sonin.mn
Чингис хаан Монголын эзэнт гүрэнг байгуулаад, өөрийн шадар сайд Чингайгаар 1212 онд цэргийн түшиц хот байгуулсан нь одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт байгаа “Халзан ширэг” хэмээх газар нь Чингай балгас мөн болохыг Монгол-Японы “Бичээс” төслийнхөн нотолж байна. Өнгөрсөн оны 8,9 дүгээр сард Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг энэ газарт археологийн сорилын малтлага хийж, олдворын нас тогтоох аргаар тус газар нь 13-р зууны Монголын эзэнт гүрэний үед Чингис хааны Төв Азид довтлон явахын төлөө зам дагуу байгуулсан цэргийн түшиц хот Чингай балгас мөн гэдгийг тодорхойлов. Уг балгас байгаа газраас олдсон олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө, шатаалт бүхий ваар савны хагархайнууд нь шинжилгээгээр 1251 оноос урагш, хойш 30 жил буюу 1221-1281 оны үеийнх болохыг баталжээ. Мөн энд малын яс тун элбэг олдож байгаа нь цөөнгүй хүн харьцангуй удаан хугацаанд сууршин амьдарч байсны ул мөр гэж дүгнэжээ.
 
Чингай хот Монголын баруун нутаг Алтай нурууны дэргэд бөгөөд Төв Ази, Монголын өндөрлөгийг холбох “Тал нутгийн торгон зам” түшиц газар байсныг хятадын бомбын шашны том төлөөлөгч Чанчун бумбын аяллын тэмдэглэлд дурдсан байдаг. Тэрбээр, Төв Азид дайтаж байсан Чингис хаантай уулзахын тулд хятадаас монголын нутгаар дамжин Алтайн нурууг давж явахдаа Чингай хотоор өнгөрсөн юм.
 
Харин Чингай хотын балгас чухам хаана байсан нь тодорхойгүй байсан бөгөөд энэ талаар олон улсын эрдэмтэд таван газрыг нэрлэсэн байдаг. Эдгээрийг харьцуулан судалж, түүхэн сурвалж бичгийн баримт болон археологийн дүнг нэгтгэн өнөөгийн Монгол Улсын Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дахь “Халзан ширэг” балгас нь эртний Чингай хотын балгас мөн гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
 
Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн багийн бүрэлдэхүүнд Монголын талаас профессор А.Очир, дэд порфессор Л.Эрдэнэболд, Япон талаас профессор К.Мацуда, профессор Т.Мураока, профессор Т.Мацукава нар судлаачаар ажиллажээ. Тэд энэхүү хэвлэлийн бага хуралд оролцон судалгаа, шинжилгээний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм.
 
Чингай балгас /Халзан ширэг/-ын төвд 200 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий хэрэм байсан ул мөр байгаа бөгөөд гадаад байдал, ерөнхий бүтэцтэй танилцаад сорилын малтлагыг шороон хэрэм доторхи шороон овгорт болон хэрмийн дотор талд хийжээ. Эндээс олон тооны ахуйн хэрэглээний ваар савны хагархай, бод, бог малын яс, төмөр хайлуулсан төмрийн баасны үлдэгдэл, төмөр болон ясан эдлэлүүд олджээ. Эдгээр эд зүйлсийн дээжүүдийн нас нь 12-14 дүгээр зууны үеийг зааж байгаа юм. Чингис хаан Хятад, Төв Азиас тариачид, гар урчуудыг Монголд авчирч энэ түшиц хотод ажиллуулж байсныг нотлох газар тариалан болон дарханы үйл эрхлэж байсан ул мөр байдаг. Энэ бүхнээс дүгнэлт хийж Чингай хотын балгас мөн гэдгийг батласан хэмээн эрдэмтэд хэлж байв.
 
Д.Өлзий
Эх сурвалж: