sonin.mn
Он жилүүд урсан өнгөрч, бас орчлонгийн жамаар олон сайн хүн нэг нэгээрээ одож байх юм. Монголын уран зохиолын сүмбэр оргилууд болох Цэгмидийн Гайтав, Чойжилын Чимид, Бэгзийн Явуухулан нар гуравхан жилийн дотор уван цуван явчихаж билээ. Ямар энэрэлгүй хатуу хорвоо вэ?! Гэтэл бид тэдний төлөө ямар буян хийв дээ гэж үе үе бодогдох юм. Миний хувьд тэр гурван гайхамшигт хүний тухай өөрийн мэдэх хэмжээнд дурсамж бичжээ. Хамгийн анх Ч.Чимид агсны тухай өөд болсных нь дараахан бичсэнээ элдэв навтарга дотроос олж, нэмэлт засвар хийснээ дэлгэе. 
 
1980.02.11-ний орой сон. Тэгэхэд миний бие “Үнэн” сонинд хэвлэлийн редактор байлаа. Үйлдвэр дээр сонин хийж байтал Ч.Чимидийн бие маш муу байна гэнэ гэсэн үг чих дэлсэв. Тэгж дуулахдаа дотор хиртхийж, түүнийг анх хаана хаана харсан, хэрхэн нүүр учирч уулзаж явсан тухайгаа нэхэн нэхэн санаж билээ. Тэгээд сэтгэл ихээр зовниж донсолсон тэр өдрүүдэд энэхүү бяцхан дурсамжийг тэрлэсэн байх юм. Би Чимид гуайтай ердөө хоёрхон удаа нүүр тулан уулзжээ.
Тэр ямар ч хүнийг өөртөө соронздон татаж чаддаг увдистай хүн байлаа. Тэр чанараараа ч сайхан сэтгэгдэл үлдээжээ. Ер нь Ч.Чимидийг 1956 оны үеэс эчнээ мэдэх юм. Одоогийн хотын банкны зүүнтээх гутлын дэлгүүртэй байшин байгаа газарт хужаагийн дэлгүүр мухлаг ихтэй, тэнд бас улсын болов уу гэмээр, орос маягийн хоол хийдэг нэг аятайхан зоогийн газар байлаа. А.Шолоховын алдарт “Дөлгөөн дон” романыг орчуулсан нэрт орчуулагч Б.Дашцэрэнгийн дурсамжаас үзэхэд тэр хавийг “Өндөр хог” гэж нэрлэдэг байсныг тухайн үед мань мэтийн хөдөөний хүүхэд яаж мэдэх вэ дээ. Тэрхүү зоогийн газраар түмэнд нэртэй, төрд данстай болж нэрд гарч байсан Ч.Чимид, Ц.Гайтав нарын зохиолчид байнга орж гарч байхыг олонтаа харж явлаа. Хожим хойно нь Ч.Чимид Монголд байтугай дэлхийд данстай хүн болсон сон. Монголын Энх тайвны хорооны дарга, Дэлхийн Энх тайвны зөвлөлийн гишүүн байсан түүнд очоогүй улс орон, уулзаж учраагүй алдар цуутай хүн үлдээгүй байх аа гэж боддог. Дөнгөж арван Хэдхэн настай байсан миний бие тэр үед зохиолчдыг хаа явсан газар нь бахдан харж шүтэн биширч, хажуугаар нь явж өнгөрөхөөр зогсож хойноос нь эргэж хардаг байлаа.
 
Өндөр нуруутай, дунд зэргийн мариатай, унжсан зузаан уруултай, ихэнхдээ хавар намрын урт хүрэн пальто, “Берет” гэдэг дугуй хар малгай өмссөн сэргэлэн цовоо бөгөөд хажуу дахь хүнтэйгээ ямар нэг юмыг ам хуурайгүй ярьж явдаг гуч эргэм насны Ч.Чимид гэдэг дүүхэлзсэн цог жавхаатай эрийн дүр төрх одоо хүртэл нүдэнд ургаж, сэтгэлд буудаг юм. “Би монгол хүн” шүлэгтээ:
“Аргалын утаа бургилсан  
Малчны гэрт төрсөн , би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог” гэж бичсэнээр нь түүнийг малчны хүүхэд юм байна гэж төсөөлдөг байлаа. Гэтэл тэр Улаанбаатарт төрж өссөн төдийгүй бүр маршал Чойбалсангийн комиссар явсан Чойжил гэдэг том албаны хүний хүүхэд байсан юм билээ. Нэгэнтээ аавынх нь царай зүсийг ч харсан юм. Өндөр нуруутай, туранхай бор өвгөн байсан.
Ч.Чимидийг орос хэлэнд гаргууд гэж ярьдаг байв. Түүний орчуулгаар Л.Толстойн “Дайн ба Энх”, А.Пушкины “Евгений Онегин” зэрэг дэлхийн сонгодгуудыг уншсан нь бидэнд нэг баримт боловч би өөрийн биеэр мэдэрч, нүдээр харсан баримт бас байна.
 
 
 
Дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин 1961.04.11 нд "Восток" хөлгөөр нислэг хийж ирсний дараа түүнийг Москвад угтсан ёслолын ажиллагааг газар дээрээс нь радиогоор дамжуулахад Ч.Чимид шууд орчуулж, ялимгүй сөөнгөтсөн паргиадуу дуу хоолой нь эх орон даяар цуурайтаж байж билээ. 
 
 
 
1970-аад оны дундуур нэг өдөр “Улаанбаатар” зочид буудлын зоогийн газар нэг нөхөртэйгөө пиводаж суутал Ч.Чимид нэгэн орос бүсгүйг дагуулан орж ирээд бидний ширээнд тухлав. Ч.Чимид оросоор нөгөө бүсгүйн элгийг хөштөл инээлгэн ярьж байв. Харин тэр бүсгүйн нэр Маша гэдэг болохыг хожим мэдэж билээ. Ч.Чимид өргөн цараатай, далайцтай зохиолч болохоор олон уран бүтээлчтэй ойр дотно байсан нь мэдээж. Тэр дундаа Ц.Гайтавтай илүү ойр үерхэж явсан болов уу, дандаа хамт явдаг сан. Зөвлөлт улсад 1950-иад онд “Ту-104” гэдэг онгоц анх бүтээж, олон улсын зохиолч сэтгүүлчдэд танилцуулахаар Эрхүү Москва хүртэлх замд буухгүйгээр нисэх аялал 1956 онд болоход түүнд оролцсон Ч.Чимид, Ц.Гайтав хоёр “Ту”-гаар нисээд түүгээр явсан нь” гэдэг аян замын шүлгийн түүвэр ч хэвлүүлж байлаа шүү дээ. Гэхдээ тэд алба, амины ажил төрлийн харилцаанд ялгаа заагтай, зарчимч байсан бололтой. 1960-аад оны сүүлийн хагаст Ч.Чимид Зохиолчдын хорооны орлогч дарга байв. Нэгэнтээ Ц.Гайтав түүний өрөөнд орж ирээд үүдэнд нь зогсонгоо ямар нэг ажил ярихад нь Ч.Чимид зандрангуй өнгө аясаар “Алив чи, тэр Ложоог дуудаад ир” гэхэд нь Ц.Гайтав өрөөнөөс ухарч гарсан гэж Д.Нямаа дурсан ярьдаг байсан. Ер нь зохиолчдын харилцааны нарийн ширийн юмыг Монголын зохиолчдын хороонд 40 жил ажиллаад, 1996 онд өндөр насны тэтгэвэрт гарсан Ложоо эгч л сайн мэднэ дээ.
Миний бие Ч.Чимид гуайтай их хожуу танилцсан байх юм. 1979 оны хавар 03-р сард шиг санаж байна. Нэг өдөр одоо ардын банкны байр нэртэйгээр баригдаж байгаа эрт дээр үеийн далайн хөлгийн дарвуулыг санагдуулам шил толь болсон өндөр байшингийн зүүн талд Цагдаагийн газрын байрны 2-р давхарт байсан ажил руугаа /Үнэн сонин/ явж байтал миний сайн танил зохиолч Хоролын Зандраабайдий Ч.Чимидтэй хамт явж байхад нь тааралдчихав. Мэнд усаа мэдсэний дараа Х.Зандраабайдий намайг Чимид гуайд танилцуулж байна. Тэр хоёр ямар нэг зоогийн газар очихоор яваа бололтой байв. Хамт явъя гэхээр нь татгалзах арга байсангүй. Урт цагаан, шар дэлгүүрийн баруугаарх “Янгир”-т очлоо . Тэнд юм байсангүй. Тэндээс такси бариад 19-р хороолол дахь “Онон” зоогийн газар очлоо . Бага үд байсан болохоор хүнгүй сэлүүхэн байв. Чимид гуай “Би та хоёрыг дайлна аа” гэж түнтийсэн түрийвч гаргаж мөнгө төлөв. Ч.Чимид гуайн хууч яриаг чагнаж суухад таатай байв. Энд тэнд явснаа, тэр дундаа Зөвлөлтийн хүмүүсийн тухай залхаж уйдахын аргагүй сайхан юм ярьсан сан. Харамсалтай нь түүний яриаг тухайн үед тэмдэглэж аваагүй нь гэм. Ч.Чимид Х.Зандраабайдий хоёр эртний танил бас тухайн үедээ Соёлын яамны тайз дэлгэцийн уран бүтээлийн хэлтэст Ч.Чимид дарга нь, Х.Зандраабайдий цэрэг нь байлаа. Миний хувьд тэр их гайхамшигт хүнтэй анх удаа нүүр учирч байгаа болохоор биеэ барьж яриаг нь чагнаж суулаа. Харин Ч.Чимид гуай надтай хэзээ язааны танил шигээ хүнийрхсэн шинжгүй яриад байлаа. Ч.Чимид гэдэг алдарт хүн хүнийг голж шилдэггүй, дээр, доор гэж ялгадаггүй хүн л бол хүн гэсэн ёс журмаар ханддаг нэгэн болохыг анхны тэр учралаар л гүнзгий мэдэрч билээ. Түүний яриаг сонсоход хэн боловч уйдна гэж лав үгүй бололтой. Тэгж танилцсанаас хойш дахин уулзаж завдахгүй байсаар 1980.02.09-ний өглөө Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинатын сонины үйлдвэрийн коридорт санамсаргүй таарав. Гэтэл түүнээс хойш хоёрхон хоногийн дараа түүний бие нь муу байгаа тухай дуулахад нэгд, итгэхэд хэцүү байснаас гадна тийм сайхан хүний амь үхлийн ирмэгт тулчихсаныг яахин мэдэх билээ. Яагаа юм бол гэж хий дэмий халаглахаас өөр аргагүй байлаа.
 
Чимид гуайтай Хэвлэх үйлдвэр дээр уулзсан тэр өдөр хагас сайн өдөр байлаа. Миний бие өдөр нь үйлдвэр дээр сууж “Үнэн” сонины дотор нүүрүүдийг хянан редакторлах ээлжтэй байв. Сонингоо эртхэн уншиж хянаад дуусгачих санаатай өглөөний долоон цаг өнгөрч байхад ажилдаа ирсэн юм. Чимид гуай үйлдвэрийн коридорт сонин уншаад зогсож байв. “Сайн байна уу, Чимид гуай” гэж мэндлэхэд минь тэр цочих мэт толгойгоо огцом өргөж дүрлийн харав. Коридорын чийдэн унтраастай, гэрэл гэгээ бүдэг бадаг болохоор ихэд хичээн харж байна. “Та намайг танихгүй байна уу?” гэсэн чинь тэр тулж ирээд, “Алив” гэж хоёр мөрнөөс минь барьж , нүүрийг минь цонхны бүгээн гэрэл өөд эргүүлэн харж, “Аан, Монголхүү байна шүү дээ. “За, сайн биз дээ" гээд сая таньж, ихэд дотносож гар барив. Бараг жилийн өмнө анх уулзсан өчүүхэн намайг нэрээр минь хэлж таньсанд нь би их гайхсан, бас их баярласан. Түүний ямар их ойтой эгэл жирийн, төлөв даруу, гүндүүгүй нэгэн болохыг нь гайхаж биширсэн сэн . Чимид гуай хавар намрын хар өнгийн пальтотой, хар каракуль гоголь малгайтай, том хүрээтэй хар шил зүүсэн байв. Нүдний шилээ авахад зовхи нь памбайж хөөсөн, нүүр царай нь бага зэрэг цэлхэрсэн харагдав. “Та ийм эрт хаа хүрч яваа юм бэ” гэж асуухад минь “Хүнтэй уулзах гэж явна” гэв  Тэр урьд шөнө дөнгөж Хэвлэгдээд, будаг нь хатаж амжаагүй “Утга зохиол, урлаг” сонины дугаарыг барьж байсан юмсанж.
Тус сонины газраас Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулж нээсэн шинэ буланд Ч.Чимидтэй хийсэн ярилцлага нийтлэгдсэнийг дараа нь олж үзсэн юм. Бодоожоор тэр тийм эрт, үүр цүүрээр ирж сонины шинэ дугаарыг олж аваад, өгсөн ярилцлагаа үзэж байсан тэр байж л дээ. Түүнийг олж үзэх гэж хар үүрээр эртэлсэн биз. “Миний нэг ярилцлага энэ сонинд гарсан, түүнийгээ олж авахаар яваа юм” гэж Чимид гуай заяа нь хэлэхгүй хүн. Тэгээд ч “хүнтэй уулзах гэж явна" гэж булзааруулсан байх. Энэ ч гэсэн түүний даруу сайхан зан чанарыг гэрчлэх баримт юм даа. Уг ярилцлага түүний хэвлэлд өгсөн бараг сүүлчийн үг байсан болов уу. Тэр ярилцлагадаа “Өнгөрсөн онд Д.Нацагдоржийн нэрэмжит Драмын театрын тайзан дээр “Буурал аав” жүжиг минь гарч, мөн миний орчуулгаар В.Шекспирийн “Данийн Гамлет хунтайж” гэдэг эмгэнэлт жүжиг тавигдлаа. Одоо аль алиныг нь өргөн түмэн үзэж байгаа болохоор дүгнэх цаг болоогүй мэт.
 
Жич тэмдэглэхэд “Гамлет”-ийг Х.Пэрлээ орчуулсан байхад дахин орчуулсны ярианд ч их орсон доо. Гэвч тийм яриа гаргасан зарим нэг хүн урлаг, соёлын түүх даанч гадарлахгүй, тэр ч байтугай “Гамлет”-ын хориод орчуулга орос хэлнээ байсаар байтал хамгийн сүүлийн, хамгийн шилдэг орчуулгыг хийсэн Б.Пастернак хүртэл өөрөө орчуулгын хоёр хувилбар хийснийг мэдэхгүй улс байсан нь харамсалтай. Олон гэж огсойхгүй, цөөн гэж чамлахгүй бусдыг аль болохуйц сэнхрүүлэн явах нь уран бүтээлч хүний эрхэм үүргийн нэгэн болой. Ирээдүйн тухай ярья. Их их ойнуудыг угтаж жаал жуул юм бичих туурвих санаатай. Үүнд би хувьсгалын дараа тус оронд аж үйлдвэрийн суурь тавьж, анхны том үйлдвэр /битүүдээ комбинатыг бодож байгаа юм/ барьж байгуулж байсан тухай кино зохиол мөн “Маш нууц” жүжгийн хоёрдугаар хэсэг, “Хянганы түлхүүр” гэдэг жүжиг “Удаах номын хуудаснаас” гэдэг мөчлөгөө дуусгана. 1980 онд эдгээр ажлыг хийж барвал, тэгээд бас хүн ард сонирхохоор олигтой бүтээл болгож чадвал уран бүтээлийнхээ үүргийг биелүүлэх үйлсэд минь нэмэр болох ёстой сон” гэж хэлсэн байсан. Үүнээс зохиолчийн уран бүтээлийн дүр зураг, хүсэл хяслын аль аль мэдрэгдэж байна. Гэвч уран бүтээлийн талаар бодож төлөвлөсөн тэр их зүйл 1980.02.14 ний өдөр тасарсан. Ч.Чимидийг өөд болоход гашуудлын үгэнд “Би гарын үсгээ зурна шүү, миний дуртай зохиолч байгаа юм” гэж Цэдэнбал дарга хэлсэн гэдэг. 
Ч.Чимид агсантай салах ёсыг Дуурь бүжгийн эрдмийн театрт гүйцэтгэхэд их олон хүний цуваа хөвөрсөн. Ч.Чимид бол нэр цуутай ч, ухаантай ч, авьяастай ч, эрдэм номтой ч, хамгийн сайн ч, хамгийн сайхан ч ховор хүмүүсийн нэг нь байсан. Нийгмийн том зүтгэлтэн нэрт зохиолч Чойжилын Чимид гэдэг алдартай хүнтэй шаврайхан миний бие хоёрхон удаа уулзаж учирч явсан хэдий ч хэзээ ч мартагдамгүй, хүний хайлан байсныг нь мэдэрсэн. Ер нь Ч.Чимид агсан шиг их хүн, сайн хүмүүс гэгээн дүрээрээ сэтгэлд мөнхөрч, санаанаас гардаггүй юм билээ дээ. Сайхан хүн, сайн хүмүүсийн тухай дурсан санаж явахад хүртэл сайхан байдаг юм шүү дээ. Агуу ч гэж, алдарт ч гэж болох Чимид гуай уран бүтээлээ яруу найргаар эхэлж, хүүрнэл зохиолоор үргэлжлүүлж, тайз дэлгэцийн зохиолоор гүнзгийрүүлж, завсар хооронд нь орчуулгаар баяжуулсан арвин их өвтэй зохиолч юм. Анхны шүлэг нь 1939 онд 13-хан настай хүүхэд байхдаа хэвлэгдсэн цор ганц хүн. Ч.Чимид олон сайхан дууны шүлэг бичсэн байдаг юм. Тэр бүгдээс “Дайчин нөхрийн тухай дуу”-г жишээлж болно.
“Саарал шинелиэ тайлаагүй  
Буурал найз , минь хаа байна аа
Дархан хотын барилга дээр үү 
Торгон хилийн зааг дээр үү” гэж дуулахад сэтгэл халаад ирдэг билээ. Өөр нэг дуу нь “Дайсны цэргүүд сонсоцгоо” киноных юм. 
“Дорнын тэнгэрт утаа манараад 
Довтлох салхи улам ширүүснэ
Эрийн ёсоор тангаргаа өргөөд 
Эрэлхэг дайчдын цуваа хөвөрнө 
Бидний санаа нэгэн чиг ээ 
Бидний алхаа нэгэн жигд ээ” гэсэн энэ сайхан дууг “Сэтгэлд шингэсэн дууны шилмэл түүвэр”-т Хадбаатарын үг гэж хэвлэсэн байдаг юм билээ. Энэ бол яах аргагүй Чимидийн бичсэн дуу юм. Эсвэл Чимид гуай Хадбаатар гэсэн уран зохиолын нууц нэртэй байсан юм болов уу?! Юу ч гэсэн Чимид гуай хүнээс дууны үгэн шүлэг зээлдэг ч үгүй хүнд зээлдүүлэхэд хүрээ ч үгүй хүн дээ. Чимид гэдэг нэр төвөдөөр “Үхэшгүй” гэсэн утгатай юм билээ. “Мөхөшгүй” ч гэж хэлж болох биз. Цагаан уул цэцгийг үхэшгүй мөнхийн бэлгэдэл гэж үздэг шүү дээ. Түүнчлэнгээр Чойжилын Чимид гуай бол хүний хувьд ч, зохиолчийн хувьд ч алдар нэр нь Монголыг ямар нэг хэмжээгээр дэлхийд таниулж явсан үхэшгүй мөнхрөх хүн байсан гэж бодогддог юм.
 
 
Зохиолч Б.Монголхүү / Соёлын гавьяат зүтгэлтэн/