sonin.mn
Нармай Монгол (Panmongolism) гэсэн үзэл санаа нь ерөөсөө ч монголчуудын бодож олсон зүйл огт биш. Үгийн хувьд анх гаргаж ирсэн хүн нь Оросын яруу найрагч В.Соловьев юм. Тэрээр 1894 онд “Панмонголизм” гэсэн найраг бичсэндээ монгол зүсний хүмүүс ирээдүйд Орост аюул учруулж болох тухай санааг илэрхийлсэн ба энэ нь монгол үндэстэнтэй гэхээсээ хятадуудтай хамаатай байв. Нармай Монголын үзэл 1911 онд Гадаад Монгол тусгаар тогтнолоо зарласнаас эхлэн улс төрийн агуулгатай болсон ба үүний гол төлөөлөгчид нь Орост европ боловсрол олсон буриад сэхээтнүүд юм. Ялангуяа Цэвээн Жамсрано, Элбэгдорж Ринчино, Базар Барадин*гэх мэт.[1] 
 
Нармай Монголын их хурал хуралдуулах санал анх япончууд гаргасан уу, Семёнов уу гэдгийг өнөөдөр олж тогтооход төвөгтэй боловч, юутай ч гэсэн эд хамтран Нармай Монгол байгуулах тухай ярилцаад 1919 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 6-нд Чита хотноо их хурал хуралдуулсан байна. Хуралд 15-16 төлөөлөгч Барга, Өвөр Монгол, Буриадаас оролцсон ба харин Монголын голомт Гадаад Монголоос нэг ч хүн байсангүй.
 
Семёновын цэргийн ивээлд болсон уг их хуралд атаман өөрөө оролцсоноос гадна япон хошууч Сузуки бас байлцлаа. Хурлаас Өвөр Монгол, Гадаад Монгол, Барга, Буриадыг нийлүүлсэн холбооны бүтэцтэй нэгдсэн Монгол улс байгуулж байгаагаа зарлаж Түр Засгийн газрыг Өвөр Монголын Нэйс гэгээнээр тэргүүлүүлэн буй болгов. Нэйс гүн хуралд хэлэхдээ:
 
Эзэн Чингис хааны үеэс монголчууд нэгэн гүрэнд харьяалагдаж явсан авч монголчууд сулран доройтохын хэрээр хагас нь Хятадын, хагас нь Оросын мэдэлд оржээ. Эдүгээ олон монголчууд нэгэн захиргаанд багтах аятай мөч ирснийг энд хуран цугларагсад нэгэн утгаар хэлж байна.[2]
 
Цэргийн яамыг Өвөр Монголын Найдан ван, Дотоод яамыг Баргын Цэнд гүн, Гадаад яамыг Буриадын Цэвээн Жамсрано тэргүүлэх болж Сангийн яамыг хуралд оролцоогүй Гадаад Монголын мэдэлд үлдээв. Атаман Семёнов өөртөө Нэгдсэн Монголын Түр Засгийн газрын тэргүүн зөвлөх гэсэн даруухан тушаал авав. Энэ шинэ улс нь бүгд найрамдах улс уу, үндсэн хуульт хаант улс уу гэдгийг дараагийн хурлаар шийдэхээр болов. Нэгдсэн Монголын нийслэлээр Хайлаар хотыг товлосон ба харин Дагуур нь түр нийслэл гэнэ. Байгуулагдсан төр нь алт, мөнгө, давс зэргээр барьцаалан гадаадаас 20 жилийн хугацаатай нэлээд зээл авахаар шийдвэрлэв. Мэдээж энэ зээлийг өгөх гадаад гүрэн нь Японоос өөр хэн байх вэ! Японы талаас ахмад Куроки, хошууч Сузуки гэсэн хоёр офицер оролцжээ. Тэдний санал болгосноор шинэ улс нь Японоос 6 сая лан мөнгө зээлж хариуд нь төмөр зам барих онцгой эрхийг олгох ба Монгол дахь газрын баялгийг барьцаанд тавихаар тохирсон байна.[3] 
 
Дэлхийн дайныг дуусгасан Парисын (Версалийн) найрамдлын бага хуралд Нармай Монголын төлөөлөгчийг оролцуулахаар болж Бентовский гэгчийг Семёнов Франц руу явууллаа. Парист явуулсан захидалдаа шинэ Нармай Монгол улсыг хүлээн зөвшөөрөхийг хүссэнээс гадна их хурлаас шууд хэд хэдэн оронд цахилгаан илгээж хүлээлгэн зөвшөөрүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Гадаад яамны дэд сайд болсон Элбэгдорж Ринчино маргааш нь Наш путь сонинд Радин хэмээх нууц нэрээр “Их гүрнүүд хийгээд Монголын тусгаар тогтнол” өгүүлэл бичиж:
 
Гарвал үүсэл нэгтэй бүх монголчууд тусгаар улс нэгдэн байгуулахаар шийдэж, 6 сайдтай өөрийн бүгд найрамдах Засгийн газрыг байгуулсныг өвөр монголчуудын толгойлогч, жалайрын язгууртан гүн Нэйс толгойлсон ба Парист болж буй Найрамдлын хэлэлцээнд нэгдсэн Монголын төлөөлөгчөө явуулж улс орнынхоо тусгаар тогтнолыг тунхаглахаар шийдвэрлэв. [4]
 
1918 оны тавдугаар сарын Хятад-Японы цэргийн хэлэлцээрээр япончууд Өвөр ба Гадаад Монголд чөлөөтэй зорчих эрх олж авчээ. Хэлэлцээрээр Японы цэргийн төлөөлөгчид Орос-Хятадын хилийн зарим хотод суух эрхтэй болов. Ингээд Хүрээнд Мацуй Шичио, Ховд, Улиаcтайд Моришима, Онодэра нар суун мэдээ цуглуулах боллоо. Мөн хүрээнд 32-33 энгийн иргэн суух болсны 10 орчим нь янхан хүүхэн аж. Тэд урьд нь Читад амьдардаг байснаа нутаг орны байдал тогтворгүйжсэнээс Гадаад Монгол руу дүрвэсэн бололтой. Дагуурын хурлын дараахан төлөөлөгч Мацуй Ерөнхий сайд Намнансүрэнтэй уулзаж Парисын бага хуралд явах Гадаад Монголын төлөөлөгчдийг санхүүжүүлэх санал тавьж байлаа.[5] Нармай Монгол улс буй болгох нь япончуудад үнэхээр ач холбогдолтой байсан хэрэг. Харин монголчуудын хувьд Япон хол, Хятад ойр, тэр байтугай хоолойд хутга бариад зогсож байгаа.  Хэрэв үнэхээр ийм холбооны улс байгуулагддаг юм гэхэд япончуудын дэмжлэгт найдсан атаман Семёновт бодит эрх мэдэл төвлөрөх байлаа. Байгуулах гэж байгаа улсын тэргүүлэх бүлэг нь буриадууд байхыг эхнээсээ хоёргүй нэг утгаар хэлж байв. Ринчино бичихдээ:
 
Монголчууд болон Төв Азийн бусад ард түмэн дэндүү хээ шаагүй, буддын шашны тэргүүлэх үзэлд хуу идэгдсэн болохоор манай холбооны улсыг байгуулахад олигтой идэвхи бүхий материал болж чадахгүй[6]
 
Түүний бодлоор нийт монголчуудын улсыг хураахад хэрэг болох материал нь мань хүний өөрийнх нь буриадын үндэсний үзэлтнүүд аж. Нармай Монгол үзлийн буриад маягийн сэтгэлгээ нь бусад монголчуудынхаас хавьгүй давуу гэх санаархал мэдээж язгууртнуудын дургүйг хүргэж, үүнээс болж буриад ба бусад монголчуудын харилцааг хурцатгасан.[7]
 
Нармай Монгол улс нь хурлын танхимд хэдэн хүний хүрээнд буй болж, цаасан дээр батлагдсан болохоос амьдралд хэрэгжсэнгүй, хэрэгжих ч бололцоо байсангүй. Юун түрүүн ийм улс буй болохыг Японоос өөр хэн ч дэмжсэнгүй. Зөвлөлтүүд Японы болон Семёновын энэ санаархлаас учиргүй жийрхлээ. Энэ улс гүрэн үнэхээр буй болоодохвол Зөвлөлтийн эсрэг Японы цэргийн лут талбар буй болох нь мэдээж хэрэг. Иймээс большевикуудын шинэ нийслэл Москвагаас тэр дор нь Гадаад Монгол, Хятад хоёрт хандсан хоёр өөр санаатай мэдэгдэл тус тусад нь гаргав. Монголчуудын тусгаар улс болох сонирхлыг дагуулан түүнийг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн бол, Бээжинд хандсан Караханы тунхаглал гэгчид 1915 оны Хиагтын гэрээг цуцлахаа мэдэгдсэн байна: 
 
Япон, Хятадын Засгийн газартай Монголын асуудлаар холбогдуулж хийсэн гэрээнээсээ Оросын ард түмэн татгалзаж байна гэдгийг Зөвлөлт Засгийн газар ёслол төгөлдөр мэдэгдэж байна. Монгол бол эрх чөлөөт орон мөн. Монголын ард түмнийг хүч хийгээд алтаар дулдуйдан гартаа барьж байгаа Оросын зөвлөхүүд, Хаант засгийн консул нар, банкны эзэд, баячуудыг хөөж явуулбал зохино. Тус орны бүх засаг, шүүх Монголын ард түмний гарт байх ёстой. Ямар ч гаднын хүн Монголын дотоод хэрэгт оролцох эрхгүй. 1913 оны хэлэлцээрийг хүчингүй болгосон тул тусгаар тогтносон Монгол нь Бээжин, Петероградаас асуулгүйгээр бусад ард түмэнтэй шууд харилцаж болно. Зөвлөлт Засгийн газраас үүнийг Монголын ард түмэнд зарлан тунхаглахын ялдамд Оросын ард түмэнд дипломат харилцаа тогтоож, эрх чөлөөт Монголын төлөөний хүмүүсийг манай Улаан цэргийн өмнөөс тосон илгээнэ үү… [8]
 
Колчакийн Засгийн газар буюу хуучин Оросын тэсэн үлдсэн төр энэхүү Нармай Монголын санаархалд мөн тун л зэвүүцлээ. Бээжинд сууж байсан Оросын Элчин Кудашов Колчакийн Засгийн газрын ГЯЯ-нд мэдээлэхдээ:
 
Семёнов Японы гар хөл болж байна. Гэхдээ Япон улс албан ёсоор энэ хэргийн гадна байгаа царай үзүүлж байгаа боловч Японы цэргийн эрхтнүүд манай улстай зах нийлсэн хязгаар нутагт будлиан самуун тарьж, улмаар манай газар нутагт Японы нөлөө, түүний цэргийг удаан хугацаагаар үлдээн барих гэж байна…[9]
 
Нармай Монголыг байгуулах Читагийн эл хурал 1915 оны Хиагтын хэлэлцээрийг зөрчив хэмээн Колчакийн Засгийн газраас 1919 оны гуравдугаар сарын 7-нд Франц, Британийн Засгийн газарт ховлон гомдоллов. Мэдээж хятадууд энэхүү Читагийн шийдвэрийг илт эсэргүүцжээ. Гадаад Монгол энэ үйл ажиллагаанд ороогүйгээр барахгүй Хүрээн дэх Орос, Хятадын төлөөлөгчийн шахалтаар идэвхтэй эсэргүүцэх хандлага барьжээ. Хүрээний ноёдод ч мөн гомдох шалтгаан байлаа. Юу гэвэл нийт монголчуудын улс төр, шашин, оюуны төв гэж өөрсдийгөө үздэг тэдний оролцоогүйгээр Дагуурын хурал болсон төдийгүй, нийслэлийг нь Хайлаараар зарлаж, хоёрдугаар зэргийн ач холбогдолтой ганц яам мэдэлд нь үлдээсэн нь басамжилсан өнгөтэй харагдаж байв. 
 
Нармай Монгол улсын буриад хувилбараар бол монгол угсаатнууд тэдэнд захирагдах ёстой аж. Буриадуудын сэтгэлгээ, боловсрол, чадвар бусад монголчуудынхаас давуу гэсэн санаа нь халхын дээдчүүдийн эгдүүг хүргэснээр халх, буриадуудын харилцаа дороо муудав.[10] 
 
Албан ёсоор Оросын Эзэнт улсад хамаарч байгаа Буриадын газар нутгийг Монголд нэгтгэнэ гэсэн нармай монголын төлөвлөгөөнөөс болгоомжлох бас нэг учир шалтгаан байлаа. Хэдийгээр энэ үед Орост иргэний дайн болж хэд хэдэн Засгийн газартай болчихсон байсан ч улаан нь ч бай, цагаан нь ч бай Орос бол монголчууд тусгаар тогтнолоо сэргээхэд Хятадын урдаас сөрөх найдвар юм. Иймээс газар нутгаас нь тасдаж тэдний дургүйг хүргэх нь аюултай.  Нөгөөтэйгүүр Дагуурын тунхаглалд нэгдэхгүй Гадаад Монголыг цэргийн хүчээр довтлоно гэсэн Семёновын үг гэх яриа нэлээд тарсан нь хар аяндаа болгоомжлуулах байдал буй болголоо. Атаман Семёнов байлдах туршлагатай, зэр зэвсэг сайтай, хэдэн мянган цэрэгтэй. Хэрэв тэд Хүрээнд цөмрөн орж ирвэл монголчууд яаж ч чадахгүй. Чухам ийм учраас Халхын язгууртнууд Бээжингээс цэргийн тусламж хүссэн аж.
 
Хэзээ хойно буюу есдүгээр сард Дагуурын Засгийн газрын төлөөлөгчид Хутагтыг ятгахаар Хүрээнд ирж байжээ. Нэйс гэгээн өөрийн хэт үндсэрхэг үзлийнхээ шалтгаанаар Гадаад Монголд байрлаж байсан Хятадын цэрэгт баривчлагдаж буудуулсан байна.[11] Ийнхүү олон талын шахалт буй болоод ирэхээр гол ивээн тэтгэгч япончууд энэ саналаасаа ухарсан төдийгүй өөртөө огт хамаагүй зүйл гэж мэтгэх боллоо. Тусламж зээллэг олгоно гэж амлаж байснаасаа буцсан төдийгүй Токио орохоор явж байсан Нармай Монголын төлөөлөгчдийг замаас нь буцаажээ. 
 
Үнэхээр Нармай Монголын нэрээр “Буриад ялах”-даа тулбал 1690-ээд онд ойрдууд нь Халхыг эзлэн нийт Монголын эзэн суухаар дайлснаас ялгаа юу байна. Тэр үед халхууд Манжид дагаар орон байж Ойрд монголчуудынхаа захиргаанд орохоос аврагдсан. Түүх давтагдвал шийдэл давтагдаж таарна. Түүхэн уламжлалаас харахад, монголчууд “нэгнийхээ гарт орсонд орвол дайсныхаа гарт орох нь хамаагүй дээр” гэж үзсээр ирсэн юм. [12]
 
Хөдөлгөөнд Гадаад Монгол оролцоогүйгээр үл барам эсэргүүцээд ирэхээр юун түрүүн барга нар Семёновт итгэхээ больж ДЯЯ-ны сайдаар тохоогдсон Цэнд гүн Засгийн газрын ээлжит хуралд оролцохоос татгалзжээ. Мөн сайд Найдан ван, Буриадын Ринчино зэрэг голлох фанатик хүчин зүтгэгч нар үзлээсээ ухарлаа. Колчакийн Засгийн газраас бие дааж Өмнөд Байгалыг өөртөө эзэмших гэсэн Семёновын санаархал ба япончуудын арын дэмжлэг Омскийн Засгийн газрыг дэмждэг Британи, Францын эсэргүүцэлтэй тулгарлаа. Лондонгийн Засгийн газар Токиогийн ГЯЯ-нд бүр эсэргүүцлийн ноот илгээж Семёновт туслахаа зогсоохыг шаарджээ. Япончууд Семёновыг улайм цайм дэмжихээ түдгэлзэж, Семёновын ч санаархал түр дарагдав. Колчакийнхан ч Семёновт арга хэмжээ авсан ба түүнийг энэ санаанаасаа бүрэн ухарсны дараа зургадугаар сард хуучин эдлэж байсан корпус командлан захирагч эрхийг нь дахин олгожээ. Ийнхүү Нармай Монголын улс буй болсноосоо ч хурдан таран замхарлаа. 
 
Өмнөд Байгалд Лубсан-Сандан Цыденов гэх ламаар толгойлуулсан хөдөлгөөн эрчимтэй өрнөж нэлээдгүй том газар нутагт захиргаагаа тогтоов. Буриадад улаан цэргийн татлага болоход ардууд, ялангуяа хори буриадууд ихэд дургүйцэн эрчүүд нь уул хаданд зугтан гарчээ. Дараа нь Семёнов Дээд Үдийг эзэлж захиргаа тогтооход хори буриадууд тэдний цагаан цэрэг татлагаас зугтан, ууланд нямба хийж буй нутаг орондоо нэр хүндтэй Лубсан-Санданд очин цуглах болов. Ингээд 1919 оны дөрөвдүгээр сарын 23-нд Худаны балгасан (Кодунай эрхидж балгасан)* хэмээх шинэ улсыг тунхаглажээ. Балгад гэдэг нь засаг захиргааны нэгж. Энэ улс нутаг дэвсгэртээ 11 балгадтай. Семёнов тэднийг тараах гэж хэд хэд оролдоод бүтээгүй. Дараа нь Алс Дорнодыг улаантан эзэлж энэ улсыг тараах гээд мөн бараагүй. Улаантнууд Лубсан-Санданг баривчлан Новониколаевскт аваачин эмнэлэгт хүргэсэн ба 1922 онд тэндээ үхжээ. Сонирхолтой нь Худаны балгасан улс 1927 он хүртэл оршин тогтносон. ОГПУ-ын томоохон хамтлаг Худан ууланд очиж хүчээр даран тараажээ. Улс гэгдэх энэ хүй хамтлаг улааных ч биш, цагааных ч биш, Семёновт хамаардаггүй байсан авч Нармай Монголын хөдөлгөөнд зориг орсон хүмүүсийн цугларал байлаа. Өвөр Монголын цахаруудаас бүрдсэн Нэйс гэгээний цэргүүд улаан цэрэгт ялагдаад урагш хил гаран зугтсан боловч хятад цэрэг тосож аваад нэг мөсөн бут цохижээ. Харчингуудаас бүрдсэн босогчид 1919 оны зун бослого гаргаад хилийн козак цэрэгт бүр мөсөн ялагдан бутрав. Алс Дорнод тэр чигээрээ большевикуудын гарт орсноор Семёновын арми таран, тэрээр өөрөө Харбин руу зугтав. Нармай Монгол байхгүй болох нь тэр.
 
-Базар Барадин (1898-1939) Буриадын монгол судлаач эрдэмтэн
-Худан – Кодун, Худун гэж бас нэрлэдэг. Байгал нуурын зүүн урдуур орших нуруу. Тэндээс эх авсан Худан гол бас бий. Халх аялгаар Хүдэн гэсэн үг байж магадгүй.
 
[1] Басаев, Сергей. Цыбен Жамцрано и панмонголизм (АРД сайт 2015)
[2] Неизвестные страницы истории Бурятии (Из архивов КГБ) Улан-удэ 1991 стр 35
[3] Басаев, Сергей. Цыбен Жамцрано и панмонголизм (АРД сайт 2015)
[4] Лиштованный, Е. И. Монголия в истории Восточной Сибири (Иркутск 2001) стр 71
[5] Батбаяр, Ц. Кодама, Мицуй пүүс, Хүрээнд байсан япончууд, 1911-1921 (УБ 1993) х-34 [Kodama, Mitsui company and Japanese in Urga]
[6] Трифонов Евгений Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ? Аз жаргалтай улсын адармаатай замнал (Nepko publishing Улаанбаатар 2019) х-170 [Trifonov Evgenyi Who lost in Halhiin gol? (Nepkopublishing Ulaanbaatar 2019)] p-170
 
[7] Балдано М.Н. Варнавский П. К. “Великая Монголия”: Концепция политического единства и попытка её реализации (1900-1920). (Вестник Томского государственного университета. 2017. №419). с - 99-108
[8] Ширэндыб, Б. Монголия на рубеже XIX-XX веков (Улаанбаатар 1963) х-163
[9] Ширэндыб, Б. Монголия на рубеже XIX-XX веков (Улаанбаатар 1963) х-119
[10] Балдано М.Н. Варнавский П. К. “Великая Монголия”: Концепция политического единства и попытка её реализации (1900-1920). (Вестник Томского государственного университета. 2017. №419). с - 99-108
[11] Clubb, Edmund. O. China and Russia; The “Great Game” (Cloumbia University Press, New York and London 1971) pp-176
[12] Цэнддоо. Б. Гончигжанцангийн Бадамдорж (Nepko publishing Улаанбаатар 2019) х-235 Tsenddoo.B. Gonchigjantsangiin Badamdorj. (Nepko publishing Ulaanbaatar 2019) p-235
 
Баабар