sonin.mn
Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангиуд “Байлдагчаас байлдагчид” гэдэг зарчмаар амралтын өдрүүдэд соёл хүмүүжил, сургалтын арга хэмжээг дотооддоо зохион байгуулсаар байгаа билээ. Энэ нь англи хэл, хөгжмийн боловсрол, мужаан, илтгэх урлаг, сэтгэл зүй зэргээр  суралцаж төгсөж, ажлын байран дээр дадлагажсан  хугацаат цэргийн алба хаагчийг сургагч багшаар томилон бусад нөхдөдөө заахад нь дэмжлэг үзүүлдэг гэсэн үг юм.
 
Зэвсэгт хүчний 120, 326 дугаар ангиуд 2021-2022 онд цэргийн сургалт бэлтгэлийн бус цагаар энэхүү сургалт, нөлөөллийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн юм. 
 
Энэ жишгээр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Лхагвадоржийн Буяннэмэх онжавууддаа гэр бүлийн үнэ цэн, хувь хүний хөгжил сэдвээр амралтын өдөр бүр сургалт явуулдаг ажээ. Тэрээр мэргэжлийн сэтгэл зүйч бөгөөд энэ чиглэлээрээ хэдэн байгууллагад ажиллаж байсан залуу юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
 
-Эрхэм байлдагч та өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-1998 онд төрсөн, одоо 25 настай. Ангидаа онжавуудаасаа хамгийн ахмад нь. Аавыг С.Лхагвасүрэн, ээжийг Б.Бийнаа гэдэг, тэд маань Налайх дүүрэгтээ ажиллаж амьдарч байна. Эхээс тавуулаа. Би 2004-2016 онд нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын “Эрдэм-Оргил” цогцолбор сургуулийг төгсөж, 2016-2020 онд олон улсын “Улаанбаатар” дээд сургуулийг сэтгэл зүйч, социологич мэргэжлээр дүүргэсэн. Төгсөөд MMCG судалгааны байгууллагад судлаач, социологич, “Өнөр бүл” хүүхэд асран хүмүүжүүлэх төвд нийгмийн ажилтан хийж байлаа. Дараа нь веб дизайнераар суралцаж, энэ төрлийн хувийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн албанд ирсэн юм.
 
-Мэргэжлээрээ явуулдаг сургалтынхаа тухайд?
 
-Ангийн захирагч “Манай Буянаа мэргэжлийн сэтгэл зүйч хүн байна. Хувь хүний хөгжил сэдвээр онжавууддаа сургалт явуулбал яаж байна. Байлдагч байлдагчаасаа илүү сайн суралцдаг тал бий” гээд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Бямба гаригт “Гэр бүлийн үнэ цэн”, ням гаригт “Хувь хүний хөгжил” гэсэн ерөнхий агуулгын хүрээнд дэд сэдвүүдээр хувааж сургалтаа явуулдаг. Онжавууд маань ч идэвхтэй хамрагдаж, сургалтын дараа асуулт тавихад нь баярладаг шүү.  Ялангуяа, цэргийн алба хаах үедээ өөрийгөө хэрхэн дайчилж суралцах, юу сурах ёстой тэр бүрийг нь яаж өөрийн болгох вэ гээд урам зориг, эрч хүч өгөх талд нь илүү анхаардаг.
 
Зарим тохиолдолд сэтгэл зүйн зөвлөгөө ч өгнө. Манай онжавуудын хувьд гэхдээ сэтгэл зүйн хүндрэлтэй асуудал ер нь бол байхгүй. Ярилцахад л мэдрэгддэг" гэж хариулав.
 
Байлдагч П.Буяннэмэх нь мэргэжлээсээ гадна илтгэх урлагаар хичээллэж, гитар тоглож, төсөл бичих сонирхолтой гэнэ. Цэргийн албанд ирснээр сонирхлуудаа бодит ажил болгон үеийн нөхдөдөө зааж туршлага хуримтлуулж буйдаа сэтгэл хангалуун байна. 
 
Ахмад Д.БОЛОР