sonin.mn

МУГЖ, уран уншлагын мастер Д.Жагдаг гуайтай цөөн хором ярилцлаа.


-Сүүлийн үед Жагдаг гуай Америк руу ойр ойрхон явж байна. Ямар ажил амжуулаад байна даа?

-Цаг их хурдан өнгөрөх юмаа. Өглөө босоод л нэг их ажил амжуулаагүй байхад өдөр өнгөрчих юм. Сүүлийн үед рекламанд тоглох санал ирдэг. Рекламны эмээ болчихоод байна даа. /инээв/

-Төрж өссөн нутаг усныхаа талаар?

-Хэнтий аймгийн мөрөн сумын Өндөр хааны өвөрт төрж өссөн. Сайхан энергитэй нутагт төрсөн. Манай нутгаас алдартай хүмүүс  олон төрсөн байдаг. Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч С.Содномдорж агсан мөн Мөрөн суманд төрсөн.

-Өгүүлэхүйн урлагт хэрхэн орж байсан бэ. Уран бүтээлийн гараагаа эхэлж байсан үеэсээ эргэн дурсаач. “Мах комбинат”-аас анх ажлынхаа гарааг эхэлж байсан гэдэг?

-Ижий минь их сайхан дуулдаг хүн байсан. “Талын таван толгой”-г сайхан дуулдаг,  ээжийгээ дагаж дуулнаа. Багаасаа л дуу хөгжимд их дуртай сонирхолтой. Шүлэг унших дуртай. Сургуулийн урлаг соёлтой холбоотой бүх л арга хэмжээнд оролцдог. Дуу бүжиг, шүлэг унших, бүжиглэх гэх мэт урлагт их хайртай байсан. Дунд сургуульд байхдаа ч мөн ялгаагүй драмын дугуйлан, бүжгийн сургалтанд явдаг. 16 настай байхад ээж маань бурхан болж байсан, тэр үед дөнгөж наймдугаар ангийн хүүхэд сургуулиасаа гарч аавдаа туслаж олон  өнчин дүү нараа асрах, ээжийн оронд ээж болох үүрэг оногдсон. Соёлын орднуудын хаалга татаж үзсэн.

Төмөр замын соёлын ордон, барилгачдын соёлын ордон, худалдааны ажилчны соёлын ордон гээд л аль нэгэнд нь орчих юмсан гэсэн хүсэлтэй байсан. Тэгсэн Худалдааны ажилчны соёлын ордон жүжигчин авна гэдэг зар гарсан байсан. Отгон найруулагч хүүхдүүдээс  шалгаруулснаас гурван хүүхэд тэнцэж тэдгээр хүүхдүдийн нэг нь болох миний бие дагалдангаар таван сар гаруй  ажилласан. Жүжигчдийг  орлож эзгүйд нь орлодог жүжигчин байлаа. Тэр үед Соёлын яамнаас мэргэжилтнүүд ирж хяналт тавьдаг. Тэгсэн би Ч.Чимэд гуайн “Би монгол хүн” шүлгийг уншаад тэр хавиар нь  дуулаад бүжиглээд л явсан.

Тэгсэн яамныхан хуралдаж тэр хурал дээр миний тухай яригдсан юм билээ. Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай шүлэг уншихыг минь сонсоод “Хөгжүүлвэл авьяастай хүүхэд байна” гэж хэлсэн байдаг. Энэ үг надад бурхнаас “Чи жүжигчин хүн болно” гэж  зарлигдсан мэт гайхалтай сонсогдож билээ. Тэр том хүнд таалагдахаар бусдад нь ч бас амархан таалагддаг юм байлгүй. Бүх юм их сайхан болоод ирсэн дээ.  Мэргэжлийн жүжигчний 400 төгрөгөөр цалинжуулж зургаан сарын дараа жинхэлж “Жаахан шарга” гэх мэт жүжгийн  гол дүрүүдэд тоглоод л.

-Өгүүлэхүйн урлаг руу хэзээнээс орсон бэ. Анх Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг”-ээр олонд танигдаж байсан?

-1969 онд “Хөх даалимбан тэрлэг”  найраглал гарч Халх голын ялалтын 30 жилийн ойгоор уралдаанд нэгдүгээр байр эзэлж сонин дээр хэвлэгдэн  гарахад нь Д.Пүрэвдорж гэж зохиолч байдаг юм байна,  сайхан шүлэг байна гэж найруулагчдаа хэлээд театртаа тавих гээд нэг сарын хугацаанд ажилласан. Анх тайзан дээр уншихад чичрээд нэг мэдэхэд уншиж дуусан үзэгчид халуун алга ташилт бэлэглэж байсныг бодоход их таалагдсан юм байлгүй. Үүнээс хойш урам зориг авч уран уншлагаар явах бодол төрсөн.

Энэ найраглалаар л намайг таньдаг болсон доо. Тэр үед Зохиолчдын хорооны Удвал дарга намайг дуудаж шүлэг уншуулаад л телевизээр гараад, арга хэмжээнүүдэд уригдах урилга заллага их ирдэг байсан. Энд тэнд явахдаа байнга л шинэ шүлэг яруу найрагтай ном сонин хайчлаад цуглуулдаг. Утга зохиол, Цог сэтгүүл хоёрыг ихэвчлэн уншдаг байсан. Зохиолчдын хороон дээр Удвал дарга намайг авч очиж  зохиолчидтой танилцуулаад тэр үед л Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Ш.Дулмаа нартай  танилцсан.

Түүнээс хойш зохиолчид надад шүлгээ өгдөг болсон. Ш.Дулмаа гуай “Хүүгийн эцэгт бичсэн захидал” өгч байсан. Д.Пүрэвдорж гуай надад зориулж “Светлана” найраглалыг 1979 онд өгсөн, энэ үеэр уран уншлагын уралдаан болж таараад би цоо шинэ шүлгээр уралдаанд орж шагналт байранд орж байлаа.

-Урлагийн сургууль төгсөөгүй ч авьяасаараа жүжигчин болсон юм аа?

-Жүжигчин мэргэжлээр сургууль төгсөөгүй л дээ. Бүжгийн мэргэжлээр  үнэмлэх авч байсан. Мах комбинатын соёлын ордонд үнэмлэхгүй очиж Ц.Сэвжид багшийн сургалтад сууж төгссөн.

-Анх дуулж бүжиглэх авьяасаа Мах комбинатын соёлын ордноос олж авчээ?

-Тэгэлгүй яахав. Энэ газрын нэрийг дурсахгүй өнгөрч чадахгүй нь. Энэ л газраас анх хоолтойгоо залгаж, энэ л газарт авьяасаа олж нээсэн шүү дээ. МУГЖ цолоор шагнуулчихаад тайзандаа очиж мөргөсөн. Миний хувьд хөлд орсон тайз минь юм даа.

-Олон зохиолчидтой хамтарч ажиллаж шүлэг, өгүүллэг, найраглалыг уншиж байсан. Хамтарч ажилладаг зохиолчдоос хэнийх нь бүтээл уншихад дөхөмтэй байдаг вэ?

-Д.Пүрэвдорж гуайн 25 найраглалаас 10 гаруй найраглалыг нь уншиж үзэгчдэд хүргэсэн. Тэр үед Д.Пүрэвдорж гуай ямар ч шагналаар шагнагдаагүй байсан үе.”Хөх даалимбан тэрлэг” найраглалаар олонд танигдсан. Миний хувьд ч мөн ялгаагүй. Ш.Сүрэнжав гуайн шүлэг “Гар” найраглалыг уншиж байлаа. Найраглалуудаа миний л хэлэх үг юм шиг цээжилж, уншихдаа гол нь биш. Тархи, зүрх сэтгэлээрээ мэдэрч өөрийн үг болгож хүмүүст хүргэдэг.

-Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг танд ямар нэгэн увидас байх шиг санагддаг?  

-Зохиолчдын уран яруу тансаг зүрхнээс гарсан тэр сайхан зүйлийг цээжилчихээд уншихдаа гол нь биш өөрөө мэдэрч унших нь хамгийн чухал шүү дээ. Үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болдог. Тэр үг миний зүрх сэтгэлээс үнэнээсээ л гарч байвал үзэгчид их сайхан хүлээж авна. Уншиж эхлэх тэр мөч зогсолтоосоо эхлээд анхаарах хэрэгтэй болдог. Эхний утсаа сайхан татсан байхад аяндаа урсаад л явчихдаг. Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг” гээд л эхлэхээр хүмүүс алга ташиж хэн уншихыг мэддэг болчихсон.

Тэгэхээр  жүжиглэх үндсэн мэргэжлээс гадна уран уншлага надад таалагддаг. Намайг хөглөж, дурлуулсан Ш.Дулмаагийн “Хүүгийн эцэгт бичсэн захидал”, Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг”, “Сэгс цагаан богд”, “Гэргий” зэрэг үйл явдалтай олон сайхан найраглал бий дээ. Хүнд хүргэх увидас гэж юу байхав. Хамгийн гол нь тухайн зохиолыг уншаад өөрөө тэр зохиолоороо амьдрах хэрэгтэй. Зохиолынхоо гол дүрд өөрөө орно гэсэн үг. Тэгээд уран унших биш уран сайхнаар ярих юм шүү дээ. Өөрөөр хэлбэл яг л өөрийнхөө амьдралыг хүнд ярьж байгаа юм шиг.

Чи үнэхээр эмзэглэмээр зовлон биеэрээ амссан бол түүнийгээ хэн нэгэнд хоолойгоо зангируулж ирээд ярихад цаад хүн чинь ч бас эмзэглэж нулимсаа арчина биз дээ. Уран уншлагыг яг л гайхалтай хээ хуар шиг уран шаглах хэрэгтэй дээ. АЖ, Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр  нар бол миний шүтэж биширч явдаг хүмүүс  минь юм даа. Их сайхан уншдаг. Хүмүүсийн зүрх сэтгэлд хүртэл уншина даа. “Хөх даалимбан тэрлэг”, “Сэгс цагаан богд” зэрэг найраглалыг малчин тариачин гээд  бүх л хүмүүс уншиж байгаа нь тэр үедээ түгээж чадсаны гавьяа.

-Гарын шавь нараа танилцуулаач?

-Миний охин сайхан уншдаг, Энхтуяа гэж телевизийн салбарт  ажиллаж байна.Д.Мөнхжаргал гэж шавь бий. Хилийн цэргийн ансамбльд ажилладаг. н.Өнөржаргал Ардын армийн дуу бүжгийн чуулгын концерт хөтлөгч. Хамгийн бяцхан шавь маань Мөнх-од 12 настай шавь байна. Хүүхдийн үгийн урлагийн сургалт явуулж тэр сургалтаараа нэлээн олон хүүхдийг бэлтгэж байна. Хүнийг анхнаас нь  чиглүүлээд өгчихвөл цаашаа учраа олоод явчихдаг. Багаасаа үгийг мэдэрч ярих зүйлд сургачихвал аялж унших биш сайхан ярьдаг сэтгэлээрээ мэдэрч  унших хэрэгтэй гэдгийг мэдэж авдаг.

-Дэлгэцийн урлагт хэчнээн  кинонд дүрээ үлдээсэн байдаг  вэ?

-Дүрээ үлдээсэн анхны кино бол “Саруул талын ерөөл”. Энэ кино зохиолчдын амьдралыг харуулсан бүтээл юм. Тэнд зохиолчдын бүлгэм дээр сууж байгаа залуухан эмэгтэй зохиолчийн дүрд тоглож билээ. Мөн найруулагч Нагнайдоржийн “Солонгын долоон өнгө” кинонд оёдолчин бүсгүйн дүрд тоглосон. Тухайн үед Б.Нагнайдорж дөнгөж сургууль төгсөөд ирсэн байсан. Богдын музейд зураг авалт хийхдээ намайг цаашаа харуулж алхуулчихдаг юм байна. Би өмнөөс нь харж зураг авахуулмаар байна гээд хажуу тийш харах гэхээр “Яасан зөрүүд юм, цаашаа хар” гээд л загнана. Тэгээд дараа нь “Чиний наад гоё үсийг чинь кинонд мөнхөлж үлдээх гэж байна” гэж билээ. Сувдан даруулгаар гоёсон урт үстэй, монгол дээлтэй залуухан бүсгүйн дүрээр тэр кинонд тоглож байлаа.

Дараа нь хошин урлагийн театрын анхны бүтээл “Бэрсүүт жүрж” кинонд гавьяат жүжигчин Д.Батсүх агсны хадам ээж болсон. МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны ахмад багш зэрэг мэр сэр дүрд тоглосон нь бий. Үүнээс хойш эмээ нарын дүрд тоглож байна.”Маск” кинонд жижиг дүр бүтээсэн гэх мэтчилэн сүүлийн үед хөгшрөөд эмээгийн дүрд л тоглож байна шүү дээ.  Рекламанд тоглох саналууд мэр сэр ирж ирж байна  “Рекламны эмээ”  болсон шүү дээ. /инээв/  Тэрнээс биш, би том дүр бүтээсэн жүжигчин биш л дээ. Яахав, энэ үед нэг ийм жүжигчин байсан юм гэж дурсагдах хэмжээний л дүрүүдэд тоглосон байдаг.

-Амьдралын тань түшиг ханийнхаа тухай ярихгvй юу?

-Манай хүн Ховд аймгийн Булган сумынх. Мөнхтөр гэж хүн бий. Цэргийн байгууллагад насаараа ажилласан. 1990 онд тэтгэвэртээ суусан. Баруун, зүүн хоёр аймгийн хvн яаж яваад нийлсэн юм бэ, бүү мэд. Бид хоёр 1971 онд хамтын амьдралаа зохиосон гэхээр 40 жил болж дээ. Амьдрал л учраас сайхан үедээ сайхан, муудах үедээ муудалцаад л явдаг. Миний таван хүүхдийн аав учраас би маш их хүндэлдэг. Цэргийн болон урлагийн хүний хамтын амьдрал хэцүү л дээ. Хоёулаа л цаг наргvй ажилтай. Хүүхдүүд маань яаж тэр амьдралыг туулсныг би мэддэггvй юм.

Нэг нэгнээ гэх сэтгэлтэй байсан нийгэмдээ л баярлаж явдаг. Би ханьтайгаа их хөгжилтэй танилцаж байлаа. Ёстой л хувь тавилан байсан байх. Нуух юу байхав, би өмнө нь амьдралтай байсан хүн л дээ. Тэгээд таарч тохирохгvй нь, бүтэхгvй нь гээд тортой юмаа бариад автобусанд суугаад явж байлаа. Тэр үед би урт хар vстэй, сувдан даруулга зvvж, лоовууз өмссөн дэгжин хүүхэн байсан даа. /инээв/

Гэтэл нэг нөхөр ард урдаас хатгаад болдоггүй ээ. Гэтэл цэргийн хувцастай өндөр залуу намайг нөгөө залуугаас тусгаарладаг юм байна. Нэг их юм ч санасангүй, буугаад явчихсан. Гэтэл түүнээс хойш хаа сайгүй тааралдаад болдоггүй. Тэгсэн нэг өдөр манай хүн зориг гаргасан уу, яасан… Автобусны буудал дээр тааралдаад кино үзэх үү гэхээр нь хамт кино үзчихээд салсан. Дараа нь тоглолтоо тараад гараад иртэл хоёр, гурван залуу ирчихсэн хvлээж байдаг юм байна.

Би хоёр тийшээ хараад зогсож байтал манай хvн намайг шууд хөтөлж аваачаад гэр бүлийн товчоо дээр очоод бүртгүүлчихсэн. Ингээд л Махкомбинатын тэнд байдаг таван давхар байрны хажуу өрөөнөөс бид хоёрын хамтын амьдралын түүх эхэлсэн дээ. Дараа нь яагаад ингэж хурдан гэрлэлтээ батлуулахыг хүссэн юм бэ гэж асуусан чинь тэгэхгүй бол чамайг алдах юм шиг санагдаад гэж билээ

-Та МУГЖ цолыг их хожуу авсан. Энэ цолыг авна гэж хүлээж байв уу?

-Хожуу гэж үү. Эхэндээ ч авах юмсан, болсон доо гэж бодож байсангүй ээ. Гэхдээ юу ч хийгээгүй шахуу улсууд энгэрээ цоолуулаад ирэхээр өөрийн эрхгүй дотор огшоод ирдэг юм билээ. 2008 оны сонгуулиар Д.Арвин гишүүн намайг дагуулаад манай нутаг руу явсан юм. Нутагтаа очоод найраглалаа уншчихаад гишүүнтэй индэр дээр зогсож байтал хүмүүс “Та нар наад хүмүүсээрээ юмаа хийлгэхээ л мэдэх юм гавъяа шагналыг нь өгөөч” гэж хашгиралдсан.

Тэгээд хотод ирээд миний бие нэг хэсэг их муу байлаа. Нэг өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас утас цохиж байна. Маргааш өглөө ирж шагналаа аваарай гэнэ. Би тэр үед хүнээр өргүүлж бие засдаг байсан. Гэтэл тэр үгийг сонсоод шууд л өөрөө босоод ирсэн. Тэгэхээр би энэ шагналыг авъя гэж хэлээгүй ч дотроо бол горьдож л байсан юм билээ.

- Шүлэг бичдэг үү?

-Мундаг том зохиолчдын бүтээлээс сонгож уншдаг. Хүүхэд ахуй үедээ бичиж байсан ганц нэг шүлэг байдаг л юм. Гоё шүлэг яруу найраг, найраглал уншиж сэтгэлээ дэвтээж явдаг. Хөгжүүлвэл болох л байсан байх даа гэж боддог л юм. Яагаад гэхээр би Д.Пүрэвдорж шиг найраглал бичиж чадахгүй. Гэртээ галаа түлж байхдаа ч зохиолоо ярьсаар л суудаг. Орондоо орсон ч зохиолоо ярьсаар л хэвтдэг тэгсээр байгаад сурчихаж дээ. Нэг зохиолыг өөрийн болгоход нэлээд олон хоног болдог. Шүлгийн үйл явдал нүдэнд үзэгдэж, шөнө зүүдлэгдэн, сэтгэл дотор минь амилаад байдаг. Тэгээд л өөрийн болгоод уншихад үзэгчдэд шууд хүрдэг дээ.


Алтан үеийн ахмадуудынхаа сургаалиуд тэдний хэлсэн үгийг сонин дээр гарсан байвал хайчилж аваад хадгалчихдаг. Өөрт таалагдсан шүлэг, яруу найраг  гэх мэт зүйлүүдийг хайчлаад аваад хадгалдаг. Надад хавтас дүүрэн цуглуулга байна. Эргээд харахад мартагдсан зүйлүүдээ санахад дөхөм байдаг.

-Өөрийнхөө бүтээлүүдээр цомог гаргасан байх аа. Хойшдоо юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Тэгсэн. “Их найргийн хурим” видео цомог 2004 онд гаргасан. Би хорвоогоос халилаа гэхэд надаас үлдэх юм хэрэгтэй. Тиймээс би нэг жижигхэн уран уншлагын клубтэй болох юмсан гэж байнга мөрөөддөг болсон. Над дээр хүүхдүүд юм сурья, заалгая гээд ирээд байгаа юм чинь. Тэдэнд ч хэлж сургах юм олон байна. Өөрт байгаа өчүүхэн авъяасаа махан биендээ хадгалаад аваад явчихмааргүй байна шүү дээ. Өнгөрсөн жилийн “Гэгээн алсын одод” нэвтрүүлэгт хэчнээн хөөрхөн уран уншдаг хүүхдүүд орсон гэж санана. Даанч тэр Б.Төгөлдөр гэж нөхөр өөрөө мэдэхгүй, мэдрэхгүй болохоор шууд л хасаад хаячихсан. Тэр хүүхдүүдийн урам хэчнээн ихээр хугарсан бол оо. Ургах гэж ядаж байгаа цэцгийг тасдаад хаячихаар чинь яаж дэлбээлэх юм бэ.

-Таныг их сайхан хоол хийдэг гэж байсан. Хувийн хоолны газартай гэж дууллаа?

-Цайз зах дээр нэг жижигхэн цайны газартай байсан. Жагдаг гуайн цайны газар гээд нэртэй шүү. Тэтгэвэртээ гараад зүгээр сууж чадахгүй байсан. Нэг мэдэхэд л СТӨ рүү гүйчихээд. Тэгсэн манай дүү та зүгээр сууж чадахгүй байгаа юм чинь энэ цайны газрыг гардаж ажилуул гэж өгсөн дөө. Голдуу хүч хөдөлмөр хийдэг залуучууд тэр зах дээр байдаг болохоор тос өөхтэй хоол хийдэг хавиргатай шөл, гурилтай шөл гэх мэт гарын хоол байна. Тэгээд бас яаж мэргэжлийн бус байж хүмүүст хоол хийж өгөх билээ гэж бодоод тогоочийн дамжаанд сураад 10-аад жил ажиллуулсан. Аливаа юманд сэтгэлээ бүрэн зориулж чадвал заавал амжилтад хүрдэг л юм байна лээ. Сүүлдээ манай захынхан чинь бүгд манай байнгын үйлчлүүлэгч болоод их өргөжсөн шүү дээ. Нас ахиад жаахан ядраад саяхнаас больсон. Одоо цайны газар маань бууриа сэлгээд Ботаникийн цэцэрлэгийн хажуу талд  хүмүүс анддаггүй юм. Одоо дүү маань үргэлжлүүлээд ажилуулж байна.

-Гадагшаа явахаар эх орноо санах юм уу?  

-Миний эх оронд ийм сайхан зүйлүүд нь байдаг ч болоосой гэж боддог. Хөгжил дэвшлийн хувьд ч сайхан ч эх орныг минь яаж гүйцэх вэ дээ. Хоёр сар гаран болоод л эх орноо санадаг. Дээгүүр онгоц явахаар л нутгаа санаад л санаа алддаг. Лас Вегас хотод манай 14 нугараач охид байдаг юм билээ. Тэд монголынхоо нэрийг өндөрт гаргаад л явж байна. Төрсөн нутгаасаа гадагшаа явах бүртээ очиж энерги авдаг.

-Та нарыг залгамжилсан залуус олноор гарч байна?

-Ахмад үеийнхэн маань мундаг байсан. Ардын жүжигчин П.Цэрэндагва одоо хүртэл сайхан уншаад явж байна. Миний үеийнхээс гэвэл Г.Равдан, Ж.Батбаяр, Л.Чаминчулуун, Д.Сосорбарам гээд л дуусах нь. “Бидний хойноос залуус гарч ирэхгүй нь дээ” гэж эмээж байтал залуу үеэс Даваа, Ялалт, Алтаншагай зэрэг сайхан уншиж байгаа залуус зөндөө байгаад бахархаж явдаг. Залуучуудыг олон сайхан шүлэг, найраглал, өгүүллэг, тууж уншиж ард түмэндээ хүргээсэй гэж чинь сэтгэлээсээ хүсч явдаг. Уран уншигч нар бусдын бүтээлийг сэтгэлд амилтал уншиж үзэгч сонсогчид хүргэдэг ховор авьяастай хүмүүс. Мөн нэвтрүүлэгч Ж.Бямбаа, жүжигчин Дэлгэржаргал, Тунгалаг нар уран уншлагад зүрх сэтгэлээ өгсөн, их сэтгэлтэй цөөхөн хүн ч бий. Уран уншлага бол богино хугацаанд хүний дотоод сэтгэлд хөг оруулж амилуулж чаддагаараа гайхамшигтай.

-Залуу зохиолч, яруу найрагчдын бүтээлүүдээс уншиж байна уу?

-Уншдаг. Яруу найрагч Ц.Хулан, Лхамноржмаа, М.Билэгсайхан, Т.Зөнбилэг болон зохиолч Шүүдэрцэцэг гээд олон хүний шүлэг найраглалыг уншиж байна. “Миний тайлан тоглолт болж байна, энэ шүлгийг минь уншаад өгөөч” гэсэн залуус ч олон байдаг. Ц.Хулангийн шүлгүүд их гоё байдаг юм. Хөдөө орон нутгаас ч урилга ирдэг шүү дээ. Олон уран бүтээлчийн цомогт багтах шүлгийг уншиж байлаа. Өвөрмонголоос Алсу гэдэг залуу хоёр гурван шүлэг уншуулсан юм байна.

-Залуудаа ажил, ажил гээд завгүй. Одоо ч зав муутай л явна. Ач зээдээ хэр сайн эмээ вэ?

-Эмээгийн ажлыг ер нь жаахан хойшоо тавина шүү. Уран бүтээл гээд явчихдаг болохоор ач зээг маань харуулаад байх нь ч гайгүй. Миний хүүхдүүд цөм гурав гурван хүүхэдтэй. Өнгөрсөн жил нэг охиныхоо хүүхдийг харах гээд Америкт зургаан сар амьдаад, эх орноо санана гэдгийг жинхэнэ ухаарсан даа. Дээгүүр онгоц явахыг харахаар л “Харийн нутаг давчдаад байна. Харсан зүгтээ гүймээр байна” гэж хэлмээр, хэзээ харина даа гэж бодохоор л нүдний нулимс гараад байдаг болчихдог юм билээ. Эх орноосоо хол байгаа монголчууд амьдралын эрхээр л энэ бүгдийг тэвчдэг байх даа гэж өрөвдөх сэтгэл ч төрсөн.

-Уран уншигчдыг харж байхад өөрийнхөө амьдралыг уншаад байх шиг санагддаг?

-Тэгэлгүй яахав. Миний зүрх сэтгэлээр дамжин хүнд хүрч байдаг учир яг л өөрийнхөө амьдрал, тохиолдсон явдлаа хүнд ярьж өгч байгаа юм шиг дотор нь орно гэсэн үг. Тэр зохиолын өгөгдлийг нөмөрч, үйл явдлаар нь амьдарч байж л шүлэг амилна даа. ойлгодоггүй юм. Тийм учраас ярианы хэлбэрээр сайн хөгжүүлж байж л хүнд хүргэх ёстой гэсэн үг. Тухайн бүтээлдээ орж, түүнийгээ нөмөрч байж л хүмүүст хүргэ гэж уриалж байгаа. Уран уншлага бол үгийн урлагийн гайхамшиг.

Э.Сарнай

Эх сурвалж: "Unen.mn"