sonin.mn
ЖЕНЕВ. /TASS/. Европын цөмийн судалгааны байгууллага (CERN) цэнэгжсэн бөөмсийн хурдасгуур буюу Адроны их хурдасгуурыг техникийн засвар үйлчилгээ хийхээр 11 дүгээр сарын 28-ны даваа гарагт унтраажээ. 
 
CERN-ийн хэвлэлийн төлөөлөгч Софи Тезоригийн мэдээлснээр, эрчим хүч хэмнэх үүднээс уг хурдасгуурыг төлөвлөснөөс хоёр долоо хоногийн өмнө унтраасан байна. Одоогоор 2023 оны хавар дахин ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ. 
 
"Жилийн эцсийн техникийн зогсолт 2022 оны 11 дүгээр сарын 28-нд, өөрөөр хэлбэл өмнө нь төлөвлөж байснаас хоёр долоо хоногийн өмнө эхлэх бөгөөд 2023 онд хурдасгуурын цогцолборын ажиллагаа 20 хувиар буурна” гэж “CERN” есдүгээр сарын сүүлчээр мэдээлжээ. Энэ төлөвлөгөөг ирэх саруудад "эрчим хүч хэмнэх тохиргоо" хийх үүднээс “эрчим хүч нийлүүлэгч Францын “Electricite de France” компанитай зөвшилцсөний үндсэн дээр гаргасан болохыг” тус байгууллагын цахим хуудсанд онцолсон байна. 
 
Адроны их хурдасгуурыг 2018-2022 он хүртэл үргэлжилсэн техникийн томоохон шинэчлэлт хийсний дараа энэ оны долоодугаар сарын 5-нд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан юм. CERN-ийн мэргэжилтнүүд 450 гигаэлектронвольт (GeV) энерги хүртэл хурдасгасан протоны хоёр туршилтын цацрагийг хурдасгуурын гол цагирагт ажиллуулснаар шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын сүүлчээр албан ёсоор дууссан байна.
 
Дараагийн хоёр сард нь эрдэмтэд бүх шинэчлэлт, Адроны их хурдасгуурын шинэ системийг болон бөөмсийг илүү их энергид буюу 13.6 тераэлектронвольт (TeV) хүртэл хурдасгах бэлтгэлийг шалгажээ. 
 
 
Д.Жарагл
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг