сонин mn
Төв аймгийн Бүрэн сумын иргэн Ц.Баярбаттай бичил бизнес болон газар тариалан эрхлэлтийн талаар ярилцлаа. 
 
-Орон нутагт бичил бизнес хийхэд тулгамдаж байгаа асуудал юу вэ? 
 
-Өөрийнхөө төрсөн нутагт ажиллаж, амьдарч байгаа болохоор ямар байдлаар бизнесээ өргөжүүлэх, манай суманд нэн тэргүүнд юу шаардлагатай байна вэ гэдгээ илүү мэдэрдэг. Тэр дундаа малын гаралтай түүхий эдийг ченжийн гар дамжуулахгүйгээр худалдаж авах боломжтой. Учир нь зөвхөн худалдаа эрхлэхээс гадна нийгэмд үнэгүйдэж буй малын арьс шир худалдаж авах зэрэг илүү цар хүрээ бий болсноор давуу тал үүсдэг. 
Харин малчдын хувьд бэлэн мөнгөний хомсдол үүсэх нь бий. Гол орлого нь малын гаралтай бүтээгдэхүүн болоод мал, махаа борлуулж мөнгөтэй болдог. Өөрөөр хэлбэл, ноолуур борлуулах үе нь тухайн малчны орлогын гол эх үүсвэр. Энэ нь тодорхой цаг хугацаатай. Тэгэхээр худалдаа эрхлэгчдийн хувьд мөнгө хөрөнгийн дутагдал үүсэх эрсдэл бий. Учир нь бэлэн мөнгөгүй байгаа малчид орлого олох үедээ өгөхөөр зээл авах нь элбэг шүү дээ. Гэхдээ л сум суурин газар худалдаа эрхэлж байгаа учраас энэ бүхнийг өөрийн боломж бололцоонд тулгуурлан ажилласаар ирсэн. 
 
-Таныг сумын Засаг даргын орлогчийн албан тушаал хашиж байсныг мэднэ. Та төрийн алба болоод бизнесийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд орон нутагт тулгамдаж буй асуудлыг хэрхэн харж байна вэ? 
 
-Хувиараа бизнес эрхлэхэд хөдөө орон нутагт хүн амын нягтаршил голлох нөлөөг үзүүлнэ. Тухайлбал, худалдаа эрхлэгчдийн хувьд өдрийн орлого нь тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байж эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлнэ. Манай Бүрэн сумын хувьд 3000 гаруй хүн амтай. Түүнчлэн 300 гаран мянган тоо толгой малтай. Тэр хэрээр иргэдийн худалдан авах чадвар сайн. Миний хувьд сумандаа худалдаа, үйлчилгээ эрхлээд 11 жил болж байна. Тэгэхээр өөрийн гэсэн үйлчилгээтэй. Бараа эргэлтээ сайжруулсан болохоор харьцангүй гайгүй. 
2016-2020 онд Засаг даргын орлогчоор төрд ажилласан. Хөдөө орон нутагт төрийн алба хашиж байгаа хүмүүсийн цалингийн хэмжээ нийгмийн амьдралын төвшинтэй харьцуулахад хангалттай биш. Магадгүй өртөг багатай газар ажиллаж, амьдарч байгаа учраас харьцангүй гайгүй харагддаг болов уу. Ерөнхийдөө хөдөө орон нутагт төрийн алба хашиж байгаа хүмүүс дийлэнхдээ мал аж ахуй гээд хувийн бизнес эрхэлж байгаа учраас амьдралын баталгаа нь болж өгдөг. 
 
-Хотын төвлөрлийг сааруулахын тулд хөдөө орон нутгаа хөгжүүлэх, тэнд ажлын байрыг нэмэх зэрэг төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд сумдад чиглэсэн ямар ажил хийх хэрэгтэй вэ? 
 
-Сургууль төгсч байгаа залуусыг харахад хөдөө орон нутагт хийх ажил байхгүй гэж ярих юм. Гэхдээ энэ өрөөсгөл ойлголт. Учир нь хувь хүн санаачлагатай байвал хийх ажил мундахгүй. Тухайлбал, Бүрэн суманд өдрийн 30-40 мянган төгрөгөөр ажиллах хүн олддоггүй. Учир нь амьжиргааны төвшин гайгүй байгаа учраас тодорхой орлого олох сонирхолгүй байна уу гэж хардаг. Түүнээс гадна ажлын байр байхгүй гэсэн атлаа дээд боловсролтой гэдэг нэрийдлээр дунд шатны болоод нарийн мэргэжлийн ажил хийхийг хүсэхгүй байна. Боловсрол эзэмшсэн учраас төрийн албанд ажиллах ёстой учраас гэсэн бодолд дэндүү автсан юмуу даа.
 
 
 
Үнэн хэрэгтээ тухайн орон нутагт байгаа ажлын байрыг голох эсвэл цалин өндөр ажил хайгаад байгаа нь буруу сэтгэлгээ гэж хардаг. Өөрөөр хэлбэл, орон нутагт байгаа ажлын байрыг голоод ажилгүй суугаад байж болохгүй л дээ. Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдэг шүү дээ. 
 
 
 
-Нарийн мэргэжлийн боловсон хүний хомсдол улс даяар үүссэн асуудал. Магадгүй дээд боловсрол эзэмшихээс илүү үсчин, тогооч, гагнуурчин зэрэг мэргэжлийг эзэмшвэл орон нутагт ажлын байр бий болгоод амьдрах боломж бий юу? 
 
-Хотын түгжрэл, агаарын бохирдол дунд бухимдаж суухаар орон нутагт гарч ажиллаж амьдрах бүрэн боломж бий. Би дээр хэлсэнчлэн хүн хэрэв шинэ санаачилга гаргаад ажиллана гэвэл орон нутгаа хөгжүүлэхийн сацуу хангалуун сайхан амьдрах бүрэн боломжтой. Сум, суурин газарт ажиллаж амьдарч байгаа хүн амын дийлэнх нь дээд боловсрол эзэмшээд төрийн алба болоод оффист суудаг ажил хийнэ гэвэл худлаа. Ажлын байр ч хүрэлцэхгүй. Харин жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, бичил бизнес эрхлэх боломж бий. Нэг үеэ бодвол цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, интернет гээд хүн бүрийн өдөр тутмын энгийн хэрэглээ сум орон нутагт аль хэдийнэ нэвтэрсэн. Малчны хотонд ч интернэт, цахилгаан бий.
 
 
 
Тухайлбал, Бүрэн суманд хүлэмжийн аж ахуй эрхлээд ажлын байр бий болгож болно шүү дээ. Орон нутагт ажиллахгүй хэрнээ нийслэлд ирээд цагийн ажил хийж байгааг би гайхдаг. Уг нь залуус өөрийн төрсөн нутагтаа илүү үр бүтээлтэй, шинийг эрэлхийлж санаачилж чадвал хөдөө орон нутгийн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахын сацуу өөрийнхөө амьдралыг илүү баталгаатай болгох боломжтой.
 
 
 
Тиймээс залуучууд байгаа орчноо голохоос илүүтэй өөрийгөө дайчилж ажилладаг байгаасай. 
 
-Хүлэмжийн аж ахуй гэснээс таныг газар тариалангийн салбарт ажиллаж эхэлсэн гэж сонссон юм байна. Энэ жил ургац хир байна вэ? 
 
-Манай нутгийн хөрсөнд тарвас, өргөст хэмх, улаан лооль тариалан бүрэн боломжтой. Гэтэл түүнийг хэн ч хийдэггүй. Магадгүй ажлаа хэрхэн эхлүүлэх арга замаа олохгүй байж болно. Тэр ч бүү хэл суурь судалгаа, хөрөнгө оруулалт дутаж байна уу гэдгийг хүмүүсийн өмнөөс хэлэх арга алга. Харин энэ боломжийг олж хараад ажил хэрэг болгоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Хэрэв энэ чиглэлээр ажиллаад эхэлбэл нийслэлээс энэ төрлийн нарийн ногоонуудыг тээвэрлэж борлуулах шаардлагагүй болно. Энэ төрлийн ногоонууд хүмүүсийн энгийн хэрэглээ болсон учраас орон нутгаа 100 хувь хангаад хил залгаа сумдад борлуулалт хийгээд эхэлбэл энэ бизнес хөгжих боломж бий. 
Түүнээс гадна малын арьс, шир үнэгүйдсэн энэ үед нэмүү өртөг шингээгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж болно. Түүхий эдээ холоос тээвэрлэх шаардлагагүй. Нутгийнхаа малчдыг тодорхой орлоготой болгохоос гадна сумандаа нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлж болно шүү дээ. 
Миний хувьд 300 га газарт тариалалт хийсэн. Манай Бүрэн сум хадлангийн бүс биш учраас тариалалт хийх газар олгдогүй. Тиймээс хуучнаар Октябрийн сангийн аж ахуй буюу Сүмбэр сумын нутагт 100 га газарт тосны ургамал, 200 га-д нь малын ногоон тэжээл тарьсан. Энэ ургамлууд бага зэргийн хүйтнийг даах чадвартай ч тосны ургамлаа удахгүй хурааж авна. Ногоон тэжээлээ малын хүчит тэжээлд зориулж тариалсан учраас болчих болов уу гэж бодож байна. 
 
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин