сонин mn
Олон жил уншиж сэтгэлийн цэнгэл эдэлдэг сайн сонин тухайлбал “Өдрийн сонин”-ы сүүлийн үеийн зарим нэг нийтлэл сэтгэлд нийцэхгүй байгаа учир арга буюу саналаа хэлэхэд хүрлээ.
Тус сонинд, мал, малчин хоёрыг адалсан шинжтэй зүйл нийтлэгдсээр байна. Тэдний бичсэнээс үзвэл Монголын мал жаран саяд хүрсэн учир газар даахгүй болж цөлжүүлж байна гэнэ. Гэтэл зарим хүн уул уурхайгаас болж газар талхлагдлаа гэдэг ч худлаа гэнэ. Уул уурхайг Монгол нутгийн 30 хувьд байгуулах судалгаатай ч гэсэн газар сүйтгээгүй 110 сая га бэлчээрийг мал баллаж байгаа хэмээн дурьджээ.
 
Үүний зэрэгцээ хонины зунгаг үнэртээд Монгол Улс хөгжихгүй байна гэх юм. Ийм үг сонсохоор хонины уураг сүүл хөхөж өссөн малчны хүүхдэд хачирхал төрнө. Тэрчлэн малчин хүн мал болдог гэж бас нэг нь бичсэн нь бий. Малчид, малаас өөр юманд суралцаагүй юм чинь аргагүй гэж адална. Тэгэж ярихад хүрвэл малчид хүүхдийнхээ ирээдүйг бодоод найм төгсөхөөр нь мал дээр гаргадаг нь заншил болсон зүйл шүү. Гэтэл цааш нь малчид малгүй бол хоолгүй болно гэж боддог юм байна. Үүнийг энүүхэн хавар говь нутагт болсон шороон шуурганаар амь алдсан есөн малчин харууллаа гээд фермерийн аж ахуй байгуулж цөөхөн сайн малтай байхыг хүсдэг хүмүүсийн саналыг дэмжжээ.
 
Дээрх санааг дэмжсэн бололтой бас нэг нийтлэлч “Малаа гадагш зар" хэмээн чанга дуугараад бэлчээрийн даац сүйд боллоо. Хятадын наад талын хэдэн хотын хэрэгцээг хангах бодит ажил болгооч! Дээрх хотод 40 сая мал заръя. Бас Арабын орнууд, Орос болон Энэтхэгт махны экспорт байна. Хоёрхон жилд цөлжилтийг шийдье. Малчид мөнгөгүй байна гэжээ.
 
Ийнхүү урд хөршид малаа зарах нь бэлчээр талхлалт, цөлжилтөөс гарах хамгийн хурдан, оновчтой, үр ашигтай арга гэжээ. Малаа зарчихаад малчдаа яах гэж байгаа юм бол... Арай малаа дагаад явна биз гэж бодоогүй байлгүй.
Өөр хүмүүс ч бас бичсээр байна. Дээр үед сайд байсан хүн, сум бүхэнд мал нядлах газар байгуулбал наана гэхэд хөдөөнийхөн ажилтай, хоолтой, цаана гэхэд орлоготой гэсэн байна. Түүнээс гадна урд хөршид мах гаргадаг нэг хүн бичихдээ, махыг шулж чанаад гаргахад үлэмж ашигтайн хэрээр хөдөөнийхнийг ажилтай, ашиг орлоготой болгосноо дурдсаар байна.
Үнэн амьдрал дээр ямар байдаг вэ? Гэнэн цагаан сэтгэлтэй малчдын малыг хямдхан аваад, мах бэлтгэлийн хар бор ажлыг тэднээр хийлгэчихээд гадаадад гаргаад үнэтэй зарна. Үүнээс малчдад орох ашиг гэж байхгүй. Наймаачид махыг цаашид ашигтай зарах аргаа л боловсруулна. Энэ бүхнийг хуулиар зохицуулж мал, малчин хоёроо хамгаалах хэрэгтэй.
Энэ мэтийг уншаад саналаа хэлье гэж бодлоо. Хүн юү бичих нь хамаагүй бөгөөд би буруутгах ёсгүй учир зөвхөн тэдгээрт дөрөөлж бодлоо илэрхийлж байгаа билээ.
 
Би тал нутагт малчны гэрт төрж багаасаа хонь хурга хариулж, тийн зуураа малыг ухаантай, ач тустай амьтан гэж ухаарсан юм. Малыг хүн ухаантай болгосны хариуд мал хүнийг тэтгэж тэжээсэн төдийгүй хүмүүжүүлсэн юм билээ. Гэтэл өнөөдөр... Монгол нутагт хүн үүссэн цагаас хойш зэрлэг байхад нь гэршүүлж амьдралын хэрэгцээ болгосон төдийгүй ард олноо хооллож хувцаслаж, хамгаалж мянга мянган жилийг элээсээр ирсэн билээ. Монгол угсаатнууд малтай болохын хамтад ханат гэрийг зохиож хониныхоо унгасаар бүрсэн нь хүн төрөлхтний өмнө хийсэн хосгүй нээлт байжээ. Гэтэл өнөөдөр мал маань үнэ цэнгүй болж, гаднынхны махны хэрэгцээг хангах төдий юм болох нь гэхэд Та үнэмших үү!
 
Монгол хүн, хундан цагаан хониныхоо уламжлалт эм танд ордог уурагтай тарган махыг нь идээд илчтэй дулаан нэхий дээлээ өмсөөд Шибэртийн хүйтэн жаврыг сөрөн алхдаггүй гэж үү. Аргамаг хүлгээ унасан Чингис хааны баатар цэргүүд Ази, Европыг хөндлөн гулд туулж хүн төрөлхтний энх амгалангийн төлөө эв зохицлыг олох гэж чармайж явсныг хүмүүс мэдэхгүй гэж үү.
 
Түүнээс гадна манай мал дэлхийг хооллож хувцаслахад их хувь нэмэр оруулсан түүхтэйг ч хүмүүс мэдэж байгаа. Ганц жишээ цухас дурдахад, дэлхийн II дайны үед Монгол Улс фронтын ар тал болж хэчнээн хонины нэхий дээл, гулууз мах, хурдан хүлэг, алт мөнгөө бэлэглэж дайсныг даралцсан нь ном бичигт барлаатай бий дээ.
Энэ мэтийг дурсахын ялдамд хэдэн санал хэлье.
Дэлхийн цаг агаар хурдан өөрчлөгдөж байгаа нь юуны урьд мал аж ахуйд нөлөөлж байна. Бид олон малтай гэж өнөөдөр гайхуулавч нэг шөнө оргүй болоход үгүй гэх газаргүй юм. Монгол хүн малгүй амьдарч чадахгүй учир малаа хамгаалъя.
Өнөөдөр хэдэн тоо харчихаад /яг үнэн юм болов уу даа/ барагдашгүй малтай боллоо гэж гайхуулах хэрэггүй. Олдож байвал маханд дургүй хүн байхгүй. Тийм учраас хэчнээн ашигтай ч гэсэн дэлхийн махны хэрэгцээг манайх хангаж чадахгүй. Тэр дундаа дэлхийн хамгийн олон хүнтэй Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг орныг махаар хангана гэж хэний санаанд ордог байна. Хэнтэй ч худалдаа наймаа хийж болно. Тэгэхдээ хэрээн мэдэж бяраа таних ёстой. Манайтай наймаа хийх улс олдоноо. Харин урьдынх шиг хаймар хонийг амьд хониор сольж авч байснаа давтаж болохгүй.
Манайд уурхай л ашигтай, үүгээрээ баяжъя гэдэг үзэл түгээмэл болжээ. Ямар сайндаа зарим хүн уурхайгаа л ашиглая, малаар яах юм бэ гэж байхав дээ. Тийм ч учраас нутгийнхаа гуравны нэгтэй тэнцэх газрын баялгийг эзэмших зөвшөөрөл олгосон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт зарласан билээ.
 
Хуучин бол Эрдэнэтийн талыг эзэмшээд болоод л байсан. Түүн дээр Оюутолгой нэмэгдсэн боловч өчнөөн жил ашиг авч чадахгүй байна гээд уйлаг алдсаар байгаа. Цаг ч хурдан өнгөрөх юм даа. Дорнод аймгийн нутаг дахь Петрочайна Дачин тамсагийн газрын тосны уурхай нээгдэж улсын Ерөнхийлөгч баярлан дээлээ тосолж байсан нь саяхан мэт санагдавч тэднийх хоёр талбайд шавхалт олборлолтын тендер зарлажээ.
 
Энэ нь нэг л мэдэхэд уурхай хоосорно гэдгийг хэлж байгаа төдийгүй уурхайн баялаг ундардаггүй гэдгийг илтгэж байна. Харин мал бол энэ жилийн зуднаар үлэмж хорогдлоо ч дараагийн жилүүдэд төлөөрөө нөхөж чаддаг ширгэшгүй ундаргатай билээ.
Зах зээлд орж мал хувьд шилжсэнээс хойш мал малчин хоёр төрийн хамгаалалтгүй болж махны чээнж, мах боловсруулдаг компаниудын мэдэлд орж мөлжигдөж эхэлсэн. Түүний зэрэгцээ малын хулгай, хэрцгий явдал гаарч хуулийнхан ч цөхөрсөн нь нууц биш. Байдал нэгэнтээ ийм болохоор сайн хууль хэрэгтэй байна.
Эцэст нь нэг асуулт байна. Малаа ч яахав, зардаг юм байж, малчдаа яах вэ?
 
 
Х.Зандраабайдий
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин