sonin.mn
Монгол Улс, АНУ-ын Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах асуудлаарх анхны хэлэлцээ өнөөдөр цахимаар болов.
Тус хэлэлцээг монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, америкийн талаас АНУ-ын Төрийн департаментын Агаарын тээврийн хэлтсийн дарга Алан Тусиньян ахалж, хоёр талын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
 
 
 
Хэлэлцээний явцад талууд иргэний агаарын тээврийн салбарт баримталж буй бодлого, цаашдын хөгжил, хамтран ажиллах боломж, хэлэлцээрийн төслийн голлох элементийн талаар санал солилцов. Хэлэлцээрийн төслийг тохиролцох албан ёсны хэлэлцээ эхэлж буй нь агаарын тээвэрлэгч шууд нислэг үйлдэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэх эрх зүйн суурь бүрдэхэд чухал ач холбогдолтой юм.
 
 
 
Талууд дараагийн шатны хэлэлцээг ойрын хугацаанд үргэлжлүүлэхээр тохиролцов.