sonin.mn
Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны сүүлчийн ноён Дэмчигванжил Богд хаант Монгол Улсын үед Хужирбулангийн сургуулийн захирагч, улмаар Богд хааны итгэлийг хүлээж 1912 оны хавраас Цэргийн яамны дэс түшмэл улмаар тушаал дэвшиж дэд сайдын албыг хашиж байсан ч гэдэг. Тиймээс голдуу л Нийслэл хүрээнд сууж алба залгуулдаг байжээ. 1923 онд хошуундаа ирж бие нь чилээрхэн Сүжигтийн хийдийн зүүн хойно саахалт хэрийн зайтай байх ордондоо морилон хэвтрийн шахуу байх болжээ. Тэгээд нутгийн мэргэн түргэн, арга чаргатай лам нарыг авчирч мэргэлүүлэхэд бие тань илааршиж эдгэнэ ээ л гэцгээгээд байж. Эм тан, хануур хатгуур болж, гүрэм ном уншуулсан ч дээрдэхгүй байж. Нэг өдөр Дэмчигванжил ноён хиа, шадар хүмүүстээ хандан, -Миний бие нэг л биш ээ. Энэ мэргэцүүл надаас бэргэж “эдгэнэ ээ” гэж худал хэлээд байх шиг байна. Жаал ламд л /сэлэм хочтой Пэрэнлэй лам/ нэг үзүүлмээр байна гэжээ. Тэр ёсоор нутаг хийддээ жаал лам гэгддэг Пэрэнлэй ноёныдоо ирж эрих шувтлан мэргэлж үзээд
 
-Ноёнтон минь, өршөөгөөрэй. Таны амьд явах хоногийн тоо дууссан байна шүү дээ гэж айлдсан гэдэг. Ноён ч толгой дохин Сүжинлхам хатан руугаа нүд ирмээд
-Тэгнээ тэр гэсэн гэдэг. Түүнээс хойш ноён удалгүй өөд болж нутгийн тахилгат Мөнххаан уулын зүүн урд Ичинноровын энгэрт оршуулсан гэнэ.
Биднийг багад “Сэлэм” хэмээх Пэрэнлэй гуай сумын төвийн зүүхэнтэй Тунсаг толгойн баруун урд нутагладаг байлаа. Нэг намар тэднийх Дамирангийн Дугаржав гуайнтай айлсан буужээ. Тэдний хэдэн банди нарын нэг Югзэрсүрэн хүү нэг өдөр Пэрэнлэй гуайн морины аргамжааны гадсыг сугалж эвхэн нууцаар овоолготой аргалын бүтээлгэн доогуур нуучихаж гэнэ. Оройхон Пэрэнлэй гуай морио аргамжихаар хөтөлж яваад аргамжаа байсан газраа очиж эрээд олсонгүй эргэж ирж морио тэрэгнээс уячихаад өөрөө хураалттай аргалын наана очиж завилж суугаад эрихээ эргүүлж байснаа хураасан аргал өөд явж очоод бүтээлгийг хуулан аргамжаагаа гаргаад ирж байсан гэдэг.
Бас нэг өдөр нүүдэл сэлгэж нүүх болоод Пэрэнлэй гуай гэрээ буулгаж ачаалж байжээ. Ц.Мажиг гэх залуу тэдний гэрээс ачаалалцаж тусалж байж гэнэ. Гэтэл Пэрэнлэй гуай гэнэт өврөө уудлан тэмтчиж орныхоо ширдгийг сөхөн нэг юм эрээд эхэлж гэнэ. Мажиг ч гайхан,
 
-Та юугаа эрээ вэ гэхэд, өвгөн
-Эрих маань байдаггүй гэснээ шалныхаа өр модон дээр суугаад амаа хөдөлгөн ном уншаад байна гэнэ. Мажиг ч бусад хүмүүстэй гэрийг нь ачаалж дуусаад зуухны дор тавьсан өр модыг авч аччихаад өвгөний дэргэд ирж,
-Эрихээ олдоггүй юу гэвэл, Пэрэнлэй гуай толгой дохин
-Олдох байх аа гээд суугаад байж. гэтэл мөнөөх өр модны дороос ил гарсан оготны нүхний шороо түрэгдэн хөдөлж байна гэнэ. Өвгөн ч нааш гарсан шороог гараар маажиж байснаа эрихээ татаад гаргаад ирсэн гэдэг.
 
 
 
Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хурхын голоор нутагтай “бүдүүн” хэмээх Сэрээтэр нутагтаа “мэргэн” гэж нэрлэгдсэн, айлын алдсан малын байгаа газрыг андахгүй хэлээд өгдөг хүн байжээ.
 
 
 
Нэг удаа нялх биетэй эмэгтэйн нөхөр хэвтэрт орж бие нь муудаад дээрдэхгүй удаж гэнэ. Саахалт айлын залууг нөгөө эмэгтэй гуйж, хадаг, даалимба хоёр өгч, үүнийг Сэрээтэр гуайд бариад нөхрийн маань биеийг асуугаад ирээч гээд явуулжээ. Нөгөө залуугийн шунал хөдөлж даалимбыг нь аргалын бүтээлэг доогуур нуучихаад “бүдүүн” Сэрээтэрийнд очиж хадгийг барьж нөгөө хүний биеийг асуухад “бүдүүн” Сэрээтэр өвчтэй хүний бие гайгүй болно. Санаа зовох юмгүй гэж эхнэрт нь хэлээрэй. Харин чи хурдан явахгүй бол горьгүй нь байна шүү. Аргалын бүтээлгэн доогуур хийсэн даалимбыг нь далиу эвэртэй амьтан идэх нь гэжээ. Нөгөө залуу эвгүй байдалд орж давхин ирвэл нэг улаагч үнээ нуусан даалимбынх нь булангаас зулгаан хивээд зогсож байжээ.
 
 
Ю.САНЖААГОНЧИГ
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин