sonin.mn
Эзэндээ морь, нохой хоёр шиг үнэнчээр зүтгэдэг амьтан үгүй. Ханилгаа муутай, хариг хатуу хүн байна уу гэхээс биш эзнээсээ урвадаг нохой ховор. 
    Нохойд сэтгэхүй байхгүй гэхэд би хувьдаа эргэлздэг. Хэл сэтгэхүй хоёр холбоотой болохыг шинжлэх ухаан нэгэнт баталсан. Хүний хэлийг нохой шиг амархан сурдаг амьтан байдаггүй учраас түүнийг огт сэтгэхүйгүй гэж хэлэхэд учир дутагдалтай мэт. Хүний дараа орох сармагчин, дельфин, морь мэт ухаантай цөөн амьтны нэг нь нохой юм. Нохой эзнээ ядарсан ч, чадарсан ч хаяж явдаггүй, байдгаараа л байдаг. 
    Хоточ нохойн насны тоо дууслаа ч гаднаа хэвтэж үхдэггүй, цагаа болохоор гэр, малаасаа холдож гүвээний цаана очиж нүд аньдаг нь олонтаа. 
    Өвөг, дээдэс маань үхсэн нохойгоо зөнд нь орхидоггүй. Ач буяныг нь хүндлэн сүүлийг нь огтлон онголж оршуулдаг байлаа. Энэ нь шашин шүтлэг бус бөгөөд хүний сэтгэлийн хайр, монголоо алдаагүй мөстэй, жудагтай ард түмнийн минь уламжлалт сайхан зан заншил билээ. Эрт балар хүй нэгдлийн үеэс хүнд хамгийн түрүүн дасч, ойр дотно болсон итгэлтэй нөхөр нохой байсан бөгөөд одоо ч тэр амьтан он жилийн уртад зангаа хувиргаж эзнээ гомдоосонгүй. Нохой шиг үнэнч гэж ярьдаг нь утга гүн, учир нарийн үг юм. Нохой гэснээс бид өнөөдөр хоточ нохойны тухай хөндөн ярих цаг нэгэнт болжээ. Хоточ нохой гэдэг нохой бүгдэд хүзүүвч шиг зүүдэг нэр биш юм. Одоо хөдөө нутагт монгол үүлдрийн хоточ нохой нүдний гэм болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. 
    Хуучцуул дөрвөн нүдтэй улаан халтар нохой гэр малд ээлтэй гэж ярьдаг нь зөвхөн зүсэнд нь болсон хэрэг биш ажээ. Цэвэр үүлдрийн монгол нохой голдуу “Дөрвөн нүдтэй” улаан халтар болон зүрх цагаан хар нохой байсан бөгөөд энэ нь одоо нэр нь хүртэл мартагдаж буй “Банхар, Хойлог, Хүдэр, Хасар, Басар”- ууд билээ. Монгол нохойн дуу холч, бүдүүн, толгой том, хүзүү цээж хүдэр зузаан, сэрвээ бяралхуу өндөр, сүүл хонгорцог өтгөн, хөл тавхай том, зориг цөс их, хүчирхэг өсгөлөн биетэй байсан учраас үлгэр домогт түүнийг  дөрвөн хүчтэнгийн шинж бүрдмэл хэмээн бичсэн байдаг. Дөрвөн хүчтэний шинж нь арслан мэт сүрлэг, барс лугаа гавшгай, луу адил догшин өндөр дуутай, хангарьдтай зүйрлэм хурдан шаламгай гэх мэт. Муурын дуунаар олби оготно дүрвэдэг гэлцдэг шиг хоточ нохойны дуу хүрэх газар чоно ирдэггүй, хот уруу өнгийж эргэдэггүй билээ. 
 
Хоточ нохой хонь хариулж, хот манахаас гадна хээр хөдөө хурга, ишиг хаядаггүй, түүнийг махчин амьтад, хэрээ шувуунд алдаж идүүлнэ гэж үгүй, ямар ч нүдгүй цасан шуурганаар төөрөлгүй мал, эзнээ замчлан гэртээ авчирдаг ач тустай амьтан билээ. Шөнө хотонд үргэж цочсон хонь мал хоточ нохойн дуунаар тайвшран хэвтэртээ буцан хэвтэж амар жимэр амардаг. Хоточ нохой шөнө хонь бэлчихэд хурааж, хумих буюу малаа дагаж оддогийг бид мэднэ. Хоточ нохдыг эзэд нь хагсраан ан авд дагуулж мордохоос бусад сойж уядаггүй. Эцэг өвгөд маань хоточ нохойгоо эцэг малаасаа дутуугүй эрхэмлэн үзэж эртэй, ээлтэй тэр амьтны сүр хүчийг бадраан тод, улаан өнгийн даавуугаар хэл цацаг хайчлан хүзүүвчинд нь зүүж уяандаа бухимдан хоолой нь сөөх вий гэхдээ цээжээр нь хударгалж уядаг. Нохойны хөл гэмтэхээс сэргийлэн хавхыг бог малын бэлчээрээс зайдуу хол зүүдэг. Монгол хүн битүүний үдэш галын бурхнаа тахиж идээ, шүүс өргөхөөс гадна гэр, мал манаж, харанхуй шөнө нүд чих болдог хоточ нохойгоо дээдлэн тураг сайн махаар хоол хийж цатгадаг. Бие нь хатингар давжаа болохоос болгоомжлон давс, халуун ногоотой шөл хоол өгдөггүй уламжлалтай байлаа. Сүүлийн үед бөхөн гөрөөс, хулан, мазаалайн нэгэн адил “улаан номонд” бичигдэх нь халаг болсон амьтны нэг нь монгол нохой юм. Хоточ сайн нохойны удам угсаа тасрах вий гэсэн түгшүүр малчдын сэтгэлийг зовоодог болсоор хэдэн жилийн нүүр үзлээ. 
 
Орчин үед европоос гаралтай, тасалгааны, давжаа биетэй элдэв хаванцар нохойны хувилбар үүлдэр олширсноос хөдөө нутагт чоно сүүлээ сэрвээн дээрээ тавьж, ноход сүүлээ хавчдаг болж, хээрийн амьтан дуртай цагтаа хот уруу өнгийж “шинэ шөл” уудаг боллоо. Өөр хоорондоо цус ойртсон, үс тачир, бээ рэг, зориг зүрх мохоо, дуу сүр муутай, хоолонцор, унтаахай нохдыг хүүхэд залуучууд сүүлийн үед ихэд сонирхон тэжээж, монгол нохойг биеийн хэлбэр галбир, гоо үзэсгэлэн болхи, эрдэм сургуульгүй хэмээн гадуурхан алж устгасны уршгийг өнөөдөр бид биеэрээ эдлэн гэмшиж, малаа чононд алдсан хойноо амаа барихад хүрч байна. Эрлийз ноход малд нүд, сэтгэл дутмаг, бууж мордсон хүмүүст халтай, эв нь таарвал нүднээс далд мал шоглохоос ч буцахгүй, тэр ч байтугай өөрийн элэнц хуланц боохойтой хэл амаа түвэггүй ололцон нөхцөн хоршиж, эргээд гэр мал уруугаа хээрийн амьтан дагуулан ирж гай тарих явдал мэр сэр үзэгдсээр байна. Энэ нь аюул хөнөөл, арга заль, муу санаагаараа чононоос ч аюултай болохыг олон хүн батлан ярихыг сонслоо. ХХI зуунд бид ямар ч боловсронгуй робот хотондоо тавилаа ч хоточ нохойг орлож чадахгүй бөгөөд сүүлийн үед мал уруу довтлох нь олширч байгаа сүүлтэй, сүүлгүй чоныг дан ганц телевизийн дэлгэцээр хянаж түүний өнгөлзлөгөөс аврагдана гэвэл их эндүүрэл болох биз. 
 

Иймд монгол нохойныхоо удам угсааг сэргээж улаан номонд бичигдэхээс нь өмнө аварч хамгаалахгүй бол оройтох нь. Шөнийн цагт хоточ нохойгүй хөдөөний айл нүдгүй, чихгүйтэй адил гэдэг юутай үнэн. Ямарч аюултай улангассан араатан харанхуйн дунд, хаалганы цаана хүн, мал отон зогсч буйг хэн мэднэм билээ. Өнгөн дээрээ хаана ч байдаг нохойны тухай өгүүлж буй мэт санагдавч үүний цаана улсын мал хөрөнгө, нийгмийн эрх ашиг, тэр ч байтугай эгзэгтэй үед хүний хувь заяа, амь нас байж болохыг эрхэм мэргэн уншигчид минь болгоон соёрхоосой билээ. Хүний мөс, нохойны яс хоёр муудвал хамгаас гаслантай. Нохой болгон хоточ байдаггүй ч, чоно болгон чоно байдгийг санууштай.

Эх сурвалж: unen.mn