sonin.mn
“Улаан од”-ынхон бий юу, байхаа больсон юм шив дээ гэх дуу үүдэн хэсгээс нэг ойртож, нэг холдож сонсогдоно. Удсан ч үгүй эзэнтэйгээ хамт тулаад ирэх шив. Энд ажиллаж, цэргийнхнийхээ оюуны талхыг тарьж байгаа хүнд “Улаан од”-ын залгамж халаа аль ч цаг үед үл тасрах аялгуу гэж бодогдном. Тиймдээ ч нэгхэн хормын өмнө болоод өнгөрсөн үйл явдалд нэг их цухалдаагүй ч та “Соёмбо” сонины редакцад байна, хуучнаар “Улаан од” гэж би хариу барив. 
 
Урьтаж хэлэхэд амьдралд нь сонин содон ганц нэг үйл явдал шигтгээ болдог хүмүүс манай редакцаар бууж мордоход тэднийг шүүрч аваад л уяж орхидог нь гэм биш зан юм даа. Тийм ч учраас үүнийг бичиж сууна.
 
 
Үнэмшилтэй гэмээр хошигносон энэ хүн бол чөлөөнд байгаа ахмад Д.Түмэнжаргал. Тэрээр 1940 онд Архангай аймгийн Чулуут сумын нутагт эгэл ард М.Дарьжаа, Л.Хишигт нарын гал голомтод бүл нэмж мэндэлжээ. 1959 онд Улаанбаатар хотын 22 дугаар сургуулийн 7 дугаар ангийг дүүргэж, Хүн эмнэлгийн техникумд элссэн байна. Ижий аав хоёр нь бурхны оронд эрт заларсан учраас багаасаа биеэ даан амьдралтай нүүр тулж хэрсүү өссөн ажээ. Ингээд 1963 онд эх баригч, бага эмч мэргэжил эзэмшиж хөдөлмөрийн зах зээлд гарсан нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь томилолт байв. Тэгээд залуу хүний дүрэлзсэн эрч хүчээр ажлын гараагаа эхлүүлэв гэнэ. Сурсан эрдмийнхээ хэргийг гаргах нь ч түүнд урамтай санагдахад хүн өөрийгөө олох гэж биш бүтээх гэж ирдгийг бэрхгүй ойлгосон гэдэг. Ингээд
“Олонтойгоо яваарай, нэрээ хичээдэг юм шүү” гэсэн ээж, аавын захиаснаас гажаагүйд өдийг хүрчээ. Хангайн нуруунд отоглосон тус сумаас ингэж л ажлын гараагаа эхэлсэн. Эндээс их сонин түүх дуулдана, өөрөө хэлнэ лээ.
 
Тэр нь Монголдоо анх удаа мухар олгойн мэс ажилбарыг сумын эмнэлэгт Алтанхуяг эмч, өөрөөр хэлбэл түүний багш гэж болохоор хүний зааварчилгаагаар гардан гүйцэтгэжээ. Эмч хүний тангарагт л захирагдсан, бусад зүйлсээс халшраагүй гэх.
 
Үүрэгт ажлаа л хийсэн хэмээн бодсон учраас энэ мэдээ цааш олонд түгээгүй юм байх. Мөн тус сумын эмнэлэг болоод Нийслэлийн II төрөх эмнэлэгт байхдаа 50 гаруй хүүхдийг эх барьж, нялхсын эндэгдэлгүйгээр эцэг эхэд нь хүлээлгэн өгч байсан гээд л нэн хариуцлагатай албанд зүтгэсэн нь сэтгэлд нэг л өег. Дараагийн томилолт нь түүнийг нийслэл тийш эргүүллээ. Ирээд цэргийн оёдлын үйлдвэрт ажиллах болов. Энд мөн л ажилтан албан хаагчдын биеийн ачаалал, эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан эрсдэл үйлдвэрийн хүчин чадалд хэрхэн нөлөөлдөг, түүнд нь эмч ямар хяналт тавих шаардлагатайг цаашлаад хаалгачаасаа хаан хүртэл нэг цул болж ажиллах ёстойг гүнээ мэдэрч байв. Дүрэмт хувцас хэрхэн оёдгийг хажуугаас нь сонин болгож хараад зөрөхөөс хожмоо өөрөө өмсчихсөн явна гэж төсөөлөөгүй биз ээ.   
 
Ажлын амтанд дурлаж, чамгүй удсан ч тэрээр өөрийгөө голонгуй байж. Бодит байдал, дотоод хүн хоёр нь өөр хоорондоо багахан зөрчилдөх үед л тэрээр их сургуульд суръя, цааш хөрвөе хэмээн санав. 
 
Тиймээс ажлын хажуугаар 1969-1974 онд МУИС-д оройгоор суралцаж үйлдвэрийн инженер, эдийн засагч мэргэжил эзэмшив. Үүндээ давс хужир нь яг цав таарчихсан гэхгүй ч арай л дөнгүүр санагдсан хэмээн даруухан тайлбар өгнө, Д.Түмэнжаргал гуай.
Сурсан мэдсэнээ бататгахаар өөрийгөө сорьсон шинэ талбар нь Монголын Ардын Арми юм санж. Тэрээр Ар талыг удирдах газрын Төлөвлөгөө, санхүүгийн хэлтэст хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн байцаагчаар томилогдож дөрвөн жил болжээ. Тэрээр “Хэлтсийн даргаар дэд хурандаа Төмөр ажиллаж байв, эд юмстай адилтгаж хэлбэл, намайг ёстой зүлгүүрдэж, божийлгон өнгө оруулсан газар” хэмээн магтаалын үгийг чулуудна. Дараа нь хурандаа Самбуу даргатай Цэргийн хэлтэст тоо бүртгэлийн офицероор томилогдсон нь ч бас л сайныг дагуулсан гэв. Эндээс ажил мэргэжлийн хувьд мөн л хөвөрч холбооны 197 дугаар ангид хувцас, орон сууцны албаны дарга, шатахууны дарга, хангалт хариуцсан орлогч, “Алдар” нийгэмлэгт аж ахуйн даргын албыг тус тус хашсан байна.
 
Түүнийг энэ замд хөтөлсөн хүн нь хошууч генерал Н.Паль, ажилдаа бол нэвтэрхий толь, удирдах арга барилыг ч сайн эзэмшсэн хүн хэмээн ихэд олзуурхана. Ер нь амьдрал заавартай ирдэггүй гэдэг. Тиймээс бусдаас суралцаж, тэгэхдээ хурдан дадсанаараа ажил мэргэжлийн хувьд дундуураа дүүргэж явж. Нарийн тооцоо, төлөвлөгөөтэй дээрээс нь тууштай хөдөлмөрч зангийн дүнд учиргүй цойлж яваагүй ч урдах ажилдаа бусдыгаа дагуулахгүй л байж. Элдэв зөрчил дутагдал ч түүнээс холуур.  Монголдоо мухар олгойн анхны мэс ажилбарыг сумын эмнэлэгт хийсэн тухай яриа дэлгэсэн шүү дээ. Энэ удаад ч бас хуучин “авдраа” уудалж л байна. Хүнлэг, энэрэнгүй сэтгэлээр хүний төлөө гэсэн үйлст тэрээр өнгөрсөн хугацаанд 20 орчим литр цус хандивлажээ. Амьдралд эдийн гачигдал, дутуу хөтүүгийн хямрал бол цагийн эрхээр засагдах. Харин өвчин эндэгдэл бол аргагүй зовлонд тооцогдоно. Замд гарахдаа эмчийн мэргэжлээс эхэлж жолоо мушгисан болоод ч тэр үү бусдын зовлонг Д.Түмэнжаргал гуай илүүтэй мэдэрсэн байх гэсэн бодол төрнө. Нэг удаа л цус хандивлахад 3 хүний амийг авардаг шүү дээ. 20 литр гээд тоо бодох шаардлагагүй санагдана. Бусдын төлөө зориулсан сэтгэлийн өнгө л сайхан.
 
Хүн бүхэн хийж чадах ч хэзээ ч анзаараагүй шинэ санааг Д.Түмэнжаргал гуай залуудаа барьж авчээ. Савангийн үлдэгдэл, үйрмэгийг эвцэлдүүлж буцалгаад бүтэн болгосон нь хэрэглээнээс бий болсон хэмнэлт байв.
 
Овоо ч дориун хэмнэлт болжээ, тухайн үедээ л шинэ бүтээл, оновчтой санаа гэгдэж армийн үзэсгэлэнд ч тавигдсан байна. Цэргийн халуун усны газарт очихдоо л үүнийг гойд анзаарч, хог бус баялаг гэдэг нүдээр хараад л гогодож аваад ажил хэрэг болгосон гэх. Хожмоо хэд хэдэн ангиуд ч үүнийг хэрэгжүүлсэн гэдгийг Д.Түмэнжаргал гуай хэлсэн юм. Ер нь хүний харах өнцөг их чухал, ямар ч зүйлээс сайн талыг нь олж болдог. Товчхондоо энэ тогооноос хооллож байгаагийн хувьд үр бүтээл, үлдэцтэй ажил хийнэ гэдэг зарчмаар ажилласан нь илхэн.
 
 
Тэрээр “Ардын Армид өнгөрүүлсэн он жилүүдээ эргэцүүлж бодоход бие сэтгэл болоод ёс зүйн хувьд бид өндөр төлөвшилтэй болж бэлтгэгджээ. Болно, болохгүйг дүрмээр заагаад өгчихсөн. Түүнээс гажихгүй байхад болох нь тэр. Би Ардын Армид сэтгэлээрээ дурлаж алба хаасан. Надад их ч зүйлийг өгсөн дөө. Одоо би 80 насны босгыг давлаа. Эрүүл саруул, энх тунх аж төрж байна. Үүнийг залуу насныхаа амьдралын зөв хэмнэл, дадал зуршил, хөдөлгөөний ач тустай л холбоотой гэж боддог. Үндэс суурийг нь арми тавьж өгсөн. Над шиг боддог хүн олон байх. Тэр тусмаа Ар тал гэдэг тун ч хариуцлагатай, ажил буцалсан газар. Одоо БХЯ, ЗХЖШ-ын Ахмадын хороодын дарга нар болох хошууч генерал Б.Магсаржав, Б.Бадам нартай хамт ажиллаж байлаа. Хожмоо генерал болцгоосон энэ эрхмүүд ар талыг хөгжүүлэхэд их хувь нэмрээ оруулсан” хэмээсэн нь үнэхээр ч Ардын Армитай ажил үйлсээ холбож, өдгөө гавьяаныхаа амралтад гарсан олон буурлуудын баярлаж талархсан чимэгтэй үгс шиг санагдана.Д.Түмэнжаргал гуай цэргийн хүн зөрөөд өнгөрөх бүрийд л тэдний хувцсыг хардаг юм байна. Тэгээд л ар тал хангалт өөр болжээ гэсэн бодолд ээрэгддэг гэнэ шүү. Лавшруулбал “Тухайн үед ийм хангалт байгаагүй шүү дээ. Одоо ч өөр болсныг нь би эрхгүй мэдэрч явна. Хувцасны хангалт олон янз болчхож. Ерөнхийдөө системтэй өөрчлөгдсөн байна шүү. Шинэчлэл, дэвшил рүү шилжиж байна” хэмээв.    
 
1990-ээд оны үед улс орон даяар их бага гэлтгүй цомхотгол хийгдсэн. Харин энэ хүндхэн үеийг Зэвсэгт хүчин маань богино хугацаанд даван туулсан гэдэг. Гэхдээ л сайн боловсон хүчнийг гадагш алдсанд Д.Түмэнжаргал гуай халагладаг ажээ. Нэг ёсондоо багагүй боломжоо залгиулчихсан гэхэд буруудахгүй.  
 
Цэрэгтэй ажилласан он жилүүд түүний хувьд бас л гэгээхэн зураглал. Цэргийн албанд татагдан ирээд учраа мэдэхгүй байсан ээж, аавын хөвгүүд өдөр өдрөөр өндийж, эр бие тэгширч, бэрхээс хатуужил олж, бэлтгэлээс бэлтгэлд чангарч, эх орны хүү болохыг харах л түүнд бахархал, омогшил төрүүлдэг байсан гэнэ. Тэгээд халагдах өдрөөр баяр гунигийн нулимс нүднээ мэлмэрүүлсэн эрсийг хараад дагаад намирчихдаг байснаа ч нуусангүй. Ингэж л дарга цэргүүд ижил дасал болдгийг Д.Түмэнжаргал гуайн дуртгалууд түүнд сануулав. Ер нь хүний амьдралд материаллаг зүйл гэхээсээ илүүтэй дурсамж хүндтэй байр суурь эзэлдэг бас үлддэг. Бүдгэрч арилахгүй, гандаж хуучрахгүй. Дундын өмчлөх зүйл ч мөн дурсамж. Д.Түмэнжаргал гуайн амьдрал эх орон, эгэл ардын төлөө өргөсөн хос тангаргаар зурагдсан ажээ. Үүнийгээ ярих нь бидэнд урамтай байв. Баттай санасан үедээ хүүрнэлд нь хүч түрж, мартсаныгаа хөөж нэхсээр олох, заримыг нь эвцэлдүүлж бүтэн болгох гээд л няхуур үзсэн дээ. Энгэрт нь олон янзын тууз гэрэлтэнэ.Түүнийгээ “Алтан гадас”, Цэргийн гавьяаны одон гээд нэг нэгээр нь тоочих маягтай хуруугаараа товшихтоо төр засаг намайг үнэлсэн гэх нь өөрийн гэсэн өнгө аястай амьдарсных. Магтаал сайшаал, шүүмж зэмлэлийн аль алийг нь хүлээн зөвшөөрвөл ашид тустай.
 
Угаас цэцэг ургахад нар бороо хоёулаа хэрэгтэй, ийм эшлэл бий. Магтаалд сагсуурч явсангүй, шүүмжлэлд гундаж үзсэнгүй ээ, Д.Түмэнжаргал гуай.
 
Тэрээр таван хүүхдийн хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн. Дүрэмт хувцас өмсөөгүй ч эмчийн тангараг өргөж цагаан халаад нөмөрсөн охин нь “Номун” эмнэлэгт зүрх судасны тасагт ажилладаг. Мөн нэг хүү нь хоёрдогч мэргэжлийг нь өвлөж Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд ажиллаж байгаа талаар ч өгүүлсэн. Бас хүүхдүүдийн өөрсдийнх нь сонголт учраас эднийгээ тийм ийм мэргэжил сонгосонгүй гэж үглэдэггүй гэв. Д.Түмэнжаргал гуай явахаар зэхсэн бололтой дээлийн хормойгоо янзалж, малгайгаа заслаа. Яармагаас өглөөхөн довтолгосоор ирж ажлаа бүтээгээд буцахдаа сонины редакцаар зочилсон нь энэ. Түүнийг анх орж ирсэн үеийг бодвол уур амьсгал үлэмж зөөлөрсөн санагдана. Бидний халуун дулаан ярианы урсгал татраагүйд л ингэсэн байх. Д.Түмэнжаргал гуай явахын өмнө залуу үедээ хандаж “Үнэнч шударгаар ажиллахыг эрмэлзээрэй. Амар хялбараар бид амьдарч болохгүй. Тэгвэл бид мөн чанараа алдана. Ахмадуудынхаа үгийг сонсож, авахыг нь авч хаяхыг нь гээгээрэй. Технологийн дэвшлийн эрин зуунд амьдарч байгаа залууст тэр ур чадвар, бүтээлч байдал, сэтгэлгээ гээд бүгд бий. Гол нь хандлага чухал шүү” хэмээн захиж байв. 
 
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин