sonin.mn
Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, хуулийн хэрэгжилт, тусламж үйлчилгээ иргэдэд хүрч чадаж байгаа эсэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ талаар “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” ТББ-ын тэргүүн Р.ЭРДЭНЭБАТТАЙ ярилцлаа.
 
-Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг мөртлөө үйлчилгээ нь үр дүнд хүрэхгүй байгаа тухай их гомдоллох болсон. Эрүүл мэндийн салбарын ажилчид ч хөдөлмөрийн хөлс, ажлын байрны нөхцөл, дарамтын тухай дуугарч байна. Төр ажлаа хийж чадахгүй, хууль хэрэгжихгүй байна уу?
 
-Эрүүл мэндийн салбар бол улсын аюулгүй байдлыг хангах төрийн үйлчилгээний гол салбаруудын нэг юм. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс ажил мэргэжлийнхээ дагуу тангараг өргөдөг. Энэ нь цаад утгаараа ажил мэргэжлээ буруу зүйлд ашиглахгүй, эх орноосоо урвахгүй гэсэн утгатай. Бие даасан тусгаар тогтносон улсад Эрүүл мэндийн салбар нь төрийнхөө өмнө үндсэн хоёр үүрэг хүлээдэг. Үүнд, иргэдийг эрүүл байлгахын тулд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, нийгмийн халамж үйлчилгээ хүртэгсдийг бууруулахад гол зорилго нь оршдог. Энэ нь эрүүл мэндийн салбарын төрөх, удамшлын, эмчилгээний гэх мэт алдаанаас өвчтөн болон сахиур халамжийн ажилтан үүсгэхгүй байхад чиглэдэг.
 
-Өнөөгийн нөхцөлд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт хэр үр дүнтэй байж чадаж байна вэ?
 
-Энэ хууль батлагдаад найман жил болж байна. Энэ хугацаанд Даатгалын санд төвлөрүүлсэн иргэдийн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын газар өнөөдөр эмнэлгүүдэд санхүүжилт өгч байгаа. Хэдийгээр эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг санхүүжүүлдэг ч иргэд тусламж, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй авах боломжгүй юм. Яагаад вэ гэвэл, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь үйлчилгээг худалдан авах, түүний мөнгийг төлөх л зохицуулалттай хууль болсон.
 
 
 
Эрүүл мэндийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн ч зорилт нь өөрчлөгдөхгүй бол хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах баталгаа болж чадахгүй. Энгийнээр хэлэхэд, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлбэл бага зардал гарна. Одоогийн хууль нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдэд л төлбөр төлнө гээд байгаа юм.
 
 
 
-Таныхаар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль үйлчлэхгүй байгаа гэсэн үг үү?
 
-ЭМД-ын тухай хууль нь албан журмын болон сайн дурын даатгал гэсэн хоёр зарчимтай байх ёстой.
Төр иргэдийн өмнөөс Даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчдаас урьдчилан шимтгэл хураамж татан төвлөрүүлж, үйлчлүүлэгчдэд тодорхой тусламж үйлчилгээнүүд үзүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх, бага зардлаар эмчлэхэд албан журмын даатгалын гол зорилго оршдог. Товчхон хэлэхэд, даатгуулагч иргэнийг эрүүл мэндийн улмаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалахад зориулагдсан байх ёстой.
 
 
 
 
Сайн дурын даатгал нь тухайн иргэн өөрийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс өөрийн хүсэлтийн үндсэн дээр даатгалын компанийн бүтээгдэхүүнийг сонгон үйлчлүүлэх боломж бүрдэх ёстой.
 
 
 
 
Сайн дурын даатгалын ялгаа нь эдийн засгийн эрсдэлд орохоос иргэн өөрийгөө хамгаалах зорилготой бол албан журмын даатгал нь даатгуулагчийн өмнөөс төр урьдчилан сэргийлэх үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Одоогийн дагаж мөрдөж байгаа ЭМД-ын тухай хууль нь иргэдэд тэгш үйлчилгээ үзүүлэх боломжгүй, өвдсөн иргэд эмнэлэгт эцсийн шатандаа хандаж их хэмжээний зардал гаргах болдог. Эмчилгээ хийлгээд ч үр дүнгүй шахуу. Үлдэж байгаа хүмүүс нь ядуурдаг. Бүгд хүртээмжтэй, чанартай үйлчилгээ авах боломжгүй. Эв санааны даатгал буюу эрүүл нь өвчтэйдөө мөнгөөр тусалж байгаа их энэрэнгүй зарчимтай хууль гэж байгаа. Иргэдийг өвдсөн хойно нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ЭМД-ын сангаас эмнэлгүүдэд л санхүүжилт өгдөг. Хамгийн муу зүйлээр жишээ авъя. Хүн биеэсээ бохироо гаргахгүй удвал эргээд өвчилдөг. Үүний адилаар өвчлөл бол тухайн цаг хугацаандаа эмнэлгийн тусламж авах үйлчилгээ болохоос биш хүлээлгэд орж хүндрүүлж байгаад эмнэлэгт хандах ёсгүй юм. Энэ нь Үндсэн хууль болон хүний эрх зөрчиж байгаа хэрэг. Иргэдийн эрүүл мэндээр ашиг олж байгаа энэ салбарын удирдлагуудын зохиомол үйлдэл юм.
 
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт болон иргэдэд тусламж үйлчилгээ, хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж байна вэ. Тус сангийн мөнгө хязгаартай, төлбөр тооцоог хийснээрээ асуудал шийдэгдэхгүй гэж байна. Үүнийг хэрхэн ойлгох вэ?
 
-Одоогийн дагаж мөрдөж байгаа хуулийг ЭМДЕГ-ынхан бол хүний өмнөөс ичиж байж л хэрэгжүүлэх гэж зүтгэж байна. 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус УИХ-ын чуулганаар шинэчэн найруулсан хууль үйлчилж эхлээгүй байна. ЭМД-ын үндэсний зөвлөлийн баталсан 03 дугаар тогтоол албан ёсоор бүрэн журамлагдаж чадаагүй байна. Иргэдэд таалагдах гэж хэчнээн их хичээсэн ч дараа нь үүсэх үр дагавар нь үргэлж муу зүйл дагуулна. Даатгалын сангийн мөнгөөр энэ асуудлыг шийдэж чадахгүй. Одоо татан төвлөрүүлж байгаа Даатгалын сангийн дундаж хэмжээ 550 тэрбум төгрөг. Төрөөс ЭМЯ-ны төсөвт нэг их наяд орчим төгрөгийг суулгаснаар 1.5 их наяд гаруй төгрөгийг ЭМЯ буюу ЭМД-ын сан захиран зарцуулах болж байгаа. Тусламж үйлчилгээнд зориулан улсын болон хувийн эмнэлгүүдийг Даатгалын сангаас санхүүжүүлнэ. Хавдар, зүрх судасны өвчин, түлэгдэлт, осголт, зарим төрлийн өндөр өртөгтэй хагалгааг Даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлнэ гэж ярьдаг болсон. Энэ нь иргэдэд таалагдах гэсэн нь ЭМЯ-ны бодлого төлөвлөлтгүй, урт хугацааны хөтөлбөргүй байгааг харуулж байгаа юм. Өвчлөлийг бууруулъя гэвэл Эрүүл мэндийн даатгалын сан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, бага зардлаар эмчлэх үндсэн зарчмынхаа дагуу ажиллах ёстой. Дээр дурдсан хавдар, зүрх судасны өвчин, хүүхдийн зүрхний гажиг, түлэгдэлт осголт гэх мэт ЭМДС-аас санхүүжүүлэх гээд байгаа өвчнүүдээ ЭМЯ-ны дэргэд байдаг Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгөөр 100 хувь санхүүжүүлэх ёстой.
 
-Эрүүл мэндийг дэмжих сан гэдэг ямар үйл ажиллагаа явуулдаг газар вэ. Эрүүл мэндийн салбарт энэ сангийн оролцоо байдаг юм уу?
 
-Эрүүл мэндийг дэмжих сан нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүх бараа бүтээгдэхүүн болох архи, тамхи, давс, чихэр, барилгын материал буюу будаг, цемент, бензин, шатах тослох материал зэрэг онцгой бараа бүтээгдэхүүний татвараас бүрддэг сан байдаг. Төр зөв зүй тогтолдоо орж, иргэний нийгмийн байгууллагууд сангийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг, иргэд нь өөрсдийн эрүүл мэндээ хамгаалдаг, урьдчилан сэргийлдэг, эрүүл мэндийн боловсрол олгодог зөв тогтолцоо руу орох цаг болсон. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын системын хямрал нь нэгдсэн бодлого төлөвлөлт, удирдлагагүй, санхүүжилтийн буруу хуваарилалттай байгаа. Мөн иргэний нийгмийн байгууллагуудыг үйл ажиллагаанд нь хяналт тавих боломж олгохгүй байгаагаас хууль хэрэгжүүлэхгүй, жижиг жижиг бие даасан вант улсын эмнэлгүүд бий болж, өөрсдийн дураараа үйл ажиллагаа явуулж байгаагаас эрүүл мэндийн салбарын хямрал үүдэлтэй юм. Ер нь санхүүжилтээр асуудлыг шийднэ гэдэг бол тухайн салбарын үр дүнг улам муутгах, санхүүжилт хүсэх арга хэвээрээ л үлдэнэ. Үр дүн, хариуцлага тооцох ямар ч боломжгүй юм. Сангийн мөнгийг авах гэж эмнэлгүүд уралдана, үйлчлүүлэх гэж иргэд нь бухимдана. Янз бүрийн өвчний нэр барьсан асуудал улам бүр нэмэгдэх байх.
 
-Даатгалын сангаас эмийн хөнгөлөлтийн зохицуулалтыг хэрхэн хийх ёстой вэ. Одоо бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эмийг олгодог боллоо гэж ярьж байна. Энэ нь иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гэж үзэж байна уу?
 
-Албан журмын даатгалын үндсэн зарчим нь урьдчилж шимтгэл хураамж аваад 25-аас дээш жил ажиллаж, тэтгэвэрт гарсан иргэддээ зүрх судас, даралтны эмийг Даатгалын сангаас үнэ төлбөргүй олгох зохицуулалт оруулах шаардлагатай. Айл болгон хэрэг болж магадгүй гэж эм олдож л байвал хадгалдаг эмийн сантай болсон. Өөрт нь хэзээ хэрэг болох нь тодорхойгүй, хугацаа дуусаж өөрт нь хор болох байсан ч хэрэглэж л байдаг. Эмийн зохистой хэрэглээ алдагдсан. Хуурамч эм ихэссэн. Иймээс өндөр настнуудад өрхийн эмчийн хяналтад даралт, зүрх судасны эмийг нь үнэгүй, тасалдуулахгүй олгодог болох хэрэгтэй. Ингэснээр олон жил даатгалын хураамж төлсөн, тэтгэврээс өөр орлогогүй иргэдийн санхүүг тодорхой хэмжээгээр дэмжих бас нэгэн боломж юм. Одоо хаврын чуулганаар нэмэлт өөрчлөлт орох гэж байгаа Эм, эмийн хэрэгслийн тухай хуульд эм бол хор, олон улсын жишгээр эмийг зөвхөн эмчийн жороор олгоно гэж батлах төрийн түшээдтэй байгаасай гэж залбирч байна. Дэлхий дээр манай улс шиг эмийг хоол шиг иддэг, түүнээсээ өвчилдөг улс орон бол байхгүй байх. Хүн амд хуваасан эмийн хэрэглээгээр Монгол улс дэлхийд тэргүүн байрт буюу удаах байрныхаа хэрэглэгчээс 100 хувь илүү эмийн хэрэглээтэй байна. Төр засаг ард иргэдийг аль болох өвчлүүлэхгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж татвар төлөгчийг л бүрдүүлж, тэдний амьдралыг сайжруулах бодлого барих ёстой байдаг.
 
-Танай байгууллага эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулахаар төсөл боловсруулж байгаа гэсэн. Энэ талаараа танилцуулж болох уу?
 
-Манай байгууллага Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн судалгаа хийж, төсөл хэлбэрээр өргөн барина.
Түүний үндсэн гол зарчмуудыг тайлбарлая л даа. Ер нь аливаа хууль нийтийн эрх ашгийг хангахын тулд батлагдах үндсэн зарчмаа барих ёстой. Тиймээс Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хууль үндсэн зарчмынхаа дагуу үйлчилгээ. Даатгуулагчдын хуримтлал шимтгэлд ийм тодорхой үйлчилгээг үзүүлэх ёстой. Үйлчилгээг худалдан авдаг байгууллага шиг болчихвол эмнэлэг, өвчтөн л нэмэгдэнэ.
 
Бүх насны хүн эрүүл мэндийн албан журмын даатгалд хамрагдах ёстой. Үүний шимтгэл нь тодорхой, тогтмол байх буюу Засгийн газраа баталж өгөх хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувьтай тэнцэх мөнгийг сар бүр ч гэдэг юмуу.
 
Бас иргэдийн авах үйлчилгээнүүд нь тодорхой байх ёстой. Үүнийг энгийн жишээ болгож тайлбарлавал, 0-18 насны иргэн төрийн үнэ төлбөргүй үйлчилгээнээс гадна амьсгалын замын болон халдварт өвчний үед Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний төлбөрийг төлж, эмнэлгийн тусламж авах боломжтой болгох. Дараа нь асран хамгаалагч нь төлбөрийг тодорхой хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд буцаан хувааж эргүүлэн төлдөг байх. Энэ нь залуу гэр бүл, хүүхдийг эдийн засгийн эрсдэл буюу гэнэт их хэмжээний төлөвлөөгүй зардал, санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой юм.
Үр дүнд нь эмчилгээний стандартын дагуу эмнэлгийн тусламж авснаар дур мэдэн эмчлэх, өвчнийг хүндрүүлэхгүй байх, хууль бус эмчилгээ, хуурамч эмнүүдийг ашиглах боломжгүй болгоно. Төлбөрийн чадвараас шалтгаалан үйлчилгээний гадуурхал гаргах боломжгүй, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт нөхөн үржихүйн нас буюу ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэнийг 18, 20, 25, 30, 35 насанд бүтэн биеийн цогц шинжилгээнд Даатгалын сангийн мөнгөөр үнэгүй хамруулах.
 
 
 
Монгол Улсад эрүүл хүүхэд төрөх, хавдар, сүрьеэ, бэлгийн замын болон халдварт өвчтөнүүдийг эрт илрүүлж бага зардлаар эмчилж бүрэн устгах боломжтой болно. 
 
 
 
Үүнд хилийн чанадад сурч, хөдөлмөрлөж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн даатгалаа төлж хамрагдах боломжтой.
Гуравдугаарт, өндөр настан, тодорхой зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлттэй олгодог эмийг өрхийн болон эмчлэгч эмчийн хяналтыг үндэслэн өрхийн эмнэлгүүдээр Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөөр Олон улсын эмийн гурван холбооноос эмийн агентлагаараа дамжуулан улсын хэмжээнд бөөнд нь хямд захиалан үнэгүй олгох хэрэгтэй. Мөн 25-наас дээш жил ажиллаж, тэтгэвэр тогтоолгосон өндөр настнуудад хавсарсан өвчин тусахаас сэргийлж, насжилтыг уртасгах зорилгоор өндөр өртөгт хагалгаа болох өвдөг, түнхний тулгуур эрхтний хагалгааг үнэ төлбөргүй хийдэг болох хэрэгтэй.
Албан журмын даатгал нь ийм тодорхой үйлчилгээнүүдийг иргэдэд үзүүлж байгаа тохиолдолд нийгэмд асуудал үүсгээд байгаа өвчлөлүүд буурна. Иргэдийн орлого нэмэгдэж, амьдрал сайжирснаар Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгодог, хүртдэг болно. Шимтгэл хураамжаа тогтмол төлдөг, төлж байгаа шимтгэл хураамжнаасаа илүү бодит үйлчилгээ авдаг болох юм. Хамгийн гол нь энэ сангийн мөнгө иргэдийн шимтгэл хураамж тул захиран зарцуулах, хяналт тавихад төр буюу Үндэсний зөвлөл нэртэй эзэн биегүй удирдлага байхгүй болж, иргэний нийгмийн байгууллага хяналт тавина. Иргэний нийгмийн байгууллагыг тус сангаас санхүүжүүлж байнгын үйл ажиллагаагаар хангахаар хуульчилж өгснөөр нээлттэй болон тодорхой тэгш, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж боддог.
 
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Үндэсний зөвлөлийн үүрэг, зорилго хэрхэн хэрэгждэг вэ. Тэнд иргэний нийгмийн хяналт оролцоо, хариуцлагын тогтолцоо байдаг уу?
 
– ЭМДЕГ нь үндэсний зөвлөл үүнд Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг, даатгуулагчдын олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн, ажил олгогч олонхийн эрхийг хамгаалсан гурван хүн, нийт есөн хүнтэй байна. Үндэсний зөвлөл нь УИХ-д жил бүр ажлаа тайлагнана. Үндэсний зөвлөлийн дүрмийг УИХ-ын холбогдох байнгын хороо батална. гэх мэт төрийн эрх барих дээд байгууллагын оролцоог хангасан заалтууд үргэлжилж байгаа. Мөн даатгалын байгууллага, түүний удирдлагыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж үзэж Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн ЭМЯ-ны сайд буюу Засгийн газрын гишүүн томилж чөлөөлнө. Хуулийн энэ заалтуудыг харахаар УИХ-д тайлагнаад байгаа нь бие даасан хараат юм шиг, удирдлагыг нь сайд томилж чөлөөлөөд, мөнгө санхүүг нь захиран зарцуулах эрхийн хувьд ЭМЯ -ны нэг хэлтэс юм шиг ажиллаад байгаа юм. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр иргэдийн хуримтлал сангийн мөнгийг УИХ, ЭМЯ, бусад яамны ашиг болгож хуваарилахад боломж болгож хуульчилсан байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлалын мөнгө бол иргэдийн шимтгэл хураамж, эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх, хамгаалах зорилготой мөнгө. Үүнд УИХ, Сангийн яам, мөнгийг нь баталж хуваарилахад оролцох ёсгүй. Судалгаан дээр үндэслэн тодорхой цаг хугацаанд даатгуулагчид өөрсдөд нь зарцуулалт хийх ёстой. Харин төрийн болон төрийн бус байгууллагууд байнга хэрэгжилтийг нь хянаж байх ёстой. УИХ болон Засгийн газарт тайлан тавьж болно. Үндэсний зөвлөл нэртэй орон тооны бус эзэн биегүй зөвлөл нь ЭМД-ын санг хувьчлах эсвэл үйл ажиллагаа явуулж ашиг олох гээгүй юм бол олон яам, бусад оролцогчийн төлөөлөлтэй байж мэдээллийг задруулах шаардлага байхгүй. Засгийн газрын бие даасан байгууллага байж, Шадар сайдынхаа харьяалалд хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой. Бусад яамнаас төлөөлөл оролцож байгаа нь санал гаргах, дээрээс өгсөн даалгаврыг биелүүлэх, батлах төдийхнөөр ажил хийсэн болж хяналтын үр дүнгүй хэлбэр төдий бүтэц болж, тухайн байгууллага дотор дахин Засгийн газар байгуулахтай адилхан байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын хуулийг зөв болгон батлах, Даатгалын сангийн мөнгийг иргэдэд үйлчилгээ үзүүлдэг болгох шаардлага тулгарч байна. Эрүүл мэндийн даатгалын газарт байгаа Үндэсний зөвлөл, эмнэлэгүүдэд байдаг Удирдах зөвлөл гэдэг хариуцлага тооцох боломжгүй албан тушаалуудыг хасах хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллагууд, үйлдвэрчин, зарим мэргэжлийн холбоо чиг үүргийн дагуу Эрүүл мэндийн даатгалын сан болон эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа байгууллагуудыг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад хөндлөнгийн хяналт хийж байх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын хуулинд иргэний нийгмийн байгууллагыг хөндлөнгийн хяналтаар ажиллах эрхийг нь оруулж батлах, санхүүжилтийг нь шийдэж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж иргэдийн мөнгөний зарцуулалтыг хянах, иргэдэд тайлагнаж байхаар хуульчилж баталгаажуулах нь чухал юм. Төр зохицуулалт хийсэн ч тухайн байгууллагыг дахин Үндэсний зөвлөл нэрээр төр удирдах шаардлагагүй юм. Иргэдийн өөрсдийн хяналтад шимтгэл, хураамж төлсөн мөнгөндөө тодорхой үйлчилгээнүүдийг авах боломжийг нээлттэй болгож хуульчлах нь чухал юм.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж:  "Монголын үнэн" сонин