sonin.mn
Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулж, бригадын генерал Д.Баярсайхантай ярилцлаа.
 
Манай Зэвсэгт хүчний бүтцэд Энхийг сахиулах ажиллагааны нэгж шинээр байгуулагдаж та түүнд томилогдон ирж байсан. Тэр тухай асуултаар ярилцлагаа эхэлье?
 
-Энэ тухай түүхийг сөхөхөд хэдийнээ 20 гаруй жил ард хоцорчээ. Аль болох товчхон ярихыг хичээе. 1999 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шиг санаж байна. Цэргийн тагнуулын газрын Мэдээллийн хэлтсийн даргаар намайг ажиллаж байхад манай газрын дарга хошууч генерал Б.Эрдэнэбат дуудаад “Жанжин штабын даргатай очиж уулз” гэв. Тухайн үед юу болох, яах гэж байгааг нь асууж зүрхэлсэнгүй, газрын даргаар дамжуулалгүй уулзах гэж байгааг нь ойлгож ядаад, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Дашзэвэгийн өрөөнд орж ирсэн тухайгаа илтгэхэд, тэрбээр “Энхийг сахиулах ажиллагааны алба байгуулах гэж байгаа, тэр албанд таныг ахлах мэргэжилтнээр томилж байна. Ажлаа хүлээлгэж өгөөд шинэ ажлаа эхлүүл, Зэвсэгт хүчний офицеруудаас өөрийнхөө хүссэнээр хоёр хүн шилж ав, даргын чинь асуудал жичдээ яригдана” гэсэн. Миний санаж байгаагаар бараг тэр өдөртөө энхийг сахиулах ажиллагааны алба байгуулагдах болон намайг томилсон тушаал зэрэг гарсан байх. Хэлтсийн даргын ажлаа хүлээлгэж өгөхийнхөө хажуугаар холбогдох хүмүүстэй уулзаж, сандал, ширээ компьютер гэх мэтийг аваад ажилдаа орсон. Намайг тэнд томилох гол шалтгаан нь өмнө нь энхийг сахиулах ажиллагааны дамжаанд явж байсан, цэргийн хэргийн талаар англи хэлтэй гэдгийг л мэдээж харгалзаж үзсэн байх гэж боддог.
 
 
Тэгээд хэдэн сарын дараа нэг офицертой болсон нь БХЯ-ны ХШҮГ-т ажиллаж байсан хошууч Ч.Ерөөлцэнгэл байлаа. Дараа нь 11 дүгээр сард шиг санаж байна манай албаны даргаар хошууч генерал Г.Рагчаа ирж, бид нэг ёсондоо даргатай бол даргатай, цэрэгтэй бол цэрэгтэй жинхэнэ алба болж төвхнөсөн дөө. Бид энхийг сахиулах ажиллагааны талаар судалгаа хийх, ямар ажиллагаанд ямар хэлбэрээр оролцох, эрх зүйн асуудлыг хэрхэн зохицуулах, гадаад, дотоодын ямар субъектүүдтэй хамтран ажиллах гээд судалгааны олон ажил гүйцэтгэдэг байв. Бид тухайн үед Гадаад харилцааны яамны Олон талт харилцааны газрын мэргэжилтэн Д.Зориг (хожим нь Эрчим хүчний сайд болсон), Г.Баттунгалаг (хожим нь Элчин сайд болсон) гэх мэт хүмүүстэй хамтарч, тэдэнтэй зөвлөж, зөвшилцөж олон ч ажлын ард гарсан. Тэгээд ч бидний хувьд эн тэргүүнд энхийг сахиулах ажиллагааны ажиглагч офицероор ганц хоёр хүн илгээчихвэл, бодит байдал дээр нь танилцаад ирвэл ихээхэн дөхөмтэй, энэ талаараа ч ойлголцолд хүрч чадсан. Ер нь Зэвсэгт хүчнийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах талаар манай Гадаад харилцааны яамныхан маш их зүйл хийсэн. Ялангуяа, олон улсын болоод дотоодын эрх зүйн асуудлыг шийдвэрлэхэд их тус дөхөм болж байсан гэдгийг энд онцлон дурдах нь зүйтэй.
Ингээд 2002 оны 6 дугаар сард манайд Бүгд Найрамдах Конго Улсад явагдаж байгаа ажиллагаанд ажиглагч офицерын хоёр хуваарь ирж түүнд дэд хурандаа Р.Даваадорж, хошууч Ч.Ерөөлцэнгэл нарыг явуулахаар шийдвэрлэсний дээр БХИС-иас хошууч Д.Ганхуяг, Ар талын газраас дэд хурандаа С.Өлзийбаяр нарыг албандаа мэргэжилтнээр авч байсан. Мөн сард миний бие АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежид суралцахаар явж байлаа.
 
Манай Зэвсэгт хүчнээс Төв Азийн батальон буюу Центразбат гэдэг ажиллагаанд оролцож байсан. Энэ нь танай албаны хариуцсан анхны ажиллагаа байсан уу?
 
-ЗХУ задраад тэндээс салсан улсууд нь бас л бужигнаантай байсан үе л дээ. Тэр үед нь АНУ Төв Азийн батальон гэж байгуулаад тухайн бүс нутгийн терроризмтой тэмцэх маягийн бодлого явуулж байсан нь одоо бодоход АНУ тусгаар улсуудад цэрэг-улс төрийн нөлөөгөө үзүүлэх гэсэн оролдлого байсан юм шиг санагддаг. Центразбатад Казахстан, Киргизстан, Узбекистан улсууд тус бүр нэг рот гаргаж сондгой тоотой жилүүдэд команд штабын сургууль тэгш тоотойд нь хээрийн сургууль хийдэг байсан. 1999 оны 6 дугаар сарын сүүлчээр энхийг сахиулах ажиллагааны албанд томилогдоод дөрөв хоногийн дараа Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч хурандаа Б.Эрхэмбаяр, Монгол Улсаас АНУ-д сууж байсан Батлан хамгаалахын атташе С.Батболдын хамт тус улсын Тампа хотод зохион байгуулагдаж байсан “Центразбат-99” гэдэг команд штабын сургуульд ажиглагчаар оролцсон. Сургуулийн дүн гаргах хурал дээр манайхыг энэ сургуульд цаашид оролцох сонирхолтой байгаа эсэхийг асуухад “Сонирхолтой байгаа, гэхдээ энэ бол албан ёсны хариулт биш” гэж хэлсэн. Сониноос, тэр сургуульд оролцсон тухай илтгэх хуудас бичиж С.Дашзэвэг даргад танилцуулахад ямар нэгэн засвар, нэмэлт оруулалгүйгээр гарын үсэг зураад Ерөнхийлөгч рүү илгээсэн. Тэр үед би өмнө нь Цэргийн тагнуулын газарт бичиг баримт боловсруулж сурсандаа, тийм өндөр шаардлага тавьдаг байсан хошууч генерал Б.Эрдэнэбат, хурандаа Г.Лүндэн болон хамт ажиллаж байсан нөхдөдөө баярлаж тэднээрээ бахархаж байлаа. Дараа жил нь “Центразбат-2000” сургуульд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлах дэслэгч Д.Ганзориг (өнөөгийн ЗХЖШ-ын дарга) захирагчтай нэг салаа цэрэг Казахстан Улсад болсон хээрийн сургуульд оролцож, манай Зэвсэгт хүчний англи хэлтэйд тооцогдож байсан хэд хэдэн офицер штабын ажилтны үүрэг гүйцэтгэж байсан юм. Бид тэндээс англи хэлгүй бол ийм ажиллагаанд оролцоход нэлээд бэрхшээл тохиолдох юм байна гэдгийг сайн ойлгосон. Өнөөдөр ч энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүнд гадаад хэлний мэдлэг гол асуудал хэвээрээ л байгаа гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх аа.
 
 
 
Тухайн үед энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай хууль батлагдаагүй байсан шиг санагдана. Хилийн чанадад үүрэг гүйцэтгэх асуудал тэр үед яаж зохицуулагдаж байсан бэ?
 
-Тухайн үед хилийн чанадад цэргийн ажиллагаанд оролцох эрх зүйн асуудал зарчмын хувьд одоогоос ялгаагүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гардаг, энэ зөвлөмж нь ҮАБЗ-ийн хуулиараа бол шийдвэртэй тэнцдэг болохоор цэрэг бидний хувьд гүйцэтгэх л үүрэг үлдэнэ. Тиймдээ ч "Центразбат" хээрийн сургуульд оролцохоор ҮАБЗ-ийн шийдвэрээр явсан. Харин энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүнийг оролцуулах тухай Засгийн газрын шийдвэр 1999 оны 11 дүгээр сарын сүүлчээр гарсан. Энэ нь Засгийн газрын мөн оны 115 дугаар тогтоол гэж тухайн үедээ биднийг чиглэсэн товч бөгөөд тодорхой эрх зүйн баримт бичиг байсан гэж ойлгож болно. Яагаад би үүнийг санаж байна гэхээр тухайн өдрүүдэд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалтын бүлэг манайд ирчихсэн бид сургалт зохион байгуулж байсан өдрүүдтэй давхацдаг. Г.Рагчаа дарга бид хоёрын хувьд их л бэлгэшээж хүлээж авч байлаа. 2000 оны төгсгөл рүү шиг санаж байна НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүнийг оролцуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би багтсан. Ажлын хэсэг хуралдахгүй нэг хэсэг хугацаа өнгөрсөн ч миний хувьд энэ хуульд ямар асуудлыг тусгах, бусад улс орнуудын ижил төстэй хууль дүрмийг олох, харьцуулах гээд хэрэндээ л  судлаад бодоод явдаг байсан.
 
 
Ер нь бусдын нутагт ямар нэгэн хэлбэрээр цэргийн ажиллагаа явуулна, цэрэглэж, зохион байгуулалттай орно гэдэг нь маш их эмзэг асуудал байдаг. Тухайн үед бидний судалж мэдсэнээр Дэлхийн II дайнаас хойш Үндсэн хуульдаа “Хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулахгүй” гээд заачихсан Японоос өөр энхийг сахиулах ажиллагааны хуультай улс байгаагүй. Нэг өдөр Батлан хамгаалах яамнаас ийм хуульд оруулах саналаа өг гэсэн шаардлага ирсэн, Г.Рагчаа дарга, хошууч Ч.Ерөөлцэнгэл бид гурав хагас өдөр суугаад өөрсдийн бодож байсан саналаа хүргүүлтэл бидний саналд ямар нэг өөрчлөлт хийхгүйгээр хуульд тусгасан түүхтэй.
 
Тэгвэл таны ярьж байгаагаар бидэнд энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай хууль хэрэггүй гэсэн үг үү?
 
-Буруу ойлгуулсан бол уучлаарай. Миний хэлж байгаа зүйл бол бусад орнууд хуульгүй юм байна бидэнд ч бас хэрэггүй гэсэн үг огт биш. Ер нь бид бусдыг дууриах шаардлага огт байхгүй. Хэрэв Монголын төр энэ асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж л байгаа бол бид хуулиараа л зохицуулна. Тухайлбал, 1999 онд бидний орчуулаад гаргаж байсан “Энхийг сахиулах ажиллагаа гэдэг нь тухайн дайтагч талуудын хооронд байгуулсан гал зогсоох гэрээнд хяналт тавих зорилгоор, дайтагч талуудын зөвшөөрөлтэйгөөр явуулж байгаа НҮБ-ын цэргийн ажиллагааг хэлнэ” гэдэг тодорхойлолт орчин цагийн энхийг сахиулах ажиллагаанд огт нийцдэггүй. Иймд бид үүнийг өөрчилж өөрийн гэсэн тодорхойлолттой болж сургалт болон албан бичигтээ хэрэглэх ёстой.
 
Та Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас оролцож байсан анхны секторын командлагч, командлагчийн орлогч байсан хүний хувьд манай Зэвсэгт хүчний батальон мөн бусад орнуудын цэргийн үүрэг гүйцэтгэлийг юу гэж дүгнэдэг вэ?
 
-Наад асуулт чинь үндсэндээ манай хэвлэл мэдээллийнхний асуудаг жижүүрийн гэмээр асуулт. Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд “Маш сайн”. Ээлж болгон өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг чи ч өөрөө тэнд байсан болохоор мэдэж байгаа. Үүрэг гүйцэтгэлтээсээ гадна гүйж харайх, дуулж бүжиглэх гээд манайхан сайн. Бидэнд байдаг нэг том дутагдал бол хэлний мэдлэг, тун тааруу. Командлагчийн орлогчоор ажиллаж байх хугацаанд тэр нь тийм энэ нь ийм гээд сайн, муу бүх л юм командлагч бид хоёрын сонорт дуулддаг. Манайхныг англи хэлний мэдлэггүй, үүнээсээ болоод илтгэл мэдээллээ цаг хугацаа хоцорч ирүүлдэг л гэдэг юм. Бусад орны цэргийнхний хувьд янз бүр л байдаг. Ихэнх нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай болохоор хаана хэнтэй юу ярих, ямар ажиллагааг нь аргацаагаад өнгөрөөх, ямар ажиллагаанд нь идэвх гаргах гэх мэтийг сайн мэднэ. Тэднийг командалж, удирдаж байсан хүний хувьд тэр нь сайн энэ нь тааруу гэж хэлэх нь ёс зүйд нэг их нийцтэй биш учраас ингэсгээд дүгнэчихье.
 
Бид энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойгоо тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд туршлага, сургамжийн тухай ярилцаж, дүгнэх юм байна. Миний ойлгож байгаагаар ямар дутагдал, сул тал байна үүнийгээ яаж засах, гадна дотнынхон, тэр дундаа НҮБ-ын ажилтнуудтай хэрхэн харьцах гэх мэтийн асуудлууд яригдах байх. Энд нэг их айхтар сургамж авахаар зүйл тун саяхан тохиосныг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын цэргийн багийн lX ээлжийн батальоныг хариуцаж явсан хурандаа Д.Баттүвшингийн тухай ярих гэж байна. Яагаад бид тэр хүнийг ийм байдалд хүргэв, цэргийн багийн захирагч сэтгэл зүйн бэлтгэл муутай цэргийн алба хаагчийн үйлдэлд хариуцлага үүрэх ёстой юу, үүнийг бид ямар хуулиар зохицуулах вэ, захирагчийг хамгаалж, өмгөөлж чадах хэмжээний эрх зүйч хэрэгтэй юу? гэх мэт асуудлуудыг бид ярилцах цаг нь болжээ. Гэр орноосоо холдож үзээгүй, тийм сэтгэлзүйн бэлтгэлгүй хүний өмнөөс хэн нэгэн маань хариуцлага үүрээд шийтгүүлээд байгаа нь том асуудал шүү дээ.
 
Хойшид энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээж байгаа улс юунд анхаарвал зохилтой гэж үздэг вэ?
 
-Манайхны хувьд бол миний дээр хэлсэнчлэн англи хэлний асуудал байдаг.
 
 
Манайд штабын офицер, ажиглагч офицеруудад зориулсан хэлний дамжаа хичээллүүлэх хэрэгтэй байх. Тэгэхгүй бол удахгүй ажиллагаанд явах хүнгүй болно шүү. Түүнээс гадна, бидний мэдэж байгаачлан НҮБ-аас энхийг сахиулагч эмэгтэйчүүдийг түлхүү оролцуулах асуудал чухлаар тавигдаж байгаа өнөө үед манай эмэгтэйчүүд энд яригдаад байгаа англи хэлний асуудал дээр илүү анхаарах хэрэгтэй.  
 
 
Өнөөгийн байдлаар НҮБ-аас энхийг сахиулах нийт 12 ажиллагаа явуулж байгаагийн дөрөв нь Иргэдийг хамгаалах мандаттай явагдаж байгаа. Гэтэл газар оронд, тактикийн түвшинд иргэдийг хамгаалж чадаж байгаа юу гэхээр бас учир дутагдалтай. Энэ нь юугаар илэрдэг гэхээр иргэдийг хамгаалахаар очсон энхийг сахиулагчид маань орон нутгийн иргэдээс зайгаа бариад ойртож ажилладаггүй. Нэг удаа орон нутгийн иргэдийг бохир заваан гээд зохих ёсны үйлчилгээ үзүүлээгүй тохиолдол ч гарч байлаа. Цэрэг, дарга нартай нь уулзаад энэ талаар сонирхохоор ихэвчлэн элдвийн халдвар авчихна гэж сэжиглэдэг гэнэ. Ийм байдлыг НҮБ-ын удирдлагууд удахгүй анхааралдаа авч цэрэг хандивлагч улсуудад ажиллагааны өмнөх сургалтдаа энэ асуудлыг оруулах шаардлага, хүсэлт явуулах байх.
 
Цаг гарган ярилцсан Танд баярлалаа
 
Ахмад М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин