sonin.mn
Этник хөгжмийн салбарт хувьсгал хийсэн Буриадын уран бүтээлч Намгар шинэ цомгоо бичүүлжээ. Тэрбээр Норвегийн хөгжмийн зохиолч Оле Жорн Мюклебусттай Фредрик Эллингсен, Канадын Мерлин Этор нартай хамтран ажилласан байна. “Нью-Йорк Таймс” сонинд түүнийг “Mongolian Bjork” гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш. Намгар бол өвөрмөц мэдрэмжтэй, хөгжмийн ертөнцийг үзэх үзэлтэй уран бүтээлч. Тиймээс буриад ардын болон орчин үеийн дуунууд нь органик, сонсголонтой байдаг. Тэрбээр дэлхийн болон угсаатны хөгжмийн чиглэлээр тэргүүлэгч брэндүүдийн нэг Британийн “ARC Music” компанитай хамтран ажиллажээ. Цомгийн хавтсыг Буриадын яруу найрагч Баир Дугаровын өвөг дээдсийн нутгийн тухай шүлгээр хүрээлж, Зорикто Доржиевын “Хязгааргүй” зургаар чимэглэсэн байна. Цомгийг гаргахад Европ дахь төлөөлөгч Юлиана Волож чухал үүрэг гүйцэтгэжээ.
 
 
”Наян Наваа” цомгийн нээлт өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд болсон ч Европын хөгжмийн чартууд, Британийн тэргүүлэх “Songlines” сэтгүүлүүд онцолжээ. Транс хөгжмийн дэлхийн чартад “Наян Наваа” цомог тэргүүлсэн.
 
Нидерландын радиогийн өнгөрсөн сарын шилдэг цомгоор нэрлэсэн байна. Мөн Намгар Австралийн үндэсний радио, “ABC Radio National радиод ярилцлага өгчээ. Америкийн алдарт KEXP FM радио станц цомогт багтсан дуунуудаас сонсогчдодоо хүргэсэн юм. Их Британийн “Songlines” сэтгүүлд “Буриад соёл, уламжлал Намгарыг төлөвшүүлжээ.
 
 
Тэрбээр үндэсний хөгжмөө орчин үеийн ертөнцөд амжилттай сурталчилж байна. Бөмбөрийн чимээ сэтгэлийн хөөрлөөс зүрхний цохилт шиг сонсогдож, догшин энерги таныг трансд оруулна” гэжээ. Хорио цээрийн үед бичүүлсэн “Наян Наваа” цомогт 11 дуу багтжээ. Ялангуяа “Наян Наваа” гэх “Parting words songs” дуу нь онцгой утгатай. Намгар Лхасаранова “Бид шинэ цомгоо 2009 онд бичүүлсэн “No-mad” альбомтой төстэй өнгө аястай байлгахаар төлөвлөсөн. “Наян Наваа” цомгийн дуунуудад бөөгийн дуудлага, хөөмий, рок, жазз хөгжим, байгалийн гайхалтай дуу чимээг орууллаа. Бидний амьдрал буддын үзэл баримтлалтай нягт холбоотой. Буриадууд бол ер бусын өөдрөг үзэлтэй ард түмэн. Бид үзэсгэлэнтэй байгальтай, өвөг дээдэс минь өгөөмөр сайхан гэж дуулдаг” гэж Америкийн “World music central” онлайн сэтгүүлд ярьжээ.
 
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин