sonin.mn
Хэвлэл мэдээллийн салбарынхан Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь сэдвийн дор маргааш цугларах гэж байна. Форумтай холбоотойгоор  Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаатай ярилцлаа. 
 
-Сэтгүүл зүйн салбарын ёс зүйн асуудлыг яагаад онцлохоор болов. Ёс зүй гэсэн ерөнхий “малгай” дор ямар агуулгыг чухалчлах вэ? 
 
-"Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2023" Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь гэсэн агуулгыг онцлон хэлэлцэх гэж байна. Дэлхий нийтээр цар тахал, олон улсын нөхцөл байдлаас үүдсэн хямралт нөхцөл байдал үүсэж байна. Энэ цаг үед хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо улам өндөр болж байгаа учраас тэр хэрээр олон нийтийн итгэлийг олж авч үнэ цэн, ёс зүйтэй байх шаардлагатай боллоо. Энэ шалгуур улам нэмэгдэж байгаа. Зөвхөн Монголд төдийгүй Ази, Европт хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг сэргээх, олон нийт сэтгүүл зүйн салбартай илүү нягт харилцаа холбоотой байж ардчиллын суурь баталгаа болж чадах юм гэдэг агуулгаар олон янзын хэлэлцүүлэг өрнөж байна. 
 
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл ч мөн адил энэ жишгийн дагуу эрх чөлөөгөө хадгалж, хамгаалж чадвал итгэлийг олж авна. Олон нийт итгэж байвал өнөөгийн хямралт нөхцөл байдалд ардчиллын гол тулгуур болсон чөлөөт хэвлэл, хараат бус байдлаа хадгалж үлдэж чадна гэсэн конфепцыг гаргаж ирсэн. 
 
Олон нийтийн итгэлийг олж авахад сэтгүүл зүйн ёс зүй өндөр байх хэрэгтэй. Сэтгүүлчийн ёс зүйгээс гадна редакци дотоод зохицуулалт, бодлогоо уншигч, сонсогч, үзэгчдэдээ нээлттэй болгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ тал руу чиглэсэн хөтөлбөрүүдийг нэлээд дэмжиж ажиллалаа. ЮНЕСКО-гоос “Чөлөөт хараат бус хэвлэл мэдээллийг дэмжиж ардчиллыг хамгаалъя” гэдгийг уриаллаа. Дэлхий нийт ч энэ чиглэлд анхаарч, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан зарим талаараа нэр хүнд, итгэл үнэмшил муутай мэт харагдавч дотроосоо маш их өөрчлөлт хийж байгаа гэдгийг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум -2023” дээр онцолно. 
 
Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг гурван шатанд авч үздэг. Салбарын, редакцийн, хувь сэтгүүлчийн зохицуулалт гэж бий. Тэгвэл салбарын өөрийн зохицуулалт дээр маш тодорхой алхмууд хийж байгаа нь Европын орнуудад сайн  туршлага болж яригдаж байх жишээтэй.
 
Энэ хэрээр манай улс боломжийн туршлага хуримтлуулсан гэж хэлж болно. Нөгөө талаас редакцийн түвшинд ямар зохицуулалт хийж байгааг форумын үеэр хөндөнө. Мөн хоёр панел хэлэлцүүлгийг төлөвлөсний нэг нь салбарын дотоод асуудал буюу ёс зүй итгэл үнэмшлийн эрсдэлт байдал, үүнээс сэргийлэх арга замыг сэтгүүлчид, судлаачид, редакторууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож өргөн хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Нэг талдаа асуудал бэрхшээл, амжилт бүтээлээ ярилцах бол нөгөө талаас хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчин ямар байгаа. Редакциуд, сэтгүүлчид хичээж байхад эрхзүйн орчин, улс төрийн бодлого хэвлэлийн эрх чөлөөг дэмжиж байна уу, эсвэл эсрэгээрээ хаалт хориг тавьж байгаа юу гэдгийг нухацтай ярина. Тухайлбал, Эрүүгийн хуульд оруулсан доромжлох заалт, сүүлд батлагдсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэх юм. Засч залруулах, сайжруулах тал дээр боломжоо нэгтгэж, оролцоог хангах үүднээс профессорууд болон мэргэжлийн байгууллага, бодлого шийдвэр гаргаж байгаа төрийн төлөөллийг уриад байна.
 
-Эрх чөлөөгөө хадгалж хамгаа­лахын төлөө салбар дотроосоо юу хийж чадах вэ. Манай улсын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хөгжил хэр хэмжээнд байгаа бол? 
 
 
-Хэвлэлийн эрх чөлөөгөө хадгалж үлдэхийн тулд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоо, институцийг салбарынхан хөгжүүлж, дэмжиж ажилласнаар хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад ямар үр нөлөө гаргаж байгаа юм бэ гэсэн сайн туршлагыг ярихыг зорьж байна. Энэ хүрээнд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах бүрэлдэхүүн, төлөөлөл өнгөрсөн сард Европын холбоонд айлчилсан. Ази дахь ардчиллын ногоон арал болсон Монгол Улс ардчиллаа бэхжүүлэхэд ямар чухал үүрэг оролцоотой байгаа, түүн дотор хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт үүсэн бий болж бүрэлдэн хөгжсөнөөр ямар үр дүнд хүрэв гэдгийг танилцууллаа. Европын бүс нутгийн олон орнууд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх талаар олон янзын дэмжлэг явж байгаа ч амжилттай нь цөөн. Монголд энэ зохицуулалт найм дахь жилдээ хэрэгжиж, салбарын олон талын эвсэл хамтарч оролцож байгаа.
 
Ёс зүй гэдэг бол үнэ цэн юм. Үүн дээрээ нэгдэж, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг жишиг тогтмолжиж тогтолцооны нэг хэсэг болсон нь сайшаалтай. Маш амжилттай явж байна гэдгийг улс орнууд онцолсон. Ер нь аль ч оронд ардчиллыг хадгалж, хамгаалахад суурь дэмжлэг болж байгаа институудыг бэхжүүлэх нь чухал гэдгийг олон улсын хурал дээр хэллээ.
 
Харин үүний нэг чухал институц нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт юм. Чөлөөт хараат бус хэвлэл мэдээллүүд өөрсдийгөө зохицуулж, хариуцлага ёс зүйгээ дотроо хэлэлцэж чанаржиж байх нь алс хэтдээ ардчилалд чухал нөлөөтэй гэж үздэг. Тиймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлийн туршлагыг улс орнуудад танилцуулах боломжийг нээж өгсөн.  
 
-Хэвлэл мэдээллийн зөвлөл редакциудын ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх гомдлыг хянадаг. Танайд ирж байгаа кейсээс харвал ёс зүйн ноцтой зөрчил байна уу. Өнөөгийн нөхцөл байдалд анализ хийхэд редакци, сэтгүүлчид юун дээрээ анхаарах ёстой вэ? 
 
-Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсанаас хойш 600 гаруй гомдол авч хэлэлцлээ. Эндээс харвал хэвлэл мэдээллийг илүү чанаржуулах, ёс зүйг нь мөрдүүлье гэсэн иргэдийн хяналт, шахалт сайн байна. Хэрэв бид хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагыг бий болгож чадаагүй бол 600 орчим гомдол хуулийн байгууллагаар хянагдах байсан. Энэ эрсдлийг бууруулж чадсан. Энэ олон гомдол шүүх цагдаагаар явсан бол редакци, сэтгүүлчдэд санхүү, сэтгэл санааны дарамт болно.
 
Редакци өмгөөллийн ажилд их мөнгө төгрөг зарцуулах, сэтгүүлчид цензур тавих нөхцөл байдал үүснэ. Энэ мэт олон эрсдлийг хааж, хэвлэлийн эрх чөлөөг дэмжихэд түлхэц болсноороо ач холбогдолтой. Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдол саналыг аваад үзэхэд жирийн иргэд дийлэнх байсан бол сүүлийн жилүүдэд төрийн байгууллагын албан тушаалтнууд нэмэгдэж байна.
 
Ерөнхий зургаар харвал, редакцийн ёс зүйн дүрмээ боловсруулж сэтгүүлчдэдээ танилцуулаагүй  хэвлэл мэдээллийн байгууллагын нэр дээр дийлэнх санал гомдол ирж байна. Мөн эрэн сурвалжилсан, шүүмжилсэн, төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хөндсөн бүтээлүүдэд гомдож байна. Энэ бүхний эцэст редакциуд Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй эргэн холбоотой ажиллах байдал эрс сайжирсан. Санал гомдолд эгдүүцэх биш суралцах, хариу тайлбарыг сайн өгч байгаа. Өөрөөр хэлбэл, алдаагаа ухамсарлаж засч залруулах, цаашид анхаарах зэргээр редакцийн соёл бий болж байгаа нь эерэг үр дүн. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болсноор эерэг өөрчлөлтүүд гарсан. 
 
-Гэтэл нөгөө талаас эрүүгийн хууль “тулгадаг” байдал ч халагдаагүй. Энэ чиглэлд зөвлөлд үр нөлөөтэй ажиллах бололцоо бий юу? 
 
-Сэтгүүлчдийн нийтлэг гаргаж байгаа ёс зүйн кодын алдааг харахаар суурь зарчим буюу мэдээллийг нягталж шалгах, хайхрамжгүй хандсан, баримтыг дутуу нягталсан, олон эх сурвалжаар баталгаажуулаагүй алдаа гардаг байсан нь жил ирэх тусам багасч байна. Мөн сайтуудын шууд дамжуулалтын лайв дээр өргөдөл, гомдол их ирж байна. Өөрөөр хэлбэл, шууд дамжуулалт нь сэтгүүл зүйн бүтээл мөн үү, тэр дундаа шууд дайрч орж мэдээлэл өгөхийг тулган шаардах буюу эх сурвалждаа хүндэтгэлгүй хандах асуудлыг олон хүн хөндөж, хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ арга хэлбэрийг ямар нөхцөлд ашиглаж болох, үгүйг ялгаж салгах зэргээр суурь чанарын асуудлууд дээрээ эргэж харах зүйлс ч бий. Байдал бүх талаараа сайн болоогүй. Олон нийтийн анхааралд орсон, эрэн сурвалжилсан шүүмжлэлт бүтээлүүд дээр Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандахаас гадна Эрүүгийн хуулиар хууль шүүхийн байгууллагад гомдол мэдүүлж байгаа нь сэтгүүлч, редакцид давхар давхар шүүлт бий болгож байгаа асуудал байна. Сэтгүүл зүйн бүтээл дээр үүсч байгаа зөрчил маргааныг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороо шийдвэрлэх бүрэн боломжтой байтал эрүүгийн хуулиар гэмт хэргийн зохицуулалттай болгож байгаа нь харамсалтай. Энэ бүхнийг олон талын төлөөллийг байлцуулж байгаад нээлттэй ярилцах шаардлагатай. 
 
-Сэтгүүл зүйн өөрийн зохицуулалтын байгууллага илүү чанаржаад явбал салбарт олон дэвшил гарах нь. Ойрын тав, арван жилийн хөгжил, зохицуулалтыг хэрхэн харж байна вэ? 
 
-Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоо нэг байгууллагын асуудал биш. Нийгмийн тогтолцооны нэг суурь институц гэж ойлгож болно. Хэвлэл мэдээллийн зөвлөл хөгжих тусам салбарын төрөөс хараат бус байдлын баталгаа нэмэгдэнэ. Хэвлэл мэдээллийн салбар төр хоорондын дундын хаалт болж өгч байдаг. Тиймээс энэ тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай. 
 
Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтад гурван түвшний хүлээн зөвшөөрөл, дэмжлэг шаардлагатай. Улс төр, салбар, олон нийтийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Өнгөрсөн жилүүдэд салбарын ойлголт, хүлээн зөвшөөрлийг олохын тулд анхаарч ажилласан. Мөн улс төрийн түвшинд хүрч ажиллахыг чармайлаа. Олон нийтэд зөвшөөрөгдөх ажлыг ч тодорхой хэмжээнд хийлээ.
 
Энэ бүхэн олон талын оролцоо, сайн дурын үүсгэл санаачлага дээр дороосоо босч бий болдог зүйл. Ингэж байж төрөөс хараат бусаар ажиллах бололцоотой. Сайн дурын үүсгэл санаачлага дэмжлэггүй бол явахгүй. Тэгэхээр дээрх гурван түвшний дэмжлэгийг авч байж тогтолцоо урт хугацаанд тогтвортой үргэлжилнэ. Одоогийн байдлаар салбарын дэмжлэг тодорхой түвшинд хэрэгжиж байгаа. Үүнийгээ нэмэгдүүлэхийг хичээнэ. Төр иргэний мэдэх эрхийг хангах ёстой. Дээр нь захиргааны шинжтэй тогтмол үйл ажиллагаа шүүхийн ачааллыг бууруулж байгаа учраас тодорхой хэмжээнд төр дэмжиж болно гэж зөвтгөдөг. Мөн олон нийтийн дэмжлэг ч маш чухал. Тиймээс хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хараат бус байдлыг дэмжих сан юм уу, байгууллага байх ёстой гэж үзэж судалж байгаа. 
 
 
Сүрнээгийн Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин