sonin.mn

 

Энэ хүнийг их сургуульд орсон цагаасаа мэдэх болсон юм. Оюутнуудтай харилцаж байгаа зан байдлыг нь хараад өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрсөн билээ. Ингээд уншигч та бүхнийг Монголын алтан үеийн кино болох “Хонины найр”, “Хүний мөр”, “Суварган цэнхэр уулс”, “Өнөр бүл” зэрэг олон кинонд туслах болон ерөнхий зураглаачаар ажилласан зураглаач Н.Зундуйтай уулзуулъя. 
 
 
-Хөдөөний хүүхэд зураглаачийн мэргэжил эзэмшихээр зүтгэсний учир юу вэ. Зураглаач болох нь Таны багын мөрөөдөл байв уу? 
 
-Тэгэлгүй яахав. Би чинь багаасаа л зураглаач болно гэж мөрөөдсөн. Гэхдээ эхэндээ зурагчин болно гэж л боддог байлаа. Наймдугаар ангиасаа гэрэл зураг авч эхэлсэн. Тэр үед “Вера” гэж шүдэнзний хайрцаг шиг аппаратаар зураг авдаг байлаа шүү дээ. Багадаа дүрсгүй, яггүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэгээд нэг өдөр дүрсгүйтээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн зургийг тус тусад нь авч нийлүүлж угаагаад багш нартаа донгодуулсан даа.
 
 
Тухайн үед амьдрал дээр ямар ч холбоогүй хоёр хүүхдийг зохиомлоор холбосон хэрэг тарьж, сургуулийнхаа сурагчдын зөвлөл, багш нарын хурлаар орж байв. Есдүгээр ангид байхад “Хөглөг алтайн бараа” кино хийж байхад зураглаач гэж ямар хүн болохыг анх удаа харсан. Үүнээс өмнө хөдөө нутгийн хүүхэд кино үзэж мэдэхээс хэрхэн хийдэг болохыг мэддэггүй байсан л даа.
 
 
Тэр цагаас хойш би гэрэл зурагчин биш кино зураглаач болох хүсэлдээ хөтлөгдсөн. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд олон жил зарцуулсан даа. Намайг аравдугаар анги төгсөхийн өмнө манай сургуульд кино зураглаачийн нэг хуваарь ирсэн юм билээ.
 
 
Тэр хуваарийг Лхагва гэдэг хүүхэд авсан. Би энэ нэрийг хэзээ ч мартдаггүй юм. Гэхдээ Лхагва шалгалтдаа тэнцээгүй учир зураглаачаар сурч чадаагүй. Тэгсэн би хүссэн ангиа авч чадалгүй англи хэлний багшийн анги авдаг байгаа. Харамсалтай нь энэ мэргэжлээрээ сурч чадаагүй юм. Ингээд бодохоор би анхнаасаа л зураглаач болох тавилантай хүн байсан юм шиг. 
 
 
-Мөрөөдлийнхөө мэргэжлийг хаана эзэмшсэн бэ? 
 
-Сургуулиа төгсөөд Төмөр замын II сургуульд нэг жил багшлах хугацаандаа Кино үйлдвэрийн тухай судалж, ажилд орох гарц хайсан. Ингээд л судалж дуусаад багшийн ажлаа хаяж, Кино үйлдвэрийн ажилчин болох замаа нээсэн юм. Кино үйлдвэрийн туслах зураглаачаар бараг долоон жил ажилласан байх шүү. Олон ч кино бүтээхэд гар бие оролцож явлаа. Энэхүү урт юм шиг хэрнээ богинохон хугацаа миний зураглаач болох эх үндсийг минь тавьж өгсөн дөө.
 
 
Кино үйлдвэрт орохдоо би Г.Жигжидсүрэн найруулагчид шалгуулж байлаа. “Түмний нэг” киног бүтээхэд туслах зураглаач хэрэгтэй болж би шалгаруулалтад орж тэнцсэн юм. Миний багш нарын нэг М.Дүйнхэр уг киноны ерөнхий зураглаачаар ажиллаж байсан. Г.Жигжидсүрэн найруулагч надаас “За миний хүү зураг авч байсан уу” гэж асууж байна шүү. Би авч байсан гээд арван жилд сурч байхдаа фото аппаратаар дарсан хэдэн зургаа үзүүлсэн.
 
 
Одоо бодоход ичгэвтэр л санагддаг юм. Гэхдээ тэр үед техник ч хөгжөөгүй байсан үе шүү дээ. Г.Жигжидсүрэн гуай зургуудыг минь харж байгаад “За авлаа. М.Дүйнхэр ээ, энэ хүүхдэд киноны техник хэрэгсэлтэй хэрхэн харьцахыг заа” гэдэг юм байна. Ингэж би кино үйлдвэрт 1964 оны наймдугаар сарын 25-нд албан ёсны ажилтан болж орсон доо.
 
 
Энэ хугацаанд “Хүний мөр”, “Үер”, “Өндөр ээж” зэрэг кинонд ассистент найруулагчаар ажилласан. Тэгээд л Орос уруу мэргэжлийн сургуульд явсан. Оросын киноны сургуулийн үндсийг тавигч Анатолий Дмитриевич Глумнов манай тэнхмийн эрхлэгч байлаа. Ингээд би Монголоос найруулагчаар суралцахаар очсон юм. 
 
 
-Зураглаач болох хүсэлтэй хүн чинь яаж яваад найруулагчийн ангид сурахаар болчихов? 
 
-Ар, өврийн хаалга орсоор байгаад намайг сургуульд явуулалгүй долоон жил болсон хэрэг. Сүүлдээ би “Сурах нас минь оройтлоо. Намайг яагаад явуулахгүй байгаа юм” хэмээн нэлээд ууртай удирдлагуудынхаа өрөөнд давхиад орчихлоо. Тэгсэн чинь нөгөөдүүл маань “Ёстой ойлгож байна. Одоо яг явуулна. Найруулагч болох уу” гэдэг юм байна.
 
 
Намайг үгүй гэж хэлнэ гэж бодсон уу, эсвэл чадахгүй гэж хэлэх биз санаснаас л ингэж асуусан байх л даа. Тухайн үед 28 нас хүрвэл гадаадын сургуульд явуулдаггүй байсан юм. Гэтэл би хэдийнэ 28 нас хүрчихсэн байсан учир ямар ч байсан нас оройтохоосоо өмнө явах нь зүйтэй гэж үзээд Бүх холбоотны кино урлагийн дээд сургуульд найруулагчийн мэргэжлээр суралцахаар болсон.
 
 
Найруулагчийн шалгалтаа сайн өгч тэнцлээ. Дараа нь давраад Анатолий Дмитриевич Глумнов шалгалт авахад нь хэлмэрчтэй ороод “Би зураглаачаар суралцмаар байна. Долоон жил зураглаачаар ажилласан туршлагатай, бас ийм хүсэлтэй” гэж хэлсэн. Харин зураглаачийн ангид шалгалт өгсөн хүн унаж, би тэнцэж хүссэн мэргэжлээрээ суралцах завшаан тохиосон.
 
 
Тэгээд эхний нэг жил хэл мэдэхгүй их будилсан. Анх очихдоо бол “мама”, “папа” ч үгүй хүн очиж байгаа юм чинь. Хөдөө боловсрол эзэмшсэн надад юуных нь орос хэл байх вэ дээ. Ингэж л зураглаач болох зорилгодоо хүрсэн юм. Гэхдээ зураглаач болоод хийх зорилгоо биелүүлж чадаагүй явна. Хүрч ч чадахгүй юм шиг байна. 
 
 
-Яагаад тэр вэ. Та чинь олон кино бүтээлцсэн мундаг зураглаач биз дээ? 
 
-Миний зураглаач болсон туйлын зорилго бол дэлхийн тавцанд хүрсэн зураглаачийн ажил бүтээх байлаа. Энэ зорилгодоо хүрээгүй, хүрч ч чадахгүй юм шиг байна. Учир нь зураглаачийн ажил бол техник технологийн хөгжилтэй шууд холбогддог. Гэтэл манай оронд кино урлаг бий болсон цагаас өнөө хүртэл дэлхийн хамгийн хоцрогдмол техник хэрэгсэл дээр л ажиллаж байна.
 
 
Ийм нөхцөл байдалд би төдийгүй залуу уран бүтээлчдийн хувьд туйлын зорилгоо биелүүлэх боломжгүй болж байгаа юм. Гэхдээ зорилгодоо хүрэх боломж бололцоо байсан эсэхийг хэлж мэдэхгүй л дээ. Хамгийн гол нь техник хэрэгслийн хувьд шинэчлэл хийх хэрэгтэй. Тэгвэл дэлхийн тавцанд гарах бүтээл туурвиж чадах авьяаслаг шавь надад олон бий. 
 
 
-Анхны зураг авалт бол Таны хувьд мартагдашгүй агшин биз ээ. Та анх ямар киноны, ямар хэсгийг авч байв? 
 
-Тийм ээ, анхны кино кадруудаа ер мартдаггүй юм. “Хүний мөр” кинонд голын захад дотоод яамны төлөөлөгчид загас барьж буй хэсэг байдаг даа. Кино урлагт авсан миний хамгийн анхны кадр бол тухайн хэсгийн дэгээнд дөнгөж ороод мултарч байгаа загасны зураг юм. Угтаа бол их бэлгэшээлтэй үйл явдал гэж бодож явдаг. Тэрхэн агшныг авахын тулд нэг өдөр зарцуулж байлаа. 
 
 
-“Их говийн айл” киноны буурны зодоонтой хэсэг сэтгэлд хоногшин үлджээ. Ийм агшныг авахад их хөдөлмөр орсон биз? 
 
-“Хонины найр” бол миний зураглаачаар бие даан ажилласан анхны минь бүтээл юм. 1966 онд Москвад Монгол Улсын соёлын өдрүүд боллоо. Тэр үеэр ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осор гуай ирж надтай уулзаж, “За хүүхээн “Хонины найр” гэж кино хийх гэж байна. Бүх зүйл бэлэн болсон. Чамайг зураглаачаараа сонгосон” гэв. Би ч гайхаад тэр олон зураглаачаас намайг яагаад сонгов гэхэд “Чи хөдөө мал дээр өссөн. Мал мэддэг ганц хүн. Дипломоо хамгаалаад хурдан ирээрэй” гэлээ.
 
 
Мөн “Их говийн айл” баримтат киноны зураглаачаар ажилласан. Энэ киноны ерөнхий зураглаачаар анх М.Дүйнхэр багш ажиллаж байсан юм. Харамсалтай нь багш маань буурны зодооны хэсгийг аваад л хорвоог орхисон. Сургууль төгсч ирээд багшийнхаа ажлыг дуусгаж үлдсэн хэсгийн зургуудыг авсан даа. Тэр буурны зодоонтой хэсэг бол үнэхээр сайхан зураглал болсон гэж үнэлдэг. Киноны минь гол чимэг юм даа. 
 
 
-Г.Жигжидсүрэн найруулагч Та хоёр гар нийлсэн хамтрагчид. Хамтын ажиллагаа хэзээнээс эхлэв? 
 
-Г.Жигжидсүрэн бол Монголын киноны агуу хүн шүү дээ. Дээрээс нь өөрөө бас зураглаач. 26-хан насандаа “Цогт тайж” киног найруулж, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн хүн. Тийм агуу хүнтэй хамтран кино хийнэ гэхээр нэгэн бодлын баяртай байсан. Г.Жигжидсүрэн “Чи надтай хоёр, гурван кинонд туслах найруулагчаар ажиллалаа. Хоёулаа одоо хамт кино хийнэ. Надад залуу хүн хэрэгтэй байна. Би орчин үеийн инээдмийн “Өнөр бүл” гэж кино хийх гэж байгаа” гэсэн. Г.Жигжигдсүрэнтэй хамтран “Суварган цэнхэр уулс” зэрэг тав, зургаан кинонд хамтарч ажилласан байх шүү. 
 
 
-Сүүлд “Богд хаан” түүхэн кино хийсэн. Түүхэн кинонд ажиллах ямар байв? 
 
-Сүүлийн хэдэн жил Б.Цогтбаяртай хамтран гурав, дөрвөн кино бүтээлээ. “Богд хаан” кино бол түүхэн уран сайхны кино. Мөн бид хоёр хамтраад “Хубилай хааны зарлиг” кино бүтээсэн. Манай кино группийнхэн тасалдаад байсан түүхэн киноны салбарыг уг киногоор сэргээж өгсөн гэж хэлж болно. Ер нь түүхэн кино хийе гэж хүн бүр зориглож сонгодоггүй. Саяхан нээлтээ хийсэн “Ану хатан” кино олны таашаалд нийцсэн сайхан бүтээл гарах шиг боллоо. Оюутнууддаа үзээрэй гэж уриалаад л сууж байна. Зураглаачийн хувьд энэ киноны зураг авалтыг илүү чанартай хийсэн юм шиг байна лээ. 
 
 
-Зураглаачийн ажлын гол онцлог юунд оршдог вэ. Заримдаа найруулагчаас дор үнэлэгдэх гээд байх шиг санагддаг? 
 
-Энэ асуултад би дэлгэрэнгүй хариулмаар байна. Дэлхийн кино урлагийг операторууд бий болгосон. Ах, дүү Льюмерүүд аппарат зохиож, дүрсээ өөрсдөө авч эхэлсэн. Тэд бол кино урлагийн үндэслэгчид гэж зүй ёсоор нэрлэгддэг. Зураглаач, найруулагчийн мэргэжлийн онцлогийг манай багш ийн тайлбарлаж байсныг би шавь нартаа хэлдэг юм. Гуталчин анх гутал тахлахаас өөр зүйл мэддэггүй байж.
 
 
Үүнийг нь ажигласан сэргэлэн эр “Та гутлаа тахал. Би материалыг чинь аваад өгье. Та гадаа суух хэрэггүй. Би байшин бариад өгье” гээд гуталчны мэргэжлийг төгс болгосон хэрэг. Үүнд л зураглаач, найруулагчийн ажлын онцлог илэрч байгаа юм. Гуталчны ажлыг зохицуулж буй хүн нь найруулагч, гуталчин бол зураглаач. Найруулагчийн мэргэжил гарч ирэхээс өмнө зураглаачид асар их хариуцлага үүрч байсан.
 
 
Зураглаачийн ажлыг нугалж явсаар кино дэлгэцийн хамгийн гол хүн нь найруулагч болчихсон хэрэг. Үнэндээ киноны гол сүнс нь дүрслэл байдаг. Тэр дүрслэлийг зураглаач л авдаг биз дээ. Тиймээс зураглаач кино дэлгэцийн гол хүн яахын аргагүй мөн. Өөрөөр хэлбэл, зураглаачийг би дэлгэцийн бүтээлийн нуугдмал бурхан гэж хэлэх дуртай. Харин найруулагч бол тэр бурхныг амилуулагч нь юм.
 
 
-“Өнөр бүл” кино олны сэтгэлд ихэд хүрсэн бүтээл. Тэр киног бүтээхэд зураг авалтын талбайд өрнөж байсан сонирхолтой түүхээс хуваалцана уу? 
 
-Байлгүй яахав. Их сонин юм бий шүү. “Өнөр бүл” кинонд автобуснаас гол дүрийн залуу буухад нэг бүсгүйн гутал сугарч унадаг хэсгийн зургийг одоогийн “Мөнгөн завьяа”-гийн автобусны буудал дээр авч байлаа. Тухайн үед зураг авалт хийхэд их хэцүү байлаа. Гудамжаар яваа хүмүүс сонирхоод шавчихдаг болохоор зураг авахын тулд эргэн тойронд улаан туузаар хориг тавьдаг байлаа.
 
 
Тэгээд автобуснаас буугаад гутлаа унагасан бүсгүйн гутлыг залуу бариад зогсч байгаа хэсгийн зургийг авах цэгээс нь болж би Г.Жигжидсүрэн гуайтай анх ам зөрсөн. Зургийн талбайгаа хаяад явчихсан. Ер нь зураглаач, найруулагчид хоорондоо маргалдах тохиолдол үе бишгүй л дээ. Зургийн талбайгаа хаячихаад гэртээ долоо хоног хэвтсэн. Тэр хэд хоногт “Ажлаасаа халагдсан байх даа. Телевизийн зураглаач л болохоос” гээд олон юм бодож билээ.
 
Тэгтэл ассистент найруулагч Ичинноров манайд ирж “Найруулагч дуудаж байна” гэсэн. Яваад очсон Г.Жигжидсүрэн гуай “За хүүхээн. Маргааш хөдөө явж зураг авна. Бэлтгээрэй” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсчихоод гэр рүүгээ нүдэндээ нулимстай алхаж байлаа шүү дээ. Тэгээд л зургаа авч дууссан. Зураглаач, найруулагчид харцаараа хүртэл ойлголцож байж бүтээл жинхэнэ кино болж үзэгчдийн сэтгэлд хүрдэг.
 
 
Энэ киног дуусмагц надад их сайхан урмын үг хайрлаж байсан юм. “Сайн байна, хүү минь. Миний тавьдаг гэрлийг тавиад сурчихсан байна” гэсэн. Үүнээс хойш миний авсан дүрсийг харахаа ч больсон доо. Надад тэр хэмжээнд итгэсэн хэрэг. Би тэр итгэлийг алдахыг хүсээгүй, алдаа ч үгүй байх гэж бодож байгаа. 
 
Г.Нямсүрэн
 
Эх сурвалж: