sonin.mn
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Алтан гадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг төр, цэргийн зүтгэлтэн, хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит болгосон бөгөөд энэхүү ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, БХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Эрхэмбаяр, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Бүрнээбаатар болон химийн цэргийн ахмад дайчид, Ч.Самбуу агсны гэр бүлийн төлөөлөл оролцлоо. 
 
 
Нэрэмжит болгосон тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Батлан хамгаалахын сайдын тушаалыг хурандаа Б.Эрхэмбаяр тус ангийн захирагчид гардуулж өгсний дараа бригадын генерал Л.Онцгойбаяр үг хэлсэн юм. Тэр бээр “Зэвсэгт хүчний химийн цэргийг хөгжүүлэхэд хошууч генерал Ч.Самбуу агсан маш их зүйлийг хийсэн гавьяатай хүн юм. Тэр бээр МАА-ийн химийн тусгай ротын захирагчаас ЗХЖШ-ын орлогч дарга, Цэргийн тагнуулын газрын дарга хүртэлх албан тушаалд дэвшин томилогдож ажилласан түүхтэй. Ч.Самбуу нь химийн хамгаалалтын тусгай батальоны захирагчаар таван жил ажиллахдаа дөрвөн жил дараалан армийн “Тэргүүний анги”-ийн болзлыг хангаж, тав дахь жилдээ “Онц анги” болсон юм. Уг амжилтыг нь төр, засгаас үнэлж, тухайн жилд нь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг “Алтангадас” одонгоор шагнаж байжээ” гэв.
 
 
Мөн тус ангийн захирагчаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Л.Амарсайхан “Химийн цэрэг нь түүхэн хөгжлийнхөө явцад эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дайны жилүүдэд химийн хангалтыг зохион байгуулах, тайван цагт улс оронд тохиолдож болох байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, хүн, малын гоц халдварт өвчин, тэдгээрийн хор уршгийг арилгахад үргэлж тэргүүн эгнээнд явсаар ирсэн юм. Энэхүү гавьяаны эзэн болоход хошууч генерал Ч.Самбуу агсны гүйцэтгэсэн үүрэг их. Тиймдээ ч миний бие тус ангийг түүний нэрэмжит болгохоор хүчин зүтгэсэн, үр дүнд нь зорьсон үйлс маань бүтлээ. Сэтгэгдэл маш өндөр байна” гэсэн юм.
 
 
Энэ үеэр хошууч генерал Ч.Самбуу агсны гэргий Х.Аюурзана “Миний ханьтай хамт нэгэн цагт эх орныхоо төлөө зүтгэж байсан олон хүмүүс өнөөдрийн хүндэтгэлийн ажиллагаанд ирсэн байна. Түүний дан ганц химийн цэргийг хөгжүүлэх үйлсэд төдийгүй Монгол Улсын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ийнхүү нэрийг нь мөнхжүүлж байна гэж миний хувьд бодож байна. Хань минь мөн Дайнд оролцогсдын ахмадын хорооны даргаар олон жил ажиллаж, ахмад дайчдын төлөө, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахын төлөө олон ажил хийснийг энд нэмж хэлэхэд таатай байна” хэмээн хэллээ.