sonin.mn

Монгол Улсад хүний эрх ямар түвшинд байна вэ, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд иргэд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж чадаж байна уу гэдгийг эрх баригч МАН   хуульч, судлаачидтай хамтран судалжээ.

 

Ингэхдээ тэд сүүлийн есөн сар орчмын хугацаанд зөвхөн хүний эрхийн чиглэлээр социологийн болон чанарын олон талт судалгааг явуулсан байна. Үүний дүнд өргөн хэрэглэдэг 318 хуулийн 11900 заалтын 800 орчим нь зөрчилтэй гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, энэ хэрээр иргэдийн эрх зөрчигддөг, нийгмийн харилцаанд гажуудал үүсдэг гэсэн үг.

 

  Тиймээс эрх баригч нам томилогддог, сонгогддог болон төрийн албан хаагчдаар дамжуулан нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг  хангах чиглэлд томоохон  бодлого боловсруулан ажиллаж байгаагаа зарлалаа. Энэ талаарх мэдээллийг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан өчигдөр олон нийтэд мэдэгдсэн бөгөөд ирэх сарын 6-нд болох намын Их хурлаар хэлэлцэх асуудлын цөм нь хүний эрхтэй холбоотой байх болно хэмээн онцолсон юм.  Тэрбээр  “Нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Дундаж давхаргыг олноор бий болгох хүсэл зориг ихээхэн байна гэж харж байгаа. Энэ нөхцөлд хүрэхэд саад болж байгаа зүйл бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байсаар байна. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, ардчилсан хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчныг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид хамтран ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд бид цаашид тууштай ажиллах болно” гэлээ.