sonin.mn
Батлан хамгаалахын сайд асан Ц.Шаравдоржтой ярилцлаа.
 
Таныг сайдын албаа хүлээж авахад салбарын өнгө төрх ямар байв? Ажлаа хамгийн түрүүнд юунаас эхлүүлсэн бэ?
 
-2005 оны 3 дугаар сард Энэтхэгт ажлаар очоод байв. Гэтэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж Монголоос ярьж, таныг Батлан хамгаалахын сайдаар томилох тухай асуудал яригдаж байна гэж утсаар мэдэгдээд, яаралтай ирэхийг хүссэн. Дараа нь Ерөнхийлөгч бас надтай холбогдож энэ тухай тодорхой ярьсан. Төрийн шийдвэр гарч байгаа учраас Энэтхэгээс даруйдаа буцаж ирсэн дээ. Батлан хамгаалах салбарыг огт мэдэхгүй салбар гэж хэлэх нь юу юм,   УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гол үндэслэл болохуйц баримт бичгийг боловсруулах ажилд хуульчийн хувьд оролцон  ажиллаж байсан туршлага байгаа учраас салбарын ерөнхий өнгө төрх, аж байдлыг гадарлахтайгаа байв. Ингээд Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг хүлээн авах шийдвэрийг гаргасан. 
Ажлаа хүлээж авсан тэр өдрийг тодорхой санаж байна. Сайдаар томилох тухай асуудал УИХ-ын холбогдох шат дамжлагаар орж, богино хугацаанд хурдан шийдэгдсэн. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны шийдвэр оройхон гарсан ч тухайн үеийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчтэй хамт Батлан хамгаалах яаманд хүрэлцэн очлоо. Хүндэт харуул үлээвэр хөгжимтэй хүндэтгэн угтаж авсан. Ингээд Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг хүлээж авч,  тамгаа гардан авсан даа.
Нэгэнт л сайдын үүрэгт ажилд томилогдсон тул салбарынхаа тухай төлөвлөх, үйл ажиллагаагаа хэрхэн яаж эхлүүлэх гээд бодох зүйл их. Маргааш өглөө нь удирдлагын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, гол ажлуудын талаар мэдээлэл сонсож, үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Дараа нь анги, байгууллагуудаар их явсан. Салбар, нэгжүүдийн удирдлага, бие бүрэлдэхүүнтэй уулзаж санал бодлыг нь сонсоход ихээхэн анхаарч байлаа. Ялангуяа хөдөөгийн анги, салбарууд дахь офицер, ахлагч нарын амьдрал нэлээд хүнд байсныг тэр үед л мэдэрч байгаа юм. Жишээ нь, Эрдэнэтийн хороонд очиход уулзсан нэг ахлагчийг сайн санаж байна. Булан нь элэгдсэн хэдэн чемодан, чанар муу, зүсгүй шахам болсон орноос өөр хогшилгүй байсан. Тухайн үед тэр ахлагч “Би олон анги дамжсан, амьжиргаагаа дээшлүүлэх боломж олдоогүй, өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлж явна” хэмээн учирлахад их өрөвдөж билээ. Хотод буцаж ирээд офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах ёстой гэдгийг Сайдын зөвлөлд анхааруулж тодорхой асуудлыг хэлэлцүүлж байлаа. 
 
Та УИХ-аар бодлогын баримт бичгүүдийг батлуулахад идэвхтэй ажилласан. Баримт бичиг батлагдсанаар ямар ахиц гарсан бэ?
 
-УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад ажлаа сайн мэддэг, арвин баялаг туршлагатай, миний найз нөхдүүд болох Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Д.Базарсад, сүүлд ҮБХИС-ийн захирлаар ажиллаж байсан, хошууч генерал Н.Жалбажав нарын олон эрхэмтэй хамт хууль тогтоох чиглэлд хамтарч ажилласнаараа бахархдаг. Сайдаар ажиллаж байх үед эдгээр хүмүүсээс авахуулаад тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, яамны газар, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын удирдлагуудтайгаа зөвлөлдөж,  бид үнэхээр гар сэтгэл нийлсэн хамт олон болж ажиллаж байлаа.
 
Ер нь аливаа салбарын үйл ажиллагаа хэвийн явагдах нь тухайн салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн үндэс хэр сайн боловсрогдож батлагдсанаас ихээхэн шалтгаалдаг юм. Хуульч хүний хувьд Батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахдаа өмнөхөөсөө улам боловсронгуй болгох, шинэ нөхцөл байдалд зохицсон хэм хэмжээг шинэчлэн найруулах талаар нэлээн ажилласан гэж боддог .
 
Таныг сайдаар ажиллаж байх үед БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны бодлого хэрхэн хэрэгждэг байсан бэ?
 
-Дэлхийн зарим улс орнуудын  өөрийн болон бүс нутагт явуулж байгаа бодлого үйл ажиллагаа үндсээрээ өөрчлөгдөж, тухайн бүс нутгийн аюулгүй байдлыг хамтын хүчээр зохицуулах, үүнд улс төр дипломатын аргыг шавхан дайчлах, харилцан хамтын ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага тулгарсан цаг үед бид ажиллаж байлаа. Би сайдаар ажиллах үедээ хэд хэдэн орны Батлан хамгаалах салбарын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт яриа хийж, хамтын ажиллагааны чиглэлээр санал бодлоо солилцож ажилласан. Тухайлбал, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Доналд Рамсфелдтэй хоёр ч удаа уулзсан. Эхлээд Сингапурт Ази-Номхон далайн бүсийн орнуудын Батлан хамгаалах сайд нарын зөвлөгөөний үеэр, дараа нь АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийж байв. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус уулзалтын тухай “Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар салбарын хамтын ажиллагааны талаар маш чухал асуудлуудыг хөндлөө” гэх агуулгатай мэдээллүүдийг цацаж байлаа.        
АНУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлал болж өнгөрснөөс сар гаруйн дараа тус улсын Ерөнхийлөгч Ж.Буш Монголд айлчилсан. Тэрээр онгоцны буудалд газардсан даруйдаа “Танай Батлан хамгаалахын сайдын ноён Рамсфелдэд бэлэглэсэн морийг үзэхээр ирлээ” хэмээн наргиа болгож байсан нь АНУ-тай тогтоосон Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа их ойр байх эхлэлийг тавьжээ гэж бодоход хүргэдэг. Америкчууд, НАТО-гийн түнш орнуудтай ойр харилцаатай байсны хүчинд энхийг дэмжих ажиллагаанд оролцох бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн материаллаг баазыг бэхжүүлэх, тухайлбал “Таван толгой” дахь энхийг сахиулагчдын  сургалтын төвийг өргөтгөх, шинэчлэн төхөөрөмжлөх ажлын эхлэл энэ үед тавигдсан юм.
Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний гадаад харилцааг өргөтгөх, үр өгөөжтэй болгох, ялангуяа Монгол Улсын цэрэг, цагдаагийн алба хаагчдын НҮБ-ын энхийг сахиулах  ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх, оролцоог нь өргөтгөх, нөхцөл боломжийг сайжруулах талаар хичээж ажилласан. 
Нэг зүйлийг тэмдэглэхэд, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Доналд Рамсфелд “Танай улсын энхийг сахиулагчид хүлээсэн үүргээ нэр төртэй, сайн гүйцэтгэж байгаа. Дайны аюул нүүрлэсэн дэлхийн халуун цэгт үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг та өөрийн биеэр харвал зүгээр юм” хэмээн зөвлөж билээ. Уг саналыг ажил хэрэг болгож тодорхой баг бүрдүүлэн Кувейтээр дамжин Иракт очсон. Польшийн цэргүүдийн байрлаж буй объектод үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдаа эргэх үеэрээ АНУ-ын цэргийг командалж буй генералтай уулзсанаа сайн санаж байна. Нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд, монгол дайчид дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэхдээ хэний ч өмнө нүүр улайхааргүй үлгэр жишээчээр бусад орны цэргүүдэд өмөг түшиг болж байсныг өөрийн нүдээр харсан. АНУ болон Польшийн генерал, офицерууд “Монгол цэргүүд үүрэг гүйцэтгэж байхад бид сэтгэл амар, бүтэн нойртой хонодог” гэж хэлж байсныг ч тод санаж байна. Тэр ч бүү хэл “Түгшүүрийн дохио өгөхөд монгол цэргүүд буугаа шүүрч авахаас биш ширээ сандлын доогуур ордоггүй юм байна, энэ хаанаас гардаг их зориг вэ” гэж асуухад нь “Чингис хаанаас улбаатай монгол хүний цусанд ийм зүрх, зориг бий болсон юм. Бидэнд энэ бол нэг их сонин зүйл биш” гэж хариулж байлаа. Бас  “Монгол цэрэг хэзээ ч хажуу дахь нөхрөө хаядаггүй юм” хэмээн “бардамнаж” билээ.
 
Алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал бүхий л цаг үеийн сайд нарын тулгамдсан асуудал байсаар ирсэн байх?
 
-Энэ нь сайдаар ажиллаж байсан бүх хүний анхаарлын төвд байдаг, байсаар байх асуудал. Офицер, ахлагч, цэргүүдийнхээ төлөө анхаарахгүй бол өөр юуг анхаарах юм бэ. Өмнө нь хэлсэнчлэн салбарын хууль, эрх зүйн үндсийг боловсронгуй болгоно гэдэг нь офицер ахлагч нарын нийгмийн асуудал, үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, хуулийн дагуу шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Хууль, эрх зүйн шинэчлэлийг зоригтойгоор, шийдэмгий хийсэн нь таны асуултад миний өгөх хариулт гэхэд болно. Салбарын онцлогийг хэдий чинээ тусгаж, ямар зорилт агуулсан болохыг нь УИХ-ын гишүүдэд ойлгуулж чадна,  хэлэлцүүлэг тэр хэмжээгээр амжилттай явагддаг. Таниулж чадвал УИХ ямар ч хуулийг батлах бүрэн боломжтой, бас эрхтэй. Хэдий чинээ сайн боловсруулна, төдий чинээ ажил урагштай явна гэдэг шаардлагыг би хуулийн төсөл дээр сууж байхдаа яаманд ажиллаж байгаа ажлын хэсэгтээ тавьдаг байсан. Боловсруулсан хуулийн төслөө бариад яамны хашаанаас гарч явахад сайдын үүрэг  эхэлж, үүсэх асуудлыг би хариуцах ёстой болдог байсан.
 
Аль ч салбарт төсвийн хүрэлцээгүй байдал нь толгойны өвчин болдог. Батлан хамгаалах салбарын төсвийн хүндрэлтэй байдлаас хэрхэн гарч байв? 
 
-Тухайн үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал нэлээд хүнд байсан. Бүх салбар төрөөсөө мөнгө гуйна. Улсын төсвийг бүх л салбарт хүргэх гэж Засгийн газар эрвийх дэрвийхээрээ ажилласан. Миний хувьд Батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахын төлөө шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татахын тулд боломжийн хэмжээнд чадлаараа ажилласан гэж боддог.
 
 
 
Улсын төсөв хэмжээтэй, үүнийг Засгийн газрын гишүүд, аль ч салбарын сайд нар ойлголгүй яах вэ. Гэхдээ л төсвөөс хуваарилсан мөнгө санасны хэмжээнд хүрдэггүй учраас нэмэлт тооцоо гаргаж, Засгийн газар, Сангийн яам, Сангийн сайдад танилцуулах шаардлага олон удаа гарч байсан гэдгийг хэлэх ёстой.
 
 
 
Тухайлбал, тэр үеийн Сангийн сайд Н.Алтанхуягийн өрөөнд БХЯ, ЗХЖШ-ынхаа ерөнхий нягтлан нарыг  дагуулаад хэд хэдэн удаа очиж, сайдтай биечлэн уулзаж, хэрэгцээтэй мөнгөө  боломжийн хэмжээнд шийдвэрлүүлж байснаа сайн санаж байна. Харин Засгийн газар, Сангийн сайд Батлан хамгаалах салбарт ийм төсөв, мөнгө зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгосны үндсэн дээр  санхүүжилтийг тэр даруйд нь шийдэж өгч байсан гэдгийг энд зориуд тэмдэглэх нь зүйтэй байх. 
Генерал, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид гээд салбарын бие бүрэлдэхүүн өмнөө тавьсан зорилго, хүлээх хариуцлагаа сайтар ухамсарласан тул дээд, доод шатны хэн ч байсан шалтаг шалтгаан тоочиж, ажлыг хойш татах, уях асуудал гаргаж байсангүй. Ийм учраас нийгэм, эдийн засгийн хүнд үед Батлан хамгаалах салбар, ЗХЖШ-ынхаа үйл ажиллагааг хэвийн явуулахын төлөө манай бүрэлдэхүүн өөрсдөөсөө шалтгаалах бүгдийг хийж, гүйцэтгэж байсныг бас хэлмээр байна.
 
Таны Иракт ажилласан багт сэтгүүлч зураглаач багтсан нь энхийг сахиулагчдыг бодитоор сурталчилсан ажил болсон гэж боддог?
 
-Зэвсэгт хүчин их даруухан салбар. Төрийн өмнө хүлээсэн тусгай үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэхээс биш, өөрсдийгөө сурталчлаад байдаггүй онцгой салбар. Дэлхийн халуун цэгт манай улсын Зэвсэгт хүчний алба хаагчид бусад улсын цэрэгтэй мөр зэрэгцэн алба хаана гэдэг маш том үйл явдал. Үүнийг олон нийтэд ойлгуулах, иргэдэд монгол цэргүүдээрээ бахархах сэтгэгдэл төрүүлэх боломж тэр үед олдсон. Үүний үндсэн дээр UBS телевизийн сурвалжлах багийнхныг авч явж баримтат кино хийж, энхийг сахиулагчдынхаа үйлс гавьяаг нийтэд харуулж мөнхжүүлж чадсан гэж боддог. 
Ирак явахдаа тэнд алба хааж байгаа энхийг сахиулагчдынхаа аав ээж, амраг хайртаас нь явуулсан захиа, мэндийг тарааж, цэргүүдтэйгээ сонин хуучилж, халуун яриа өрнүүлсэн дээ. Маргааш нь террористуудын халдлагыг няцааж, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөсөн Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нарын зогсож байсан харуулын цамхаг, тэсрэх бөмбөгтэй амиа золиослогчдыг тээвэрлэсэн машиныг устгахад үүссэн дэлбэрэлтийн том нүхийг өөрийн биеэр очиж үзсэн. Харуулын цамхаг, бөмбөг тээвэрлэсэн машин хоёрын хоорондын зай чамгүй хол юм билээ. Манай хоёр залуу аргагүй л онь холбож, гайхамшигтай онч мэргэн буудлагыг үзүүлсэн байсан. Баазын захад хашааны тэнд болсон дэлбэрэлтээс үүдэж хашаан доторх бүх байшингийн цонх хагарсан байсан гэнэ. Үүнийг хараад үнэхээр их огшиж, бид найдвартай хөвгүүдээ дэлхийн халуун цэгт илгээдэг, тэд нар маань маш хүнд нөхцөлд алба үүргээ амжилттай гүйцэтгэдэг юм байна гэж бодож билээ. Сонин болгож ярихад, манай цэргүүд Монголоос аваачсан УАЗ-469 машинаа монгол аргаар хуягласан байгаа юм. Бусад улс орны цэргүүд тусгай тоноглолоор тоноглогдсон машин, техник ашигладаг бол манайхан өөрсдийн гар, ур ухаанаар хуяглаж аюулгүй ажиллагааны горимыг нь бий болгосон гээд үзүүлж байлаа. Монгол цэргүүд хаана ч байлдах, хүнд нөхцөлд дасан зохицож байлдааны үүргээ биелүүлэх чадвартай юм байна гэсэн бодол тэр үед өөрийн эрхгүй төрж байсан шүү. Польшийн цэргийн командлалын офицеруудын гайхширлыг харин ч нэг төрүүлсэн байсан. Энэ бол гайхалтай дурсамжтай, гайхамшигтай бахархал минь болж үлдсэн.
 
Гар сэтгэл нийлж ажилласан баг, хамт олныхоо талаар дурсвал?
 
-Ажил үүргээ гүйцэтгэж, нэг хамт олон болж ажилласан бүх нөхдөө нэрлэж, дурсмаар байвч бүгдийг тоочиж яахин барах билээ. Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдорж үүргээ сайн гүйцэтгэж байсан гэвэл эдгээр хүмүүсийн л ач тус. Дэд сайд Б.Эрдэнэбат, хошууч генерал С.Баасанхүү, М.Борбаатар, Ч.Улаанхүү, шижигнэсэн сайхан залуучууд болох хурандаа Г.Сайханбаяр, Н.Энхбаялаг гээд нэрлээд байвал олон хүн байсан даа.
Би чинь хоёр сайхан зөвлөхтэй ажиллаж байсан сайд шүү дээ. Генералын шинэхэн мөрдөс зүүсэн Н.Жалбажав маань Батлан хамгаалах салбарын тухай гүн мэдлэгтэй, шуурхай, ажил хэрэгч хүн. Нөгөө зөвлөх маань Доржготов хурандаа. Энэ хүнийг би генералын энтэй хурандаа гэж боддог, тэгж ч манайхан ярьдаг байсан. Тэр бээр генерал цолны болзлыг хоёр удаа хангасан юм билээ. Тийм мэдлэгтэй офицер байдаг гэдгийг Доржготов хурандаагаас л анх удаа харж байсан. Энэ хоёр маань надад мөн ч  их түшиг тулгуур, нөмөр нөөлөг болсон доо. 
 
Танд жилээс илүү ажиллах хугацаа байсан бол тийм л ажлыг хийх байсан даа гэж боддог зүйл байдаг уу?             
         
-Бодож санасан юм их байсан. Тухайн үеийн БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын урилгаар тус улсад айлчилсан юм. Хятадын БХЯ-ны удирдлагууд бидэнд чухал гэсэн объектуудаа танилцуулж, уулзалт маш ойр дотно, найрсаг уур амьсгалд болж өнгөрсөн. Батлан хамгаалахын сайд нь хуучнаар ЗХУ-ын цэргийн сургуулийг их бууны мэргэжлээр төгссөн, оросоор чөлөөтэй ярьдаг хүн байж таарсан. Миний хувьд ЗХУ-д сургууль төгссөн учраас бид хоёрын яриа орос хэлээр өрнөж, хэлмэрчгүйгээр нарийн ширийнээ ярилцах боломж олдсон. Ингэхдээ өөрийн биеэр хэд хэдэн хүсэлт тавьсан. Жишээлбэл, анги, салбаруудын техникийн хангалт муухан байсан тул Зэвсэгт хүчний бүх ангийн удирдлагуудыг тус улсад ашиглагдаж буй сүүлийн үеийн автомашинаар хангах хүсэлтээ илэрхийлсэн. БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд “Энэ асуудлыг шийдэж өгнө, та эх орондоо очоод санал хүсэлтээ бидэнд уламжлаарай. Хоёр талаасаа асуудлыг нарийвчлан ярилцъя” гэдгээ ч хэлж байсан. Харамсалтай нь биднийг Монголд ирсний дараахан Засгийн газар огцорч би ажлаа хүлээлгэн өгөх болсон. Дараагийн хүмүүс маань үүнийг сайн ойлгосонгүй юу, яасан юм бол,  тэр ажил бүтээгүй юм билээ. 
 
Хоёрдугаарт Батлан хамгаалах салбарын харьяанд барилгын материал үйлдвэрлэлийн маш том объект байсан. Тус объект Зэвсэгт хүчнийг тэжээнэ, бид цаашдаа улсаас төсөв авахгүй, аж ахуйн үйл ажиллагааныхаа орлогоор өөрсдийгөө санхүүжүүлэх бүрэн боломжтой, барилгын материалаар Зэвсэгт хүчнээ хангахаас гадна Монгол Улсыг хангана гэсэн ирээдүйг харж тооцоо судалгаагаа хийж эхлээд байсан.
 
Монгол Улсад бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байгаа билээ, тэдгээрийг  хангах барилгын материалын хэрэгцээ ямар их байгааг  бид урьдчилан харж ийм ирээдүйг бодож төлөвлөж эхэлсэн юм. Тиймээс тэр баазыг удирдаж ажиллуулах боловсон хүчнийг нь хүртэл томилчихсон байлаа. Засгийн газар огцорсон нь нэг их сонин биш. Үүнд харамсаад байх юм байхгүй, нэг л улс төрийн шийдэл хэрэгжсэн нь тэр. Харамсалтай нь дараагийн хүмүүс энэ ажлыг хэрэгжүүлээгүйг  би өнөөдөр хэлэх ёстой. Одоо тэр объект хувийн хэвшилд оччихсон. Үүнд би дэндүү харамсдаг. Улсын төсвөөс мөнгө гуйхгүйгээр Зэвсэгт хүчнээ бүрэн санхүүжүүлэх боломж бидэнд байсан юм шүү дээ. 
 
Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж халаа ямар чухал болохыг таны яриа сануулж байна. Тиймээс сургамж болгож хэдэн үг хэлэхгүй юу?       
       
-Монгол Улсын хууль тогтоох үйл ажиллагааны залгамж чанар гэж том зүйл байх ёстой.  Өнөөдрийн байдлаар УИХ улс орны хэмжээнд дагаж мөрдөх олон чиг хуулийг баталсан. Бүх салбар хуультай болсон. Гэтэл УИХ шинээр бүрдэхээр л хуулиар оролддог. Энэ нь нэг талаас сайн хууль батлагдах ёстой гэсэн шаардлага байж болох ч, нөгөө талаас шинээр УИХ-д орж ирсэн хүмүүс өөрийн болон бусад сонирхол, эрх ашгийг эн тэргүүнд тавьж хуульд халдах нь сайн зүйл биш. Батлан хамгаалах салбарын хууль тогтоомж харьцангуй тогтвортой гэж би хувьдаа боддог. Үүнийг миний өмнө болон хойно ажиллаж байсан Батлан хамгаалахын сайдуудын ажлын үр дүн гэж хардаг. Ер нь Батлан хамгаалахын сайд нарын үйл ажиллагаанд бодлогын залгамж чанар зайлшгүй хэрэгтэй. Улс төрөөс хамгийн ангид байх салбар бол Батлан хамгаалах салбар. 
 
Та тухайн үед Батлан хамгаалахын улсын зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулсан. Түүнээс гарсан бодлогын шинж чанартай зүйл юу байв? 
 
-Олон жил тийм арга хэмжээг зохион байгуулалгүй байсаар Улсын зөвлөгөөнтэй золгосон. Батлан хамгаалах салбарын хэвийн үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн бааз, суурийг бэхжүүлэх, хууль эрх зүйн үндсийг шинэчлэх, цаашид яаж хөгжих зураглалаа тодорхойлохоор сайтар хэлэлцсэн зөвлөлгөөн болсон. БХЯ, БСШУЯ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хилийн ба Дотоодын цэргийн удирдлага, бусад төлөөллийн өргөн хүрээг хамарсан зөвлөгөөнийг хийснээрээ бид хожсон. Батлан хамгаалах салбар асуудалтай юм байна, түүнийгээ шийдэх бодлоготой, бодлого нь ингэж хэрэгжинэ, хэрэгжүүлэхэд төр тус салбарыг анхаарах ёстой гэдгийг бид гаргаж харуулж чадсан. Энэ зөвлөгөөний ач холбогдол үүнд байсан болов уу гэж бодож байна. Зөвлөлгөөний шийдвэрийг биелүүлэх олон ажил зохиогдсон шүү дээ, үр дүн ч гарсан.
 
 
Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин