сонин mn
Монгол Улсын Зэвсэгт хүчин цэргийн алба хаагчдаа энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж эхэлснээс хойш даруй 20 жилийн түүхийг баринтаглаж  байгааг уншигч та бүхэн андахгүй мэдэж буй. Энэ хугацаанд давхардсан тоогоор 20365 цэргийн алба хаагч НҮБ-ын болон олон улсын бусад 13 ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн дэлхийд данслагдаж, эх орныхоо бахархал, эгэл баатрууд болсон юм. 
 
Эдгээрийн дунд эх орныхоо дуудлагаар хугацаат цэргийн албанд татагдаж, улмаар улиран цэргийн гэрээт албанд шилжин алба хаах ахуйдаа хилийн чанадад үүрэг гүйцэтгэн цэнхэр дуулгатнуудын эгнээнд элссэн цөөнгүй дайчид байдаг билээ. Тэдгээрийн төлөөлөл болгож Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хуягт техникийн нярав, засварчин ахлагч Б.Уугантөгсийг урьж ярилцлаа. 
 
Уншигчдадаа таныг танилцуулахаас яриагаа эхэлье ...  
 
-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумынх. Дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь хүү нь. Сумынхаа ерөнхий боловсролын 11 жилийн I сургуулийг 2009 онд төгссөн. Үргэлжлүүлэн их, дээд сургуульд элсэн суралцаж, мэргэжил боловсролтой болохыг эрмэлзсэн ч юуны түрүүнд иргэний үүргээ биелүүлэн эр цэргийн алба хаахаар шийдэж, 2010 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч болсон. Тухайн үед би өөрийгөө эргэлт буцалтгүй цэргийн хүн болно гэж огт бодоогүй. Ганцхан жил юм чинь ямартаа ч цэргийн алба хаачихъя, тэгээд сурч боловсрох, ажил төрөл хийх зэрэг хувийн чанартай асуудлуудаа шийдье гэсэн төлөвлөгөөтэй байв.  
 
Тэрхүү төлөвлөгөө нь чухам яагаад өөрчлөгдсөн, цэргийн хүн болж үлдсэн хөшүүрэг юу байсан зэргээсээ хуучлахгүй юу?      
 
-Тухайн үед үе тэнгийн найз нөхдийн маань дунд цэргийн албыг хүнд хэцүү  гэж боддог, нэг жилийн хугацааг ямар ч үр бүтээлгүй дэмий өнгөрүүлдэг гэж ойлгодог, тиймдээ ч цэргийн албанаас тойрч зугтах, яаж ийгээд аргалаад өнгөрүүлэх хандлагатай залуус цөөнгүй байв. Би ч ялгаагүй ээ, заавал хаах үүрэгтэй гэдгээ ухамсарлаж байсан ч хүнд хэцүү алба гэдэг дээр санал нэгддэг байлаа. Гэтэл яг орчинд нь ирээд хэтэрхий өрөөсгөл ойлголттой байснаа мэдэрч, өөрийнхөө тэрхүү бодлоос ичсэн гэх үү дээ. Олон аавын хөвгүүд мөр зэрэгцэн алба хааж, харилцан суралцаж, хамтдаа хөгжиж, нийтээрээ төлөвшиж, өөрөө өөрийгөө олж, амьдралд бэлтгэгддэг талбар байсан болохоор тэр. Яг үнэндээ би жаахан дураараа, хүнээс үг сонсох, шүүмжлэл хүлээх, тэвчээр хатуужилтай байх талаар сул нэгэн байлаа. Харин цэргийн алба хааснаар өнөөдрийн өөрийгөө олж авсандаа сэтгэл хангалуун байдаг юм. Цэргийн албаны бүхий л үйл ажиллагаа дүрэм журам, сахилга хариуцлага, эмх цэгц, цаг хугацаанд захирагддаг болохоор цэргийн алба хаагч яг л тэр зарчмаар төлөвшдөг юм билээ. Миний хувьд хугацаат цэргийн албаа хаачхаад нэг хамгаалалтын албанд ажилд оров. Өмнөговь аймгийн Цагаан хад сум руу ч томилогдлоо, хэсэг ажиллалаа. Гэвч нэг л санаанд нийцсэнгүй. Тэгээд хот руу буцаж ирээд 2013 онд цэргийн гэрээт албанд өөрийн хүсэлтээр элсэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хуваарилагдав. Хугацаат цэргийн алба хааж эхлээд л цэргийн амьдралд дурлаж, цэргийн хүн болох тухай бодолд битүүхэндээ дарагдаж явсан учраас ийнхүү эргэж ирсэн хэрэг. 
 
Та цэргийн гэрээт албыг хааж байхдаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэсэн цөөн залуусын нэг. Энэ бас л хүн бүрд олдох боломж биш шүү дээ ...
 
-Цэргийн хүн болсон минь, нэгтгэлд алба хааж байгаа маань тэр тусмаа энхийг сахиулах ажиллагаанд оролцон үүрэг гүйцэтгэж, цэнхэр дуулгатнуудын эгнээнд элссэн маань миний хамгийн том бахархал. Гэр бүл, ойр дотнынхонд цэргийн хүн байдаггүй болохоор манайхан ч надаар бахархаж, гайхуулна гэж сүйд. Энэхүү хүндтэй боломж надад яаж олдсон бэ гэхээр 2013 онд Зэвсэгт хүчний "Олимп" гэгддэг Марш-тусгай бэлтгэлийн тэмцээнд ангиа төлөөлөн онжавуудын хамтаар амжилттай оролцож IV байрт шалгарсныг маань тухайн үеийн ангийн удирдлагууд үнэлэн сайшааж энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаар шийдсэн юм. Тэрхүү шийдвэрийг сонсоод миний хувьд маш их баярласан. Бас асар их урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг олж билээ. Мөн л цэргийн гэрээт албанаас хилийн чанадад хөл тавьж, энхийг сахиулагчийн эгнээнд элсэнэ гэж төсөөлж ч байгаагүй. Ингээд л 2014 онд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн, IV ээлжийн цэргийн багийн нэг эд эс нь болж энхийг сахиулагч хэмээх эрхэм алдрыг хүртсэн дээ. Ингэж юугаа ч мэдэхгүй хүн анхлан ажиллагаанд явахаар зэхэж байх үед манай нэгтгэлийн батальоны захирагч хошууч Б.Баттүвшин дарга маань бидэнд хүн өөрөө л хичээвэл асар их боломж байдгийг ойлгуулж, энхийг сахиулах ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгч, яг л төрсөн ахаас минь өөрцгүй зааж зөвлөж, дэмжиж тусалж байсанд одоо ч баярладаг юм.   
 
Энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсон тухайгаа гэр бүлийнхэндээ дуулгахад хэрхэн хүлээж авч байсан бэ? 
 
-Аав маань бидний багад бурхан болчихсон учир ээж минь бид дөрвийг бусдаас дутуугүй эрүүл саруул өсгөж өндийлгөн, өдий зэрэгт хүргэхийг хичээн хар бор ажил хийхээс эхлээд хувийн жижиг бизнестэй болтлоо хичээж  ирсэн юм. Тийм болохоор ах бид хоёр ч айлын том хүүхдүүдийн хувьд аль болох л ээжийгээ баярлуулах, ачийг нь хариулах, тус дэм болж зөв явахыг багаасаа ухаарч өссөн. Миний хувьд азаар цэргийн албыг сонгож, улмаар амьдралынхаа чиг шугамыг зөв олж, замаа онож гишгэсэндээ олзуурхдаг. Тухайн үед энхийг сахиулах ажиллагаанд явах болсноо хамгийн түрүүнд ээждээ дуулгасан. Бөөн баяр хөөр болсон хүн л ярьж билээ. Ээж маань ч баярлах, гайхах, үл итгэхийг зэрэгцүүлэн хүлээж авсан. Мундаг офицер, ахлагч нар л явдаг хариуцлагатай албанд гэрээт цэрэг хүү нь явна гэж төсөөлөөгүй нь мэдээж шүү дээ. Тэгээд л эх хүний хувиар хариуцлагатай байх, олны дунд эв эеийг хичээх, хүний газар бүхий л талаар болгоомжтой байх гээд л олон зүйлийг захиж сургаж эхэлсэн. Ээжийн маань эдгээр захиас даалгавар ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлээд л хэрэгжсэн дээ.   
 
Африкт анх хөл тавьсан мэдрэмж бас л нэгийг өгүүлэх байх даа ... 
 
-Хөөрч догдолсоор байгаад иртэл юу болов доо л гэж бодогдсон. Халуун бүгчим агаар хамаг биеийг минь хүлчих шиг л санагдаж билээ. Жуба хот дахь дамжин өнгөрүүлэх баазад хэд хонох гэж үйлээ үзсэн. Сүүдэр бараадаад зүгээр суугаад байхад л хамаг биеийн хөлс асгараад байгаа юм чинь. Яаж ийм байдлаар бүтэн жил болох билээ гэж бодогдож байсан шүү. Гэтэл монголчууд бидний аливаад дасан зохицох чадвар үнэхээр гаргууд гэдгийг биеэрээ мэдэрсэн. Маш богино хугацаанд дасан зохицоод л сүүлдээ сүүдэр бараадвал даарах шинжтэй болоод эхэлсэн. /инээв/ Цаг агаар, уур амьсгалаас гадна хүн ардынх нь аж амьдрал, хот тосгодынх нь орчин нөхцөл, амьдралынх нь хэв маяг гээд л сонин содон зүйл бишгүй байлаа. Энэ бүхнээс иргэдийнх нь тэр тусмаа ирээдүй болсон хүүхдүүдийнх нь харц болгон цаанаа л гунигтай нь хамгийн өрөвдөм санагдаж байв. Дайны сүүдэрт дайруулсан хүмүүс ямар л олигтой байх вэ дээ. 
 
Эндээс л эргээд эх орноороо бахархах сэтгэл төрнө биз? 
 
-Яг тийм. Ямар азаар монгол хүн болж төрсөн юм бэ гэж эрхгүй бодогддог юм билээ. Эргүүл цуваанд явах, харуул манаанд гарах зэргээр баазаас гадна үүрэг гүйцэтгээд явж байхад ус, талх, хоол хүнс гуйгаад л алгаа тосоод гүйгээд ирэх хүүхдүүдийг хараад ямар их юм бодогдоно гээч. Үнэхээр өр өвдмөөр мэдрэмж. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласан дэндүү тансаг эх орондоо, дэндүү их аз жаргалыг эдэлж амьдрах их хувь хишигтэйдээ л баярласан. Тэр хэрээрээ эх орныхоо үнэ цэнийг илүү мэдэрч, илүү хайрлах сэтгэл төрсөн. Бид чинь өөрт байгаа эрхэм үнэт зүйлүүдээ огт анзаардаггүй юм билээ шүү. Эргэж ирээд онгоцноос буух агшинд ямар мэдрэмж төрсөн гэж санана. 
 
Ямар мэдрэмж гэж? 
 
-Тэр тансаг мэдрэмжийг одоо ч мартдаггүй. Ямар үгээр илэрхийлмээр юм бэ дээ. Сэнгэнэсэн цэвэр тунгалаг агаар цээж дүүрээд л, сэвэлзүүр салхи хацар илбээд л, эх орныхоо тийм яруу тансгийг тэгж л анх мэдэрсэн. Африкт энхийг сахиулаад ирсэн хүн бүхэн тэр л мэдрэмжийг миний адил авсан байх л даа. Ялангуяа анх удаа яваад ирэхдээ. Хоёр дахиа бол тийм гүн сэтгэгдэл үлдээгүй. 
 
Хоёр дахь ажиллагаа нь хаана үргэлжлэв ... 
 
-Мөн л БНӨСУ-д 2019-2020 онд буюу хурандаа Д.Баттүвшин захирагчтай IX ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн. Миний хувьд энхийг сахиулах ажиллагааг туршлагатай мундаг удирдлагууд, чадварлаг олон залуус, хамт олноосоо суралцах, өөрийгөө хөгжүүлэх том боломж, мөн мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа бусад орны цэргийн алба хаагчдаас туршлага хуримтлуулах гарц гэж ойлгодог. Ийм нэр хүндтэй үйлсэд хоёр удаа оролцож цэргийн алба хаагчийнхаа хувьд чамгүй туршлага хуримтлуулсан, хувь хүнийхээ хувьд ч нийгмийн асуудлаа тодорхой хэмжээнд шийдсэн. Энэ бол өнөөдрийн намайг бүтээсэн хугацаат цэргийн албаны л ач тус. Өөрөөр хэлбэл би Зэвсэгт хүчний тэр тусмаа ахлагчийн бүрэлдэхүүний нэг эд эс нь болохын тулд “А”-гаас нь эхэлсэн, тиймээс албандаа үнэнчээр зүтгэж, тууштай ажиллах хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Учир нь байлдагч байхаас минь өлгийдөж өнөөдрийн намайг төлөвшүүлсэн Зэвсэгт хүчиндээ би өртэй.
 
 
Өртэй гэснээс энд би сэтгэл дундуур байж, шүүмжлэлтэй ханддаг нэг зүйлийнхээ тухай ярьчих уу? 
 
Тэг л дээ. Таны өмнө миний дуу хураагуур нээлттэй байна шүү дээ? 
 
-Би өөрөө байлдагч байхаасаа л цэргийн албанд дурлаж, шат дараалан ахисаар ахлагч болсон болохоор тэр юм уу албаа дундаас нь орхиод гарч байгаа, нэг, хоёр удаа ажиллагаанд явчхаад хүчний бусад байгууллагууд руу шилжиж байгаа залууст сэтгэл дундуур байдаг юм. Хувь хүнийхээ хувьд илүү боломжийг ашиглаж, илүү ахиж дэвшиж байж болох ч хэн байгаад, хаанаас эхэлснээ бодох нь илүү чухал байх гэж боддогоо нуугаад өнгөрмөөргүй санагдлаа. 
 
Санал нэг байна. Эндээс тууштай байх нь таны зарчим юм гэж ойлголоо ...  
 
-Аливаад тууштай, уйгагүй байхыг ээж минь бидэнд сургасан. Тэгээд ч хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордог гэдэг үг бий шүү дээ. Тийм болохоор би юм, юм руу үсчээд байхыг боддоггүй. Нэг л зүйлдээ тууштай байдаг. Магадгүй энэ нь бусдад болхи, хөгжихгүй байгаа мэт харагдаж болох юм.   
 
Хэтийн зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу? 
 
-Залуу хүний хувьд зөндөө л мөрөөдлийг тээж байгаа. Хувь хүнийхээ хувьд амьдралаа төвхнүүлэх, цэргийн хүнийхээ хувьд илүү боловсрох, мэргэших, сургалт дамжаанд суралцахаас эхлээд төлөвлөсөн зүйл их бий. 
 
Ярилцлагынхаа төгсгөлд та юуг онцлох вэ?   
 
-Хугацаат цэргийн албанаас зайлсхийж байгаа залууст хандаж, цэргийн алба гэдэг тойрч зугтах алба биш, тэндээс та өөрийгөө олно гэдгийг хэлмээр байна. Би “Бага хүүгээ цэрэгт явуулахгүй” гэж нялхарсан ээжийгээ зэмлэж, цэрэгт явахгүй гэж эрхэлсэн дүүгээ сургууль дээр нь очиж ятгаж байгаад цэрэг татлагын комиссоор оруулаад л хугацаат цэргийн алба хаалгасан. Дүү маань цэргийн албанд жигтэйхэн дурлаж албаа сайн хаасан. Одоо ШШГЕГ-ын 409 дүгээр ангийн салбар ангид сурган зааварлах багш албан тушаал хашаад дэслэгч болчихсон л гүйж яваа. Цаг гарган ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 
 
-Намайг урьж ярилцсанд баярлалаа. Энэ ташрамд, монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжийг судалж, энэхүү гарцыг нээсэн тухайн үеийн төр засгийн болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагууд, шанг нь татсан анхны энхийг сахиулагчид, энэхүү хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэйгөөр түүчээлэн дэлхийд данслагдаж өнөөдрийн түүхийг бүтээлцсэн үе үеийн нийт цэнхэр дуулгат энхийг сахиулагчдадаа цэргийн гэрээт албанаас хилийн чанадад хөл тавьж, энхийн үйлсэд оролцсон нийт алба хаагчдаа төлөөлөн 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
 
 
Хошууч Д.Мэндбаяр  
 
"Соёмбо" сонин