sonin.mn
ПЕРТ. /Curtin University/. Эрдэмтэд 107 сая орчим жилийн өмнө өнөөгийн Австралийн нутаг дэвсгэрт буюу өмнөд туйлын бүсэд амьдарч байсан эртний хоёр птерозаврын үлдэгдлийг Викториа мужийн музейн агуулахаас олжээ. Энэ олдворууд нь одоогийн байдлаар өмнөд тивийн нутаг дэвсгэр дээрх нисдэг гүрвэлийн хамгийн эртний төлөөлөгчид юм гэж Куртиний их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
 
 
"Цэрдийн галавын үед Австрали тив одоогийн байрлалаасаа өмнө зүгт оршиж байсан бөгөөд тэр үед Викториа муж өмнөд туйлын тойрог дотор байсан тул өвлийн улиралд хэдэн долоо хоногийн турш нарны гэрэл үздэггүй байжээ. Хүрээлэн буй орчны ийм хүнд нөхцөлд птерозаврууд амьд үлдээд зогсохгүй өсөж үржиж чадсаныг бидний нээлт харуулж байна" гэж судалгааны багийн ахлагч Адель Пентланд хэлжээ.
 
 
Судлаачид зарим төрлийн птерозаврууд нь туйлын өдөр, шөнийн нөхцөлд дасан зохицсон байсныг тогтоожээ. Эрдэмтэд "Үлэг гүрвэлийн булан" гэгддэг далайн тохойгоос олдсон чулуужсан олдворуудыг судалж байхдаа энэхүү нээлтийг хийсэн байна. Уг газраас палеонтологичид сүүлийн арав гаруй жилд Цэрдийн галавын эхэн үед туйлын бүсэд амьдарч байсан хэдэн арван үлэг гүрвэл болон бусад эртний амьтдын үлдэгдлийг олжээ.
 
Эдгээр малтлагын үеэр палеонтологичид эхэндээ гарал үүсэл нь тогтоогдоогүй маш олон тооны чулуужсан үлдэгдэл олсныг Викториа мужийн музейн агуулахад хадгалж байсан байна.
 
Австралийн судлаачид саяхнаас тэдгээрийг дахин судалж эхэлсэн бөгөөд 107 сая орчим жилийн өмнө туйлын бүсэд амьдарч байсан Австралийн хамгийн эртний хоёр птерозаврын чулуужсан уг үлдэгдлүүд байсныг тогтоожээ. Хоёр олдворын нэг нь нас бие гүйцсэн эмэгчин птерозаврынх бөгөөд далавчных нь урт дэлгэсэн үедээ 2 метрээс давдаг байна. Харин хоёр дахь нь птерозаврын зулзаганы үлдэгдэл аж. Нисдэг гүрвэлийн зулзаганы яс өмнө нь Австралиас тэр дундаа Цэрдийн галавын эхэн үед өмнөд туйлын байрлалд оршиж байсан бүс нутгаас хэзээ ч олдож байгаагүйг А.Пентланд онцолжээ.
 
 
Птерозаврын зулзаганы үлдэгдэл олдсоноор, эдгээр гүрвэлүүд нь өмнөд туйлын нөхцөлд амьд үлдэж чадсан төдийгүй үүрээ засаж, өсөж үржиж чадсаныг харуулж байна гэж эрдэмтэд хэлжээ. А.Пентланд болон түүний багийнхан энэхүү таамаглалыг батлах нотолгоог дараагийн малтлагаар олно гэж найдаж байгаа аж. Түүнчлэн туйлын птерозаврууд ямар нөхцөлд өсөж торниж байсан талаар ойлголттой болно гэж найдаж байна. 
 
 
Ташрамд дурдахад, птерозавр нь хамгийн анх нисэж сурсан сээр нуруутан бөгөөд эдгээр нисдэг гүрвэл нь Триасын үеийн төгсөлд буюу 220-210 сая орчим жилийн өмнө үүссэн гэж палеонтологичид үздэг.
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг