ЛОНДОН. /ВВС/. Хэрвээ та зүрх муутай бол хөргөгчний соронзон наалт болон гоёл чимэглэлийн зүйлс амь насанд чинь хүрч болзошгүй болохыг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Хүчтэй соронз ашигласан арилжааны энэ төрлийн олон шинэ бүтээгдэхүүн нь зүрхний аппарат болон зүрхний үйл ажиллагааг дэмжихээр суулгасан төхөөрөмжүүдтэй хүний аминд хүрэхүйцээр харшилддаг ажээ.
Газрын ховор соронзтой /neodymium magnet/ гурав орчим см ойр байхад л хүний амь насыг аварч буй зүрхний төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг тогтворгүй болгоход хангалттай нөлөөлдөг гэж анагаах ухааны “Heart Rhythm” сэтгүүл мэдээллээ.
Харин бүдэг саарал өнгөтэй, соронзны хүч бага ердийн төмөр, төмөрлөг соронз нь эрсдэл арай бага аж. Зүрхний өвчтэй 70 хүн, тэдний дотор зүрхний аппараттай 41, зүрхний хэмнэл сайжруулагч төхөөрөмж суулгуулсан 29 хүнд газрын ховор соронз хэрхэн нөлөөж байгааг Швейцарийн Цюрихийн их сургуулийн эмнэлгийн судлаачид туршиж, ийм дүгнэлтэд хүрчээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0