sonin.mn
Цэргийн гавьяаны одонт, БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангид 2022 оны хоёрдугаар ээлжид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын болон ангийн захирагчийн тушаалын дагуу 11 дүгээр сарын 26-ны өдрийн морин цагт зохион байгууллаа.
 
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс, Цэргийн штабын дарга хурандаа Д.Эрдэнэбаяр, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч дэд хурандаа Х.Лхагвадорж болон тус ангийн нийт бие бүрэлдэхүүн, Цэргийн тангараг өргөж буй дайчдын эцэг, эх, гэр бүл, ахан дүүс, найз нөхөд оролцов.
 
Энэ үеэр ангийн захирагчийн тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, хугацаат цэргийн алба хаагчид эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа өргөсний дараа Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч дэд хурандаа Х.Лхагвадорж, ахмадын зөвлөлийн дарга бэлтгэл дэд хурандаа Ш.Энхболд, байлдагч Б.Отгонбаярын аав Ж.Батбуян, байлдагч А.Тэмүүжин нар баяр хүргэж үг хэлсэн юм.
 
Тэдний дотроос иргэн Ж.Батбуян хэлсэн үгэндээ “Миний бие одоогоос 38 жилийн тэртээ Барилгын цэргийн 223 дугаар ангид 3 жил буюу 1080 хоногийн хугацаанд эр хүний насан туршийн дурсамж болсон хугацаат цэргийн албыг хааснаараа бахархаж байна. Та бид энэхүү нэр хүндтэй албыг хааснаараа нэгдүгээрт, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт суралцах, хоёрдугаарт, олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэхийн сацуу илүү дотно нөхөрлөх, гуравдугаарт, бие бялдар хөгжиж, хүнээс үг сонсох, өгсөн үүргийг ягштал биелүүлэх, өөрийгөө хөгжүүлэх чадварыг бүрэн эзэмших өндөр ач холбогдолтой юм.
 
Цаашид та бүхэн бусдыгаа манлайлж, хүүхдүүдээ цэргийн албанд явуулж, заавал биеэр хаалгах, цэргийн албаны давуу талуудыг олон нийтэд зөв сурталчлан таниулах, эх орноо батлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг болохыг мэдрүүлэхэд сэтгэл гаргана гэдэгт итгэл төгс байна” хэмээсэн нь олны анхаарлыг ихэд татав. Мөн байлдагч Адъяагийн Тэмүүжин “Эрэлхэг зоригт хөвгүүдийнхээ Цэргийн тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирсэн офицер, ахлагч, зочид, эцэг, эхчүүд, ахан дүүс, найз нөхдөдөө баярын мэнд дэвшүүлье. Цэргийн алба нь эрдэм мэдлэг олгодог, цэргийн хэрэгт сургадаг, тэсвэр хатуужил, цэвэр нямбай байдалд дасан зохицуулдаг онцлогтой алба. Бид цэрэгт ирснээр цаг ашиглаж, дасгал хөдөлгөөнийг хийж, эрүүл амьдралын дадалтай болж байна. Дэлхий дахинд нэр хүндээ цуурайтуулсан монгол цэргийн үргэлжлэл болсон бид бүхэн цэргийн эрдэмд шамдан суралцаж, бие бялдар, оюун ухаанаа хөгжүүлэн хугацаат албаа нэр төртэй хаахаа үе тэнгийн дайчин нөхдөө төлөөлөн илэрхийлж, уриалж байна” хэмээсэн юм.
 
Үүний дараа жагсаалын болон гардан тулааны тун сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлсний зэрэгцээ зэвсэглэл, техникийн үзэсгэлэнг дэлгэж сонирхуулсан бөгөөд тус ангийн ардын авьяастнуудын урлагийн тоглолтыг үзүүлсэн нь хүндэт зочид, хүрэлцэн ирэгсдийн талархал, хүндлэлийг хүлээж байлаа. Төгсгөлд нь тус ангийн захирагч болон удирдах албан тушаалтнууд хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эх, гэр бүлийн төлөөлөлтэй уулзаж, Зэвсэгт хүчний болон ангийн үйл ажиллагаа, бодлого, зорилтыг дэлгэрэнгүй танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулсан ба тэднийг ангийн штаб, цэргийн байр, хичээлийн танхим, соёлын төв, биеийн тамирын заал, эрүүл мэндийн төв, цэргийн гал тогоо, халуун ус, угаалгын газруудаар оруулан ангийнхаа үйл ажиллагааг бодит байдлаар сурталчлав.
 
 
Хошууч Ц. Ганбаяр