sonin.mn
АНУ-ын сэтгүүлч Хэйлли Смит Монголын Z үеийнхний тухай “Орчин үеийн нүүдэлчид” нийтлэлээ “Vogue" сэтгүүлд хэвлүүлжээ. “Лос-Анжелес Таймс” сонины сэтгүүлч тэрбээр "Vogue”, “HuffPost" сэтгүүлийн чөлөөт нийтлэлч юм. Смит “Лос-Анжелес Таймс” сонинд Калифорнийн цар тахлын хямралын тухай цуврал бичвэрээрээ Пулитцерийн шагналд нэр дэвшиж байжээ. Тэрбээр нийтлэлээ бичихийн тулд цар тахлын өмнө Монгол Улсыг зорьсон байна. Түүний нийтлэлээс хөрвүүллээ.
 
“Тоёота” маркийн автомашины цонхоор Монголын өнгө үзэмж сэвшээ салхинд хийсэх мэт өөрчлөгдөж харагдана. Улаанбаатараас гарахад алсад холхих тэмээ, адуун сүрэг хаа сайгүй бэлчээрлэнэ. Би энэ зуур аяллын хөтөч, орчуулагч Алдартай ярилцлаа. Тэр Улаанбаатар хотод сурдаг их сургуулийн оюутан.
 
Алдар монгол залуучуудын төлөөлөл. Тэрбээр таван үндэстний хэлээр ярьдаг. Бас дуучин Лана дель Рэйн дуунд дуртай. Түүний сонирхлыг социализмын үед өсөж хүмүүжсэн эцэг эх нь төдийлөн ойлгодоггүй гэнэ. Алдар “Найз нартайгаа англи хэлээр ярихад ахмад үеийнхэн гайхаж харцгаадаг. Тэд биднийг ойлгохгүй байна” гэж ярив.
 
Энэ бол Улаанбаатарын барилга байшин төдийгүй оршин суугчдын дунд шинэ хуучин үеийнхний ялгаа бий болсны жишээ. Хотоос холгүй байх Чингис хааны хөшөөний дэргэд тансаг кофе шопууд элбэг аж. Монголын хүн амын 60 орчим хувь нь орчин үеийн хэрэглээ, суурин амьдралын хэв маягийг эрэлхийлдэг байна. Үүний үр дүнд онгон дагшин улсын төвд орших Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдолтой нийслэл болжээ. 
 
Их хотоос гарна гэдэг үнэхээр гайхалтай туршлага юм. Цахилгаан станцын яндангууд машины толин тусгалаас алсрах тусам тэнгэр цэлийнэ. “Мөнх хөх тэнгэрийн орон”-ы хөдөө нутагт асфальтан зам ховор. Нутгийн иргэдийн хэлдгээр “Байгалийн зам” сүлжилдэнэ. Манай жолооч Ганбат англиар ганц ч үг мэддэггүй. Тэрбээр газрын зураг, GPS ашигладаггүй. Нүүдэлчин ахуй хөдөө нутагт л оршдогийг би ойлгов.
 
Гэхдээ тал нутаг амар амгалан ертөнц мэт боловч дижитал амьдралын зангиа руу аажмаар шилжиж байна. Хөдөөний өсвөр насныхан Америкийн кино үзэж, фэйсбүүк, инстаграммд ихэнх цагаа зарцуулдаг. Тэд карьер хөөж, орон сууцанд амьдрахыг хүсэх болжээ. “Бруклин”, “Калифорниа” гэсэн бичээстэй цамц, бейсболын малгай өмсөөд морь унасан жаалууд орчин үеийн нүүдэлчдийг илэрхийлнэ.
 
Заримдаа Монгол Улс олс таталтын тэмцээнд гацсан мэт мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ жилд нэг удаа болдог Улсын баяр наадмын үеэр тэрхүү тасралтгүй түлхэлт зогсдог. Наадам гурван өдөр үргэлжилнэ. Монголчуудын анхаарал уламжпалт нум сум харваа, бөх, морин уралдаанд төвлөрдөг. Монголын хөдөөд дагаж мөрдөх ёстой дүрэм, давж гарах боломжгүй хил хязгаар гэж үгүй. Алдарын хэлснээр терроризм, дайн байхгүй. Яагаад ч юм надад монгол нүүдэлчин ахуй 2100 он гэхэд түүхийн номд л үлдэх мэт хачин мэдрэмж төрүүлсэн.
 
Цочирдом ч гэлээ хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийн хөгжил бүхнийг “залгиж” байна. Энэ бол бидний хүсээгүй хүслийн биелэл. Нүүдэлчин залуучуудын хэв маяг өөрчлөгдөх ч монгол орны байгалийн үзэсгэлэн алдагдахгүй. Болор тунгалаг шөнө Алдар гялалзах тэнгэрийг заагаад “Америк таван одтой зочид буудалтай. Манай Монгол Улсад сая сая одтой зочид буудал бий” гээд инээж байсан төрх санаанд тодхон үлджээ. 
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин