sonin.mn
Урин хавар хэмээн уянгатай дууддаг ч хүйтэн жавар тачигнасаар л байна. Өглөөхөн хялмаалсан цасыг тогтсон даруйд нь шүүрдсээр үдтэй золголоо. Мужаан Э.Нямлхагва түр амсхийх зуураа бидэнтэй хөөрөлдлөө. Угтаа бол урьдаас ярьж тохирсон учраас түүнийг бид ажлаас нь ийн хөндийрүүлэв. Ахархан богино хугацаанд л даа. Айхгүй ч аягүй гэгчээр “Таны ажил ...” гэхэд “Зүгээр ээ, би дараа нь амжуулчихна аа” хэмээв. Ингээд бид ЗХЖШ-ын 2021 оны “Тэргүүний ажилтан”-ыг өөрсдийн мэдэлд бүрэн шилжүүлэх нь энэ. Мужаан Э.Нямлхагвын хамт ажлын өрөөг нь зорилоо. Ажил буцалсан өдрүүд үргэлжилж байгаа нь илхэн.
Тэрээр БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтэс гэх өнөр бүл, эвсэг хамт олны дунд идээшсээр хоёр дахь хавартайгаа л золгож байгаа юм. Ажилд орсон анхны өдрөөс л түүнд зааж, чиглүүлсэн хүн нь тус хэлтсийн ахлах цахилгаанчин дэд ахлагч Д.Энх-Амгалан ажээ. Тэрээр өмнө нь мужаан хийдэг байсан бөгөөд цахилгаанчин болоод  Э.Нямлхагвад халаагаа өгсөн байна. Бид дэд ахлагч Д.Энх-Амгалангийн талаар ам нээгээд удаагүй байтал захиалсан гэмээр өөрөө ороод ирэх нь тэр. 
“Тохижилт засвар үйлчилгээний их ажлын үед Э.Нямлхагва маань орж ирсэн дээ. Тэр үеэс бид хамтдаа гар нийлж сайхан ажиллаж байна. Хийж чадахгүй, мэдэхгүй гэхийн зовлонгүйгээр болгоно л гэж дайрдаг махруу зантай. Сайн санадаг юм, анхандаа надтай хамт дагаж суралцах маягтай явдаг байв. Тэгэхдээ л гарын ур дүйтэй тэгээд ажлаас хойш суудаггүй, нэрэлхэлгүй асууж ярилцдаг, илэн далангүй ийм хүнтэй хамт ажиллах нь гээд би ч тэрүүхэндээ их л олзуурхсан” хэмээх дэд ахлагч Д.Энх-Амгалангийн үгс ажил хөдөлмөрөөрөө хүн хэрхэн төлөвшдөгийг эрхгүй хэлэх шиг. Энэ бодолтой минь зэрэгцэн дэд ахлагч Д.Энх-Амгалан “Ажилд нь амжилт, гэр бүлд нь сайн сайхныг хүсье. Аварга цолоо цаашид өндөрт өргөж яваарай” гэх ерөөл, захиасыг хамтатгаад ажилдаа гарч одлоо. 
 
Эргээд Э.Нямлхагватай учран золгов. Харилцаа, ажил алба гээд бүх зүйл цэргийн дүрмээр зохицуулагдсан энэ газарт Э.Нямлхагва нэг их шинэдсэнгүй. Тэрээр хугацаат цэргийн албанд сурч боловсорч, ажилч хичээнгүй, даруу төлөв гээд их л олон дадлыг өөртөө бий болгожээ. Зундаа хэт халуун, өвөлдөө нэвт салхилдаг Зүүнбаян, бидний хэлж заншсан Их говийн гарнизонд алба хаасан юм байна. Эрчүүд нь цэргийн алба хааж, иргэний үүргээ биелүүлдэг соёл хэдийнээ түүний гэр бүлд тогтсон нь их л бахархалтай санагдаж байв. Тэрээр аав Зүүнбаянд, ах Сүхбаатарын Эрдэнэцагаанд, дүү мөн хилийн цэрэгт алба хаасан гэж тодотгов. Э.Нямлхагва цэрэгт явна гээд зориод очиход тэнцэх болов уу гэсэн бодол давхцаад ирснээ ч нуусангүй. Тэгээд цэрэг татлагын комиссоор орж алба хаах эрх нь баталгаажихтай зэрэгцээд дээрх бодол нь замхарч, сая нэг санаа амарсан шүү гэв.
Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид олон аавын хөвгүүдтэй гүйж харайж, жагсаж нэгдэж, хооллож, ундалж, шагнал, шийтгэлээ хүртэл тэнцүүхэн хуваалцсан гээд дурсамж дүүрэн цаг мөчийг өнгөрүүлсэн нь түүний сэтгэлд тодхон үлджээ. Бодолд нь тод зурайх дурсамжаасаа сөхөж ярихдаа “Нэг өдөр 200 гаруй цэрэг 3 км-т гүйхээр боллоо. Тэмцээн маягийн юм л даа. Дарга нар сүүлийн 100 цэрэг шийтгэлтэй гэж биднийг эмээлгэв. Шийтгэл ч юу байх вэ. Биднээс л гүйцэтгэл шаардаж, хурцалж байгаа хэрэг. Тэгээд би гэдэг хүн бариа дөхөхөд шүд зуугаад урдаа байгаа хоёр цэргийг гүйцэн байж 99-өөр орж ирсэн шүү” гээд инээв. Бас түүнийг шантрахгүй гүрийдэг, ер нь л их зүтгүүр болгосон газар нь цэргийн анги, цэргийн алба гэдэг маргаангүй аж. Энэ дадлаар ч тэр үү өнөөдөр Э.Нямлхагва ажил албаа услан тордсоор яваа биз. Дээр нь даруу төлөв зан. Энэ бүхэн ёстой догь зохисон гэмээр. Энэ зууртаа ч зүгээр суусангүй, зүлгэж л харагдана. Дундуур нь бас гагнуурын аппарат маналзуулаад авлаа даа.    
 
Э.Нямлхагва өдөрт багадаа хоёр дуудлага авдаг. Зарим үед өрөөндөө ч үзэгдэхгүй гэдгийг хамт ажилладаг нөхөд нь хэлж байв. Ер нь л ҮААХ-ийнхэн гэхээр ажилсаг дүр зураг буудаг даа. Ковидын үед ч тус хэлтсийнхэн энгийн өдрүүдэд ямар байдаг, яг тэгж л ажилласан. Засвар, тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ гээд толгой өндийх завгүй гэдгийг бид гадарлана аа. Товчхондоо тэдний үр шимээр бусад хүний ая тухтай орчин, нөхцөл бүрддэг. Ядарсан хэдий ч царайнд нь үргэлж мишээл тодорч, зөрөөд өнгөрөх бүрд мэндийн ерөөлтэй явцгаадаг улс даа гэж энэ тэрийг бодох зуурт өрөөний хаалгаар слесарьчин Б.Лхагва-Очир орж ирэв. Тэгээд “Соёмбо” сониноос Э.Нямлхагвыг зорьж ирсэн гэдгийг дуулаад “Бидэндээ үлгэр дуурайл болж ажилладаг залуу, шулуун шударга зантай, хэрсүү. Анх энэ ажилд орохдоо ямар байсан, яг тэр хэвээрээ. ЗХЖШ-ын “Тэргүүний ажилтан” болсонд хамт олноороо их баяртай байгаа” хэмээн магтлаа. Э.Нямлхагва ч “Миний нэрийг хамгийн эхэнд дуудчихсан. Сандраад л гүйлээ. Зураг авхуулж дууссаны дараагаар сандралаа дараад, урт амьсгаа авч билээ. Ер нь хийж байгаа ажилдаа бүх сэтгэлээ зориулахыг хичээдэг. Оны “Тэргүүний ажилтан” болсондоо маш их баяртай байгаа” хэмээн талархсан сэтгэгдлээ инээд, хөөртэйгөө хамт ил гаргав. Түүнээс хойш ажил дээр тааралдсан хүмүүс баяр хүргэж, ямар нэгэн ажилд томилогдлоо гэхэд дарга нар “За аварга ирсэн, дажгүй болгочих байх аа” гээд л итгэл хүлээлгэх болсон нь ч мэдрэгджээ. Тиймээс авсан шагналаа хариуцлага хэмээн ухамсарладаг тухай ч голтой зүйлсийг ярьсан юм. 
 
 
Мөн шагнал авсан өдрийнхөө орой Э.Нямлхагва гэр бүлдээ аз жаргал, баяр баясал дагуулсаар очсон тэр үе амьдралд нь нэгэн гэгээн мөр татуулжээ. Эхлээд гэр бүлтэйгээ баяраа хуваалцаад хэд хэдэн хүн рүү утас цохиж энэ мэдээгээ дуулгасан гэв. Харилцуурын наана цаанаас баярлацгаасан нь мэдээж.  Түүний гэргий гоо сайханч, харин тэдний инээх шалтгаан болсон бяцхан охин ой таван сартай. Э.Нямлхагва "Охин маань арай томорчихвол, эхнэрээ ажилд нь оруулна даа. Одоохондоо арай чадахгүй л байна. Ар гэр, үр хүүхэд гээд бүгдийг л эхнэр минь зохицуулж байгаа даа” гэлээ.  
Түүнд ажилдаа ойр өөрийн гэсэн хашаатай болно доо гэсэн энгийн нэгэн зорилго бий. Бас энэ зорилгыг нь дагаж хөврөх өөдрөг бодлууд байдгийг түүний “Өөрийн гэж өмчлөх юмтай  болно гэдэг хамгийн чухал, бас сайхан. Одоогоор айлын хашаанд гэр бариад сууж байна. Мэдээж би хичээвэл болохгүй зүйл юу байх вэ гэж бодоод л ажилдаа дурлаад явж байна. Хашаатай болчихвол болох нь тэр. Байшин, машин бол дараагийн асуудал. Өөрийнхөө зүйлийг яаж бол яаж л сайхан тордоод явчихна” гэх ярианаас аргагүй мэдрэв. 
Ажилдаа яарах шалтгаан бол хамт олон. Тэрээр хамт олноо бас л шагнал гэж ойлгодог. Тэдэнтэйгээ ажлын амтыг мэдэрч, инээж хөөрөлдсөөр их л хурдан дасаж, нэг цул болоод амжжээ. Тиймдээ ч хамт байгаа цаг хугацаагаа зүгээр ч нэг ажил гэлгүй бидэнд л үлдэх дурсамж хэмээн хүн бүр л үнэ цэнтэй, гэгээлэг байлгахыг хичээцгээдэг юм билээ. Үг, үйлдэл нь ч тэр зүгт. 
Э.Нямлхагва Төв аймгийн Цээл сумын уугуул. Түүний аав Т.Энхбаяр Зэвсэгт хүчний 350 дугаар ангид ажилладаг, слесарьчин. Харин ээж С.Нарантуяа нь насаараа барилгын салбарт ажиллажээ. Тэд “Олонтойгоо эвтэй найрсаг, ажилдаа эзний ёсоор хандаж яваарай” хэмээн захицгаадаг аж. Аав ээж, ах нь гээд л өрдөг, сийлдэг, урладаг, хатгадаг, оёдог, наадаг, засдаг гэх мэт үйлэнд эвлэгхэн авьяастай улс аж. Э.Нямлхагва ч үүнийг нь дуурайсан уу багаасаа мод төмрөөр их оролдох болж. Тэгээд сурагч байхдаа хөдөлмөрийн хичээлд их шимтсэнээр аймгийн Аварга шалгаруулах технологийн олимпиадад нэг биш бүр гурван ч удаа шагналт байр эзэлж байсан хүүхэд насны дурсамжтай юм санж. Технологийн олимпиадаас нэг алт, хоёр мөнгө хүртсэн амжилтын эзэд нь болох гурван усан онгоц одоо ч төрөлх нутаг Төв аймгийн Цээл суманд байдаг гэв. 
 
Ярилцаад сууж, илүү ихийг уудалж болох ч нэг ажлыг нөгөөгөөр чөдөрлөж боломгүй санагдана. Ингээд “Тэргүүний ажилтан”-аа уулзсан газраа, эхэлсэн цэгт нь хүргэж өглөө.
 
ОРОН НУТГААС ОЛОН ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАСНЫ НЭГ Л ЖИШЭЭ НЬ БИ
 
Бидний уулзах дараагийн аварга бол Зэвсэгт хүчний ХЗЦК-ын 2021 оны “Тэргүүний ажилтан” үйлчлэгч Г.Эрдэнэханд юм. 2019 оноос ХЗЦК-д ажиллаж эхэлсэн үеэс тэр цэргийн албатай ойр танилцаж, уйдах завгүй энэ амьдралд ууссаар яваа билээ. Анх ажилд орсон үеэ дурсаж ярихдаа Г.Эрдэнэханд “Манай аймагт ийм том байгууллага байгаагүй. Тэр тусмаа цэргийн. Тэгээд анх удаа л ийм өнөр бүлд ажилд орохоор сонирхоод очиж анкет бөглөсөн юм. Гял цал болсон гоё сайхан барилга л угтсан даа. Тэгээд гэртээ харьж амжаагүй байтал залгаж байна. Автал та маргаашаас ажилдаа ороорой гэж найрсагхан хэлэхэд нь их баярласан. Аав, хүргэн ах хоёр маань цэргийн амьдралыг илүү ойлгодог тул тангараг өргөсөн улстай хамт ажиллана гэдэг сайхан шүү, сайн ажиллаарай гэж захицгаадаг” гэлээ. Зэвсэгт хүчин нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орон нутагтаа ямар нэгэн хөрөнгө оруулалт хийдэг. ХЗЦК-ын хувьд аймаг орон нутгаас чамгүй олон хүнийг ажлын байраар хангажээ. Тэдний төлөөлөл болж Г.Эрдэнэханд талархсан сэтгэлээ илэрхийлж байв. Цэвэр цэмцгэр, тохилог саруул орчинд ажиллах цаанаа л урамтай байдаг биз дээ. Тийм байлгахын тулд Г.Эрдэнэханд болон бусад үйлчлэгч нар сэтгэл зүрхээ дэвсэн ажилладаг. Хийсэн ажил нь хэний ч нүдэнд илхэн. Үг, үйлдэл нь ч яг л ийм жишигтэй, үлгэрч хүмүүс аж. Г.Эрдэнэханд хамт олноороо их гангарах юм билээ дээ. “Анх ажилд ороод цэргийн хүмүүс ийм байдаг байх нь, мөн ч гоё юм даа гэж бодсон. Би залуухан байсан бол бас ингээд цэргийн болчихсон алхаж явах байж дээ гэж өөртөө хэлдэг. Цэргийн, энгийн гэлтгүй манай хамт олон сайхан. Хүнийг яаж өөд татаж, хэрхэн дэмнэхээ мэддэг гэж жигтэйхэн” хэмээх нь ёстой л тэдэндээ огтоос хир халдаахгүй гэсэн шиг. Г.Эрдэнэханд ингэж л ээнэгшин дассан бололтой дог. 
 
        
“Тэргүүний ажилтан” болсон талаар нь асуугаад хариултаа авахад ёстой л ил цагаахан хүн юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Тэрээр “Манайхан эгчийнх нь нэрийг дэвшүүлсэн байна. Удирдлага, дарга цэргүүд гээд бүгд л миний ажлыг маш сайн ойлгож, тусалж дэмждэг юм. Тэгээд надаас гадна өөр хоёр хүний нэр байсан. Миний нэрийг дэвшүүлсэн нь л надад хүлээлгэсэн итгэл, бас шагнал гэж бодож байв. Гэтэл оны “Тэргүүний ажилтан” боллоо гэхэд нь гайхах, баярлах хоёр зэрэгцээд л ирсэн шүү. Нөхөртөө хэлсэн, баярлаад сүйд. Өөр олон хүнд баяртай мэдээгээ дуулгаж, амжилт, урмын үгээр бялхсан” хэмээв. Г.Эрдэнэханд өмнө нь хувийн хэвшилд багагүй хугацааг өнгөрүүлжээ. ХЗЦК цэргийн газар тул сахилга, зохион байгуулалт, эмх цэгц гээд олон зүйлээрээ аргагүй ялгарч байна гэнэ шүү. Энэ шаардлагаа дагаад өөрөө ч их хөгжиж, гүйцэтгэлийн чанар сайжирч байгаа гээд олзуурхана. Бас үе үехэн л манайхан гэж саймширч магтана. Г.Эрдэнэханд нөхөр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Энд ажилласнаас хойш түүний бодол эрс шийдэмгий болж, тэр бодлын үрээр том хүүгээ цэргийн албанд уриалгахан мордуулжээ. Хүү ч гэрийнхнийхээ захиасыг сайн биелүүлж, сэтгэл санаа ч өөдрөг байгаа гэв. Бас өөрийн санаагаа товч бөгөөд тодорхой ойлгуулдаг, хүний үгийг хүлээж авдаг, сайн сонсдог болсон зэрэг нь ээжийгээ баярлуулах нэг шалтгаан юм санж. Г.Эрдэнэханд “Бага хүү маань ахыгаа дуурайгаад цэрэгт явна л гээд байгаа. Одоо наймдугаар ангид суралцдаг. Би ч бас явуулна гэж боддог. Харин ҮБХИС-ийн харьяа Тэмүүжин Өрлөг гэж сургууль байдгийг хожим мэдсэн юм. Одоо хожимдсон болов уу, яасан бол. Арай эрт цаг хожсон бол хүүгээ тэр сургуульд явуулах талаар хөөцөлдөхгүй юу” хэмээн багахан харамслаа цухуйлгав. Удалгүй түүнийгээ нууж, бид өөр зүйлийн талаар ярилцав.
Өнгөрөгч 2021 он түүний хувьд юм үзэж нүд тайлсан жил байжээ. Монгол-Оросын хамтарсан “Сэлэнгэ 2021” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн үеэр ажиллаж, сүр бараатай олон ч зүйл нүднийх нь өмнө илхэн байсныг ихэд сониучирхсанаа дурсаж байв. Тэгээд “Цэргийн төрөл бүрийн  зэвсэг, техникээс авхуулаад буудлагыг нь үзэж сонирхсон. Өмнө нь ойроос огт харж байгаагүй. Киноноос л харж байсан гэхэд болно. (Инээв) Дараа нь аймгийн төв талбайд ёслолын жагсаал болсон. Хээрийн сургуулийг ч, жагсаалыг ч орон нутгийн иргэд олноор үзэж сонирхсон. Би гэр бүлийнхэндээ үзүүлэх гэсэн ч харамсалтай нь тэд маань хөдөө байж таарсан. Иймэрхүү томоохон арга хэмжээгээр иргэн-цэргийн харилцааг идэвхтэй сурталчилдаг юм билээ” гэж өгүүлэнгээ дараа жилийн хээрийн сургуульд гарах хүсэлтэйгээ ч хэлээд амжлаа. Ингээд бид элдвийг ярилцсаны хойно Г.Эрдэнэханд “2021 он, үхэр жил амжилт бүтээл дүүрэн өнгөрлөө. Бар жилдээ урам зориг, идэвх санаачилгатай ажиллаж хамт олныхоо итгэлийг даана” хэмээлээ. 
 
Хаа газрын албан байгууллагын цэвэр цэмцгэр байдлын төлөө чимээгүйхэн хөдөлмөрлөдөг энэ эгэл хүмүүст бид талархахгүй байхын аргагүй. Тэд урмаар цадаж, сэтгэлээр тэтгэгддэг ажээ. 
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин