sonin.mn
ПАРИС. /Zaobao/. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гарагт хэлсэн үгэндээ, “ОХУ, Украины дайнд ОХУ ялалт байгуулж чадахгүй. Шаардлагатай бол барууны орнууд Киевт тусламж үзүүлэх бөгөөд ОХУ-ын эрчим хүчний экспортын хориг арга хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэв. Тодруулбал, тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Москвагийн цорын ганц зорилго бол Украиныг бууж өгөхийг харах явдал гэдэг нь маш тодорхой байна. Энэ оны эцэс гэхэд энэ мөргөлдөөн дуусна гэдэгт найдаж байна. ОХУ энэ дайнд ялж чадахгүй бөгөөд ялах ч ёсгүй” гэжээ.
 
Украины аврагчид пуужингийн цохилтод өртсөн худалдааны төвд аврах ажиллагаа явуулж буй тухайн өдөр Э.Макрон ийнхүү хатуу үг хэлсэн байна.
 
Тус халдлагын улмаас 18 хүн амиа алдаж, 36 хүн сураггүй алга болсон гэж Киевийн эрх баригчид мэдэгдсэн. Э.Макрон хэлэхдээ, “энэ халдлага нь ОХУ-ын эсрэг цаашид хориг арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж байгаа бөгөөд “Долоогийн бүлэг”-ийн орнууд Украинд үзүүлэх цэргийн тусламжаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно” гэв.    
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг