sonin.mn
“Улирал ба зохиолч” сэтгүүлийн Ерөнхий Эрхлэгч, Дэлхийн урлаг соёлын акедемийн байнгын гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн шагналт, яруу найрагч Дан.Нямаатай ярилцлаа.
 
-Сайхан зусаж байна уу та, уран бүтээлийн олз амог арвин уу?
 
-Сайхан зусаж байна. Энэ хорио цээрийг уран бүтээлч хүн “боломж” болгож харах ёстой юм уу гэж бодогдсон шүү. Хөгжмийн зохиолч П.Буянжаргал, А.Энхнаран, Ц.Ганзориг нартай хэдэн шинэ дуу хийлээ. Авьяаслаг залуу дуучид Э.Очирсайхан, Л.Гантогоо нар дуулж олонд хүргэлээ. “Чамайгаа хайрлах хайрандаа...”, “Амрагийн дуутай үдэш”, “Ижий минь”, “Дуу зохиолоо, ээжээ” гээд нэрлээд байвал үргэлжилнэ. Бас “...баяр жаргалын ДУУЛЬ...”, “Зовлонгийн гэгээ” нэртэй хоёр тууж гараас гарав. 2012 оноос хойш шүлгийн ном гаргасангүй. Тийм болохоор шинэ шүлгийн ном бэлэн боллоо. Өнгөрсөн жил нэрт орчуулагч Р.Мөнхзул, залуу орчуулагч Ш.Майцэцэг нарын франц хэлнээс орчуулсан шүлгүүдээр хоёр ном гаргасан. Нобелийн анхны утга зохиолын шагналт, Францын яруу найрагч Сюлли Прюдомын “Уянгын шүлгүүд”, “Франц яруу найргийн цоморлиг”. Энэ хоёр номын онцлог нь франц, монгол хэлээр гарч байгаа юм. Монголдоо анхных болов уу.
 
-Шинэ бүтээл арвин байгаа юм байна та. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хүүхэд. 1990-ээд оны эхээр сургуульдаа Могойтын голоос нэг даваа давж явдаг байлаа. Тэгээд эгч бид хоёр замдаа "Ирсэн л болбол буцах болдог дэлхийд Энгэрээ түшээд өвгөд минь одлоо ч Ээжээ баярлуулж үрс нь төрдөг юм аа Эхийн хэвлийгээс хүйгээр салавч Эх орноосоо амь нь салдаггүй... /Амьдрал аа би чамд хайртай/ гээд л Улаан хаданд цуурайттал дуулдаг байлаа. Хожим утга зохиолын сургуульд ирж, улмаар тантай танилцаад зохиогч нь гэдгийг мэдэж, ийм мундаг хүнтэй ахан дүүс болсондоо өөрөөрөө маш их бахархаж билээ. Уран бүтээлч хүний аз жаргалын нэг хэсэг бол бүтээл нь түмэнд түгэх байх, тийм үү?
 
-Сайхан асуулт байна, зохиолч, яруу найрагч хүний “аз жаргал” чиний асуултад багтсан байгаа “уран бүтээл” нь олон түмэнд түгэх юм. Ер нь, ард түмэнд түгээсэй, олны зүрх сэтгэлд үүрлээсэй, зовлонг нь хуваалцаж, баярыг нь бадраагаасай гэж л уран бүтээлээ шившинэ шүү дээ. Энэ бол уран бүтээлч хүн бүрийн зорилго. “Амьдрал аа би чамд хайртай” дууг ард түмэн минь мэднэ. 1990-ээд оны хүнд хэцүү, картын бараатай үед энэ дуу амьдралд хайртай байхын утга тарни нь болсон байх. “Амьдрал аа би чамд хайртай...” гээд л аялаад босохдоо урам зориг авдаг байсан болов уу? гэж урамшин боддог. Шүлгэнд минь Ё.Сүхбаатар гэдэг авьяаслаг хөгжмийн зохиолч аялгуу хийж, Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр дуулж олонд хүргэсэн. Дууг яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гэсэн гурван жигүүртэй гэж ярилцдаг. Ард түмэн гэдэг бас нэг жигүүр нэмэгдэхээрээ дөрвөн жигүүртэй болж байгаа юм. Тийм учраас хоёр жигүүртнээс илүү хол, алс нисдэг. Хүмүүний сэтгэл хэмээх ертөнцийг бүтэн тойрдог, зүрхнийх нь аглагт үүрлэдэг. Тийм дуу мөнх настай, ардын дуу тийм шүү дээ. Ардын дуу шиг үнэн үгтэй шүлэг бичихсэн гэсэн хүсэл минь хэзээ мөнхөд үүрдийнх. Ийм хүсэлд хөтлөгдөж явна гэдэг шүлэгч хүний гэгээн уй юм.
 
Таны ярилцлагуудыг уншиж, сонсоход бага насныхаа тухай л их цөөхөн ярьсан байдаг. Хүмүүс “Хүн хувь зохиолоо өөрөө бүтээдэг” гэхэд зарим нь “Өөрт ногдсон хувь зохиолынхоо дагуу амьдардаг” гэх нь бий. Таны хувьд бага насандаа л өнөөгийн зохиолч Нямаагийн дүрийг дотроо бүтээчихсэн байвуу?
 
-Бага насныхаа тухай цөөн ярьсан байж магадгүй ч хамгийн их бичсэн нь би ч байж магадгүй. “Нарны алга” нэртэй хүүхэд, бага насны минь тухай бүтэн ном бий. Тэр номоос Дан.Нямаа яагаад шүлэгч болсныг мэдэж болно.
 
Алхам тутамдаа байгаллаг мэдрэмжид хөтлөгдөж, уянгын сэрэлд автаж, Монгол хөдөлмөрөөр хүн болж байгаа хөдөөний хүү бол “Нарны алга” номын гол баатар юм. Тэр хүү хонь холбож, аргал түүж, адуунд давхиж, чөдөр зангидаж суугаа аавыгаа хайрлаж, алтан цэгцүүхэй уйлдгийг ухаарч, нисч яваа хос улаахан ангирыг тэнгэрт дэлгэрсэн гал улаан цэцэг байна гэсэн нээдтэндээ урамшин гүйж явдаг. Тэр хүү харсан болгоноосоо “шүлэг” олдог. Од эхлээд усанд түгдгийг, шинийн хоёрны сар завь шиг хөвдгийг, модод шүүрс алдахдаа навчисаар уйлдгийг, анхны хайрын захидлын уранхай цас болон будардгийг, булгийн ус “ургадаг”-ийг олж нээдэг. Миний бага нас ийм л байсан. Тийм болохоор чиний хэдснээр “өнөөгийн зохиолч Нямаа” хүүхэд насандаа бүрэлдэн бий болсон ч байж мэднэ. “Хүүхэд нас” нь өөр дотор нь гэрэлтэн байдаг зохиолчоос жинхэнэ уран бүтээлийг хүлээж болно гэж ярилцдаг нь хоосон үг биш байх шүү.
 
-Аливаа улс орны утга зохиолын хөгжлийн нэг тулгуур нь дугуйлан, нэгдлүүд юм шиг. Манай улсын хувьд ч ялгаагүй МЗЭ-ийн үндэс суурийг хэдэн яруу найрагч, зохиолчид дугуйлангийн хэлбэрээр үүсгэсэн байдаг. Таныг ч бас 1980-аад оны эхэн үед Хөдөлмөрийн баатар, АУЗ Д.Пүрэвдорж агсаны дугуйлангийн гишүүдийн нэг гэж сонссон?
 
-Утга зохиолын нэгдэл, дугуйлангууд бол уран зохиолын хөгжпийн “оч” нь. Үргэлжид уран зохиолын гал асаж дүрэлзэж байхын учир утга нь юм. Хаана уран зохиолын бие даасан дугуйлан нэгдэл, клубууд олон ажиллаж байна, тэнд уран зохиол илүү хөгждөг. 1980-аад оны эхэн үед Зохиолчдын хорооны дэргэд Д.Пүрэвдорж абугайн удирдсан “яруу найргийн танхим”, Д.Гармаа зохиолчийн удирдсан “үргэлжилсэн үгийн танхим” гэсэн хоёр танхим хичээллэж байсан. Хоёр жил болоод албан ёсны төгсөлт хийдэг, дипломын ажлаа “шинэ ном”-оор хамгаапдаг, тэгээд бас МЗЭ-ийн даргын гарын үсэг, тамга тэмдэг бүхий диплом олгодог, бараг Горькийн сургуулийн дээд курс шиг тийм сургалт явагддаг байв. Манай үеийнхний ихэнх нь энэ хоёр танхимын сургалтад хамрагдсан шүү. Тэрнээс гадна уран зохиолын дугуйлангууд аймаг, дүүрэг бүрт, их дээд сургуулийн дэргэд хичээллэдэг байсан нь уран зохиолын амьдралыг хөдөлгөөнд оруулдаг, урсацыг нь тунгалагшуулдаг байжээ. МУИС-д С.Дулам багшийн дугуйлан хичээллэж, УБИС-ийн дэргэд “Гал” нэгдэл үүсэж, Ажилчны дүүргийн болон МҮЭ-ийн дэргэдэх уран зохиолын дугуйлангууд ажилладаг байлаа. Одооны алдар цуутнууд бүгд л эдгээр дугуйлангийн бүтээгдэхүүн юм шүү дээ. Танай төмөр замых бол хамгийн анхны уран зохиолын дугуйлангуудын нэг. Энэ дугуйлангаас "Хүрэн морин"-ы эзэн, яруу найрагч Ч.Лхамсүрэнгээс эхлээд л олон алдартан төрөн гарсан байдаг. Чи бол өчнөөн хүн нэмж нэрлэх нь тодорхой. Ер нь, уран зохиолын дугуйлан нэгдэл хэчнээн олон байна, утга зохиол өөрөө хүчирхэгжин шинэчлэгдэж байдаг. “Зүс бүгэг андууд”, “Хүрээ хөвгүүд” гээд нэрлэвэл цаашаа бас үргэлжилнэ. Тийм ч учраас “Улирал ба Зохиолч” сэтгүүлд “ДУГУЙЛАН” гэсэн тусгай булан бий. Танай дугуйлангийн хамт олныг энэ буландаа урьж байна.
 
-Баярлалаа, “Мөнгөн үеийнхэн” гэгддэг таны үеийн зохиолч, яруу найрагчид дээд үеийнхнээсээ суралцаж, 1990-ээд оныхныг халамжлан хүмүүжүүлсэн байх юм. Ер нь, утга зохиол хэмээх том далайд гарсан зохиолчид хэн нэгэн тулган шаардаагүй ч залгамж үеэ завиндаа суулгаж, замыг нь засаж өгөх үүрэг хүлээдэг юм уу даа?
 
-Хойч үегүй уран зохиол гэж хаа ч үгүй. Тэрчлэн өмнөх үеэ үгүйсгэж үл болно. Уламжлал, шинэчлэлийн залгамж чанар гэдэг уран зохиол өрөө амьд байхын уг сурвалж нь юм. Алтан, мөнгөн үеийнхэн гэж үечилснээс уран зохиолыг системчлэн судлах нь одоо цагт тун хэрэгтэй санж. 1980-аад оныхон, 1990-ээд оныхон, шинэ мянганыхан л гэнэ. Уран зохиолоо арав арван жилээр ингэж гуя, хаа мэт зааглан салгах нь одоо утгагүй мэт. Яг үнэнийг хэлэхэд Д.Уранхай ах шинэчлэгч хэвээрээ л байна шүү дээ. Л.Дашням абугайг ч нэрлэмээр байна. Тэднийг 1970-аад оныхон гэх үү, одоо энэ цагт авчрах уу? Тийм болохоор үечлэх нь хаашаа юм бэ. Залгамж үеэ завиндаа суулгаж, замыг нь засаж өгөх ойлголт одоо мөн л утгагүй болсон. Харин хойч үеийнхнээ бид уран зохиол шиг уран зохиол л бичиж үлгэрлэн дагуулах учиртай болж байна. Хэдий чинээ шинэ, сонин, уламжлал шинэчлэлийн холбоос бүхий уран зохиол туурвина, төдий чинээ хойч үе минь шинэчлэгдэнэ. Өмнөх үе нь ууланд гарсан бол хойч үед оргил нь ойрхон л болно шүү дээ. Би энд уран зохиолын оргилын тухай ярьж байна. Хойч үеэ бөөцийлэх биш харин урагш нь даллан дуудах ёстой. Даллан дуудах авьяас түүдэг мэт ноцож байх учиртай. Авьяас авьяасаа таньдаг. Танигдсан авьяастантай уран зохиол л дэлхийд алдаршина. 
 
-Тантай санал нэг байна. Таныг уянга, хайрын тухай олон сайхан дуугаар чинь Монгалын ард түмэн андахгүй. "Хонгор нутаг минь бороотой гэнэ Хосоор сэмбэрүү зунтай гэнэ Намираа цагаан үүлтэй гэнэ... " /Нутгийн минь сураг/ дууг чинь нутаг нуга гэхгүй дуулж байхыг олон сонссон. Дотоод хүн чинь их гэгээн, уянга хайр үргэлж ундруулж байдаг шиг санагддаг. Ер нь, та их зөөлөн, бас дурламтгай хүн үү?
 
-Магтаалд чинь талархнам. Ер нь, уран бүтээл эзнээ дуурайдаг. Араншингүй уран бүтээл гэдэг цэцэггүй нуга юм. Бүтээлээс нь зохиогчийн араншин харагдаж л байвал тэр бүтээл “амьд” байгаа нь тэр. Амьд бүтээлээс зохиогчийнх нь зүрхний цохилго сонсогдож байдаг. Миний шүлэг зохиолыг зарим нэг судлаач, шүүмжлэгчид уянга найрсалтай, эгшиглэнтэй гэж тодорхойлдог. Үеийнхэн минь намайг хайрын шүлэгч гэдэг. С.Дулам багш саяхан нэг номын минь өмнөтгөлд “уянгалаг яруу найрагч” гэсэн байсан. Тийм болохоор шүлгүүд минь уянгалаг талруугаа нь үнэн байх. Бас хайрын шүлгүүд түлхүү бичдэг нь ч үнэн юмдаг уу. Миний шүлэг толгой сүүл холболт, авиа эгшиг ижилсүүлэлт болоод аялгуулаг хэмнэл, эгшиглэнт чанар, гойдын найрслаараа бусдаас ялгардаг. Он жил одохын хирээр монгол хэлнийхээ яруу найрсал, тунгалаг тодорхойг миний шүлгүүдээс л олж харна даа гэж бардамхан хэлье. Одоо хэлэхгүй бол хэзээ хэлэх юм. Хүн бүр л шүлэг бичдэг болж, гэхдээ яруу найрслыг нь гээж байна. Шүлэглэхээ больжээ. Шүлэглээгүй шүлгийг ямар шүлэг гэх юм. Мөн хэмнэлгүй болж байна. Морин төвөргөөн ч, тэмээний алхаа ч хэмнэлтэй шүү дээ. Чонын улилт ч хэмнэлтэй байдаг. Ертөнц тэр чигээрээ хэмнэл. Гэтэл хэмнэлгүй шүлэг байж болно гэж үү? Уянгагүй шүлэг олширно гэдэг монгол хэл мөхөхийн эхлэл. Шүлэг бичдэг нэг хүн “Хэмнэл аялгуутай, тэгш төгөлдөр, авиа найрсалтай шүлэг унших дургүй” гэж бичснийг олж үзээд машид гайхсан. Ингэж төөрөх ч гзж дээ. Зүгээр л учрыг нь олж өрсөн үг шүлэг биш шүү дээ.
 
-Та их залуу сэтгэлгээтэй, залуусаа уншиж, ихэнхтэй нь найзархаж харагддаг. Залуучуудаас сайн бичиж, хойшид олны хүндлэлийг хулээх нь хэн хэнийг гэж хардаг вэ?
 
-Залуусыг одоо нэрлэхгүй ээ. Нэр нь гэрэлтэх биш авьяас нь гэрэлтэх ёстой. Уншиж л байж зохиолч болно шүү дээ. Галд цучил нэмж байж л асдаг.
 
Зохиолч хүн уншиж байж л “авьяасын гал”-аа өрдөнө.
 
Унаа тэрэг шатахуунтай байж явдаг шиг зохиолч хүний шатахуун бол унших. Хэдий чинээ уншина, төдий чинээ авьяас онгод нь ирнэ. Саяхан би Мө Яны “Мэлхий”-г уншлаа. Манай зохиолчдын хэн нь ч тэр зэргийн романыг биччихнэ. Ухаандаа “Мэлхий”-г уншсан зохиолч хүн “Өө, Нобелын шагнал хүртсэн зохиол энэ юм бол би энэ байтугайг бичиж байгаа шүү дээ” гэж өөртөө урамшина, эсвэл “Аугаа зохиол юм аа, яаж энэ энд хүрч бичих вэ?” гэж өөрийгөө ташуурдана шүү дээ. Уншихын олз нь энэ. Бие биенээ ч уншихгүй байна. Сургаар л бие биенээ үнэлж байна. “Өө, тэрүү за яахав дээ”, “Аа энэ үү, юу гавьдаг юм” гэнэ. Энэ бол хоцрогдол, ядаж монгол уран зохиолоо мэдэж байх хэрэгтэй байна. “Улирал ба Зохиолч” сэтгүүл энэ л мэдлэг рүү уншигч, зохиолч нөхдөө уриалдаг. Уриа нь гэхэд л: “Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” шүү дээ. Сэтгэлийн гэгээрэлд уншиж л хүрнэ. Тэгэхээр унших дутна гэдэг сэтгэлгээ дутна, мөн сэтгэл, ур чадвар дутна гэсэн үг шүү дээ. Чухамдаа уран зохиолын тулгын гурван чулуу бол сэтгэлгээ, сэтгэл, ур чадвар юм.
 
-Уран бүтээлчээс илүү бүтээл нь уншигчдад танигдсан байдаг?
 
-Зөв шүү, уран бүтээлээрээ л танигдаж байвал тун сайнсан аа. Одоо ч тэгээд уран бүтээл гэх юмгүй атлаа нүүр царайгаараа олонд хэдийнэ танигдсан зохиолч байх л юм. “Өө зохиолч тэр байна” гээд таниад байдаг. Уран бүтээл нь юу билээ гэхлээр санаанд орж ирэхгүй тийм хүмүүс байдаг. “Элс цас” роман гэхлээр бараг хүн бүхэн мэдэх ч, “Зохиолч нь Ш.Шажинбат шүү дээ” гэхлээр танихгүй юм. Зохиолоороо танигдана гэдэг энэ. Чухамдаа бол сайн зохиол гэдэг зохиолчтой, зохиолчгүй өөрийнхөө хувь тавиланг хөөгөөд явдаг.
 
-Сонирхоод асуухад та хэдэн улсад аялж үзэв, бүтээл чинь хэчнээн хэлээр хэвлэгдэн тугсэн байна даа?
 
-Мексик, Америк, Швед, Белги, Унгар, Франц, Япон, Солонгос гээд нилээн хэдэн орноор явжээ. Гол төлөв Дэлхийн яруу найрагчдын Их хуралд оролцсон байна. Миний “Хол, Ойр” гэж аян замын тэмдэглэлийн номыг уншвал тун тодорхой болно доо. Шүлгийн хувьд бол Орос, Хятад, Ангпи, Франц, Япон, Солонгос гэхчилэн хэлээр орчуулагдсан бий. Македон хэлээр “MOJOT CBET” (Венец од сонети) |2012| “Миний ертөнц” сонет цэцгэн эрхи, Швед хэлээр “MONGOLISK POES” |2018| яруу найргийн бие даасан ном гарчээ. “ҮГС” хэмээх эссэ маань францаар орчуулагдсан байна.
 
-“Дэлхийн яруу найргийн хэмжүүрийн хаахна Монгол явна, хззээ бид хүрэх вэ” гэж хүмүүс асуудаг шүү дээ. Миний хувьд Монгол хэзээ тэнд хүрэх вэ биш, харин дэлхий нүүдэлчин ахуй, Монгол ёс, соёл иргэншил, хун байгалийн холбоог хэзээ бүрэн судалж, монгол яруу найргийн хэмжүүрт ирэх юм бол гэж боддог. Харин таны бодол юу вэ?
 
-Дэлхийн ямар ч орны яруу найрагтай манай яруу найраг эн тэнцүү байгаа. Тэдний зиндаанд л яваа, илүү ч байж мэднэ шүү. Монгол яруу найргийг үнэхээр орчуулж чадах юм бол дэлхийн яруу найргийн ай савд тун ч өвөрмөц, нэгэн хүчтэй цутгалан бий болж нүүдэлчний яруу найргийг дэлхийн уншигчид шимтэй уншдаг болно. Тийм цаг ирнэ. Ирээдүйн зохиолч, яруу найрагчид маань ч монгол хэлээр бичсэн зохиолоо Ч.Галсан зохиолч шиг дэлхийн уншигчдын төрөлх хэлээр өөрсдөө бичдэг болох цаг ойртож байна гэсэн зөн төрдөг шүү.
 
-Та төмөр замчин зохиолч, сэтгүүлчидтэй олон жил нөхөрлөж, хамтран ажиллаж байна. “Ган үзэг" яруу найргийн наадмыг цөөнгүй удаа шүүж, бас оролцож явсан хүн. Тэгэхээр төмөр замчдын тухай олон бүтээл туурвиа биз?
 
 -Танай “Ган үзэг” яруу найргийн наадам зохион байгуупалт сайтай, урамшуулал шагнал ч өндөртэй, ер нь их сайхан наадам шүү. Яруу найрагч нар ч чих тавин хүлээдэг, шүлгэн хүлгээ сойдог наадам. Би бас хэд хздэн удаа шүүгчээр ажилпажээ. Тайзнаас шүлэг шүүнэ гэдэг хэцүү, гэхдээ шударга шүүх гэж их хичээдэг юм. Төмөр замын байгууллага уран зохиолын өндөр шагналтай уралдаан зарладаг нь зохиолч, яруу найрагчдыг шинэ уран бүтээлд даллан дууддаг. Олон жилийн өмнө би тийм нэг уралдаанд оролцож байр эзэлж байсан дурсамж сэргэж байна. Миний ямар ч түүвэрт ороогүй ийм нэгэн шүлэг өв дотроос минь олдлоо.
 
ЗҮТГҮҮРИЙН ДЕПОГИЙН БҮСГҮЙД.... 
 
Зүрхээн би уйтайхан дарнам 
Зүтгүүрийн депогийн бүсгүйд дурлажээ
Турьхан гартаа алх барьсан 
Урьхан төрх нь сэтгэлд үзэгднэм 
 
Эзэн Чингисийн унаган хүлэг 
Эр хоёр загалаар нэрлэгдсэн 
Эрин цагийн хүчит зүтгүүрийн 
Дэргэд анх догдлон харсан юм 
 
Будаг шунхгүй энхрий царай нь
Бадаг навчсын улаанаар туяарч
Эрээгүй ширтсэн миний харцнаас 
Ичингүйрэн гэрэвшиж тонгойсон юм 
 
Ай тэгэхэд, илдэн сормууст нь
Алаг зүрх минь зүсэгдэн ёолсон юм 
Бүсгүй түүний хайрын тарниар л 
Бүтэн болж эдгэнэ гэсэн юм 
 
Хорин настан шиг болзоонд яаралгүй 
Хонгор бүсгүйгээ сэмээрхэн сурсан юм 
Ган замчдын манлайд үйлстэй 
Гал цогтой бүсгүй гэж сонссон юм 
Ган зам шиг гэгээн хайр минь алсарч
 Галт тэрэг шиг өдрүүд хөвөрсөөр байнам, 
 
Үзэсгэлэнт бүсгүйтэй зориглон болзох хүч 
Өгөөч гэж Бурханд залбиран гуйнам 
Турьхан гартаа алх барьсан 
Урьхан төрх нь сэтгэлд гэрэлтэх- 
Зүтгүүрийн депогийн бүсгүйд дурлажээ... 
Зүрхээн би уйтайхан дарнам. /2004.02.18/
 
-“Улирал ба Зохиолч” сэтгүүлийг та эрхлэн гаргаад цөөнгүй жилийг үдлээ. “Нобелийн шагналтны ярилцлага”, “Зохиол төрсөн түүх”, “Гадаадын уран зохиол”, “Шүүмж, онол судлал”, “Өгүүллэг”, ”Яруу найраг”, “Захидал ” гэх мэт олон сонирхолтой булан байдаг. Нэг үеэ бодвол залуучууд эргээд ном зохиол шимтэн уншдаг болж байх шиг. Танай сэтгүүлийн захиалагчид хэр хүрээгээ тэлж байна вэ?
 
-Уран зохиолын мэргэжлийн “Улирал ба Зохиолч” сэтгүүл гаргаад найм дахь жилтэйгээ золгож байна. Дээр ч сэтгүүлийнхээ тухай бас бусыг ярилаа шүү дээ. Уран зохиол сонирхдог, бичдэг, авьяас чадвараа тэлье гэж боддог хүн бүр унших ёстой сэтгүүл шүү. Улирал тутам гардаг уран зохиолын цомирлог. Романаас бусад бүх төрлөөр хуудсаа чимдэг. Чи бас оюунлаг уншигчийн хувьд олон сонирхолтой булан хуудсуудыг нэрлэлээ. Байнгын булан хуудас гэж байна. Тухайлбал, тууж. Бид гучин дугаар гаргахдаа гучин тууж тавилаа. Бас залуу шүлэгчдийг дэмждэг “Сүүтэй дөрөө” булан байна. “Дуун хөрвүүлэгчийн цэцэрлэг” гэж булан бий. “Монгол туургатны яруу найраг” буланд Өвөрмонгол, Буриад монгол, Тува, Халимаг, Шинжаан уйгарын 60-аад яруу найрагчийн шүлэг, зохиолыг тавьжээ. Найман жилийн хугацаанд эх орныхоо хилийг бүтэн тойрч хилийн анги заставуудын номын санд очлоо. Гадаадад суугаа Монголынхоо 30 элчин сайдын яаманд хүрсэн байна. Уншигч захиалагчдын тоо ягууханаар нэмэгдэж байгаа. Зохиолч нөхөд минь ч олноороо захиалах боллоо. Танай сонинтой хамтарч “Улирал ба Зохиолч” сэтгүүл төмөр замын өртөө бүрт хүрэх оюунлаг зорилт тавьж байгааг дуулгая. Төмөр замчин зохиолч, яруу найрагчиддаа хүргэе, уншигчдынхаа хүрээг төмөр замчдаараа тэлэх сайхан боломж гарлаа гэж ойлгож байна.
 
-Баярлалаа, танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
 
-Яруу найрагч дүүдээ онгод хийморийг ерөөе. Монголын уран зохиол мандан бадраг!
 
 
М.Наранболд
Эх сурвалж: "Ган зам" сонин