РОМ. /AsiaNews/. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод (“UNCCD”) нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг (“COP 17”) 2026 онд Монгол Улсад зохион байгуулна гэж тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам даваа гарагт мэдээлжээ.
Энэхүү бага хурлыг зохион байгуулснаар цөлжилт болон эрчим хүчний шилжилтэд зайлшгүй шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлт хоорондын харилцан уялдааны талаар олон улсын хамтын нийгэмлэгийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх боломжийг Монгол Улсад олгох юм.
Цөлжилт нь Монгол Улсын хамгийн том сорилтуудын нэг болоод байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй тус улсын Засгийн газар мөн цөлжилтийн асуудлыг 2021 оноос хойш тэргүүлэх чиглэлүүдийнхээ нэг болгосон. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан "Цөлжилтийн атлас"-аас үзвэл Монгол орны нутаг дэвсгэрийн 76 гаруй хувь нь цөлжилтөд өртжээ.
Газрын доройтлын төлөв байдал тухайн бүс нутгаас хамаарч янз бүр байгаа хэдий ч нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь нь хүчтэй болон нэн хүчтэй доройтсон бөгөөд энэ нь хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйн үйл ажиллагаанд зориулагдсан газар нутгийн 90 орчим хувьд аюул учруулж байна.
Үүний цаана Говь цөлийн бүсийн тэлэлт, газар тариалан, уул уурхай зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй олон хүчин зүйлс бий. Монгол Улс нь эрчим хүчний шилжилтэд хамгийн их үүрэгтэй нүүрс, зэс, алт, газрын ховор элементүүдээр баялаг тул ялангуяа уул уурхайн асуудал өнөөдөр онцгой чухал асуудал болоод байна. Уул уурхай нь Монгол Улсын аж үйлдвэрийн гол салбар хэвээр байгаа бөгөөд Дэлхийн банкны мэдээллээр, 2021 онд ДНБ-ийх нь 22 орчим хувь, экспортынх нь 80 гаруй хувийг эзэлжээ. 2020 онд Монголын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөгөө зарласан ч зэс, газрын ховор элементүүдийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь энэ төлөвлөгөөг удаашруулах төлөвтэй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтэд Монгол Улсыг голлох үүрэгтэй оролцуулахыг зорьж байна. 2019 онд тус улсын ДНБ-ий 7 гаруй хувийг эзэлж байсан аялал жуулчлалын салбар “COVID-19” цар тахлын үед хүнд цохилтод орсноос гадна, Оросын нислэгийн чиглэлүүд хориг арга хэмжээнд өртөхөд хүргэсэн Украины дайнаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүд бий.
Уул уурхайн салбарын өсөн нэмэгдэж буй ач холбогдол цөлжилтийн асуудалтай зэрэгцэн тавигдахын хэрээр газрын доройтлыг бууруулахад ихээхэн хүчин чармайлт шаардагдах нь дамжиггүй. Монголын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг бол “Нэг тэрбум мод” тарих томоохон төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ энэ жил 40 гаруй сая мод тарих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарт илүү тогтвортой хөгжлийг анхаарах үүрэг амлалтгүй цөлжилттэй тэмцэх нь үр дүнгээ өгөх нь юу л бол.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(4)
Тэрбум мод тарих байршлаа тогтоогоогүй , цөлжилтийн тухай бодит ойлголт байхгүй байгаль орчны яам байхад ямар ч ажил үр дүнгээ өгөхгүй.
Дэлхийн цаг уур жил бүр 1.5 хэмээр дулаарч байгаа. Үүнд нөлөөлж байгаа хүлэмжийн хий ихэссээр байгаа тул цаашдаа дэлхийн цаг уур 2.5 хүртэл хэмжээгээр нэмэгдсээр байх болно. Ингээд тооцвол яг сүйрэл гэж яривал 60-70 жил л бидэнд үлдсэн. Дэлхийг сүйрэлд хүргэж байгаа гол хүчин зүйл бол хүн өөрөө юм. Судалгаа хийгээд дэлхий сүйрэх гээд байна гэдгийг мэдээлээд хэлээд байхад өөрчлөх ажлыг хүн төрөлхтөн хийхгүй байна. Аль ч улс дэлхийн дулаарлын зовлонг үүрнэ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийн дулаарлын талаар дэлхийн өнцөг булан бүрд эрдэмтэд очиж судалсан. Энэ бол шинжлэх ухааны үндэстэй. Ор үндэсгүй худлаа зүйл яриагүй. 30 жил судалсны эцэст энэ бол хөдөлшгүй үнэн юмаа гэдэгт эрдэмтэд нэгдсэн. Дэлхий өөрөө өөрийгөө цэвэрлэж байна, худлаа ярьж байна гэж болно шүү дээ. Жишээ нь дэлхийн томоохон бизнес эрхлэгчид дотор дэлхийн дулаарлыг худлаа гэж ярьдаг хүмүүс бий. Өөрсдөө тэд чинь хүлэмжийн хий ялгаруулж байгаа учраас бизнесээ хамгаалахын тулд тэгж ярьж байж болно.
дэлхийн хурал ихэдлээ дэлхийн халуун цөм рүү ус эсвэл хүчилтөрөгч орж хэзээ үнс нурам болж дэлбэ үсрэх болдоо тариагүй тэрбум мод байтугай таван мянган жил ургасан ой модыг огтлоод шатаад дууслаа Гариг дэлхий дотроосоо халаад Гадаад мөсөн тив хоёр талаасаа Хайлаад Газрын эрдсийн давхарга нимгэрээд Галт уулын цооногууд цойлон оргилох Цаг мөч ирээд байна Хүн төрөлтнийг хүйс тэмтрэх Хүйтэн дайн юу ч биш байна Гариг дэлхийг бүслэн хүлсэн Ган төмөр хиймэл дагуулууд Ганц түмийг даваад байна Соронзон голч хазайж Согтуу хүн шиг гуйвж байна Халуун зун цас манартал орж Хөхөө өвөл хөлдхөө болилоо Дөрвөн улирал-хавар намар өвөл зун Дөрвүүлээ нэг өдөр дэлхий дээр тохионо Ургаа модыг үндсээр нь булгалах хар салхи Усан бороо хувингаар асган Урдаа байгааг урсган аваачина Галт наран газар ойг шатааж гольфийн бөмбөг шиг мөндөр толгой дээр бууна Сүмбэр уулын мөс нь хайлж Сүн далайд тивүүд живнэ Америк галзуурал туйлдаа хүрч ашигтай хөрөнгө оруулсан гэж зар
Ядуугаа мэдэхгуй ямар их хэрэггуй хуралддаг юм бэ угаасаал целжилттэй нутаг орон ургэлж ийм л байсаар ирсэн