаатай байсан. Гэтэл эрхлэгч Сумьяагийн Жамбалдоржид үзүүлсэн чинь “Сайхан зүйл байна. Гэхдээ цаг нь болоогүй. Жаахан хүлээе” гэсэн. Тэгэхээр нь “Улаан од” сонин авъя гэсэн, өглөө шүү гэсэн "тэг" гэлээ. 
 
Тэгээд “Улаан од” сонинд цувралаар гараад эхэлсэн. Хүмүүс түүхээр цангачихсан байсан юм билээ. Тэгж л “Улаан од”-ын талбар дээр нүүр тулж “тэврэлдсэн” түүхтэй. Би нэг удаа Төв шуудан руу яваад ортол хүмүүс дугаарлачихсан зогсоно. Асуувал “Улаан од”-ын шинэ дугаарыг хүлээж байна гэнэ. Тэгээд яг юу унших гэж хүлээж байгааг анзаараагүй. Хэд хэдэн удаа тааралдахаар нь асуухад “Мандирын 21 зулыг унших гэсэн юм” гэв. 10 гаруй зулаа бичээд хэсэг засварласан юм. Тэгсэн Чантуу эрхлэгч утасдаад “Цаад уншигчид чинь хүсэлт гаргаад болохоо байлаа. Үргэлжлэлийг нь явуул” гэсэн. Тэгээд 1990 оны 1 дүгээр сар хүртэл цувралаар гаргасан.  Мандирын уран бүтээлийг унших гэж хүлээж байгаа хүмүүсийн хажуугаар өөрөө алхаж явах чинь их сонин юм билээ. Зул гэсэн нь сонгож авсан 21 баатраа түүхийг гэрэлтүүлсэн зул гэдэг агуулгаар нэрлэсэн хэрэг. Ренчин гуайн шавь доктор Догсүрэн ирж уулзаад 21 зулаа Монголын нууц товчооны баатруудаар хийгээч гэсэн санал хэлж, редактораар нь ажиллаач хэмээн Ш.Гаадамба гуайтай уулзуулсан. 21 зулынхаа буянаар 1989 оны 10 дугаар сард болсон Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнд оролцсон. Тэр зөвлөгөөн дээр нийгмийг эргүүлсэн нөхдийн яриаг сонсож манай төр засгийнхан хэрхэн будилж буйг харж суулаа.  Миний уран бүтээлийн эхлэлийг ийнхүү “Улаан од” сонин тавьсан шүү. 21 зулынхаа дараа уран сайхан, адал явдлын туужийн эхлэл “Түгшүүрт аялал”-аа мөн нийтлүүлж байсан. “Улаан од” сонин өдгөө ямар ч нэртэй болсон миний зүрхэнд “Улаан од”-оороо үлдэж дээ гэж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач Т.Мандир бахархал дүүрэн өгүүлэв.  
 
 
Бэлтгэл хурандаа Г.НЯМДОР
Эх сурвалж: "Соёмбо" сонин