сонин mn
“Сэтгэл зүйчийн өрөөг мэднэ ээ. Бага сургуулийн нэг давхарт бий. Улаан гэрэл асаалттай байвал битгий ороорой. Ногоон гэрэл асахаар ороорой” гэж долдугаар ангийн хүүгээр заалгаж сургуулийн сэтгэл зүйчтэй уулзав. Үүнээс харахад сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа нэгэнд саад болохгүй байх дүрэмд сурагчид богино хугацаанд суралцжээ. Тодруулбал, энэ жилээс ерөнхий боловсролын 75 сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шийдвэр гарч аравдугаар сарын 1-нээс эхлээд хоёр сарын нүүрийг үзэх гэж байна. Тэгвэл сургуулийн сэтгэл зүйчид үр дүнтэй ажиллаж байна уу эсвэл татвар төлөгчдийн мөнгийг зарлагадаж сул цалин аваад сууж байна уу гэсэн асуудал үүсээд байгаа. Энэ талаар Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулиас бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна.
 
 
Таван эцэг эхийн нэг нь л сэтгэл зүйч ажиллаж байгааг мэднэ
 
Цар тахлын улмаас хоёр жил гэртээ “хоригдсон” сургууль цэцэрлэгийн хүүхдүүд төдийгүй багш, эцэг эхчүүдийн сэтгэл зүй ч стресс, бухимдал, айдас хүйдэс, түгшүүртэй болсоныг олон судалгааны дүгнэлт харуулж байгаа. Үүнээс болж төрийн өмчийн сургуулиудад боловсролын мэргэшсэн сэтгэл зүйчийн шинэ орон тоог үүсгэн ажиллуулж эхлээд байна. Тэгвэл сургуулиудад сэтгэл зүйч ажиллаад хоёр сар шахам болоход эцэг эхчүүд энэ талаарх мэдээллийг бүрэн аваагүй байв. Тухайлбал, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн 5-9 дүгаар ангийн хүүхдүүдтэй таван эцэг эхээс энэ талаар тодруулахад нэг нь л сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн талаар мэджээ. Энэ талаар тавдугаар ангийн сурагчийн аав Л.Золбоо “Сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн талаар мэдээгүй. Гэхдээ хүүхэдтэй тулж ажиллах сэтгэл зүйчтэй болсон нь зөв шийдвэр. Эцэг эхчүүд ихэвчлэн ажилтай учир хүүхдээ унтахаас өмнө эсвэл унтсан хойно нь ирдэг. Ангидаа ямар байгааг, хүүхдүүд дээрэлхсэн эсэх, сонирхолынх нь талаар тулж харьцаж, анхаарал хандуулж чаддаггүй. Тэгэхээр сургуульд сэтгэл зүйчтэй болсон нь зөв” гэв. Харин сурагчид сургуулийн сэтгэл зүйчтэй болсон талаар сайн мэдээлэлтэй байлаа. Тодруулбал, 5-9 дүгээр ангийн 10 сурагчаас тодруулахад сэтгэл зүйч ангиудаар орж өөрийгөө танилцуулсан учир ажиллаж эхэлснийг мэдсэн ч одоогоор хандаж үзээгүй гэдэг хариулт өглөө.
 
Улаан гэрэл: Сэтгэл зүйч зөвлөгөө өгч байгаа тул түр хүлээхийг илтгэнэ.
 
11-17 насныхан түлхүү ханджээ
 
Сургуулийн сэтгэл зүйч ажиллаж эхэлснээс хойш 40 гаруй сурагч сайн дураар ганцаарчилсан зөвлөгөө авчээ. Гэхдээ энэ нь сэтгэл зүйчтэй ярилцахаар өөрийн хүсэлтээр ирж асуудлаа илэн далангүй ярилцаж зөвөлгөө авсан сурагчдын тоо гэдгийг сэтгэл зүйч О.Лхагвабаяр онцоллоо. Үүний ихэнх нь 11-17 насны буюу дунд, ахлах ангийн сурагчид байгаа юм байна. Тэд ихэвчлэн өөрт төрж буй мэдрэмжээ ойлгохгүй байх, мэргэжил сонголт, үерхэл, найз нөхдийн харилцааны тулгамдсан асуудлаар хандсан аж. Сургуулийн сэтгэл зүйчид үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
 
 
Тухайлбал, хувь хүний ур чадвар, зан төлөв, оюун ухааны олон төрлийн оношилгоо хийх, урьдчилсан сэргийлэх буюу өсвөр насны хүүхдүүдэд эрсдэлт зан үйл гаргахаас сэргийлэх, багш, эцэг эхчүүд, сурагчдад сургалт орох, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг аж.
 
 
 
“Сурагчдын нууцыг хадгалах нь мэргэжлийн ёс зүйн үндсэн зарчим”
 
“Асуудал гарахаар хэнд хандахаа мэддэггүй. Найзууддаа итгээд ярихаар өөрт хүнд хэлчихдэг. Сэтгэл зүйч миний нууцыг хэнд ч хэлэхгүй болохоор сургуулийн сэтгэл зүйчтэй болсонд баяртай байгаа” гэж есдүгээр ангийн сурагч охин ярив. Монголчууд сэтгэл зүйчид тогтмол хандах дадалд төдийлөн суугаагүй. Ялангуяа хүүхдүүдийн дунд. Тэгэхээр сурагчид сэтгэл зүйчид хандлаа гэхэд итгэж нууцаа ярих уу гэдэг хамгийн чухал асуудал. Энэ талаар сэтгэл зүйч О.Лхагвабаяр “Сэтгэл зүйчийн ёс зүйн ганц дүрэм бол нууцыг чандлан хадгалах. Тухайн хүүхэд мэдээллээ ярилаа гэхэд нийгмийн ажилтан, гэр бүл, найз нөхөд, ангийн багшид нь ч хэлэх, нууцыг задруулах үндэслэл байхгүй. Хэрэв сурагчид үүссэн асуудлаар эцэг эх, ангийн багш нь мэдэх зайлшгүй шаардлагатай бол асуудлыг нь биш хэрхэн харьцах, ойлголцох чиглэл өгч болно. Харин өөрийнхөө болон бусдын биед аюул учруулахыг завдаж байгаа тохиолдолд шаардлагатай хүмүүст хандаж хамтарсан багаар ажиллах дүрэм байдаг. Бусад тохиолдолд нууцыг чандлан хадгалдаг” гэв.
 
Гарааны оношилгоонд 2236 сурагч хамрагджээ
 
Хоёр сар гэдэг сурагчдын сэтгэл зүйн байдалд өөрчлөлт гарахад богино боловч сурагч, эцэг эхчүүд сэтгэл зүйч ажиллаж буй талаар мэдээлэлтэй болоход хангалттай хугацаа. Тэгэхээр гол анхаарах ёстой сурагчид сэтгэл зүйчийн талаар мэдээлэлтэй, зөвлөгөө авах соёлд дадсан байна гэхээр сэтгэл зүйч маань хоёр сарын хугацаанд ямартай ч үүрэгт ажлаа гүйцэтгэсэн нь харагдаж байгаа юм. Харин сурагчдын сэтгэл зүйн хувьд бодит өөрчлөлт гарч үр дүнтэй ажиллав уу, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж төрийн албан хаагчийн орон тоог тэлж ажиллаж буй сургуулийн сэтгэл зүйчид сул цалин авсан уу гэдгийн хариулт барианы оношилгоогоор тодорхой болох аж. Тухайлбал, энэ талаар сэтгэл зүйч О.Лхагвабаяр “Саяхан 2236 сурагчаас гарааны оношилгоо авсан. Дараа нь жилийн эцэс буюу хавар барианы оношилгоо хийгдэж үр дүнг нэгтгэснээр сургуулийн сэтгэл зүйчийн ажлын үр дүн тодорхойлогдоно. Тухайлбал, гарааны оношилгоогоор сурагч бүрийн сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэл, сурах үйл явцыг тодорхойлж гарсан үр дүнг харгалзан сургуулийн хамтарсан баг болох ангийн багш, нийгмийн ажилтан тодорхой ажлуудыг зохион байгуулна. Сонирхолд нь тулгуурлаж дугуйланд хамруулах, эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ авна. Үүний дараа хавар дахин барианы оношилгоо хийж тухайн сурагчийн сэтгэл зүй, зан төлөв хэрхэн өөрчлөгдсөнийг дүгнэх юм” гэлээ. Ямартай ч хоёр сарын хугацаанд сурагчдад сэтгэл зүйчид хандах дадал, соёлд сургах чиглэлд ажиллажээ.
 
Сурагчдын зан төлөв сургуулийн насанд нь бүрэлдэн тогтдогийн хувьд сэтгэл зүйн асуудалд нь гойд анхаарах нь зүйтэй. Тиймээс сургуулийн сэтгэл зүйчдийг мэргэшүүлэхэд БШУЯ 45 хоногийн сургалтаар хязгаарлалгүй, шат шатны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах шаардлагатай юм. Биднийг өрөөнөөс гарахад эцэг эхийн төлөөллөөс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар цаг авч үүдэнд нь хүлээж байв. Үүнээс харахад сургуулийн сэтгэл зүйчид хоосон суугаагүй ч хариуцсан яам нь ажлын чиглэл, дүрэм журмыг нарийвчилж үр дүнтэй ажиллахад нь анхаарах шаардлагатай байна.
 
 
Б.Бямбажаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин