sonin.mn
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх зорилго дэвшүүлсэн. Энэ хүрээнд цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongo­lia-г 2020 оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулснаас хойш зургаан сарын хугацаанд буюу өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд нэг сая дахь иргэндээ цахимаар үйлчилгээ үзүүлжээ. Засгийн газрын 100 хоногт багтаан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар иргэдэд шаардлагатай 592 үйлчилгээг Е-Mongolia системд оруулж, “Цахим үндэстэн” болох уриалга дэвшүүлээд буй. Энэ хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.БОЛОР-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.
 
-E-Mongolia системийг олон нийтэд танилцуулсанаас хойш ямар үйлчилгээнүүд нэмэгдсэн бэ?
 
-E-Mongolia буюу төрийн үйлчилгээний нэгдсэн системийг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд албан ёсоор танилцуулахад төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байсан. Харин өнөөдөр хөдөлмөр, нийгмийн хамгаалал, мэргэжлийн хяналт, Улаанбаатар дулааны сүлжээ, эрчим хүчний салбарын 316 үйлчилгээг үзүүлж байна. Цаашдаа бид шинэ Засгийн газрын 100 хоногт багтаан төрийн 50 орчим байгууллагын 592 үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэхээр ажиллаж байна.
 
-E-Mongolia системээс хэрхэн үйлчилгээ авах вэ. Эхлээд заавал бүртгүүлсэн байх ёстой юу?
 
-E-Mongolia системээс үйлчилгээ авахын тулд ww­w.e-mongolia.mn веб сайтаар орох эсвэл гар утасны аппликейшнийг татаж авч ашиглах боломжтой. Үүний дараа үйлчилгээ авахын тулд заавал нэвтэрч орох шаардлагатай. Учир нь, тус системээр дамжуулан таны хувийн мэдээлэлтэй танилцах, таны нэрээр төрийн 360 орчим үйлчилгээний хүсэлт хийж болох тул өөрөө мөн эсэхийг найдвартай байдлаар бүртгэлжүүлэх, баталгаажуулах хэрэгтэй байдаг.
 
 
 
Бүртгүүлж, нэвтрэхэд хэд хэдэн боломж бий. Бүртгэлтэй утасны дугаараар нэвтрэхэд таны утсанд нэг удаагийн нэвтрэх кодыг оруулснаар системд нэвтэрнэ. Мөн таны ашигладаг аль нэг арилжааны банкны интернэт банкны нэвтрэх эрхийг ашиглах боломжтой.
 
 
 
Энэ нь таны интернэт банкны эрхийг авч байгаа биш тухайн банк таныг таниад E-Mongolia систем рүү мөн гэж дамжуулж, мэдээлж байгаа юм. Одоогоор Голомт, Худалдаа хөгжил, ХААН, Төрийн банкууд нэгдээд байна. Гуравдахь боломж нь тоон гарын үсэг. Иргэн та тоон гарын үсэгтэй бол тоон гарын үсгээрээ E-Mongolia системд нэвтэрч, үйлчилгээ авч болно.
 
ТУСГАЙЛСАН ЯАМТАЙ БОЛСНООРОО ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ҮР ДҮНТЭЙ, АМЖИЛТТАЙ ХИЙДЭГ ЖИШИГ БИЙ
 
-Сүүлийн үед нэлээд яригдаж буй Цахим хөгжлийн яамыг байгуулах шаардлага бий юу?
 
-Байгуулах зайлшгүй шаардлага бий гэж харж байна. Мэдээллийн технологи, цахим шилжилтийг үндэсний болон Засгийн газрын хэмжээнд нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хийхийн тулд салбар дамнасан төрийн захиргааны төв байгууллагын шаардлага бий. Дэлхий нийтийн жишиг ч ийм байдаг. Ялангуяа төрийн байгууллагын төстэй тогтолцоотой, пост-социалист орнууд мэдээллийн технологи, харилцаа холбооны асуудал хариуцсан яамтай болсноороо цахим шилжилтийг үр дүнтэй, амжилттай хийж байна.
 
-Төрийн үйлчилгээг цахимжуулснаар ямар давуу талтай вэ. Иргэн аль нэгэн байгууллагад биеэр очиж, үйлчилгээ авах болон цахимаар авахад ямар ялгаатай вэ?
 
-Бидний хийсэн судалгаагаар иргэн төрийн байгууллага дээр очиж үйлчилгээ авахад замын түгжрэл, дугаарлаж зогсох зэргийг харгалзан дунджаар 2.5 цаг зарцуулдаг. Харин E-Mon­golia системээр дамжуулан тухайн үйлчилгээг авахад ердөө тав хүрэхгүй минут зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, таны цагийг 30 дахин хэмнэж байна гэсэн үг.
 
-Иргэд төрийн үйлчилгээг цахимаар авахад түгээмэл хүндрэлтэй зүйл юу гардаг вэ. Үйлчлүүлэгчдээс ямар санал, гомдол түлхүү ирдэг вэ?
 
-Сүүлийн үед гадаадад буй иргэд хэрхэн нэвтэрч үйлчилгээ авах вэ гэдэг асуудлыг түлхүү тавьж байна. Бид Гадаад харилцааны яамтай хамтран гадаадад буй иргэдэд E-Mongo­lia системээс төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, гадаадад байгаа иргэдэд тоон гарын үсгийг тухайн улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газруудаар дамжуулан олгоно. Түүнчлэн гадаадад байгаа боловч E-Mongolia системээс үйлчилгээ аваад эхэлчихсэн иргэд бас байна. Статистик мэдээллийг харвал дээрх системийг ашиглаж буй иргэдийн 90 гаруй хувь нь Монгол Улсдаа амьдарч буй иргэд, хуулийн этгээд байгаа бол үлдсэн хувь нь Солонгос, АНУ, Япон зэрэг улсаас хандсан байдаг. Тэдгээр иргэн интернэт банкныхаа эрхээр нэвтрэн орж, үйлчилгээ авах боломжтой.
 
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИХАД БЭЛЭН БОЛСОН
 
-Иргэд шаардлагатай үйлчилгээгээ цахимаар авахдаа юунд анхаарах шаардлагатай вэ?
 
-Иргэд маань үйлчилгээг цахим хэлбэрээр авч буй тохиолдолд өөрийн нэвтрэх эрхийг бусдад шилжүүлэхгүй байх, хувийн мэдээллээ бусдад алдахгүй байхад маш сайн анхаарах хэрэгтэй. Хэрэглээний явцад системд хүндрэлтэй тохиолдол гарахад 11-11 тусгай дугаарт хандаж, зөвлөгөө, зөвлөмж авах шаардлагатай. Өөрийн нэвтрэх эрхийг бусдад шилжүүлснээр хувийн мэдээллээ алдах зэрэг эрсдэл үүсэхийг анхаарах нь зүйтэй юм.
 
-Иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухайд ямар бодлого, зарчим баримталж байна вэ?
 
-Төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжихийн хэрээр иргэдийн мэдээллийг хэрхэн хамгаалах, ашиглах талаар нарийн зохицуулалт шаардлагатай байгаа. Дээрх зохицуулалтыг тусгасан Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Энэ хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Уг хуулийг баталснаар хүний хувийн мэдээллийг хэрхэн ашиглах, хадгалах, боловсруулах, эргэн мэдэгдэх зэрэг зохицуулалт тодорхой болох юм.
 
-Ер нь төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахимжуулж байгаатай холбогдуулан өөр ямар хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах вэ?
 
-Бид үндсэндээ цахим хөгжлийг дэмжсэн, эрх зүйн орчныг бүрдүүлсэн дөрвөн багц хуулийн төслийг шинэчлэн найруулж, боловсруулаад байна. Үүнд Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл багтаж байна.
 
 
 
Лавлагаа, тодорхойлолт дээрх QR кодоор үнэн зөв эсэхийг шалгах боломжтой
 
 
 
-E-Mongolia системээс авсан лавлагаа баримт болж чадах уу. Тухайн лавлагаагаар байгууллагууд үйлчлэх үү гэдгийг иргэд нэлээд лавлаж байна?
 
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын дагуу E-Mongo­lia систем болон ТҮЦ машинаас гарах лавлагаа, тодорхойлолтын загвар, бүтцийг баталж өгсөн байдаг. Иймд тус лавлагаа нь эрх бүхий байгууллагаас батлагдсан загвар, мэдээллийн дагуу гарах тул хүчин төгөлдөр байна. Харин ямар нэгэн байгууллага тухайн лавлагаа, тодорхойлолтыг хүлээж авахгүй тохиолдол гарвал иргэд 11-11 дугаарт холбогдон мэдээлэл өгөхийг хүсэж байна.
 
 
 
ТҮЦ машин болон e-mongo­lia.mn системээс гарч байгаа лавлагаа, тодорхойлолтын зүүн доод буланд дахин давтагдахгүй дугаарыг QR код болгон оруулсан байгаа. Энэ QR кодоор тухайн лавлагааг үнэн зөв эсэхийг шалгах бүрэн боломжтой.
 
 
 
-Цахим үйлчилгээнүүдээс иргэд ихэвчлэн ямар төрлийн үйлчилгээг авч байна вэ. Өөрөөр хэлбэл, хамгийн олон давтамжтай авсан нь ямар үйлчилгээ байна вэ?
 
-E-Mongolia системд анх үйлчилгээ оруулахдаа иргэдийн хамгийн их авдаг төрийн үйлчилгээнүүдийг сонгож оруулсан. Эдгээр үйлчилгээ өнөөдөр ч гэсэн эрэлттэй байна. Жишээлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, иргэний үнэмлэх, оршин суугаа хаяг, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг үйлчилгээ орж байна. Харин олон шатлалт үйлчилгээний хувьд иргэний болон жолооны үнэмлэх, гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ нийтлэг байна.
 
-Төрийн байгууллагуудын үйлчилгээг цахимжуулахдаа үнийг хэрхэн тооцдог вэ. Зарим лавлагааны үнэ ТҮЦ машиныхаас өндөр байдаг тухай шүүмжлэл гарч байна?
 
-Төрийн байгууллагын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхэд авах хураамжийг тухайн байгууллага нь өөрөө тогтоож өгдөг. Зарим нэг үйлчилгээний хураамж ТҮЦ машиныхаас өндөр байгаа тохиолдол бий. Бид үйлчилгээний хураамжийг ижил болгохоор тухайн байгууллагуудтай хамтарч, ажиллаж байна. Удахгүй үйлчилгээний хураамж адил болно.
 
-Төлбөртэй үйлчилгээнүүд байдаг. Ямар төлбөрийн хэрэгслүүд дэмжиж байгаа вэ?
 
-Өнөөдрийн байдлаар төлбөр төлөх ХААН, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хас банкны хэрэглэгч бол qpay төлбөрийн хэрэгсэл, Голомт банкны карт /бүх банкны карт боломжтой/ болон so­cial pay зэрэг боломж бий. Цаашид Monpay төлбөрийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
-Гар утасны “E-Mongolia” аппликейшныг хэчнээн хүн татан авч, хэрэглэж байна вэ?
 
-Өнөөдрийн байдлаар 263313 иргэн e-mongolia аппликейшныг татан авч ашиглаж байна гэсэн дүн гарсан.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин