sonin.mn

3 дугаар сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Автобус унаа, баар ресторан, үзвэр үйлчилгээний газар гээд хүн ам олноор цугладаг бүхий л газарт тамхи татахыг тас хориглосон. Хэрэв энэ хуулийг зөрчвөл өчиггүй торгуулийн арга хэмжээ авна.

 

Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хавдрын өвчлөлийн гол үндэс суурь болж байна гэдэг мэргэжилтнүүдийн дүгнэлтийг үндэслэн бодлогоор боловсруулан баталсан хууль шүү дээ. Энэ утгаараа хууль, хяналтын байгууллагынхан хяналт шаардлага тавих нь гарцаагүй.

 

Хуулийг хамгийн сайн хэрэгжүүлж эхэлсэн газар бол баар ресторан. Гэхдээ ууж идэж байгаа хүмүүс уушгиа хаана баярлуулах вэ гэдэг хүндхэн асуудал тулгарсан юм. Баарны эздийн хувьд ч тамхи татах цэгийг нь зааж өгөөч гэж гуйж байхав дээ. Өмнө нь уунгаа угзруулаад л суух нь тэдэнд орлого талаасаа ашигтай байсан байх л даа.

 

Гэхдээ хуульчдын тайлбарлаж байгаагаар тамхи татах цэгийг тусгайлан зааж өгөх нь тамхичдыг тоог бууруулах биш нэмэгдүүлэх, өөгшүүлэх, улмаар нөгөө л өвчлөлийн голомтыг хэвээр хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж, тийм заалт оруулаагүй бололтой. Нэг ёсондоо тамхи татах зуршлаас татгалзахаас өөр аргагүй байдалд оруулсан хууль гэсэн үг.


Хуулийн дагуу тамхи борлуулах тал дээр ч ихээхэн хяналт тавьж байна. Энэ нь тамхичдаас гадна худалдаачдыг бухимдуулж эхлээд байна. Дуртай ТҮЦ-нээсээ очоод хор худалдаж авдаг байсан замбараагүй үзэгдэл эцэс болох нь нийгэмд ашигтай, худалдаачдад ашиггүй. Худалдаачид өөрсдийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж элдэв хэл ам гаргаж байгаа гэсэн үг.

 

Гэхдээ нийгэм нийтийн эрх ашиг хамгийн чухал учраас тамхины борлуулалтад цензүр тавихаас өөр арга байхгүй санагдана. "Сапорро"-гийн дэргэд байдаг дэлгүүрийн лангуун дээр тамхинууд янз янзаараа алаглана.

 

Худалдагч эмэгтэйгээс тамхи зарахыг зөвшөөрч байгаа юм уу гэж асуувал "Хураа л гээд шаардаад байна. Яг хураачихаар бидэнд хэцүү байна. Оны өмнө дүүргээс тамхи зарах зөвшөөрлөө бөөн юм болж байж авсан юм шүү дээ. Зөндөөн мөнгө төлсөн. Одоо хураачихаар бид хохирох гээд байна. Амьдрал хэцүү байна" гэлээ. Энэ жишээнээс харвал тамхины боруулалт талхтай адилхан түвшинд байхгүй нь тодорхой болжээ.



-Ах нь насаараа тамхи татлаа. Одоо болино гэж юу байх вэ. Одоохондоо дуртай газраа л татаж байна. Тэр баар ресторанд нь ороод байдаггүй. Орлоо гэхэд хүмүүсийн дэргэд татна гэж байхгүй л дээ. Бушуухан 100 татаад гарахаа бодно. Ер нь залуу хүмүүс тамхи татах хэрэггүй шүү дээ. Ялангуяа нусаа хүчрэхгүй муусайн сургуулийн сурагчид бол ёстой ярьшиг л байна. /Сүхбаатар дүүргийн иргэн Д. Дондов/



-Би тамхи татдаггүй. ёстой үзэн яддаг. Над шиг хүнд энэ хууль үнэхээр таалагдаж байна. Залуу хүн болохоороо хааяа найз нартайгаа нэг газар суудаг. Хувцсанд бөөн утаа шингээд л харьдаг байлаа. Одоо бол сэтгэл сайхан л байна. /С. Өлзий, менежер/



-Би мэргэжлийнхээ дагуу олон хүнээс ярилцлага авдаг. Тамхи татдаг хүнтэй ярилцах л хамгийн хэцүү дээ. 1 цаг яриа аваад суухад нөгөөхөө байн байн асаагаад үнэхээр хэцүү. Одоо арай ч тэгж татахгүй байлгүй дээ. /С. Бадамжав, сэтгүүлч/



-Манай ангийн ихэнх эрэгтэй хүүхэд тамхи татдаг. Бас нийлж татдаг хэдэн охин ч бий. Би хааяа нийлээд татдаг байсан. Аав мэдээд аймаар уурласнаас хойш больсон. Тамхины хуулийг манай анийнхан нэг их тоохгүй л юм байна шүү дээ. Нуугдаад л татаад байгаа. / СХД-гийн 65 дугаар сургуулийн сурагч С. Болдсүх/



Тамхи зарахгүй гэхээр гуйгаад хэцүү л байна. Архи зардаггүй өдөр архи гуйгаад зовоогоод байдаг шиг. Өмнө нь тамхи маш сайн зарагддаг байсан. Одоо бол яваандаа тамхи зарах шаардлагагүй болох юм шиг байна /Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо. 8 нэрийн дэлгүүрийн худалдагч Ц. Цэцгээ/



Д.Болд

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"