sonin.mn
Бэлтгэл дэд хурандаа, ахмад дайчин Ё.Саяням, Зэвсэгт хүчний Хатан ижий Ц.Алтантуяа
Гадаа гараад жагс... Дөнгөж сэрээд, нүдээ нухлах жаал, хөнжилдөө эргэн шургах бяцхан, за тэгээд зурагт эргүүлдэж, буйдан түшиж, ээжийгээ мөөмдөж, эмээгээ хормойдож, хөтөвчтэйгөө зууралдаж байсан хэн ч өвөөгийн дээрх командаар ухасхийн гадагш гарна. Хамгийн сүүлд шүлсээ гоожуулсан булцгар жаал тэгэх ёстой гэсэн шиг тонтгонон мөлхсөөр жагсаалын сүүл хавьцаа байраа эзэлнэ. Тэдний араас өхөөрдөл, энхрийллээ цээжиндээ багтааж ядах ч нүүрэндээ бол ажил хэрэгч баг өмссөн өвөө хөнгөн шингэн алхалсаар гарна. Зэрэгц...Ноомхон...Дэс дараагаар тоол... Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо...Цов цолгиун, тас хийсэн хоолойгоор багачууд тоолно, жагсаалын төгсгөл дэх “хэлгүй даадай” дээр ирээд замхрахыг эс тооцвол жагсаал бүрэнг илтгэнэ. Зуны зугаатай өдрүүдээр энэ тоо бүр арав холоо гарна гээч... Ингээд өвөө командалж, “цэрэг” үрс өглөөний гүйлт, 64 тоот дасгал хийж, ойр болон холын зайн буухиа тэмцээн гэж бужигнасаар өглөөг тун эрч хүчтэй эхлүүлнэ. Энэ хооронд эмээ инээмсэглэл шигээ сэтгэл сэргээж, ходоод баясгах өтгөн шаргал цайгаа амттан, жигнэмгээр хачирлан бэлдэж амжина. Цагтаа өдрөөр улсын ажил, соёл олон нийтийн арга хэмжээ, үдэшдээ оройн их дээд сургууль, шөнөдөө найман хүүхдийнхээ хичээлийн бэлтгэл, хувцас хунарыг угааж, оёж шидэх ажлаа амжуулж өчүүхэн ч завгүй хөдөлмөрлөж явсан хоёр буурал өнөөдөр ач, зээтэйгээ ийнхүү өдрийг хөгжил хөөртэй, зугаа цэнгэлтэй өнгөрөөнхөн жаргаж сууна.
 
 
 
Инээмсэглэл гэснээс, өдгөө хамтын амьдралаа зохиож, гал голомтоо бадрааснаас хойш 50 намрыг үзэж, тал зууныг хамтдаа туулж яваа хоёрын амьдрал нь Ц.Алтантуяа эгчийн ер бусын дотно инээмсэглэлд анхны харцаар дурласан Ё.Саяням ахын шаргуухан эргүүлэлтээс эхлэлтэй гэнэ. 1971 оны намар Тээврийн техник мэргэжлийн сургуулийн танилцах үдэшлэгийн өмнө сургуулийн гадна өөр лүү нь сэтгэл дүүргэм инээмсэглэл цацраан харсан охиныг тэр оройгоос л эхлэн халамжилсаар өөрийн болгож авсан хувь тавиландаа өнөө хүртэл талархаж явдаг ажээ. Хожим мэдэх нь ээ, түүний гэргий болсон Ц.Алтантуяаг угаасаа “Инээдэг охин” гэлцдэг байжээ. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын өлгүүрчин, оёдолчин, индүүчин гээд хүний л төлөө гэсэн бүхнийг өлхөөн амжуулчихдаг, бусдад туслахын одонд төрсөн, “инээмсэглэдэг эгч”-ийг үүгээр холхиж орж, гарсан бүхэн санаж буй биз ээ. 
Энэ өрх гэрийн тэргүүн Ё.Саяням Зэвсэгт хүчний 089, 298, 032, 318, 189 дүгээр ангиудад ажиллаж, ЗХЖШ-ын тусгай төвийн даргын албыг хашиж байгаад гавьяаныхаа амралтад гарсан цэргийн улс төрч, түүхч-философич мэргэжилтэй нэгэн. Өнөөдөр тэр бээр хань, үр хүүхэд, ач зээдээ нөмөр түшиг болохын зэрэгцээ “Ураг удмын журам” /2006/, “Ургийн бичиг хөтлөх” товч зөвлөмж /2008/, “Дарви дайчин отгийн ургийн бичиг” /2016/ зэрэг судалгааны ном бүтээл, “Удмын бэлгэдэл, тэмдэг”, “Ураг ба улс төр” тэмдэглэл хөтлөн, ураг удамдаа, ард түмэндээ өргөн барьжээ. Ховдын цэнхэр хязгаарт, эцэг эхээс есөн эрдэнийн тавиланг оноож ирсэн тэдний ураг удмынхан хэдэн үеэрээ идээшиж нутагшсан Дарви сумаараа овоглож, тус тусын онцлогийг илэрхийлсэн чимэг үгсийг хамаатуулан авахаар шийдсэн болохоор тэднийх энэ л насаа хийморьлог дайчин эрсийн дунд өнгөрөөж байгаа, хойшид ч хүү хүүхэн, хүргэн, ач зээ гээд үргэлжлүүлж явах Зэвсэгт хүчнийхээ сүр хүчийг оршоож, “Дарви удмын Дайчин отгийнхон” болон салаалж, өргөжин тэлж яваа гэнэм. Дарви удмынхан өвөг дээдсийн хүндэтгэлт өдөртэй, дээдлэн залах туг хиуртай, дээшлэн тахих шүтээнтэй, албан бүртгэлийн тамгатай, ахмадын хишиг сантай, малын им тамгатай гээд зэгсэн сайн зохион байгуулалтад орсон нь бусад хүмүүс үлгэр дуурайл авмаар, санаж сэрмээр сайхан санагдлаа. 
 
 
Амьдралдаа зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө бэрхшээл саадыг үл огоорон тэмцдэг, бодол санаагаа бусдад илэрхийлэхдээ туйлын сайн тэр бээр ажил, амьдралын замналдаа “Их эр байна, хөөе” гэсэн үгийг дарга, багш, боловсон хүчин гээд нэлээд хэдэн хүний амнаас сонсжээ. Улсад 44 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан тэр бээр “Би ердөө 14 жил л эрхэлжээ” гэв. 
 
 
Есдүгээр ангийн хүү амьдралдаа анх удаа шийдвэр гаргаж, Орос руу ТМС-т явсан гэдэг. Тэгэхдээ багшдаа “Ар гэрийнхэн маань намайг сургуульд явахыг зөвшөөрсөн” гээд, аав ээждээ ирээд “Багш намайг ТМС-т сурч болно гэнээ” гэж “том толгойлон” худлаа ярьсандаа бантаад, үдэлтийн цайллагадаа муу багшийгаа урьж чадаагүй гэдэг. Оюутны тэтгэлгийн 1000 төгрөгөө халааслаад, алсыг зорьсон хүү Архангельскийн техник мэргэжлийн сургуулийг хөрөө-рамчин мэргэжлээр төгсөж ирээд, Модон заводод гурван жил ажиллахдаа, настан голдуу хэдэн ажилчинтай бригад ахлаад, хүнтэй ажиллаж ч сурлаа, бие хаа ч сайхан жагсаад ирлээ. Мэргэжил дээшлүүлэн цаашид сурах сонирхолтой байсан ч тийм боломж олдоогүй болохоор нь цэрэгт явах гэсэн ч бүтэлгүйтсэн гэнэ. Аль бага, 4 дүгээр ангидаа буцлам халуун усанд түлэгдэж сүрхий сорви болсон хөл нь түүнд “Гурван жилийн алба байтугай гурав хоногийн карантин даахгүй” гэсэн мэс заслын эмчийн гашуун үгтэй сэтгэлийн сорви болон үлджээ. Тэгээд “За, цэрэгт явахгүй юм байна” гэсэн бодолтойгоо эвлэрэн оройгоор суралцан 10 дугаар ангиа төгсөж, мөнөөх Тээврийн техник мэргэжлийн сургуульд элсэн, амьдралынхаа ханьтай учирч, анхны хүүгээ өлгийдөн авч, 1973 оны Октябрийн баяраар гал голомтоо бадраан шинэ гэрийн найраа хийж, сургуулиа улаан дипломтой төгсөөд Шуудангийн II баазын Засварын бригадад хуваарилагдан “тосон бөөдий” слесарь хийж нэг хэсэг бужигнуулж явжээ. Өмнө нь үйлдвэрт ажилласан туршлагатай, хөгжиж дэвжих чин хүсэлтэй, хамгийн гол нь тэжээх гэр бүл, үр хүүхэдтэй хүн хэмээн өөрийгөө бүрэн илэрхийлж, удирдлагадаа хандаад, 69-ийн рамаар өөрөө машин босгож унах анхны сорилоо амжилттай давж, хугацаанаасаа өмнө жолооч болоод ажил, амьдралын амтанд орсон гурав дахь жилдээ ээлжит цэрэг татлагаараа ороод нөгөөх эмчийн хэлсэн шалтгааныг хэлтэл “цэргээс зугтсан, зайлсхийсэн” хэрэгт унах шахаад шууд цэрэгт татагдан, унаж очсон машинаа ч зүглүүлж чадалгүй орхисон гэдэг. “Шуудангийн II бааз” нь дайчилгааны эрх зүйн байдлаараа Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид харьяалагддаг учир Ё.Саяням тэр ангид жолооч-цэрэг, улмаар ахлах түрүүч цолтойгоор улирч, ахлагч болж ажилласнаар дэд хурандаа болтлоо ахиж дэвшин ажиллаж Монголын Зэвсэгт хүчин хэмээх их айлтай хувь тавилангаа холбожээ. Цэрэгт очоод карантинаа дуусгаж, тангаргаа өргөсний маргааш нь хоёр дахь хүү нь төрсөн баяртай мэдээг сонсож, хүний төлөө сэтгэлтэй даргынхаа хамт очиж, төрөхийн цонхоор эхнэр, хүүгээ хараад баярлаж зогссон нь саяхан мэт ээ. Ийнхүү Батлан хамгаалахын үйлчилгээ аж ахуйд зургаан жил ажиллахдаа Засгийн газрын дэргэдэх оройн их сургуульд суралцан, дээд боловсролтой болж, залуучуудын нөхөрлөл байгуулан, ажлаараа манлайлж, Тэргүүний ахлагч нарын зөвлөгөөн дээр бага дэслэгч цол гардан, офицерын эгнээнд шилжиж, 089 дүгээр ангид салааны захирагчаар томилогджээ. Түүнээс хойш улс төрийн орлогч, монгол бичгийн багш, ухуулагч, зааварлагч, ЗХЖШ-ын тусгай объектын даргаар ажилласан байна.    
 
 
Энэ өрх гэрийн амар амгалангийн үндэс мөнөөх сайхан инээмсэглэлийн эзэн Ц.Алтантуяа дураараа, зоргоороо цэргийн даргын сэтгэлийн аргамжаа, тэрсхэн хэдэн үрийнхээ ажил, амьдралын гол түшиг болсон нэгэн агаад Алдарт эхийн хоёр одонг Зэвсэгт хүчний Хатан ижийн тэмдэгтэй ижилсүүлэн энгэртээ гялалзуулсан нь найман хүүхэд төрүүлж өсгөсөн төдийгүй Монголын Зэвсэгт хүчинд энгийнээс дэд хурандаа хүртэлх найман алба хаагч бэлтгэж өгснийг илтгэнэ.  
Түүний ажил амьдралын замналыг “Зэвсэгт хүчний Хатан ижий” номд “Дөрвөдийн Зоригт хааны Тугчин удмын угсаа сайт охин
Дарви удмын Дайчин отгийн буяныг далласан Дархан бэр
Жанжны гэргийн нэрэмжит Цэргийн үйлдвэрийн үйлчин бүсгүй
Жаргал зовлон бүхнээ армитай холбосон ахмад ажилтан
Найман сайхан үрээ нар хурайлан өсгөсөн ачит ижий
Насны ганцхан ханиа итгэл сэтгэлээр дэмнэсэн үнэнч гэргий
Эгэл байлдагчаас эрхэм дэд хурандааг хүртэл түшиж дэмнэсэн тавилан
Энхэр гэнэн аалиа эрхэмсэг төгөлдөрт шингээсэн дээдийн заяа” хэмээн өгүүлсэн нь бий. Ажил хөдөлмөрийнхөө гарааг 1973 онд Цахилгаан сантехник угсралтын трестэд цахилгаанчнаар эхэлж байсан тэр бээр С.Янжмаагийн нэрэмжит Цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчин, цахилгаанчин, Монголын Ардын Армийн 298 дугаар ангид эд хариуцагч, зочид буудлын эрхлэгч, 1995 оноос Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллаж байгаад 2009 онд гавьяаныхаа амралтад гарчээ. Улсад 38 жил ажилласнаас 35 жил нь цэрэг арми, Зэвсэгт хүчинтэй холбоотой ажээ. 
 
 
Ё.Саянямынх таван гал ураг хүү, гурван сүүн ураг охинтой бөгөөд өдгөө 40 гаруй ам бүлтэй өнөр өтгөн өрх гэрийн тэргүүн болжээ. Тэдний хүүхдүүдээс хүү С.Балгандоной, С.Чинбат, С.Жаргалсайхан, С.Өнөрсайхан, хүргэн Д.Лхагва нар нь аав, ээжийнхээ ажил амьдралыг өвлөн ЗХЖШ, ОБЕГ, ҮБХИС, Зэвсэгт хүчний анги, салбаруудад албаа нэр төртэйгөөр хааж явна. Ц.Алтантуяа Цахилгаан сантехник угсралтын трестэд цахилгаанчнаар ажиллаж байхдаа хүнд кабель чирээд дутуу төрж байсан ч золоор хүүхэд нь эсэн мэнд торнисон нь өдгөө хэн хэнээс биерхүү 089 дүгээр ангийн ахлах ахлагч С.Чинбат гэнэ. Энэ мэтээр ажил, амьдралын замаар тэмцэж, тэнцэж явахдаа ханьдаа түшиг, хүүхдүүддээ халамж үзүүлэхийн зэрэгцээ оройгоор 10 дугаар ангиа төгсөх, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дэргэдэх Ард түмний их сургуулийг оройгоор суралцан төгсөж, хуулийн мэргэжил эзэмшин, өөрийгөө боловсруулж, тархиа цэнэглэхээ ч орхигдуулалгүй явжээ. 
 Нөхөртэйгөө хоёул цалингаа нэгтгэж аваад, гадуур гарч, хоол хүнс, хувцас хунараа нэг сайн цуглуулчхаад, хамтдаа түмпэн, нидрүүлэгтэйгээ найзлан, ханцуй шамлаад орчихдог байсан үеэ одоо дурсанхан инээлдэж сууна. Хүүхдүүдтэйгээ бужигнаж, хоол унд эргүүлдэж, ноцолдож ноололдон, хөөцөлдөн хөгжилдсөний дараа нэг унтуулж аваад, тэднийгээ сэрээхгүй гэж үүдний амбаартаа сууж, бичиг цаас, сургалтын хөтөлбөр, хичээл номоо шөнөдөө амжуулж байснаа ч энэ зуур хуучиллаа. 
Эцэст нь, хагас зууны амьдралыг хамтдаа туулсан хоёр буурайгаас хүүхэд залуустаа хандаж хэлэх “Амьдралын жор” байна уу гэвэл Ё.Саяням ах маань “Амьдралд бэлэн жор байхгүй шүү дээ. Хослон амьдрах төөрөг гэж байна. Хосоороо амьдардаг жамыг туулахаар шийдсэн хоёр хүн бие биедээ хайраа өгч, халамжаар усалж, итгэлээр цэцэглүүлж, сэтгэлийн өгөөжөөр дэмнэж явахад л амьдрал тэгш дүүрэн явдаг юм даа” гэсэн шүү.  
 
 
 Д.Гүнжилмаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин