Орилсоор муу ижийдээ очиж нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний л нүдэнд түгдэг байсан
Ижий минь инээгээд над уруу ирэхэд нь
Энэхэн замба тивийн наран ганцхан над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурхны өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан /Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн. “Ижийтэйгээ байхад би баян байсан”/
Хүний энэхэн орчлонд ижий гэдэг бурхнаас өөр үр хүүхдийнх нь сэтгэлийг зөөллөж голыг нь дэвтээж чадах ид шидтэн гэж хэнсэн билээ. Энэ дэлхийн хаана ч явсан эх үрсийн холбоогоор аргамжигдаж элдэв саад тотгор, гай зовлонг эхийн цагаан сүүгээрээ хааж, элгэндээ нааж энгэртээ тэврэх ээжээс минь өөр ачтан гэж юу сан билээ.
Өгөө, аваатай хорвоогийн өргөс бас цэцэгтэй амьдралын даваа гүвээтэй нугачаанд муу хүү нь айж сандарч, тэвдэхдээ “ээжээ” гэж уулга алдан таныгаа л дуудан тайвшрах юм. Санаснаар болдогггүй энэ л хорвоод та минь одоо дэргэд биш дээрээс, бүр тэнгэрийн орноос хүүгийнхээ дууг сонсон баясаж суугаа.
Саяхан хүү нь муу ээжтэйгээ Хургалжийн талдаа аргал түүж явна гэж зүүдэллээ. Хүүхэд нас минь өнгөрсөн тэр их талаас ээжтэйгээ шуудай шуудайгаар нь аргал түүж үүрч ирдэг байсан улирч одсон он жилүүдийн дүр зураг зүүдэнд минь тодоос тодхон харагдаж байна. Энэ миний ижийгээ ихэд санасны зөн ажээ.
Үртэй бүхэн төлжиж, үндэстэй бүхэн дэлгэрсэн гуравдугаар сарын 27-нд ээж минь та хүүтэй болсон. Хорвоод хүн болж ирсэн хувь заяаны баярт энэ өдөр хүү нь таныгаа үгүйлэн санаж үгэн зул өргөж сууна. Миний ээжийг Гунгаагийн Баасанхүү гэдэг агаад эгэл жирийн нэг монгол ээж. Наддаа бол амьд бурхан юм.
Ээж минь 1943 оны усан хонин жилийн зуны эхэн сард Норжингийн дөрөв дэх охин болж Говь-Алтай аймгийн Наран сумын дөрөвдүгээр багт мэндэлжээ. Ээжийг минь хоёр орчим настай байхад нь нутаг хошуундаа нэлээд зартай хөрөнгө чинээтэй Гунгаа гуайнх өргөж авсан юм билээ.
Аймгийн прокурор хүртэл хийж явсан энэ айлд өсч өндийсөн ээж минь миний аав Шаравын Насанцогттой ханилан сууж, амьдралаа зохиож 10 хүүхэд төрүүлж өсгөн алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялаасан амьдралын баялаг түүхтэй.
Бид 10-ыг нэг, хоёр жилийн зайтай төрүүлсэн болохоор ээж минь хамгийн багаар бодоход л 30 жил нойр, хоолгүй зүтгэж үр хүүхдээ элэг бүтэн өсгөсөн байна. Хүн ээжийнхээ ачийг энэ яваа насандаа хариулж чаддаггүй юм гэсэн. Үнэн гэвэл энэ л үнэн шүү дээ, хүмүүс минь.
10 хүүхэд дундаас намайг жаахан илүү эрхлүүлж байсан байх. Учир нь аавын минь ээж өөд болохдоо “Би танайд эргэж хүү болж төрнө өө” гэж хэлээд бурхан болоод удаагүй байхад би ижийнхээ сүүн хэвлийд олдсон юм гэнэ лээ. Нэг зун ээж минь ах дүү, хамаатан садан, аав ээжтэйгээ уулзахаар аймаг явах боллоо.
Тухайн үед манай бүл ах аймгаас сумын шуудан хүргэж ирээд буцахдаа ээж эгч хоёрыг авч явахаар болсон юм. Уг нь би хамт аймаг явчих санаатай байсан ч бүтсэнгүй. Үүнд нь шаралхаж машин доогуур нь орж хэвтлээ. Тэд намайг загнаж, аргадаж янз янзаар оролдсон боловч би мөчөөгөө өгөлгүй хэвтээд л байлаа.
Тэгсэн оройхон явахаар болж намайг айл уруу юманд явууллаа шүү. Гэрээс гарч гүйсээр нэг эргээд хартал машин хөдлөөд явж байна. Араас нь уйлан харайж хөөсөн боловч тэрхэн зуур машин холдон одож би ээждээ хууртаж үлдсэндээ гомдож бархиран чарласаар хоцорсон юм даг.
Манай нутагт мал малчин хоёрыг туйлдуулж хаашаа л харна цасан бүрхүүлтэй морин жилийн хүндхэн зуднаар ээж минь эдгэшгүй хүнд өвчнөөр хэвтэрт орлоо. Ажил төрөл, хичээл сургууль, амьдрал ахуйгаа зохицуулан ээлж ээлжээр эргэж тойрч асарч тойлсоор хатуу өвлийг давж хаврын сартай золгосон юм.
Тэгэхэд би хотод СУИС-д номын дуу сонсч, уран бүтээлээ хийж явсан үесэн. Дуулсан дуу минь газар сайгүй түгж, түмэн олон баясан сонсч, халуун алга ташилтаар урам өгч байсан болохоор заримдаа ээждээ халамж тавих нь бага байсан ч ээж минь “Миний хүү ажлаа сайн хийж дуугаа л сайхан дуул.
Надад санаа зовсны хэрэггүй, ээж нь зүгээр” л гэж байлаа. Аюулт өвчин ээжийг минь авч одох нь ойлгомжтой байсан болохоор тэр жилийн цагаан сараар ээжтэйгээ шинэлэхээр болов.
Амьхандаа ээжийгээ баярлуулах санаатай цаашлаад дуу хууранд дуртай олон түмэндээ уран бүтээлээ толилуулах зорилгоор дуулсан дуугаараа Монголын үндэсний олон нийтийн телевизэд концерт бичүүлж битүүний орой гаргахаар болж, миний амьдрал уран бүтээлийн хөрөг нэвтрүүлгийг Монголын радиогийн уран бүтээлчид хийж шинийн нэгний өглөө орон даяар цацахаар болсон юм.
Ээжийн минь ариун цагаан сүүн залбирлын буянаар мөнхүү өргөн олны минь сайхан сэтгэлийн дэмээр ажил төрөл саадгүй бүтэж цагаан сарынхаа идээ будаа чихэр жимсээ базааж аваад муу ээждээ баяр хөөртэй очиж билээ.
Санаа дагаад ч тэрүү, ээжийн минь царай нэг л сайхан, өвчиндөө хэдий шаналж ёолсон ч орон дээрээ өндийн сууж муу хүүгийнхээ концерт нэвтрүүлгийг үзэж сонсон нүдэндээ нулимстай их л баярлачихсан байж билээ.
Үр хүүхэд бид ижийгээ эд хөрөнгө, алт мөнгөөр баярлуулах бус ажил амьдралдаа цагаан мөртэй явж сэтгэлийг нь зовоолгүй санааг нь амрааж амар амгалан байлгавал эх хүний хамгийн дээд жаргал тэр юм. Ээжийн минь бие аажим аажмаар суларч бид нар чадах бүхнээ л хийсээр байв.
Уул нь би ээжийгээ аймгийн төвд авчирч асарч тойлъя гэсэн боловч хүүгийнхээ үгэнд ороогүй юм. Бодвол хэдэн мал, нутаг орондоо хоргодсон сэтгэл байсан бизээ. Өвлийн орсон цас ханзарч дуусаагүй мал нэлээд хорогдсон учир манай аймгийн харьяат таван гавьяат хамтран зуд турханд нэрвэгдсэн малчдад сэтгэлийн дэм болох зорилгоор дөрөвдүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод хандивын тоглолт хийхээр боллоо.
Энэхүү тоглолтод миний бие бас оролцохоор болсон юм. Бодож бодож ээждээ энэ тухайгаа хэлэхэд “Яваад ирээ, миний хүү. Түмний төлөө буянтай ажилд оролцолгүй яахав. Ээж нь гайгүй” гэж хэлэхэд нь ээжийгээ мөн ч их өрөвдсөн дөө.
Ямар ч байсан нутгийн ламтай уулзаж хот явах тухайгаа дуулгаж “Явчихаад ирвэл ээж минь яах бол” гэж асуухад “Гайгүй юм байна. Толгой дээр нь судар ном тавиарай. Чамайг хот яваад ирэхэд ээжийг тань байлгаж байна аа” гэж надад учирлав.

“Ээж нь гайгүй зүгээр ээ. Миний хүү яваад ир” гэсэн ижийнхээ үг, судар номын хүчинд итгэж өдрөө хүлээсэн ээжээ орхиод замд гарч гурав хоног явсаар дөрөвдүгээр сарын 10-ны үүрээр хотод ирлээ. Төд удалгүй цаг гаруйн дараа ээжийгээ бурхан болсон гунигт мэдээ сонсч, уйлах гэхээр хэнд уйлах, орилоё гэхээр хаана орилох вэ.
Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж билээ. “Миний хүү. Ээжээсээ хойш намайг чи орлож, амьдралын сайн муу ачааг үүрнэ шүү” гэж аминчлан захиж хэлснийг бодсоор Төв ганданд очиж буяны ном хуруулж ээжийнхээ алтан савыг нь нээлгэхэд “Ээж чинь их сайн хүн байжээ.
Бурхны оронд төрсөн байна” гэж буянтай буурал өвгөн лам надад хичээнгүйлэн айлдсан нь сэтгэлийн гүнд хурсан бөөн хар үүлийг илдэн хөөх шиг болсон юм. Төрдөө хар саналгүй, түмэн олондоо муу зүйл хийлгүй төрийнхөө сүлдэнд л залбирч яв гэж дандаа л захиж сургаж байсан даа, ээж минь.
Тэгээд л та минь бурхны оронд сайн төрлийг олж төрсөн бизээ. Ингээд буян номын ажил төрлөө амжуулж дуусгаад тэр өдрөө яаран нутаг буцлаа. Аймагт цас их орсон учир сар гаруй онгоц буугаагүй юм. Сум уруу шууд явах унаа байхгүй тул аймаг орох шууданд дайгдаж замын дундаас намайг дүү минь тосохоор болов.
Ингэж л бурхан болсон ээждээ очиж буяны ажлыг нь ёсоор болгоож энэ орчлонд “ээжээ” гэж дуудах хүнгүй элэг эмтэрч хоцорсон билээ л. Ээжийн минь чанасан цай, хийсэн хоол мөн ч амттай сан.
Хаврын өдрийн уртад тогоо дүүрэн будаатай, борцтой, банштай цай хийж ойр дотнын хэдэн бууралтай хууч хөөрөн тас тас инээлдэн цайлж суудаг сан. Хол ойрын зочин гийчинг байнга л хооллож ундална. “Их, бага ямар ч хүнийг сайхан хоол цайгаар дайлж бай, хүн хооллож ундалснаар хоосордоггүй юм” гэнэ.
Ээж минь хүүхдэд их хайртай байлаа. Хүний өөрийн гэж ялгахгүй, хүүхдүүд ч ээжид минь их сайн хандана. Ээжийнхтэй саахалт айлын нэг охин “Миний хайртай эмээ бурхан болчихлоо” гээд хичээлдээ явалгүй уйлж суусан тухай охины ээж хожим надад ярьж билээ.
Ер нь ээж минь “Ядарсан, зүдэрсэн, зовлон үзсэн хүн л хүнд тус дэм болдог юм шүү” гэж үргэлж захидаг байсан. Бичиг үсэг заалгаж, эрдэм номд суралцаагүй ч амьдралын хар ухаанаараа бүгдийг хийж удирдан чиглүүлж “Ухаан байвал нас багаддаггүй юм” гэж хэлж ярьдаг байлаа. Ээж минь дуу сайхан дуулна.
Ялангуяа “Тууврын зам”-д киноны дууны аяаар өвөр дээрээ хүүхэд бүүвэйлж “Хүрэн толгойн сүүдэр”- ийг гэгэлзтэл дуулдаг байсан нь одоо ч нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдох шиг болно. Уг нь би эхийн тухай ганц хоёр дуу чадан ядан дуулсан боловч ээжийгээ амьд сэрүүн байхад нь дуундаа мөнхөлж чадаагүйдээ одоо ч өөртөө гомдож явдаг.
Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч, нас цаашлах тусам ээж минь санагдаад, намба суух тусам ээж минь бодогдоод л... Таны минь ангир шаргал уургаа хөхүүлж өсгөсөн 10 сайхан үрийн чинь нэг, аав ээжийн хайртай шар охин, халамжит сайн дүү маань та хоёр дээрээ очихоор биднээсээ үүрд явсан.
Таны минь энэ орчлонд ургуулж, цэцэглүүлж үлдээсэн 10 мөчир нахиалан дэлбээлж таны ач зээ одоо 18 болж, салаалан ургасаар байгааг та минь харж байгаа гэдэгт хүү нь итгэнэм. Эргэх цэнхэр дэлхийг ээжийн бүүвэйн дуугаар уяраасан тунсаг энэ орчлонд таныхаа үргэлжлэл болон амьдарч, түмэн олныхоо дунд хүү нь дуулсаар л явна даа.
...Дөмөн борлог мориороо
Дөрөлжийн голоор дүүхэлзэнэ ээ
Түвшин буурал ээжийгээ
Таны хүү чинь дуулж явна аа, би...
Ижий бурхандаа үгэн зул өргөсөн СТА, дуучин Насанцогтын Энхбат
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
нутгийн дуучин дүү минь овоо доо. Ээжийнхээ тухай ийм нийтлэл бичээд санасан сэтгэлээ онгойлгож явдаг. Уран бүтээлч бидэнд нинжин сэтгэл гэж нэг дуусашгүй баялаг байдаг бололтой.Миний Алтайнханд бүр илүү заяаасан байдаг юм. Чи Сүүлийн үед энэ тэрд савалаад уран бүтээл чинь орхигдож байна шүү. Чи бол ард түмэндээ үгүйлэгдэх дуучин шүү. Одоо ээжийнхээ захисанаар Дуугаа сайхан дуулаад л явж бай. гэж эгч нь захьяа
Хонгор зул аа Чи ээждээ сайхан зул барьжээ. Зул чинь бадамлаг. Гол нь нутгийн чинь эгчийн үг үнэн шүү. Дуугаа дуул, хүнд буян санж яв. Чиний үйлс бүтэж байна аа. бурхан ивээг, хургалжийн тал чинь аргал, хомоолоор дүүрэн байг.
vneheer uh setgel hudulluu amjilt hvsee
tiim dee.suun orgoltei eejiigee burhan bolohoor horvoogiin hatuug gaihaj halaglaj haramsaj bgui l boloh bh daa uhaantai zaluu bna chamd eruui enh az jargal husye
Goni-Altai hot saihan nutag,Enhbataa chi 2010 oni ulsiin bayr naadmaar tsengeldeh dotor heden huushuur hiij ajillaj bhad mini,chi ter ued sogtuu bsaiimuu?ali esbel heden tugregtei bayn baisiimuu eh hun bolgon adilhan baidag yum,chi ehees torson geheergui l aastai negen bsan daa,bi chamaig ehees toroogui,awgai huuhenii ybdal bhgui norj norgoj uzeegui,noiton sormuustai yumgui amitan yum bhaa gej boddog shuu