sonin.mn
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хийсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.МӨНХЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.
 
-Соёлын тухай хуулийг шинэчлэн найруулах болсон шалтгаан, үндэслэл нь юу байв?
 
-Соёл бол үндэсний дархлаа, үнэт зүйлийн нийлбэр, монгол хүн байхын утга учир, цаг хугацааны илэрхийлэл гэдэг утгаараа Соёлын тухай хууль ач холбогдлоороо Үндсэн хуулийн дараа орно гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ хуулийг 1996 онд баталснаас хойш 25 жилийн дараа ийнхүү шинэчилж байна. Өнгөрсөн хугацаанд 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Соёл урлагийн салбар бүхэлдээ орхигдсон байсан. Улсын буюу үндэсний урлагийн байгууллагууд нь чөлөөтэй уран бүтээл туурвих, түгээх боломжгүй, төсвийн хуулиараа хязгаарлагдсан, хамгийн бага үнэлгээтэй цалин хөлстэй, төсвийн хөрөнгө оруулалт амь зогоох төдий л байдалтай явж ирсэн. Гэтэл бусад улс орон өв соёлоо дэлхийн түвшинд үнэлүүлж, гадаадаас валют олдог салбар болгосон байна. Тиймээс соёл урлагийн салбарт тулгамдсан асуудлыг шийд-вэрлүүлэх Ажлын хэсгийг 2017 онд ахлан ажиллаж, асуудлыг эрэмбэлж, гарц шийдлийг боловсруулж, арав гаруй бүлэг асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, хамтарч ажиллан үе шаттайгаар шийдвэрлэж ирсэн. Хамгийн түрүүнд эрх зүйн орчныг бүрдүүлж, багц хуулийг батлуулах нь зүйтэй гэж үзсэн. Соёлын хуулийг боловсруулахдаа нэн тэргүүнд Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэхээс гадна Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай НҮБ-ын конвенцын үзэл санааг тусгасан. Өв түүхийн хувьд дэлхийн өвөг гэдэг утгаараа соёлын хууль бол Монгол түмний хамгийн үнэ цэнтэй түүх эрх зүйн бичиг баримт.
 
-Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад онцлох ямар заалтууд багтсан бэ?
 
-Үндэсний чанартай соёл урлагийн байгууллагыг дэмжин хөгжүүлэхийн зэрэгцээ стандарт шаардлагыг мөрдөнө. Үндэсний гэдэг утгаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр чиглэлийнхээ дагуу соёлын бусад байгууллагадаа мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлдэг, эрдэм шинжилгээний байгууллага байх зохицуулалт хийсэн. Улсын хэмжээнд 30 театр чуулга, 51 музей, 24 нийтийн номын сан, сум, дүүргийн 340 соёлын төв ордон ажиллаж байна. Орон нутагт 36 музей байгаагаас мэргэжлийн хяналтын дүгнэлтээр 12 нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Театр чуулгын барилгын хувьд арваас бусад нь шаардлага хангахгүй барилгатай.
Драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын хүүхэлдэйн театрын 400 гаруй хүн ганц тайзтай ажиллаж байна. Үндэсний төв номын сан, Байгалийн түүхийн музейгээс эхлээд олон жил гацсан хөрөнгө оруулалт хөдөлсөн. Олон улсын стандартын шаардлага хангасан барилга байгууламжтай болох эхлэлийг тавьсан. Мөн мэргэжлийн боловсон хүчнээ дэмжих талаар дорвитой өөрчлөлт оруулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн соёл урлагийн 430 байгууллагад 5496 хүн ажилладаг. Үүнээс 53 хувь нь соёл урлагийн мэргэжлийн албан хаагч байна. Нийт ажиллагсдын 4.2 хувь нь соёл урлагийн ажилтан, 5.2 хувь нь музейд, 41 хувь нь соёлын төв, ордонд, 45.7 хувь нь номын санд 3.6 хувь нь кино үзвэрийн байгууллагад ажиллаж байна. Үндэсний урлаг соёлыг тээж авч яваа эдгээр хүнээ алдахгүй байх үүднээс үнэлэмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох, тэгшитгэх бус авьяас чадвар, хөдөлмөрийг шударга үнэлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс мэргэшлийн зэргийн нэмэгдлийн асуудлыг тусгасан. Соёлын салбарт ажиллаж байгаа хүнд нэг онцлог харагддаг. Авьяас билгээс гадна асар их сэтгэл шаарддаг хөдөлмөр, ахуй амьдралын бүхий л асуудал орхигддог. Тиймээс мэргэжлийн онцлогт тохирсон нэмэгдэл, нөхөн олговор, урамшуулал авах боломжийг хангах зохицуулалт хийх шаардлага бий болсон. Бас нэгэн онцлог зохицуулалт бол алслагдсан буюу орон нутаг, зах хязгаарт соёлын үрийг тарьж яваа соёл урлагийн ажилтнууддаа таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор болсон. Салбарын цалин хөлс, урамшуулал, нэмэгдлийг олгох эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэхээс гадна соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр зохицуулаад явах нэмэлт боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
 
-Хамгийн гол чухал зүйл бол соёлын өвийг хулгайд алдахаас сэргийлэх асуудал. Энэ асуудлыг хуульд хэрхэн зохицуулсан бэ. Хуулиар бүрэн хязгаарлаж чадсан уу?
 
-Соёлын тухай хуулиас гадна Соёлын өвийг хамгаалах тухай, Эрүүгийн болон Зөрчлийн хууль, бусад дэд салбарын Номын сангийн тухай, Музейн тухай зэрэг хуульд энэ асуудлыг тусгаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бүртгэл, хамгаалалтын тогтолцоог сайжруулахаар зохицуулж байна. Энэ хуулиар тавигдах шаардлага, хяналт хариуцлагын тогтолцоо, үйл ажиллагааны стандарттай байх, ямар дүрэм журмаар зохицуулах талаар нарийвчлан тусгаж өгсөн. Хуулийн хэрэгжилт хамгийн чухал.
 
-Сүүлийн үед хөндөгдөж буй бас нэг чухал асуудал бол олон нийтэд соёлын боловсрол олгох тухай явдал. Энэ тухайд ямар заалт оруулсан бэ?
 
-Монгол хүн хуулиасаа илүү ёс заншлаа их дагадаг ард түмэн. Соёлын боловсрол гэдэг маш том ойлголт хэрнээ их холоос ирж хайх зүйл биш. Соёлын хуульд соёлын боловсрол олгох үйл ажиллагааг сургуулийн өмнөхөөс эхлээд ерөнхий боловсролын агуулгад тусгах, төр, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлага, оролцоог зааж өгсөн. Хүүхэд, залуучуудын авьяас, ур чадвар, бүтээлч үйл ажиллагааг урамшуулж, соёлын боловсрол олгох арга хэмжээг дэмжинэ. Хүүхэд залуучуудын сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, шинэ залуу, авьяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашдын бүтээл хийх хүсэл тэмүүллийг урамшуулан дэмжих чухал хөшүүрэг болно.
 
 
 
Ард иргэдийн хамгийн их сэтгэл зовоодог асуудал болох хүүхэд залуусын хүмүүжилд зориулсан үндэсний контентыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан агуулгыг хязгаарлах, хориглох зохицуулалтыг тусгасан. Соёлын албан болон албан бус сургалтын агуулгыг зааглаж, үүрэгжүүлж өгсөн зэрэг хүмүүжлийн чиглэлийн өргөн агуулгыг тусгасан нь бас нэг онцлог юм.
 
 
 
-Манай улсын хувьд энэ салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг бол соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, хадгалах явдал. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэсэн бэ?
 
-Соёлын үнэт зүйлсийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай болно. Соёлын өвийн үндэсний төвийн хэрэгжүүлж буй бүртгэл мэдээллийн санг өргөжүүлэх, цахимжуулах, мэдээллийн санд бүртгэх үүрэг хариуцлагыг тодорхой болгосон. Улсын хэмжээнд бүртгэл мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх үүднээс Соёл урлагийн газар удирдлага менежментээр хангаж ажиллахаар болж байгаа. Мөн гадаадад буй үнэт зүйлсийг хуулбараар бүртгэх, авч ирэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Соёлын өвийн бүртгэл хамгаалалт тус салбарын ажилтнуудын сэтгэл зүтгэлээр явж ирсэн. Соёлын үнэт зүйлийн нэгдсэн бүртгэлгүй явж ирснээс хамгаалах зүйл тодорхойгүй, бодит тооцоо, судалгаагүй байна гэж шүүмжлэгддэг байсан. Одоо бол соёлын өв, үнэт зүйлсийн бүртгэлд тавих стандарт шаардлага мөн тодорхой болж байна. Одоогоор 20-оод аймаг, орон нутаг судлах 257 музейгээс гол 36000 үзмэрийг бүртгэлжүүлээд явж байна. Цаана нь хувийн музей, ард иргэдийн гар дээр, гадаадад байгаа судалгааны эргэлтэд оруулах шаардлагатай өв, үзмэр хэдэн мянгаараа бий. Монгол Улс өв соёлоо тоолдог, бүртгэдэг, үнэт зүйлээ хадгалж, хамгаалах боломжтой боллоо. 2014 онд баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хуульд мөн нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Үндэснийхээ соёлд эзэн болоход энэ хуулийн том “амбиц” нь оршиж байгаа юм.
 
-Соёлын харилцааг нарийвчлан хуульчлах боломжгүй ч гаднын соёлын нөлөөллөөс хамгаалах зохицуулалтуудыг төсөлд тусгасан гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан. Тухайлбал, энэ талд ямар шинэлэг зохицуулалт байна вэ?
 
-Соёл бол хүний нийгмийн бүхий л харилцаанд шингэмэл, байнгын хэрэгцээ болж, он цагийн шалгуур давж, үндэстнийхээ онцлог, тусгаар тогтнолын оюун санааны баталгаа болж хөгждөг тул хайрцаглах боломжгүй. Харин хамгаалах, дэмжих үүднээс үүсэж буй тодорхой харилцааг зохицуулж өгсөн. Үндэснийхээ соёлыг өвлөн хөгжүүлэхийн хамтаар гаднын соёлд хүндэтгэлтэй хандах зарчмыг тусгасан. Үндэсний соёл уламжлалд харш, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх, агуулга бүхий соёлын бүтээлд хязгаарлалт тавих нөхцөлийг хуулиар тодорхойлсон.
 
-Соёлын өв, үнэт зүйл гэдэгт юу юуг хамруулж хуульд тодорхойлсон бэ?
 
-Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар соёлын биет болон биет бус өвийн асуудлыг зохицуулсан бол Соёлын тухай хуулиар соёлын үнэт зүйл хэмээх илүү өргөн ойлголтыг авч үзсэн. Соёлын үнэт зүйл гэдэгт түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах эсвэл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг бүхэлд нь авч үзэхээр заасан. Соёлын үйл ажиллагааг олон улсын төрөл ангилалд нийцүүлэн 13 чиглэлээр хөгжүүлэхээр хуульчиллаа. Үүнд, музей, номын сан, ном, утга зохиол, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, уран сайхны гэрэл зураг, гар урлал, хэрэглээний урлаг, кино урлаг, дуу-дүрсний уран бүтээл, интернэт орчин, тоон технологид суурилсан соёлын агуулга, харилцаа бүхий цахим уран бүтээл, дизайн, архитектур, соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, наадам зохион байгуулах, соёлын боловсрол олгох, соёл судлал, соёлын өвийг хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа гэх мэт чиглэлийг нарийвчлан тодорхойлж зохицуулсан.
 
-Соёлын өвийг хамгаалахад зарцуулах зардал, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, баталгааг хангах тухай хуульд тусгасан уу?
 
-Тусгасан. Төрийн өмчийн соёл урлагийн байгууллагын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг төрөөс шийдвэрлэх ба стандарт шаардлагыг хангуулах талаар заалт тусгасан. Олон улсын жишгээр соёлын салбарын хөрөнгө оруулалтыг татвараас чөлөөлөх, соёлын дэд бүтцийг хөгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хадгалалт аюулгүй байдлыг хангах талаарх үүрэг хариуцлагыг мөн тусгалаа. Монгол Улс нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй, олноор орж ирдэггүй, өөр салбарт хэрэглэгддэггүй, өртөг асар өндөр байдаг. Тиймээс мэргэжлийн тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлдэг болно. Соёл урлагийн салбарыг орлогоороо зардлаа нөхөж, уран бүтээлээ чөлөөтэй туурвих нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Уран бүтээлчдийн оюуны өмч, патентын эрхийн хамгаалалт, уран бүтээлийн үнэлгээг сайжруулах асуудал чухал. Энэ бүх зохицуулалтыг хийснээр соёл урлагийн салбар улс орны эдийн засагт өндөр үр ашиг өгдөг болж өөрчлөгдөнө. Нэг үгээр хэлбэл, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг.
 
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд, мөн төрөөс дэмжлэг үзүүлэх ямар заалт оруулсан бэ?
 
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих талаарх суурь харилцааг энэ хуулиар зохицуулж өгсөн. Цаашид нарийвчлан зохицуулах шаардлагатай асуудал нэлээд хөндөгдсөн тул Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай бие даасан хуулийн төсөл боловсруулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улс түүх соёлын барагдашгүй их нөөцтэй. Эдийн засгийн эргэлтэд оруулах асуудалд төрөөс зайлшгүй дэмжлэг шаардлагатай. Салбарын бүтцийг хөгжүүлэх чиглэлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх нь чухал. Хуульд оруулсан бас нэг шинэлэг зүйл бол соёлын орчин, орон зайг бий болгож хөгжүүлэх явдал юм. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт түүх, соёл урлаг эсвэл соёлын үнэт зүйлийг төлөөлж, илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлж, хөгжүүлэх хот, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, батлуулж явахаар заасан. Ингэснээр орчин үеийн болон уламжлалт соёлын өвийн гудамж, талбай, төвүүд бий болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчид бүтээлээ дэлгэн үзүүлэх, борлуулах, үнэ цэнийг өсгөх, үр ашгийг хүртэх боломжтой болно гэсэн үг.
 
Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж, талбайн зориулалтыг өөрчлөхийг хориглож байгаа. Хувьчлах болон тухайн барилга байгууламж, талбайг буулгаж, шинээр барих тохиолдолд зориулалтыг хэвээр хадгалах, соёлын биет өвийн хамгаалалтын бүсээс гадна орчны бүс тогтоох, газар чөлөөлөх, сүр барааг дарахгүй байх үүднээс орчны барилга байгууламжид өндөржилтийн хязгаарлалт тогтоох асуудлыг Соёлын өвийг хамгаалах хуульд тусгаж өгч байна. Бидэнд алдсан зүйл маш их бий. Ялангуяа дахин давтагдахгүй авьяас билгийн бүтээл туурвилыг алдах нь хамгийн том хохирол. Төрийн дэмжлэг, хайр халамж үүнд нэн чухал байгаа цаг.
 
 
 
Уран бүтээлчдээ дэмжих, хөгжим, дүрслэх урлаг, утга зохиолын шилдэг бүтээлийг улсын санд шалгаруулж худалдан авдаг, хадгалдаг, ашигладаг болох юм. Соёлын салбарын түншлэл, хамтын ажиллагаа гэсэн бүлэг шинээр нэмж, оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүү, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглүүлэхээр тусгалаа. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, үндэснийхээ соёлыг танин мэдэх эрх зүйн орчныг бүрдүүлэв.
 
 
 
 
-Хэн нэгэн соёлын өвийг санаатай болон санамсаргүй байдлаар үрэгдүүлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Хадгалах, хамгаалахтай холбоотой асуудалд хариуцлага тооцох талаар хуульд зохицуулалт бий юү?
 
-Соёлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Соёлын тухай хууль энэ бүх уялдааг хангаж, суурь харилцааг тодорхойлж өгч буйгаараа ач холбогдолтой.
 
-Ямар шалтгаанаар хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тогтоосон бэ. Энэ хугацаанд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөсөн үү?
 
-Соёлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд зайлшгүй бэлтгэл хангах шаардлагатай. Мөн холбогдох хуулиар зохицуулах асуудлыг боловсруулж өргөн барих, батлуулах зэрэг олон ажил бий. Тухайлбал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, орон нутагт соёлын асуудал хариуцсан бүтэц бүрэлдэхүүнийг шинээр бий болгох зэрэгт цаг хугацаа шаардлагатай.
 
-Хуулийг баталсантай холбоотойгоор салбарын яам болон орон нутгийн холбогдох бусад байгууллагад бүтцийн өөрчлөлт орох уу. Соёлын байцаагчтай болох асуудал хөндөгдөж байсан?
 
-Бүтцийн өөрчлөлтийг харьяа яамнаас хуульд нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлнэ. Аль болох оновчтой цомхон бүтцийг бүрдүүлж, соёлын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд бүх шатны хяналт, хариуцлагыг чангатгах шаардлагатай. Олон жил орхигдож ирснээс их хэмжээний соёлын өв устах, үрэгдэх, гэмтэх эрсдэл бий болж явж ирсэн. Аймаг, дүүргүүдэд мэргэжлийн хяналт буюу соёлын хяналтын улсын байцаагч ажиллуулахаар тусгасан. Энэ нь соёлд биш, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт хяналт тавина гэсэн үг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын соёлын асуудал хариуцсан 67 улсын байцаагч ажиллаж байгаа нь хаанаа ч хүрэлцэхгүй байна гэж үздэг. Ялангуяа орон нутаг, алслагдсан бүс нутагт соёлын өв хараа хяналтгүй байна.
 
-Соёлын тухай хуулийг шинэчлэн найруулж, хэрэгжүүлснээр тухайн салбарт өмнөхөөсөө ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарах вэ?
 
-Соёлын салбарт тулгамдсан олон чухал асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээж хөрөнгө санхүүжилтийн хувьд улс орны эдийн засагтай уялдан үе шаттайгаар ахиц гарах байх. Соёлын үйл ажиллагааны хамрах хүрээ, зарчим чиглэл, төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналт хязгаарлалт тодорхой болж, улсын хэмжээнд соёлын үнэт зүйлсээ тодорхойлж бүртгэж, хамгаалах эрх зүйн үндэс бүрдэж байна.
 
-Соёлын тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулсантай холбоотойгоор хэчнээн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байна вэ?
 
-Соёлын тухай хууль соёлын талаарх бусад хуулийнхаа толгой хууль болно. Энэ хуулийг дагалдуулан арван хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Музейн тухай, Номын сангийн тухай хуулийг батлуулсан. Кино урлагийг дэмжих тухай, хуулийг хэлэлцэж байна. Цаашид гааль, татварын холбогдолтой хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахаар болоод байна.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин