sonin.mn

Монгол, Оросын хилийн зурвасаас наана “Сайхны хөтөл” хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар Сэлэнгэ аймгийн төвөөс 10 километрийн зайд оршдог.Энэ үзэсгэлэнт газраар МОНЦАМЭ агентлагийн аяллын багийнхан яваад ирлээ.

Дээрх хөтлийг урд нь “Тэмээн хүзүүтийн хоолой” хэмээн нэрлэдэг байсныг нутгийнхан хуучилж байна. Нэрээ сольсон түүх нь Д.Сүхбаатар жанжин эл газар саатахдаа “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээснээр “Сайхны хөтөл” гэж нэрлэх болжээ. “Сайхны хөтөл”-ийн байгалийн үзэсгэлэнг бүрдүүлэх нэгээхэн хэсэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир юм. Эндээс Орхон, Сэлэнгэ мөрөн нийлэн урсаж Байгаль нуурт цутгадаг.

 Мөн тус хөтөлд “Хосын мод” хэмээх байгалийн сонин тогтоц бүрджээ. Аав, ээж, хүүхэд гурвыг бэлгэдсэн хоёр том, нэг жижиг мод хадан дээр ургасан байгалийн үзмэрийг жуулчид ихэд сонирхож байсан юм. Бид хадан үзмэрээс  “Сайн эрсийн хээрийн гэр” хэмээх агуйд зочлов. Энэ агуйн түүхээс сонирхвол, “Д.Сүхбаатар жанжин Хиагт руу явах замд гэнэт  аадар бороо орсноор дээрх агуйд хоргодож” ийнхүү нэрийдсэн гэдэг.



 Монгол Улсын газрын зургийг хадан ширээн дээр сийлжээ

 Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойгоор Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хамт олон “Сайхны хөтөл”-ийг тохижуулсан байна. Уг тохижилтоор  монгол гуталтай 170 см орчим өндөртэй орос хүүгийн барималыг бүтээжээ. Энэ хөтөлд Орос хүүхэд төөрч эсэн мэнд олдсоныг ийнхүү бэлэгшээн барималаар дүрсэлсэн аж.

Мөн тохижилтын ажлын хүрээнд Хосын модны дэргэд сандал байршуулж, Сайн эрсийн хээрийн гэрт чулуугаар ширээ, сандал, тулга хийжээ. Түүнчлэн буугаа үүрэн элдвийг хуучлан суугаа хоёр партизаны хөшөөг бүтээсэн байв. Үүний ойролцоо Монгол Улсын газрын зургийг хадан ширээн дээр сийлж чулуун ширээ, сандал хийж байршуулжээ.

 Сэлэнгэ аймаг нь Чингис хааны хайртай Хулан хатны төрсөн нутаг гэдгээрээ онцлогтой. Тиймээс Хилийн цэргийнхэн Чингис хаан, Хулан хатны дүрсийг зэсээр урлан “Энэ дэлхийн мянганы суут хүн Эзэн дээд Чингис хаан Энэ дагшин амгалан нутгаас Хулан хатнаа залсан билээ” хэмээн бичсэн байв.



Шаамар сумын нутагт  орших  "Ээж мод"

 Түүнчлэн бидний аяллын нэг хэсэг нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт  орших  "Ээж мод" байв. Хүн хэлбэртэй эл модыг “Ээж мод” хэмээн тахих болсоор уджээ. “Ээж мод"-ыг хадгаар ороож тахин өмнө нь идээ будаа өржээ. Модыг тойруулан дугуй булант цайгаар хороолж урд талд нь хаалга гаргасан байв.

Дээр үед  ээж модонд нэгэн эр сүслээд буцахдаа, татсан тамхиа унтраалгүй явснаас бол гал гарч мод шатжээ. Үүнээс хойш хажууд нь ургаж байсан модыг нутгийн лам аргадаж  “Ээж мод” болгосон түүхтэй аж. Тиймээс зон олон хоёр “Ээж мод”-нд сүсэглэдэг болжээ.

“Ээж мод”-нд "Хувьсгалын долоо" гэх хүмүүс мөргөн  Оросоос тусламж авахаар явж байсан гэх түүхэн яриаг нутгийнхан өгүүлж байсан юм. Нутгийн хүмүүс жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа “Ээж мод”-ыг тахин сүү өргөж, хүслээ шивнэдэг байна.



Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг